Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 61

 

      Б.Батболдод холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор М.Эрдэнэзаяа,

хохирогч И.Алтантулгын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Батболдын өмгөөлөгч Д.Энхтунгалаг,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын13-ны өдрийн 265 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Эрдэнэзаяагийн бичсэн эсэргүүцлээр Б.Батболдод холбогдох эрүүгийн 201625012973 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Батсүхийн Батболд, 1989 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Төв аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Ганбиж” ХХК-д слесарь ажилтай, ам бүл 4, эцэг, ах, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 7-75 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: НШ89112870 /,

Б.Батболд нь 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шунхлай” шатахуун түгээх станцын ойролцоо хохирогч И.Алтантулгад хүч хэрэглэн пивоны шилийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газар: Б.Батболдын  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хохирогч И.Алтантулга шүүхийн хэлэлцүүлгийншатанд мэдүүлэхдээ: “...намайг цуг явж байсан өндөр хүн буюу О.Энхтүвшин миний цээж рүү цохисон, мөн миний футболкыг урсан гэж мэдүүлсэн байтал урагдсан футболкыг шүүгдэгчийн учруулсан хохиролд оруулан тооцсон, эд мөрийн баримтаар баримтжуулаагүй, түүнчлэн шүүгдэгч нарын мэдүүлгийг шалгах замаар маршрутыг тогтоож /тэдний хаанаас хаа хүртэл явсан, пивоны үлдэгдэлтэй шил барьж яваад хаана тавьсан гэх/ баримтжуулах, 500 граммын шилээр хүний чих орчим цохиж хагалсан гэх атал өөр гэмтэл учраагүй байгаа нь эргэлзээ төрүүлж байгааг анхаарах, өөр бусад зүйлд өртөгдсөн эсэх /жишээлбэл бөгж, түлхүүрийн оосор, гарын хумс гэх мэт/, гэрч О.Энхтүвшин болон бусад гэрчүүдийг дахин нарийвчлан асууж хэргийн байдлыг бүрэн тогтоох шаардлагатай байна.Иймд Б.Батболдод холбогдох 201625012973 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Батболдод урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор М.Эрдэнэзаяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 265 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Хохирогч И.Алтантулга нь “...намайг цуг явж байсан өндөр хүн буюу О.Энхтүвшин нь цээж рүү цохисон ба футболк урсан, учирсан хохирлоос футболкын мөнгөн дүнг хасч тооцох саналтай байна...” гэж мөрдөн байцаалтад болон хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийн учруулсан хохирлоос хасч тооцох боломжтой бөгөөд мөрдөн байцаалтад тухайн хохирогчийн өмсч явсан гэх футболкыг эд мөрийн баримтаар тооцох шаардлагагүй байна. Мөрдөн байцаалтад хохирогч И.Алтантулга “...Би О.Энхтүвшин гэх залуутай зууралдаж байхад нэг нь гартаа барьчихсан байсан пивоны шилээрээ толгой руу савж зүүн талын чихний орчим цохисон. Тэгээд би хальт манараад цус гараад байж байхад толгой руу цохисон залуу хагархай шилээ гартаа барьчихсан намайг ална гээд дайраад байсан. Тэр залууг явсны дараа жижиг биетэй намайг шилээр цохисон залуу чи ямар арчаагүй залуу вэ гээд над руу дайраад байсан. Миний биед учирсан гэмтлийг цагаан өнгийн футболктой, халзан залуу нь пивоны шилээр цохиж учруулсан. Шүүхийн хэлэлцүүлэгт “...2016 оны 8 дугаар сарын 2-ны шөнө 02 цагийн үед ажлаасаа тараад гэр лүүгээ явж байсан. Намайг “Сос медика” эмнэлгийн хажуугаар явж байхад нэг залуу зөрөхдөө мөргөж футболк урсан. Гэтэл хажуугаас Б.Батболд миний зүүн талын чих рүү шилээр цохисон. Тэгээд их цус гарсан. Түргэн тусламж, цагдаа ирээд намайг авч явсан ба чихэнд оёдол тавьсан. Мөн гэрч Г.Ганчулуун нар нь тухайн өдөр баарнаас гараад “Сос медика” эмнэлгийн хажуугаар явсан. Баарнаас авч гарсан тал шил пивоны шилийг босгож тавьсан гэж тус тус мэдүүлдэг ба тухайн гэмт хэрэг нь “Сос медика” эмнэлгийн гадаа болсон. Хохирогч И.Алтантулгын биед учирсан гэмтэл нь пивоны шилээр цохих үед үүссэн болох нь тогтоогдсон тул шүүгдэгчийн мэдүүлгийг шалгах замаар маршрутыг тогтоох шаардлагагүй болно. Мөн хохирогч И.Алтантулгад учирсан гэмтлийг шинжээч Г.Ханхүү мэдүүлэгтээ “Мохоо зүйл гэдэгт ир ирмэгтэй үзүүртэй зүйлээс бусад зүйлийн мохоо зүйл гэж ойлгоно. Хүний гар бол мохоо зүйлд хамаарна. Хүний гараар цохиход уг гэмтэл үүсэх боломж муутай. Шилээр цохих, шилний хагархай хэсгээр цохих үед уг гэмтэл үүсэх боломжтой” гэсэн ба шүүх эргэлзээ төрсөн гэж үзвэл дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох боломжтой. Мөн мөрдөн байцаалтад гэрч О.Энхтүвшин, М.Бат-Орших, С.Батсүх, О.Шоовдор, Г.Ганчулуун нарыг дэлгэрэнгүй байцаасан тул дахин асуух шаардлагагүй. Заавал асуух шаардлагатай гэж шүүх үзвэл эдгээр гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлэг авч хэргийг шийдвэрлэх боломжтой юм. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 265 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Хохирогч И.Алтантулгын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 265 дугаар шүүхийн тогтоолыг үндэслэлгүй гарсан гэж үзэж прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. “Сос медика” эмнэлэг “Шунхлай” шатахуун түгээх газар 2 нь залгаа шахуу зэргэлдээ байрлалтай байдаг. Хоорондоо 100 метр хүрэхгүй зайтай. Уг үйл явдал 15 метрийн радиус дотор болдог гэж миний үйлчлүүлэгч хэлдэг. Гэтэл хэргийг өөр, өөр газар болсон мэтээр ойлгож болохгүй...” гэв.

