Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 257

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

иргэдийн төлөөлөгч Х.Досбал,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

хохирогчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Батболд, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:     

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батсүхийн Батболдод холбогдох эрүүгийн 201625012973 дугаартай, 105/2016/0272/э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, засварчин, гагнуурчин мэргэжилтэй, “Ганбиж” ХХК-д слесарь ажилтай, ам бүл 4, эцэг, ах, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Хайрханы 7 гудамж, 75 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Батсүхийн Батболд, /РД:НШ89112870/,           

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:  

Шүүгдэгч Б.Батболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шунхлай шатахуун түгээх станцын ойролцоо пивоны шилийг зэвсгийн чанартай ашиглан иргэн И.Алтантулгыг зодож зүүн чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Батболд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Б.Батболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би тэр залууг шилээр цохисон гэдгийг үнэхээр мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь нүүрэн дээр тас буугаад явчихсан, цагдаа нар намайг сэрээсэн. Унахдаа боржур дээр унаад ухаан алдсан юм шиг байсан. Тухайн үед толгойны баруун талд том хавдчихсан, уруул дотор талдаа язарчихсан байсан. Би пивоны шилээр хүн цохиогүй, юугаар цохисон гэдгээ санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх 33-38 дугаар хуудас/

Хохирогч И.Алтантулгын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Мөрлөдөг залуу нь над руу дайраад байхаар нь тэр залуутай зууралдаж байхад нэг нь гартаа барьчихсан байсан пивоны шилээрээ толгой руу савж зүүн талын чихний орчимд цохисон. Тэгээд би хальт манараад цус гараад байж байхад толгой руу цохисон залуу хагархай шилээ гартаа барьчихсан намайг ална гээд дайраад байсан. Шилээр цохисон залуу нь 170 см орчим өндөртэй туранхайдуу, халзан маягийн үстэй, цагаан өнгийн подволктой, жинсэн өмдтэй байсан. Би согтууруулах ундаа хэрэглээгүй байсан.” гэх мэдүүлэг /хх 11-14 дүгээр хуудас/

Гэрч Г.Ганчулууны мөрдөн байцаалтанд өгсөн: “...Батболдыг нөгөө залуу цохиод унагаасан байсан, би цохиж байхыг нь хараагүй. Энхтүвшин ах руу явж байхад клонкын түгээгч нь хүн уначихлаа гэхээр нь эргээд хартал Батболд газар уначихсан нөгөө залуу хажууд нь хараад зогсчихсон байсан. Батболд гартаа юм бариагүй байсан.” гэх мэдүүлэг /хх 15-16, 150 дугаар хуудас/

Гэрч С.Батсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Шунхлай клонк, Сос медика эмнэлгийн үүдэнд 3 залуу зодолдож байгаа байдалтай ноцолдоод байж байсан. Тэгэхээр нь яваад очтол нэг залуугийн чихнээс нь цус гарчихсан нэг залуу нь газар уначихсан хэвтэж байхаар нь нөгөө залуу нь ухаан алдчихлаа гээд байхаар нь босгосон. Хамт байсан залуу нь дайраад байхаар нь цохиод унагаачихсан гээд байж байсан.” гэх мэдүүлэг /хх 18 дугаар хуудас/

Гэрч М.Бат-Оршихийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Гурван залуу зодолдож байхаар нь яваад очтол нэг залуугийн чихнээс нь цус гарчихсан, нэг залуу нь газар уначихсан хэвтэж байхаар нь нөгөө залуу нь ухаан алдчихлаа гэхээр нь босгосон юм. Тухайн үед бол тэр залуучуудын хажууд пивоны хагархай шил байсан. Пивоны шилээр цохичихсон гэж байсан. Чихээ зүсүүлсэн залуу нь над руу пивоны шил бариад ална гээд дайраад байсан гэсэн.” гэх мэдүүлэг /хх 19 дүгээр хуудас/

Гэрч О.Энхтүвшингийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ганчулуун над руу залгаад нөгөө залуу чинь Батболдыг ухаан алдтал нь цохьчихлоо гэсэн. Цагдаагийн хэлтэс дээр ирсэн чинь Батболд толгойгоо барьчихсан хүнтэй ч юм ярьж чадахгүй, толгой өвдөөд байна гээд сууж байсан. Нөгөө залуугийн чихнээс нь цус гарчихсан байж байсан.” гэх мэдүүлэг /хх 20-21 дүгээр хуудас/

