Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 361

 

К.Е-, К.А- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00031 дүгээр шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч К.Е-, К.А- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Д-д холбогдох

 

Орон сууцнаас өөрт ногдох хэсэг болох тус бүр 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н-гийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:                                                 К.Е-,

Нэхэмжлэгч К.Е-гийн өмгөөлөгч: Д.Э

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч:                    М.Т

Хариуцагчийн өмгөөлөгч:                            Н.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч К.Е- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

К.Е- миний бие 1937 онд төрсөн, одоо 81 настай өндөр насны тэтгэвэрт байдаг. Би нөхөр М.Н-тай 1963 онд нэг гэрт орсон ба 53 жил хамт амьдарсан. Бидний дундаас хүү Андрей 1964 онд, хүү Сергей 1967 онд, охин Н.Н- 1974 онд төрсөн. Тухайн үед М.Н-д пасспорт байгаагүй тул бид хоёр гэрлэлтээ албан ёсоор батлуулж чадаагүй. М.Н- нь 2014 онд харвалт өгч гэртээ хэвтэрт байж байгаад 2016 оны 8 дугаар сард 83 насандаа өвчний учир нас барсан. Миний нөхөр М.Н-д 1995 онд Монгол улсын банкны систем, “ХОТШ” банкинд олон жил идэвх зүтгэл гарган ажилласныг нь сайшаан тэмдэглэж, Баянзүрх дүүргийн 5 хороо,16 хороолол, 69б байрны 35 тоот орон сууцыг олгож, эзэмшүүлэх шийдвэр гарсан. Маргаан зүйл болж буй  байранд охин Н.Н- биднийг хуурч орсон ба тус байрны өмчлөгч болох биднийг оруулахгүй, байрыг минь чөлөөлж өгөхгүй өдийг хүрсэн. Хариуцагч М.Д- нь миний зээ буюу Н.Н-гийн охин юм. Н.Н- нь биднийг хуурч байгаад тус байрны гэрчилгээнд охиныхоо нэрийг оруулсан байдаг. Энэ талаар маргаагүй бөгөөд уг байрнаас өөрт ногдох хэсгийг гаргуулж, эмчилгээндээ зарцуулах хүсэлтэй байна. Н.Н- өмнө нь бас бидний байрыг зараад, нэг ч төгрөг өгч байгаагүй. Би нөхөр М.Н-г амьд байхад хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, албадан нүүлгэх, 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн орон сууцанд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байсан боловч хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн. Миний бие дээрх орон сууцыг зах зээлийн ханшаар 80 000 000 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд өөрт оногдох хэсэг болох 20 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Гэхдээ шинжээчийн дүгнэлтээр 67 473 000 төгрөгөөр үнэлэгдсэн тул 4 өмчлөгчид хувааж 1 хүнд ногдох 17 368 250 төгрөгийг М.Д-гаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч К.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

К.А- нь нэхэмжлэгч К.Е-гийн том хүү, хариуцагч М.Д-гийн нагац ах бөгөөд уг байрны хамтран өмчлөгч юм. Маргааны орон сууцны үнийг 3 өмчлөгчид хувааж эвлэрэх боломжтой атал хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд 20 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан болно. Шинжээчийн дүгнэлтээр орон сууцыг 69 473 000 төгрөг гэж үнэлсэн байх тул 4 хуваасны нэг хувь буюу 17 368 250 төгрөгийг М.Д-гаас гаргуулж К.А-д олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Наран овогтой Наталья хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 16 дугаар хорооллын 69Б байрны 35 тоотод 2013 оны 9 дүгээр сараас эхлэн амьдарч байгаа болно. Тус байрны хууль ёсны эзэмшигч нь миний эцэг М.Н-, миний охин М.Д-, К.Е-, К.А- нар бөгөөд 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр харилцан тохиролцож гэрээ байгуулснаар 4 хүний өмч болсон. Тус байр нь 1990 оны эхээр баригдсан бөгөөд олон жил түрээслүүлсэн, маш их элэгдэлтэй, нэг ч удаа засвар хийгдээгүй учраас шууд амьдрах боломжгүй байсан тул 2013 оны 9 дүгээр сард би өөрийнхөө мөнгөөр 6 000 000 гаруй төгрөгийн дотоод засвар хийж, 10 дугаар сард нь 2 хүүхдийн хамт нүүж орсон. Дээрх байрны эзэмшигч К.Е-, К.А нар нь уг байрыг олон жил түрээслүүлж ашиг олсон, улмаар байрыг бүрэн эзэмших санаатай юм. Миний эцэг М.Н 2013 онд өөрөө надад санал болгож тухайн үед 14 настай байсан М. Дариаг өөрийн эзэмшлийн 35 тоот орон сууцны эзэмшигч болгосон. Миний аав 1994 онд К.Е-агаас салсан юм. Улмаар амьдарч байсан байраа бидэнд үлдээгээд Шайдорова Зинаидагийн байранд хамт амьдарч эхэлсэн. Шайдорова Зинаида нас барахад миний аав өөрийн эзэмшлийн байранд буцаж ирсэн, тухайн үед уг байранд К.Е- болон К.А амьдарч байсан бөгөөд аавыг буцаж ирэхэд дургүйцэж, дарамталдаг байсан. Би одоо хүү, охины хамт амьдардаг бөгөөд охин маань сургалтын төлбөрөө төлж чадахгүй их сургуулиасаа чөлөө авсан, ажил олддоггүй, хүү маань сургуулийн сурагч болно. К.Е- нь өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгөтэй, гэр оронтой хүн юм. Ганц хүний цалин бидний амьдралд хүрэлцээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Д-гаас 17 368 250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К.Е-д, хариуцагч М.Д-гаас 17 368 250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К.А-д тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч К.Е-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгөөс 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 100 000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч К.Е-д олгож, нэхэмжлэгч К.А-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч М.Д-гаас нийт 489 582 төгрөгийг гаргуулж, үүнээс 244 791 төгрөгийг нэхэмжлэгч К.Е-д, 244 791 төгрөгийг нэхэмжлэгч К.А-д тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч К.Е-гаас 393 800 төгрөгийг гаргуулан “Л” ХХК /Худалдаа хөгжлийн банкан дахь 499009345 тоот данс/-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н- давж заалдах гомдолдоо:

...Нэхэмжлэгч нар нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 16 дугаар хорооллын 69Б байрны 35 тоотод 2 өрөө Ү-006118726 улсын бүртгэлийн дугаартай байрны хамтран өмчлөгч тул оногдох хувь болох 20 000 000 төгрөгийг тус бүр гаргуулан авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд хөрөнгөнд үнэлгээ тогтоосон үнэлгээний дүнгээс шалтгаалж нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, оногдох хувь 17 368 250 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь нэг талыг барьсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс нотлох баримт гаргаж өгсөн боловч шүүх хангалттай үнэлээгүй. Мөн шүүх хуралдаан дээр өмгөөлөгч эд хөрөнгөнд үнэлгээ тогтоосон “Л” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг эс зөвшөөрч дахин дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Тухайн эд хөрөнгийн үнэлгээний тайлан нь байрны зах зээлийн өнөөгийн үнэлгээнээс харьцангуй дээгүүр үнэлэгдсэн байсан. Харьцуулсан байр нь 3 өрөө, паркетан шалтай, вакум цонхтой, талбайн хэмжээ нь манай байрнаас том байсан болно. Гэтэл манай байр 2 өрөө, модон шалтай, дээр үеийн модон цонхтой, талбай багатай байр юм. Үнэлгээчин маргаан бүхий байранд ирж үзэн зураг авсан атлаа эрс өөр байртай харьцуулан зах зээлийн үнэлгээ тогтоосон нь шударга болж чадаагүй. Анхан шатны шүүх тус дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэх хэсэг болгосон нь хариуцагчийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн. Миний эцэг Наран нас барсан тул уг нэхэмжлэлтэй хамт өв залгамжлалын асуудлыг шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хэрэгт хамааралгүй гэж үзээд буцаасан. Маргаж буй объект нь нэг байсан тул хүлээж авах боломжтой гэж харж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх  хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй, зохигчдын маргааны үйл баримтын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч К.Е-, К.А- нар хариуцагч М.Д-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 16 дугаар хороолол, 69б-35 тоот орон сууцнаас өөрт ногдох хэсэг болох тус бүрийн 20 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрөн маргасан бөгөөд нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж тус бүр 17 368 250 төгрөг болгосон байна.

 

Хэргийн 9 дүгээр талд нотлох баримтаар авагдсан Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №11-1025204 тоот албан бичигт “Эрхийн Улсын бүртгэлийн ү2204005597 дугаартай, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн үүргийн 5 дугаар хороо 16 дугаар хороолол, 69б-35 тоот орон сууцны өмчлөгчөөр М.Н-, К.А-, К.Е-, М.Д- нар бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгөд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна” гэжээ.  

 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасны дагуу “хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэж заасан бөгөөд талуудын маргааны зүйл болж байгаа дээрх орон сууц нь М.Н-, К.А-, К.Е-, М.Д- нарын дундаа хамтран өмчлөх дундын хөрөнгө байна. Зохигчид тухайн орон сууцыг хариуцагч М.Д- эзэмшиж байгаа үйл баримт болон тус байрны өмчлөгчийн асуудлаар маргаагүй байна.

 

Хэрэгт К.Е-, М.Д- нарын холбогдох орон сууцанд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай М.Н-, К.А нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2951 дугаар шийдвэр, мөн К.А-гийн хариуцагч Н.Н-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн үүргийн 5 дугаар хороо 16 дугаар хороолол, 69б-35 тоот орон сууцыг чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гаргуулах , албадан нүүлгүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 2223 дугаар хүчин төгөлдөр шийдвэрүүд авагджээ. /хх 12-16/

 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар хамтран өмчлөгч нар дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгийн үнийг гаргуулахаар шаардах эрхтэй байдаг тул нэхэмжлэгч К.А-, К.Е- нар нь тухайн орон сууцны үнээс өөрт ногдох хэсгээ хариуцагч М.Д-гаас шаардах эрхтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас дээрх орон сууцны үнэлгээг тогтоолгохоор хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ Ш32018/15720 тоот шүүгчийн захирамжаар шинжээчээр “Л” ХХК-ийг томилсон, Лэндс ХХК-ийн дүгнэлтээр дээрх орон сууцны хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг 69 473 333.34 төгрөгөөр үнэлсэн байна. /хх 111-121/

 

Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт зааснаар “Дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй” гэж заасан, М.Н-, К.А-, К.Е-, М.Д- нар маргааны зүйл болж буй орон сууцыг өмчлөх талаар өөрөөр тохиролцоогүй байх тул анхан шатны шүүх дээрх орон сууцны нэг хүнд ногдох хэсгийг 17 368 250 төгрөгөөр тооцон, хариуцагч М.Д-гаас нэхэмжлэгч К.Е-д, К.А- нарт тус бүр 17 368 250 төгрөг гаргуулахаар  шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ... “Лэндс ХХК-ийн үнэлгээний тайланг эс зөвшөөрч дахин үнэлгээ гаргуулахаар хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаагүй” гэсэн үндэслэл заасан байгаа боловч анхан шатны шүүх хүсэлтийг хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд дахин шинжээч томилох үндэслэлгүй гэж үзэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна гэж тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00031 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО