Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 225/МА2022/00001

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 225/МА2022/00001

 

 

 

А.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 155/ШШ2021/01272 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Төмөрбаатарт холбогдох

Газрын төлбөрт шилжүүлсэн 1,040,000 /нэг сая дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагч Ч.Төмөрбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цогтбаяр, хариуцагч Ч.Төмөрбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 4 дүгээр сард миний танил Ч.Төмөрбаатар нь зуслангийн газар авч өгье би газрын албанд ажилладаг танилтай учир газар авч өгч чадна гэж надад хэлсэн. Ингээд Ч.Төмөрбаатар надад газар олж зарахаар аман тохиролцоо хийж газрын төлбөрт 1,040,000 төгрөг төлөхөөр тохиролцож төлбөрийг Ч.Төмөрбаатарын 5913034120 тоот ХААН банкны данс руу шилжүүлсэн. Гэтэл Ч.Төмөрбаатар нь зуслангийн газаргүйгээс гадна таг чиг болсон. ... Би одоо түүний данс руу шилжүүлсэн мөнгөө авах хүсэлтэй байна.

Иймд Ч.Төмөрбаатараас газрын төлбөрт шилжүүлсэн 1,040,000 /нэг сая дөчин мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Төмөрбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрөн сумын иргэн Алтангэрэлийн ******* нь надад холбогдуулан газар худалдаж авах гэж мөнгө өгсөн, газраа өгөөгүй тул 1,040,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба миний зүгээс шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэлтэй холбоотой дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна. Үүнд:

1.Миний бие иргэн нэхэмжлэгч Аптангэрэлийн *******гийн охин Б.Ихбаярын өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу 2016 онд Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутагт хуучин хорих ангийн урд талд зуслангийн газрыг заасны дагуу хэмжин тэмдэглэж өгсөн нь үнэн билээ.

2.Миний бие иргэн А.*******гаас авсан мөнгийг хувьдаа ашиглаж завшаагүй. Зуслангийн газар авахад шаардагдах мөнгийг тухайн үед багийн Засаг даргаар ажиллаж байсан н.Эрдэнэбат гэдэг хүнд хувиасаа бэлнээр өгөөд сүүлд нь иргэн ******* миний данс руу 1,040,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Энэ нь мөнгө шилжүүлж өгсөн дансны хуулгаар нотлогдож байгаа.

3.Иргэн А.*******гийн охин Б.Ихбаяр нь Улаанбаатар хотын харьяалалтай учраас түүний нэр дээр газар өгөхгүй гэж Эрчим багийн Засаг дарга н.Эрдэнэбат хэлсэн тул зөвлөсний дагуу иргэн А.*******гийн багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарыг авч түүнд явуулсан. Энэ үйл явдал 2016 оны 04-05 саруудын хооронд болсон юм.

4.2016 оны 05-06 саруудын хооронд Бүрэнтогтох сумын газрын албанаас бололтой нэг хүн надтай утсаар таны газрын гэрчилгээгээ гаргуулж аваарай гэж хэлж байсан ба нэхэмжлэгч А.*******, түүний охин Б.Ихбаяр нарт ч энэ тухай хэлсэн байх учиртай. Би өнөөдөр ч зуслангийн газрын гэрчилгээг авч чадаагүй л явж байна.

5.Миний бие зуслангийн газар авах нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээснээс биш газрыг хашиж хамгаална, газар эзэмших гэрчилгээг авч өгнө гэсэн үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээгээгүй, ямар нэгэн гэрээ хийгээгүй, тухайн үед охин Ихбаяр нь 2 сарын дараа гадаадаас ирээд зуслангийн газрын асуудлаа өөрөө хөөцөлдөнө гэж тохирсон. Нэхэмжлэгч А.******* миний зүгээс зуслангийн газрыг эзэмших захирамж гаргахад бэлэн болгоод өгсөн байхад Бүрэнтогтох сумын холбогдох албаны хүмүүстэй яриад тухайн газраа эзэмшилдээ авч, ашиглах боломжтой байсан бөгөөд хуульд заасан хугацаанд асуудлаа тухайн сумын эрх бүхий албан тушаалтанд хандан шийдвэрлүүлээгүй атлаа өнөөдөр надаас өөрийн эрх ашгийн төлөө зуслангийн газар авахаар бусдад шилжүүлсэн мөнгөө нэхэж байгаад гомдолтой байна.

6. Тухайн нэхэмжлэлийн шаардлага надад огт хамаагүй ба хэрэгт цугларсан нотлох баримтууд нь намайг тухайн нэхэмжлэлийн хариуцагч байх боломжгүй гэдгийг нотолж байгаа. Нэхэмжлэгч А.******* нь нэхэмжлэлтэй холбоотой зуслангийн газрын эзэмшлийн асуудлаа Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газарт хандан шийдвэрлүүлэх ёстой гэж үзэж байна.

Иймд Мөрөн сумын иргэн А.*******гийн надаас 1,040,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй, шаардлага нь тодорхой бус, хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн, хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 155/2021/01272 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д тус тус зааснаар хариуцагч Ч.Төмөрбаатараас 1,040,000 (нэг сая дөчин мянгатөгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч А.*******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,510 (хорин есөн мянга таван зуун арав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Төмөрбаатараас 29,510 (хорин есөн мянга таван зуун арав) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.Төмөрбаатар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх маргааны мөн чанарыг бодит байдлаар тогтоож чадаагүй ба миний хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

...шийдвэрийг гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэн дараах үндэслэлээр хянаж өгөхийг хүсч байна. Үүнд:

1.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хэргийн үйл баримтын тухайд зохигчдын хооронд гэрээний бус харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч А.*******гийн хувьд зорилго нь хэрэгжээгүй учраас шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардсан гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд А.******* нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2016 оны хавар Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутагт хуучин хорих ангийн урд талд зуслангийн газар хуваарилсан ба тухайн үед би тэнд очиж газар заалгаж байхад нэхэмжлэгчийн охин Б.Ихбаяр утсаар ярьж таарсан. ...Гуйлтын дагуу би газар заалгаж хэмжүүлж шав тавиад, нэгэнт хүнд за гэж хэлсэн юм чинь гээд хэмжүүлж заалгаж авсан 2 хэсэг газрыг эзэмшихэд шаардагдах мөнгө болох 2,080,000 төгрөгийг бэлнээр Засаг даргаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатад өгсөн. Дараа нь түүний шаардсаны дагуу нэхэмжлэгч А.*******гийн багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарыг авч түүнд явуулсан. Түүнээс биш миний бие нэхэмжлэгчид зуслангийн газартай болгох зорилгыг нь хэрэгжүүлж өгнө гэсэн үүрэг огт хүлээгээгүй.

2.Нэхэмжлэгч А.******* бид нарын хооронд зуслангийн газрын талаар ямар нэгэн яриа болоогүй, харин түүний охин Б.Ихбаяр болон бидний хооронд хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн. ...Энэ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. гэсэн зохицуулалтуудтай нийцэж байгаа болно.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд шүүхээс маргааныг гэрээний бус маргаан гэж үзэх ёсгүй ба нэхэмжлэгчийн охин Б.Ихбаярыг шүүх хуралдаанд оролцуулах байсан.

З.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Мөн хөөн хэлэлцэх хугацаа хамаарах шаардах эрх, хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааг Иргэний хуулийн 74, 75 дугаар зүйлд хуульчилсан бөгөөд үүнээс үзвэл хуульд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчлэх иргэний эрх зүйн харилцаанд дээрх харилцаа нь хамаарахгүй байх тул хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа болох 10 жил гэснийг нэхэмжлэгчийн шаардах эрхэд үйлчилнэ гэж үзлээ гэж үйл баримтын хөөн хэлэлцэх хугацааны талаар буруу дүгнэлт гаргалаа. Тухайн үйл явдалд миний бие Б.Ихбаярын зүгээс хүссэн газрыг эрх бүхий хүмүүсээр заалгаж хэмжиж өгөх, нэхэмжлэгч А.*******гийн багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарыг Эрчим багийн Засаг даргад хүргэж өгөх үүргийг л хүлээсэн. Тухайн маргааны хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-Т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаанд хамаарах ёстой байсныг шүүх анхаарч үзээгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хянан үзэж Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 155/ШШ2021/01272 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч А.******* нь 2016 оны 4 дүгээр сард хариуцагч Ч.Төмөрбаатарт зуслангийн газрын төлбөрт шилжүүлсэн 1,040,000 /нэг сая дөчин мянга/ төгрөгийг гаргуулах шаардлага гаргажээ.

