Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2019/00031

 

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2019/00031

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 16 дугаар хороолол, 69б байрны 35 тоотод оршин суух бүртгэлтэй, БЗД 1-р хороо 30-23 тоотод оршин суух Оросын Холбооны Улсын иргэн Корчанова Елизавета /KORCHANOVA ELIZAVETA, РД:ЮД37110503/,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 30-23 тоотод оршин суух Оросын Холбооны Улсын иргэн Корчанов Андрей /KORCHANOV ANDREY, ЮД:64013116/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 16 дугаар хороолол, 69б-35 тоотод оршин суух Боржигон овогт Мягмарцэрэнгийн Дариа /РД:УЛ96061128/-д холбогдох

Орон сууцнаас өөрт ногдох хэсэг болох тус бүр 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Корчанова Елизавета, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, нэхэмжлэгч Корчанов Андрейгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содончимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наталъягийн өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ, нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.      

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Корчанова Елизавета шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Корчанова Елизавета миний бие 1937 онд төрсөн, одоо 81 настай өндөр насны тэтгэвэрт байдаг хүн юм. Би нөхөр М.Нарантай 1963 онд нэг гэртээ орсон ба нийтдээ 53 жилийг хамтдаа амьдарсан. Бидний дундаас хүү Андрей 1964 онд, хүү Сергей 1967 онд, охин Наталъя 1974 онд төрсөн. Өвгөн бид хоёр гэрлэлтээ албан ёсоор баталгаажуулах гэсэн боловч тухайн үед өвгөнд паспорт байгаагүй болохоор чадаагүй. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй учир нотариат өвийн гэрчилгээ бичиж өгөхгүй байна. Миний өвгөн М.Наран нь 2014 онд харвалт өгч гэртээ хэвтэрт байсаар 2016 оны 8 сард 83 насандаа өвчний улмаас нас барсан юм. Нөхөр М.Наранд 1995 онд Монгол улсын банкны системд, ХОТШ банкинд олон жил идэвх зүтгэл гарган ажилласныг сайшаан тэмдэглэж, Баянзүрх дүүргийн 5 хороо,16 хороолол, 69б байрны 35 тоот орон сууцыг олгож, эзэмшүүлэх шийдвэр гарч байсан. Өвгөн минь байрандаа ч байж чадахгүй байсаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд өвчтэй байхдаа хүртэл уг байрныхаа үр шимийг хүртэж чадаагүй байсаар өнгөрсөн. Учир нь маргаан бүхий байранд охин Н.Наталъя биднийг хуурч орчихоод гарахгүй уг байрны өмчлөгч болох биднийг хаалгаар нь цухуйлгахгүй, эцэг эхээ энэрч хайрлахгүй, ийм байдалтай олон жилийг үзэж байна. Охинтойгоо ойлголцох гэж их олон удаа оролдсон боловч биднийг ерөөсөө байранд минь оруулахгүй юм. Охин Наталъядаа их гомдож цөхөрч байна. Хариуцагч М.Дариа миний зээ охин, бага охин Н.Наталъягийн охин юм. Уг байранд М.Дариа ч бидний зөвшөөрөлгүй орсон юм. Ач охины буруу гэж бодохгүй байгаа бөгөөд харин охин Н.Наталья л биднийг хуурч байгаад уг байранд хүүхдийнхээ нэрийг оруулсан юм. Одоо тэр талаар маргаагүй бөгөөд өвгөнөөс минь үлдсэн хөрөнгөнөөс хөгшин би өөрт оногдох хувиа л авч өөрийн эмчилгээ сувилгаа гээд өөртөө зарцуулмаар байгаа юм. Охин Наталья нь өмнө нь бас хөгшин бидний нэг байрыг зарсан бөгөөд зарсан байрныхаа мөнгөнөөс нэг ч төгрөг өгөөгүй юм. Би 2016 онд гадуур явж байгаад авто тээврийн осолд орсноос хойш эм тариа их хэрэглэдэг болсон тэтгэврийн хэдэн төгрөг минь юунд хүрэхгүй болсон. Өвгөнийгөө амьд сэрүүн үед шүүхэд Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, албадан нүүлгэх, 2010 оны 10 сарын 22 ны өдрийн орон сууцанд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай гэсэн утга бүхий нэхэмжлэл гаргаж байсан боловч нэхэмжлэлүүд бүгд хэрэгсэхгүй болж байсан. Одоо би нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн шүүхэд хандаж байна. Би одоо хүү Андрейгийнд байгаа болно. Албан ёсны бүртгэлтэй газраа ч амьдарч чадахгүй байна. Миний бие дээрх орон сууцаа зах зээлийн ханшаар 80 сая төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд өөрт оногдох хэсэг болох 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Шинжээчийн дүгнэлтээр 67,473,000 төгрөг гэж үнэлсэн учир 4 өмчлөгчид хувааж 1 хүнд ногдох 17,368,250 төгрөгийг М.Дариагаас нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна ... гэв.

