Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2021/01272

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2021/01272

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

нэхэмжлэгч: А.У-гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ч.Т-т холбогдох

Газрын төлбөрт шилжүүлсэн 1.040.000 (нэг сая дөчин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 155/2021/01150/и индекстэй иргэний хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, хариуцагч Ч.Т нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч А.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.У нь 2016 оны 4 дүгээр сард миний танил Ч.Т нь зуслангийн газар авч өгье би газрын албанд ажилладаг танилтай учир газар авч өгч чадна гэж хэлсэн. Ингээд Ч.Т надад газар олж зарахаар аман тохиролцоо хийж газрын төлбөрт 1.040.000 төгрөг төлөхөөр тохиролцож төлбөрийг Ч.Тын 0000000000 тоот ХААН банкны данс руу шилжүүлсэн. Гэтэл Ч.Т нь зуслангийн газаргүйгээс гадна таг чиг болсон. Би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан боловч хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин Ч.Т нь Цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ миний мөнгийг өөр Э гэх хүнд өгсөн гэж мэдүүлсэн байсан. Бидний хувьд Ч.Т газартай болж тэр газраа надад зарна гэж тохиролцсон болохоос миний мөнгийг өөр хүнд дамжуулж өгөөрэй гэж бид тохиролцоогүй. Би одоо түүний данс руу шилжүүлсэн мөнгөө авах хүсэлтэй байна.

Иймд Ч.Таас газрын төлбөрт шилжүүлсэн 1.040.000 /нэг сая дөчин мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2016 оны 04 дүгээр сард А.У нь зуслангийн газар авч өгнө гэсэн учраас Ч.Т руу 1.040.000 төгрөг шилжүүлсэн. Ч.Т нь уг газрыг бүтээж өгөөгүй. Үүний улмаас уг асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан боловч хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасны дагуу А.У нь Ч.Ттай газар авахаар аман тохиролцоо хийж мөнгийг шилжүүлсэн ба уг хэлцэл нь газрыг хүлээн авснаар дуусах ёстой байсан боловч уг газар нь бүтээгүй юм байна. Иймээс А.Уд шаардах эрх нь үүсч шүүхэд нэхэмжлэл газар авахаар шилжүүлсэн мөнгө болох 1.040.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар хариу тайлбар ирүүлсэн байсан. Хариуцагч нь зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ хариуцагч биш, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарласан байсан. А.У нь цагдаагийн тогтоол гарснаас хойш иргэний хэргийн журмаар явах ёстой юм байна гэдгээ мэдсэн. Иргэний хуульд зааснаар уг зүйлийг мэдсэнээр шаардах эрх үүсдэг байгаа. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн хариуцагч мөн болох нь мөнгийг шилжүүлсэн дансны хуулгаар нотлогдож байна. Хариуцагч өөрөө мөнгийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрдөг учраас хариуцагч биш гэх үндэслэлгүй байна. Мөнгө хүлээн авсан хүн нь Э биш Ч.Т учраас түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан болно гэжээ.

Хариуцагч Ч.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ч.Т миний бие нь 2016.03.20-нд Б сумын Эрчим багт иргэдэд зуслангийн газар олгож байна гэж сонсоод газар олгож байгаа хохирын урд талын талбайд очиж газраа хэмжүүлж, заалгаж авсан юм. Яг тэр үед Угийн охин И над руу залгаж, мэнд мэдэж, нутаг орноор сонин юу байна гэж асуухаар нь би Зуслангийн газар олгож байна гээд Эрчмийн ард газар заалгаж авч байна гэж ярьсан. Тэгтэл И та надад 1 газар заалгаад өгөөч гэсэн. Би тэр хүмүүст нь хэлтэл мөнгөө бэлэн өгвөл болно гэсэн. И руу дахин залгаад мөнгөө бэлэн өгөөд заалгаад ав гэж байна, би 1.040.000 төгрөг өгөөд хэмжүүлж авлаа гэхэд та өөрөө өгчихөөч, би ээжээр дамжуулаад өгчихье гэсэн. Тэгээд Ит нэг газар заалгаад хэлтэл модон дотор газар байвал сайн байна гэсэн. Би дарга Этай яриулж модны захад ширэнгэний хажууд нэг газар заалгаад И 2 сарын дараа гадаадаас ирж аль нэг газрыг нь сонгохоор болсон. Тэгээд И тэр үед хотын паспорттой байсан тул ээжийнхээ нэрээр авахаар болоод би 1.040.000 төгрөгийг Иын газарт өгөөд дараа нь ээж Угаараа дамжуулж надад өгөхөөр болж Угийн паспортын хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолтыг нь авч явуулахаар болоод салцгаасан. Болсон явдалд ердөө л энэ. Түүнээс биш Угийн нэхэмжлэлд байгаа шиг би газар зарах гэж 1.040.000 төгрөг аваагүй. И гэж охин нь надаас аваад буцааж өгсөн л үйлдэл. Иймд Угийн нэхэмжилж байгаа 1.040.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Ч.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрөн сумын иргэн Аийн У нь надад холбогдуулан газар худалдаж авах гэж мөнгө өгсөн, газраа өгөөгүй тул 1.040.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба миний зүгээс шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэлтэй холбоотой дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна. Үүнд:

1. Миний бие иргэн нэхэмжлэгч Аийн Угийн охин Б.Иын өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу 2016 онд Б сумын Эрчим багийн нутагт хуучин хорих ангийн урд талд зуслангийн газрыг заасны дагуу хэмжин тэмдэглэж өгсөн нь үнэн билээ.

2. Миний бие иргэн А.Угаас авсан мөнгийг хувьдаа ашиглаж завшаагүй. Зуслангийн газар авахад шаардагдах мөнгийг тухайн үед багийн Засаг даргаар ажиллаж байсан Ч.Э гэдэг хүнд хувиасаа бэлнээр өгөөд сүүлд нь иргэн У миний данс руу 1.040.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Энэ нь мөнгө шилжүүлж өгсөн дансны хуулгаар нотлогдож байгаа.

3. Иргэн А.Угийн охин Б.И нь Улаанбаатар хотын харьяалалтай учраас түүний нэр дээр газар өгөхгүй гэж Эрчим багийн Засаг дарга Ч.Э хэлсэн тул зөвлөсний дагуу иргэн А.Угийн багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбарыг авч түүнд явуулсан. Энэ үйл явдал 2016 оны 04-05 саруудын хооронд болсон юм.

4. 2016 оны 05-06 саруудын хооронд Б сумын газрын албанаас бололтой нэг хүн надтай утсаар таны газрын гэрчилгээгээ гаргуулж аваарай гэж хэлж байсан ба нэхэмжлэгч А.У, түүний охин Б.И нарт ч энэ тухай хэлсэн байх учиртай. Би өнөөдөр ч зуслангийн газрын гэрчилгээг авч чадаагүй л явж байна.

5. Миний бие зуслангийн газар авах нөхцлийг бүрдүүлэх үүрэг хүлээснээс биш газрыг хашиж хамгаална, газар эзэмших гэрчилгээг авч өгнө гэсэн үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээгээгүй, ямар нэгэн гэрээ хийгээгүй, тухайн үед охин И нь 2 сарын дараа гадаадаас ирээд зуслангийн газрын асуудлаа өөрөө хөөцөлдөнө гэж тохирсон. Нэхэмжпэгч А.У миний зүгээс зуслангийн газрыг эзэмших захирамж гаргахад бэлэн болгоод өгсөн байхад Б сумын холбогдох албаны хүмүүстэй яриад тухайн газраа эзэмшилдээ авч, ашиглах боломжтой байсан бөгөөд хуульд заасан хугацаанд асуудлаа тухайн сумын эрх бүхий албан тушаалтанд хандан шийдвэрлүүлээгүй атлаа өнөөдөр надаас өөрийн эрх ашгийн төлөө зуслангийн газар авахаар бусдад шилжүүлсэн мөнгөө нэхэж байгаад гомдолтой байна.

6. Тухайн нэхэмжлэлийн шаардлага надад огт хамаагүй ба хэрэгт цугларсан нотлох баримтууд нь намайг тухайн нэхэмжлэлийн хариуцагч байх боломжгүй гэдгийг нотолж байгаа. Нэхэмжлэгч А.У нь нэхэмжлэлтэй холбоотой зуслангийн газрын эзэмшлийн асуудлаа Б сумын Засаг даргын тамгын газарт хандан шийдвэрлүүлэх ёстой гэж үзэж байна.

Иймд Мөрөн сумын иргэн А.Угийн надаас 1.040.000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй, шаардлага нь тодорхой бус, хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн, хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.У нь газрын төлбөрт шилжүүлсэн 1.040.000 (нэг сая дөчин мянга) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ч.Т эс зөвшөөрч, маргажээ.

Хэрэгт:

нэхэмжлэгчээс харилцагчийн нэр Алтангэрэл У дансны дугаар 5913086566 гэх Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга эх хувиар 1 хуудас, ХААН банкны тодорхойлолтын хуулбар 1 хуудас, дипозит дансны хуулганы хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймгийн Прокурорын газар прокурорын тогтоол гэх толгой бүхий бичвэртэй баримтын хуулбар 1 хуудас,

хариуцагчаас Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Энхтулгын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 329 дүгээр Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас, тайлбар 2 хуудас, дипозит дансны хуулга эх хувиар 1 хуудас зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж ирүүлсэн байна.