Шүүгдэгч Б.Батболдын өмгөөлөгч Д.Энхтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд хохирогч И.Алтантулгын мэдүүлэгт “О.Энхтүвшин гэх хүн намайг 2 удаа цохисон” гэж байгаа. Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр намайг “футболкоо хэдэн төгрөгөөр үнэлж байгаа юм бэ” гэж асуухад хохирогч “футболкын мөнгийг О.Энхтүвшинээс нэхэмжлэнэ” гэж хариулсан. Тэгэхээр нь “тэгвэл яагаад Б.Батболдоос нэхэмжилсэн юм бэ” гэхэд “би буруутсан хүнээс нь нэхэмжилсэн” гэсэн хариулт өгсөн. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд нотлогдоогүй байх тул шүүхийн тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан материалуудаас харахад гэмт хэрэг яг хаана болсон гэдэг нь тодорхойгүй байдаг. Нэг болохоор “Сос медика” гэх эмнэлгийн гадна юм шиг эсхүл “Шунхлай” шатахуун түгээх газрын эзэмшлийн талбайд болсон юм шиг өөр өөрөөр тайлбарласан мэдүүлгүүд байдаг. Мөн хавтаст хэргийн 28 дугаар хуудсанд шинжээчийг байцаасан тэмдэглэл байгаа. Үүнд, хохирогчийн чихэнд учирсан гэмтэл нь хүний гараар цохиход үүсэх боломжгүй гэсэн атлаа шинжээчийн дүгнэлтдээ уг гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж ойлгомжгүй байдлаар тайлбарлсан байдаг. Тэгэхээр шүүхийн тогтоолд дурдсан дээрх ажиллагаануудыг бүгдийг хийх шаардлагатай гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

          Б.Батболдод холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 265 дугаар шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

          Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд прокуророос Б.Батболдыг “…“Шунхлай” шатахуун түгээх станцын ойролцоо И.Алтантулгад хүч хэрэглэн пивоны шилийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хөнгөн гэмтэл учруулж догшин авирлан танхайрсан гэж …” гэж яллах дүгнэлт үйлдсэн байна.

          Гэтэл гэрч, хохирогч нар уг хэргийг “Сос медика” эмнэлгийн үүдэнд болсон гэж мэдүүлсэн байх ба уг хэрэг яг хаана үйлдэгдсэн нь тодорхой бус байх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал/”-ыг эргэлзээгүйгээр нотолсон байх ёстой.

          Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 265 дугаар шүүхийн тогтоолд заагдсан ажиллагаануудыг хийж, уг гэмт хэрэг хаана үйлдэгдсэн, хэнд ямар хэмжээний гэм хор, хохирол учирсан зэргийг тогтоож, эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан зайлшгүй нотолбол зохих асуудлуудыг бүрэн тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх  шаардлагатай  тул улсын яллагч М.Эрдэнэзаяагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 265 дугаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор М.Эрдэнэзаяагийн бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Л.ДАВААСҮРЭН

          ШҮҮГЧИД                                                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                 Д.ОЮУНЧУЛУУН