Хариуцагч Ч.Төмөрбаатар ...зуслангийн газар авах нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээснээс биш газрыг хашиж хамгаална, газар эзэмших гэрчилгээг авч өгнө гэсэн үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээгээгүй, ямар нэгэн гэрээ хийгээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн байна.

Анхан шатны шүүх ...зохигчийн хооронд гэрээний бус харилцаа үүссэн ..., ...нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд гэрээний болон хуульд зааснаар үүргийн харилцаа үүсээгүй... хэмээн дүгнэж, хариуцагчаас 1,040,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.******* нь зуслангийн газар авах зорилгоор газрын төлбөрт 1,040,000 төгрөгийг хариуцагч Ч.Төмөрбаатарт шилжүүлсэн нь зохигчийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байх ба зохигч энэ талаар маргаагүй байна.

Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...иргэн А.*******гаас авсан мөнгийг хувьдаа ашиглаж завшаагүй. Зуслангийн газар авахад шаардагдах мөнгийг тухайн үед багийн Засаг даргаар ажиллаж байсан Ч.Эрдэнэбат гэдэг хүнд хувиасаа бэлнээр өгөөд сүүлд нь иргэн ******* миний данс руу 1,040,000 төгрөгийг шилжүүлж өгсөн гэх агуулга бүхий тайлбар гаргажээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж зохицуулсан.

Хөрөнгө олж авсан этгээд гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг, үүрэг гүйцэтгэгч этгээд гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг, үүрэг үүсээгүй гэж хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдүүдийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг тус тус ойлгоно.

Тодорхой нэг хэлцлийн үндсэн дээр хэлцлийн нэг тал үүргээ биелүүлсэн боловч нөгөө тал биелүүлээгүй, үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжгүй бол үүргээ гүйцэтгэсэн тал үүргийн биелэлтээ буцаан шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх маргааны үйл баримт, маргааны зүйл, шаардах эрх, хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагчаас 1,040,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлсэн байх ба хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь:

1.Хариуцагч ...2 хэсэг газрыг эзэмшихэд шаардагдах мөнгө болох 2,080,000 төгрөгийг бэлнээр Засаг даргаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатад өгсөн. ...миний зүгээс газар авахад шаардагдах мөнгийг өгөөгүй завшсан болох нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгч надаас 1,040,000 төгрөгийг шаардах эрхтэй байтал шүүхээс хэт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар ...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын тэгш эрхийн зарчим, хэргийн оролцогчийн хүсэлтэд үндэслэн явагдах бөгөөд хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд Б.Ихбаярыг оролцуулах хүсэлт гаргаагүй тул түүний ...нэхэмжлэгчийн охин Б.Ихбаярыг шүүх хуралдаанд оролцуулах байсан гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах боломжгүй.

3.Аливаа иргэн эрх нь зөрчигдсөн, эрхээ зөрчигдсөн тухайгаа мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, эсхүл гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах шаардлага үүсдэг. Энэ  үеэс буюу шаардах эрх үүссэн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох бөгөөд нэхэмжлэгч тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, үүрэг хүлээсэн этгээд аливаа хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ба хугацааг дахин шинээр эхлэн тоолно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлтэй холбоотой шаардлагаа хариуцагчид гаргаж байсан, холбогдох байгууллагаар шалгуулж хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул хөөн хэлэлцэх тусгай хугацаанд хамаарах ёстой байсныг шүүх анхаарч үзээгүй гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 155/ШШ2021/01272 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,510 /хорин есөн мянга таван зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                Л.ЭРДЭНЭБАТ

Б.СОСОРБАРАМ

 

 

 

 

.