Нэхэмжлэгч К.Андрейгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содончимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч Корчанова Елизаветагийн нэхэмжлэлийг бүрэн дэмжиж байна. К.Андрей нь нэхэмжлэгч Корчанова Елизаветагийн том хүү бөгөөд хариуцагч М.Дариагийн нагац ах юм. Энэ байрны хамтран өмчлөгч. Орон сууцыг байгаа 3 өмчлөгч хуваагаад эвлэрэх боломжтой байсан боловч Н.Наталъя эвлэрэхгүй байгаа тул 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Гэхдээ одоо шинжээчийн дүгнэлтээр үнэлсэн орон сууцны үнэ 69,473,000 төгрөгийн 4/1 хувь буюу 17,368,250 төгрөгийг М.Дариагаас гаргуулж К.Андрейд олгохоор шийдвэрлэж өгнө үү... гэв.

Хариуцагч М.Дариагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наталъя шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Наран овогтой Наталья хоёр хүүхдийн хамт БЗД 22-р хороо 16 хорооллын 69Б байрны 35 тоотод 2013 оны 9 сараас эхлэн амьдарч байгаа болно. Энэ байрны хууль ёсны эзэмшигч миний эцэг Мангалжав Наран, миний охин М.Дариа болон Корчанова Елизавета болон Корчанов Андрей 2010 оны 10-р сарын 22-ны орон сууцны өмчлөлд харилцан тохиролцож гэрээ хийсний дагуу 4 хүний өмч болсон. 2013 оны 8 сард би нөхөр Ц.Мягмарцэрэнгээс салж 2 насанд хүрээгүй хүүхдийн хамт амьдрах байргүй байсан учраас миний эцэг М.Наран болон эх Елизавета нар уг байрыг санал болгосны үндсэн дээр амьдрахаар болсон юм. Уг байр нь 1990 оны эхээр баригдсан бөгөөд олон жил түрээслүүлсэн, маш их элэгдэлтэй, нэг ч удаа засвар хийгдээгүй учраас шууд амьдрах боломжгүй, маш их муудаж гэмтсэн байрыг 2013 оны 9 сард би өөрийнхөө мөнгөөр, зарим нь зээл авч, нийт 6 сая гаруй төгрөгийн дотоод засвар хийж, 10 сард 2 хүүхдийн хамт нүүн орж амьдарч эхэлсэн юм. Дээрх байрны эзэмшигч Елизавета болон К.Андрей нар уг байрыг олон жил түрээслүүлж ашиг мөнгө олсон боловч миний эцэгтэй хуваалцдаггүй байсан. Би тухайн байранд засвар хийхэд Елизавета болон К.Андрей нар нэг ч төгрөг гаргаагүй бөгөөд байрыг ямар аймшигтай байж байгаад ямар сайхан цэвэрхэн тохилог болсныг мэдээд удаа дараа хуулийн байгууллагад булаан авах оролдлого хийн нэхэмжлэл гаргаж байсан ба өнөөдрийн байдлаар 5 дахь удаагийнх юм. Эхэн үедээ миний аавын гарын үсгийг залилан зуруулж, худлаа мэдүүлэг өгч, худал гүтгэлэг гарган энэ байранд ашиг хонжоо хайж, илүү мөнгөнд санаархаж намайг болон миний охиныг байнга шүүхэд өгч, янз бүрийн арга заль хэрэглэн, миний аавын надад болон миний хоёр хүүхдэд өгсөн байранд үргэлж санаархдаг. Миний болон миний хоёр хүүхдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үргэж зорчиж, сэтгэл санааны хувьд хүнд байдалд оруулдаг. Елизавета болон К.Андрей нар нь шүүхэд энэ байрыг булаах асуудлаар янз бүрийн шалтгаанаар 4 ч удаа нэхэмжлэл гаргаж байсан гол зорилго нь энэ байрыг бүрэн эзэмших. 

2013 онд миний аав М. Наран өөрөө надад болон тэр үед 14 настай байсан миний охинд М. Дариад өөрийн эзэмшиж байсан 35 тоот орон сууцны байрны эзэмшигч болгох санал гаргасан. Миний аав 1994 онд Елизаветаагаас салж Шайдорова Зинаидатай хамт амьдарч эхэлсэн. Надтай уулзахдаа Елизаветай цаашдаа хамт амьдрах ямар ч хүсэлгүй, үргэлж хэрүүлтэй чоно нохой мэт амьдарч өдий хүрлээ, эрт салах хүсэлтэй байсан ч миний охин арай л балчир байсан болохоор энэ олон жил тэсэж амьдарч ирсэн одоо чи 18 нас хүрсэн би ч амьдралаа бодъё, хэрүүл уруултай, халамжгүй авгайг олон жил тэвчиж амьдарсан, намайг зөв ойлгоорой, бодвол уучлаарай гээд гэрээсээ явсан. Амьдарч байсан байраа бид нарт үлдээгээд Шайдорова Зинаидагийн байранд амьдарч эхэлсэн. 1995 оны эхэнд миний аав М.Наран болон Шайдорова Зинаида нар хууль ёсны гэр бүл болсон.

1995 онд үед ХОТШ банкнаас аавын минь олон жил сайн идэвхтэй ажилласныг үнэлж одоо миний амьдарч байгаа байрыг бэлэглэсэн. Хэдэн жилийн дараа Шайдорова Зинаида нас барахад миний аав өөрийн БЗД 1 хороо 12 хороолол 30 байр 23 тоот байрандаа буцан ирэх болсон.

Харин тэр үед уг байранд Елизавета болон К.Андрей амьдарч байсан. Аавыг буцан ирэхэд энэ хоёр ихэд дургүйцэж оруулах маш дургүй байсан. Тэгэхдээ миний аав болон Елизавета нар тус тусдаа 2 өөр өрөөнд амьдардаг байсан. Елизавета болон К.Андрей нарын нэрийг уг байрны эзэмшигчээр оруулах санал болгосон. Елизавета болон К.Андрей нар аавтай минь намайг уулзуулах тун дургүй. 2014 оны 08 сард би 2 хүүхдээ дагуулан яваад очиход гэрийн утсыг нь санаатайгаар хаалгуулсан, гар утасны дууг нь хааж нуудаг байсан нь очиход илэрсэн. Мөнгөний төлөө Елизавета болон К.Андрей нар нь юунаас ч буцахгүй. Аав надад нэг удаа хэлэхдээ би өндөр настай болсон, өөрөө гарч явж чадахгүй байгаа болохоор одоо чамайг оролдоод байгаа юм. Ууган зээ охиноо дунд сургуулиа төгсөхөд өвөө нь их сургуулийн төлбөрийг нь төлнө. Харин Елизавета болон К.Андрей нар миний хадгалж байсан мөнгийг авсан гэж хэлсэн. К.Андрей МТЗ-д ажилладаг, ажлаас нь хөндөлттэй зээлээр байр өгч байгаа надад 15 000 000 сая төгрөг өг гэж дарамтлаад энэ хоёр надаас авсан. Дараа өгнө гэсэн боловч худлаа байхаа би ч мөнгөө алдсан, зээ охиныхоо их сургуулийн сургалтын төлбөр өгөх мөнгөгүй болсон гэж нулимс унаган ярьсан. Одоо би, миний охин М.Дариа болон хүү М.Ингүүн хамт уг байранд амьдарч байгаа болно. Охин ТИС III дамжааны оюутан, 2017-2018 оны хичээлийн сургалтын төлбөрөө төлж чадахгүйгээс болон энэ хичээлийн жилдээ чөлөө авсан байгаа. Охин маань ажил хийх хүсэлтэй ч ажил олдохгүй, эсвэл түр ажил олдвол цалин мөнгөө өгөхгүй. Хүү насанд хүрээгүй сургуулийн сурагч. Хоёр хүүхдийн аав нь Ц.Мягмарцэрэн хүнд багтраа өвчинтэй, ойрхон сэдэрч байгаа учраас ажил хийдэггүй мөнгөний тусламж үзүүлэх боломжгүй байгаа. Елизавета одоогийн байдлаар К.Андрейн орон сууцанд амьдарч байгаа бол миний аавын сүүлд амьдарч байсан байрыг түрээслүүлж мөнгө олж байгаа байх. Елизавета орох оронтой, БЗД 1-р хороо 12-р хороолол 30 байр 23 тоот байранд албан ёсны бүртгэлтэй, Өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгөтэй, уг байрны нэг эзэмшигч юм. Шүүхэд худал мэдээлэл өгч зориудаар төөрөгдүүлж байгаа. К.Андрей МТЗ-д ажилладаг, гэр бүлгүй, хүүхэдгүй төрсөн эхээ харж үзэх бүрэн боломжтой. Намайг амьдарч байгаа байрандаа хууран залилж орсон гэж үргэлж гүтгэх нь хэрээс хэтэрч байна. Энэ асуудлаар сайн дурын хэлцлийн үндсэн дээр бүх юм хуулийн дагуу явагдсан гэж шүүхийн шийдвэр гарсан байгаа. Иймээс би өрх толгойлсон ганц бие эмэгтэй, ганцаар ажил хийдэг, хоёр хүүхдээ ганцаараа өсгөж, хоол, унаа, сургалтын төлбөрийг төлдөг. Охин оюутан. Хүү насанд хүрээгүй сургуулийн сурагч. Миний ганц хүний цалин бидний амьдралд хүрэлцээгүй байгаа учраас Нэхэмжлэгч нарын орон сууцнаас өөрт оногдох тус бүр 20 сая нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.... гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Корчанова Елизавета, Корчанов Андрей нар хариуцагч М.Дариад холбогдуулан хамтран өмчилдөг орон сууцнаас өөрт ногдох хэсэг болох тус бүр 20,000,000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Корчанова Елизавета, Корчанов Андрейн төлөөлөгч нар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хамтран өмчилдөг орон сууцнаас өөрт ногдох хэсэг болох тус бүр 17,368,250 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч амьдралын нөхцөлөөс төлөх боломжгүй, орон сууцны зах зээлийн үнэлгээ хэт өндөр гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Монгол Улсын иргэн Мангалжавын Наран Оросын Холбооны Улсын иргэн Корчанова Елизавета нар гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамт амьдрах хугацаанд тэдний дундаас Корчанов Андрей, Сергей, Нарангийн Наталъя нар төрсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

М.Наран 2016.08.23-ны өдөр нас барсныг 2016.08.24-ний өдөр нас барсны бүртгэлийн 4267-рт бүртгэж 0000188321 дугаартай гэрчилгээ олгожээ.

Монгол Улсын банкны систем, ХОТШ банканд олон жил идэвх зүтгэл гарган ажилласан М.Наранд 1995 онд ХОТШ банкнаас Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 16 дугаар хороолол, 69б байрны 35 тоот орон сууцыг эзэмшүүлсэн, уг орон сууцны өмчлөгчөөр 2010.05.11-нд М.Наран, Корчанов Андрей нар бүртгүүлсэн, 2010.10.22-ны өдрийн орон сууцанд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцлээр Корчанова Елизавета, М.Дариа нар бүртгүүлсэн болох нь зохигчийн тайлбар, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2223 дугаартай шийдвэр, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2951 дугаартай шийдвэр зэргээр тогтоогдож байна.

Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 16 дугаар хороолол, 69б байрны 35 тоот орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд М.Наран, Корчанов Андрей, Корчанова Елизавета, М.Дариа нар бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2017 оны 09 сарын 29-ний өдрийн 11-1025204 дугаартай лавлагаагаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

Дээрх орон сууцны 1 өмчлөгч М.Наран 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр нас барснаас хойш хэн нэгэн этгээд түүний өв зөлгамжлагчаар тогтоогдоогүй, 2013 оноос хойш М.Дариа болон Н.Наталъя нар орон сууцыг эзэмшиж байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд маргаагүй.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно,

Мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 16 дугаар хороолол, 69б байрны 35 тоот орон сууцны өмчлөгч Корчанова Андрей, Корчанова Елизавета нар М.Дариагаас өөрт оногдох хэсгээ шаардах, орон сууцыг хуваах боломжгүй тул үнийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч талын ... Корчанов Андрей, Корчанова Елизавета нарт төлөх мөнгө байхгүй... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй бөгөөд ...орон сууцыг зах зээлийн үнээс өндөр үнэлсэн... гэх тайлбар нь үндэслэлгүй, уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүй байна.

Уг орон сууцны 1 өмчлөгч болох М.Наран агсны хууль ёсны өвлөгчөөр тогтоогдсон этгээд байхгүй боловч орон сууцыг 4 өмчлөгч хуваан өмчлөх эрхтэй гэж дүгнэн, шинжээчийн тогтоосон 69,473,000 төгрөгийн 1/4 хэсэг болох 17,368,250 төгрөгийг тус тус хариуцагч М.Дариагаас гаргуулж нэхэмжлэгч Корчанова Елизаветад, нэхэмжлэгч Корчанов Андрей нарт тус тус олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч  Корчанова Елизавета орон сууцны зах зээлийн ханшийг тогтоолгохоор шинжээч томилуулсан, тэрээр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг бүрдүүлж өгөх үүрэгтэй тул шинжээчийн зардал 393,800 төгрөгийг нэхэмжлэгч Корчанова Елизаветад хариуцуулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2, 77.5-д заасан журмын дагуу 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наталъяд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдэх хуудсаар, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 99120749 дугаарын утсаар нь тус тус мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч талын болон өмгөөлөгч Н.Номин-Эрдэнийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наталъягийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг 2018.12.17-ны өдөр хангасан боловч 2018.12.24-ний өдөр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай 2018.11.30-ны 20344 дугаар захирамжтай хариуцагч тал 2018.12.07-ны өдөр танилцсан, 2018.12.17-ны өдрийн хурлаар хариуцагч талын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаснаар уг захирамжид гомдол гаргах 10 хоногийн хугацаа хангалттай өнгөрсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулах ба оролцогч монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэлээр, эсхүл орчуулагчаар дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор заасан бөгөөд Оросын Холбооны Улсын иргэн Корчанова Елизавета /KORCHANOVA ELIZAVETA/ нь монгол хэл бичиг бүрэн тайлагдсан, орчуулагчийн хэрэг байхгүй гэсэн хүсэлтийг /хх-39/ гаргасныг шүүх хуралдаанд дахин тодруулахад ...орчуулагч оролцуулах шаардлагагүй... гэсэн тул орчуулагч оролцуулаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Корчанова Елизавета, Корчанов Андрей нар Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 16 дугаар хороолол, 69б байрны 35 тоот орон сууцны өмчлөгчөөс хасуулах хэлцлийг М.Дариатай хийх, бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд хариуцагч М.Дариа энэ талаар шүүхэд хандах эрх нь нээлттэйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар хариуцагч М.Дариагаас 17,368,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Корчанова Елизаветад, хариуцагч М.Дариагаас 17,368,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Корчанов Андрейд тус тус олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Корчанова Елизаветагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгөөс 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 100,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Корчанова Елизаветад олгож, нэхэмжлэгч Корчанов Андрейгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч М.Дариагаас нийт 489,582 төгрөгийг гаргуулж, үүнээс 244,791 төгрөгийг нэхэмжлэгч Корчанова Елизаветад, 244,791 төгрөгийг нэхэмжлэгч Корчанов Андрейд тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Корчанова Елизаветагаас 393,800 төгрөгийг гаргуулан Лэндс ХХК /Худалдаа хөгжлийн банкан дах 499009345 тоот данс/-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Д.БАТЦЭЦЭГ