Гэрч И.Шоовдорын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Эмнэлгийн үүдэн дээр хоёр залуу хоорондоо зодолдож байсан. Хэн нь хэнийгээ яаж цохиж байхыг нь бол анзаарч хараагүй. Ямар ч байсан нэг залуугийн чих нь болохоо больчихлоо гэж байсан.” гэх мэдүүлэг /хх 22-23 дугаар хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 04ий өдрийн шинжээчийн ¹9868 дүгнэлтэд “И.Алтантулгын биед зүүн чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх 30 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 24ий өдрийн шинжээчийн ¹352 дүгнэлтэд “Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9868 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. И.Алтантулгын биед учирсан зүүн чихний дэлбээнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжгүй. Бөгж, гарын хумсаар үүсгэгдэхгүй. Хатуу мохоо зүйл гэдэгт ир ирмэггүй хатуу мохоо гадаргуутай гэмтээгч зүйлүүд хамаардаг” гэжээ /хх 143 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хх 56-61 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 40 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтаас дүгнэхэд Прокуророос Б.Батболдыг “…Шунхлай шатахуун түгээх станцын ойролцоо пивоны шилийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн иргэн И.Алтантулгыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан танхайрах гэмт хэрэг үйлдсэн“ гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Шүүхээс шүүгдэгч Б.Батболдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг бусдыг илтэд үл хүндэтгэсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Тухайлбал, гэрч О.Энхтүвшингийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “…урдаас нэг залуу ирээд хажуугаараа гарахдаа мөрлөөд шууд утас унагаачихсан. Тэгэхээр нь би “чи утас унагаачихаад урдахаа харж явж байна уу” гэсэн чинь нөгөө залуу халамцуу урдаас шөргөөцөлдөөд байж байхад Батболд араас ирээд би нөгөө залууд “аавын бие муудаад чамтай муудалцах зав алга” гээд нөгөө хоёрыгоо таксинд суулгаад явах гэсэн чинь нөгөө залуу явуулахгүй байхаар нь би “за за та хоёр наад залуутайгаа үлд, ах нь явахгүй бол болохоо байлаа” гээд явсан. Удалгүй гэртээ ороод байж байсан чинь Ганчулуун над руу залгаад нөгөө залуу чинь Батболдыг ухаан алдтал нь цохичихлоо. Тэгээд цагдаа ирээд бид хоёрыг аваад явчихлаа гэхээр нь би Цагдаагийн хэлтэс дээр ирсэн чинь Батболд толгойгоо барьчихсан хүнтэй ч юм ярьж чадахгүй, толгой өвдөөд байна гээд сууж байсан, нөгөө залуугийн чихнээс нь цус гарчихсан байж байсан. Тэгээд би тэр залууг аль эрт салаад явчих гээд байхад явахгүй байсаар байгаад шөнө нь машинаасаа хоцроод аавтайгаа уулзаж чадаагүй юм” гэх мэдүүлэг /хх 20 дугаар хуудас/,

Гэрч Г.Ганчулууны мөрдөн байцаалтанд мэдүүлсэн ”…Энхтүвшин ах урд утсаар яриад явж байсан чинь нэг залуутай мөргөлдөөд утсыг нь унагаачихсан гэсэн. Тэгээд Энхтүвшин ах уурлаад нөгөө залуугийн подволкноос нь зуурсан чинь урагдчихсан юм. Тэгсэн чинь Батболд Энхтүвшин ахыг өмөөрөөд ах яачихваа гээд очсон чинь нөгөө залуутай бас муудалцаад эхэлсэн. Тэгж байгаад арайхийж салаад бид гурав таксинд суух гээд байж байхад тэр залуу явуулахгүй, такси руу өшиглөөд явуулаагүй юм” гэх мэдүүлгээр /хх 15 дугаар хуудас/ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

Иймд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ гэмт хэрэг нь 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр үйлдэгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Б.Батболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн үндэслэлээр түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Батболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.