Хариуцагч Ч.Т нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж буй үндэслэлээ:
- би А.У гуайтай гэрээ хэлэлцээр, амаар тохирсон зүйлгүй,

-нэхэмжлэгчийн охин Итай утсаар ярьж таарсан, Иын гуйлтаар Хөвсгөл аймгийн Б сумын багийн засаг даргатай түүнийг яриулсны үндсэн дээр зуслангийн газар хэмжүүлэн тэмдэг тавьж өгч би тус болсон,

-уг газрыг хэмжүүлж өгснөөр эзэмших эрхийг нь авахад нь бэлэн бол би үүргээ гүйцэтгэсэн,

-Газрын төлбөрт 1.040.000 төгрөгийг засаг дарга Эад өгөх шаардлагатай болсон бөгөөд үүнийг би өөрөөсөө өгч И ээжийнхээ дансаар над руу шилжүүлэхээр тохирсон ёсоороо би өөрөөсөө өгсөн мөнгөө л дансаар шилжүүлж авсан гэж,

хууль зүйн үндэслэлийн тухайд нэхэмжлэгч А.Утай ярьж тохирсон зүйлгүй тул А.У нь нэхэмжлэгч биш, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж тус тус тайлбарласан болно.

Харин нэхэмжлэгч нэхэмжлэлдээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Б сумын нутагт зуслангийн газар эзэмших зорилгоор, тэр эрхийг олж авахаар хариуцагч Ч.Тт, түүний хэлснээр газрын төлбөр гэж 1.040.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд одоо тухайн газарт зуслангийн газар эзэмших эрх А.Уд олгогдоогүй, хариуцагч Ч.Т шилжүүлэн авсан мөнгийг буцаан өгөөгүй учир түүнээс 1.040.000 төгрөгийг шаардах эрхтэй гэж, шаардах эрхтэй гэдгээ цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар мэдсэн учир хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй гэж тайлбарлан мэтгэлцсэн байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгч А.У, хариуцагч Ч.Т нар урьд өмнө нь сайн танилын харьцаатай байсан, нэхэмжлэгч А.Угийн эзэмшлийн ХААН банкин дахь данснаас хариуцагч Ч.Тын эзэмшлийн ХААН банкин дахь данс руу 1.040.000 төгрөг шилжсэн, нэхэмжлэгч А.У Хөвсгөл аймгийн Б сумын нутгаас зуслангийн газар эзэмших эрхийг олж авах зорилгоор дээрх 1.040.000 төгрөгийг шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдлоо.

Дээрх үйл баримтын тухайд зохигч маргаагүй.

Хэргийн үйл баримтын тухайд зохигчдын хооронд гэрээний бус харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч А.Угийн хувьд зорилго нь хэрэгжээгүй шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардсан гэж үзэх үндэслэлтэй юм.

Иймд нэхэмжлэгч А.У нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар шаардах эрхтэй.

Учир нь Иргэний хуулийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй,

Мөн зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тус тус хуульчилсан байна.

Нэхэмжлэгч А.Угийн эзэмшлийн ХААН банкин дахь данснаас 1.040.000 төгрөг хариуцагч Ч.Тын эзэмшлийн ХААН банкин дахь дансанд шилжиж орсон, энэ нь хууль болон гэрээнд үндэслэгдээгүй байгаа нь хариуцагч Ч.Тт үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүрэг үүсгэсэн нөхцөл бүрдсэн байна.

Түүнчлэн дээрх нөхцөл нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасантай тохирч байх бөгөөд тодруулбал тухайн 1.040.000 төгрөг хариуцагчийн мэдэлд шилжсэн, нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд гэрээний болон хуульд зааснаар үүргийн харилцаа үүсээгүй, 1.040.000 төгрөг нь нэхэмжлэгчийн эзэмшилд байснаас түүнийг буцаан шаардаж байгаа зэргээс хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж шүүх дүгнэв.

Хариуцагч нь 1.040.000 төгрөгийг А.Угийн нэр дээр зуслангийн газар эзэмших эрх авах үүднээс багийн засаг даргад бэлнээр өгсөн, нэхэмжлэгчийн охинтой амаар ярьж тохирсон гэж тайлбарлаж байх боловч мөнгийг бусдад шилжүүлсэн, тухайн мөнгийг ямар зорилгоор, юуны төлбөрт төлсөн талаарх нотлох баримтыг ирүүлээгүй ба хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Мөн хөөн хэлэлцэх хугацаа хамаарах шаардах эрх, хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааг Иргэний хуулийн 74, 75 дугаар зүйлд хуульчилсан бөгөөд үүнээс үзвэл хуульд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчлэх иргэний эрх зүйн харилцаанд дээрх харилцаа нь хамаарахгүй байх тул хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа болох арван жил гэснийг нэхэмжлэгчийн шаардах эрхэд үйлчилнэ гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч Ч.Таас 1.040.000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч А.Уд олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цын шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж ирүүлсэн дипозит дансны хуулганы хуулбар 1 хуудас, ХААН банкны тодорхойлолтын хуулбар 1 хуудас, Прокурорын газрын тогтоолын хуулбар 1 хуудас зэрэг баримтууд нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29.510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Таас 29.510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Уд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д тус тус зааснаар хариуцагч Ч.Таас 1.040.000 (нэг сая дөчин мянгатөгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч А.Уд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29.510 (хорин есөн мянга таван зуун арав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Таас 29.510 (хорин есөн мянга таван зуун арав) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Уд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Б.МӨНХТУЯА