Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 221/MA2016/0324

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2017/0324

Улаанбаатар хот

 

Л.Нарантунгалагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Л.Нарантунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жамбалсүрэн, гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Ариунаагийн гаргасан давж заалдах гомдлоор, Л.Нарантунгалагийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 5 дугаар зүйлийн 5.1.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Нарантунгалагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5 дугаар хороолол 7 дугаар байр 11 тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2101001765 дугаарт бүртгэж 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Б.Бямбарагчаа, Л.Жаргалсайхан нарын нэрээр олгосон 000236377 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Ариунаа давж заалдах гомдолдоо: “Орхон аймаг дах Захиргааны анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаартай шийдвэрийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дор дурдсан гомдлыг гаргаж байна.

Үүнд: Л.Жаргалсайхан, Б.Бямбарагчаа нарын нэр дээр маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгох болсон гол үндэслэл нь Л.Нарантунгалаг хасагдсан мөн Б.Бямбарагчаа нэмэгдсэн хэлцэл буюу гэрээ юм.

Нэхэмжлэгч Л.Нарантунгалагийн маргаан бүхий орон сууцыг хамтран өмчлөх эрхээсээ татгалзах зорилгоор байгуулсан хамтран өмчлөгч хасах тухай хэлцэл өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр бөгөөд энэхүү хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн иргэний шүүхийн шийдвэр гараагүй байна.

Улсын бүртгэлийн байгууллага эдгээр хэлцэл /гэрээ-ийг үндэслэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасны дагуу “хэлцлийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөх” гэсэн үндэслэлээр улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан байна.

Улсын бүртгэлийн байгууллага буюу хариуцагч талын захиргааны акт гаргах болсон гол үндэс нь гагцхүү эдгээр хэлцэл, гэрээнүүд юм. Эдгээр гэрээ, хэлцлийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр буруутгаагүй байхад түүнээс өмнө улсын бүртгэлийн шийдвэрийг буруутгах боломжгүй юм.

Гэтэл анхан шатны шүүхээс бүртгэлийн анхдагч үндэс болж буй гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр хэвээр байхад бүртгэлийг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай шийдвэр болсон байна.

Түүнчлэн, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол буюу барьцааны эрх нь хөндөгдөж буй банкнаас зөвшөөрөл авахгүйгээр гэрчилгээг хүчингүй болгох боломжгүйг мөн шүүхээс анхаарч үзээгүй байна. Гэрчилгээг хүчингүй болгосноор банкны барьцааны эрхийг шууд хөндөж буй хэрэг болж байна.

Тодруулбал, анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй хууль хэрэглээний алдаа гаргасан байна. Эрүүгийн журмаар шалгаж байх үед тогтоогдсон гэх үйл баримтуудыг шүүхээс үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг ...дахин нотлохгүй” гэж заасныг зөрчсөн үйлдэл болсон байна.

Капитрон банкны хувьд хүчин төгөлдөр улсын бүртгэлд тулгуурлан барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул Капитрон банкийг тухайн үйл явдалд буруутгах боломжгүй юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.Нарантунгалаг нь “Орхон аймгийн Улсын бүртгэлийн 000236377 дугаартай үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, уг нэхэмжлэлийн шаардлагаар шүүх Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ.

Хэргийн оролцогч нарын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Л.Нарантунгалаг, гуравдагч этгээд Л.Жаргалсайхан нар нь анх Орхон аймгийн Баян-Өндөр сумын 8 дугаар баг, Бүрэнбүст 7 дугаар байрны 11 тоот 1 өрөө орон сууцыг хамтран өмчилж байсан байна.

Гэтэл гуравдагч этгээд Л.Жаргалсайхан нь нэхэмжлэгчид мэдэгдэлгүй, Б.Бямбарагчаа, Б.Сувдаа нартай бүлэглэн нэхэмжлэгчийн гарын үсгийг Б.Сувдаагаар зуруулан уг байрны хамтран өмчлөгчөөс нэхэмжлэгчийг хасуулах хэлцлийг хуурамчаар хийж, нотариатаар гэрчлүүлэн өмчлөгч Л.Жаргалсайханы нэр дээр Б.Бямбарагчаагийн нэрийг нэмж өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан “Капитрон банк” ХХК-д 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 35.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьжээ.

Үүнийг эрүүгийн журмаар шалган, Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 5/313 дугаар тогтоол[1]-оор хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Мөн Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2016/01363 дугаар шийдвэр[2]-ээр Л.Нарантунгалагийг нас барагч С.Жааханхүүгийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож, Л.Нарантунгалагийг маргаан бүхий байрны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршдог.  Тус хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох ...нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүх “шүүхийн шийдвэрийн үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргээгдэх”-тэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5 дугаар хороолол, 7 дугаар байр 11 тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2101001765 дугаарт бүртгэж, 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Б.Бямбарагчаа, Л.Жаргалсайхан нарын нэрээр олгосон 000236377 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь бүртгэл үнэн зөв хийгдсэний дагуу өмчлөх эрхийг баталгаажуулж олгодог баримт юм. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, бүртгэлтэй холбоотой асуудлаар дүгнэлт хийлгүй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5 дугаар хороолол, 7 дугаар байр 11 тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2101001765 дугаарт бүртгэсэн бүртгэл хүчин төгөлдөр байхад тус орон сууцны 000236377 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл бүртгэл хийсэн захиргааны акт нь хүчин төгөлдөр, түүнтэй холбоотой ямар нэг шаардлага гаргаагүй нөхцөлд хүчин төгөлдөр бүртгэлийг үндэслэн гэрчилгээ бичиж олгосон үйлдлийг буруутгах боломжгүй байна.

Энэ тохиолдолд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх хэрхэн сэргэх, шүүхийн шийдвэр бодитойгоор биелэгдэх зэрэг нөхцөл байдлыг харгалзаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах ёстой байжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны талаар маргаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар маргаж байхад анхан шатны шүүх “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх хэлцэл”-ийг гэрчилсэн нотариатын үйлдэлтэй холбоотой асуудлаар дүгнэлт хийсэн байх бөгөөд “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бусад тооцсон ямар нэгэн шийдвэр гараагүй, уг хэлцэл одоо ч хуулийн хүчин төгөлдөр байгаа, нэхэмжлэгч өөрөө уг хэлцлийг хүчин төгөлдөр эсэх талаар шаардлага гаргасан эсэхийг анхан шатны шүүх анхаарах нь зүйтэй.

Мөн бүртгэлийн байгууллага, түүний албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас эд хөрөнгийн улсын бүртгэл буруу хийгдсэн тул бүртгэлийг хууль бус гэж тооцуулах, бүртгэл болон түүний үндсэн дээр олгогдсон гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ. Харин өмчийн болон гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэсний үр дүнд хууль ёсоор хийгдсэн улсын бүртгэлийг өөрчлөх, хүчингүй болгох асуудал иргэний хэргийн шүүхийн ажиллагаанд хамаарахыг харгалзан  үзэх шаардлагатай байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

 ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР