Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 360

 

 

“Ю Э Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус 3.10 АБХЭрхлэгч Э.Бүрэнбэх: шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/03761 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч “Ю Э Б” ХХК-ийн хариуцагч “Б А 22” СӨХ-д холбогдуулан гаргасан

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 27 982 670 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Гараашийн хаалгыг хэвийн ажиллагаанд оруулж, автомат удирдлагыг сууц өмчлөгчдийн холбоонд хүлээлгэж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч         Ж.Б

Хариуцагчийн төлөөлөгч                                     Г.Н

Хариуцагчийн өмгөөлөгч                                     П.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Ю Э Б” ХХК нь ““Б А”” СӨХ-ны удирдлагын хүсэлтээр уг СӨХ-той ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Улмаар 2013 оноос 2016 оны хооронд гэрээнд заагдсан ажил үүргийг “Б А” хорооллын 22а байранд хийж гүйцэтгэсэн. 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 00/00 тоот 1-00 давхрын хяналтын камер суурилуулах гэрээний үнийн дүн 3 366 000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 00/00 тоот 1-16 давхрын гэрэлтүүлэг суурилуулалтын гэрээний үнийн дүн 2 936 400 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14/03 тоот гараашийн гүйдэг төмөр хаалга суурилуулалтын гэрээний үнийн дүн 3 800 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 00/00 тоот гараашид байрлах цахилгааны өрөөний хаалга суурилуулалтын гэрээний үнийн дүн 384 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 14/06 тоот гүйдэг хаалганы автоматжуулалтын гэрээний үнийн дүн 2 357 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 14/07 тоот гараашийн явган хаалганы нэвтрэх систем суурилуулах гэрээний үнийн дүн 767 500 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 00/00 тоот шатны хонгилын хаалганы нэвтрэх систем суурилуулах гэрээний үнийн дүн 734 500 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 14/09 тоот зоорийн давхрын гэрэлтүүлэг суурилуулах гэрээний үнийн дүн 1 293 600 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 00/00 тоот гараашийн хаалганы дулаалгын пасад суурилуулах гэрээний үнийн дүн 832 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14/11 тоот гараашийн хаягжуулалт суурилуулах гэрээний үнийн дүн 1 100 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 00/00 тоот гараашийн камер суурилуулалтын гэрээний үнийн дүн 3 638 800 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 00/00 тоот гараашийн дохиоллын систем суурилуулалтын гэрээний үнийн дүн 1 876 000 төгрөг бөгөөд дээрх гэрээнүүдийн нийт үнийн дүн 22 286 600 төгрөг болсон. “Ю Э Б” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу 22 286 600 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. “Б А 22” СӨХ-ны удирдах зөвлөлийн зүгээс “Ю Э Б” ХХК-д “Б А 22а байрны халуун усны шугам хоолойг шинэчилж суурилуулах ажил гүйцэтгэж өгөөч” гэх хүсэлт тавьсан бөгөөд уг хүсэлтийн дагуу ажлын зардалд 5 696 070 төгрөгийг “Ю Э Б” ХХК-аас гаргаж “Б А и” ХХК-аар ажил гүйцэтгүүлсэн болно. “Б А 22” СӨХ нь “Ю Э Б” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсөнд нэг ч төгрөг төлөөгүй өдийг хүрсэн. Тухайн үед “Б А 22” СӨХ-ны даргаар ажиллаж байсан Н.Э- гэх хүн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр гэрээний дагуу хийгдсэн ажлыг хүлээн авч, гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. “Б А 22” СӨХ-ны удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Г.Энхдаваа, “Б А 22” СӨХ-ны даргаар ажиллаж байсан н.Нямбадраа нар “Ю Э Б” ХХК-ийг гэрээний дагуу ажил хийж гүйцэтгэсэн болохыг гэрчилж мэдүүлсэн. “Ю Э Б” ХХК дээрх ажлуудыг хийж гүйцэтгэснээр “Б А” 22а байрны 163 айл үр шимийг нь хүртэж байна. Иймд “Ю Э Б” ХХК нь гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 22 286 600 төгрөг,  2016 оноос хойших хугацааны алдангийг бодож 7 992 100 төгрөгийг тус тус нэхэмжилсэн. “Б А 22” СӨХ-ноос нийт 35 974 770 төгрөгийг гаргуулж “Ю Э Б” ХХК-д олгож өгнө үү. “Б А 22” СӨХ-ноос “Ю Э Б” ХХК-ийн захирал Ц.Б-д хүсэлт тавьснаар 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл гараашийн төлбөрт сард 15 000 төгрөг хураан авч, 18 сарын хугацаанд 8 640 000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Уг мөнгөний зарцуулалтыг хавтаст хэрэгт нотлох баримтын хамт өгсөн болно. 40 м.кв талбай бүхий авто зогсоолын шалыг бетондож, цутгах ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд уг гараашийн шалны засварт 1 200 000 төгрөг орсныг баримттайгаар гаргаж өгсөн. Тухайн үед авто гараашид цэвэрлэгээ огт хийгддэггүй байсан ба Б.Э- гэх хүнтэй гэрээ байгуулж, цалинжуулан ажиллуулсан. 18 сарын хугацааны гараашийн цэвэрлэгээний материалын төлбөр 291 000 төгрөг, цалин хөлсөнд 6 150 000 төгрөг нийт 6 441 000 төгрөг зарцуулсан бөгөөд энэ тухай нотлох баримтыг хэрэгт гаргаж өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр авто зогсоолын автомат хаалганы цахилгаан мотор эвдэрсэн байдаг. Улмаар 2 200 000 төгрөгөөр шинэ мотор худалдан авч, суурилуулсан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэрээ байгуулагдсанаас хойш 1 жилийн хугацааны дараах доголдлыг талууд хариуцахгүй. “Ю Э Б” ХХК-ийн зүгээс гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн, ““Б А” 22 ” СӨХ уг гэрээг дүгнэхгүй байсан учраас сууц өмчлөгчдийн холбооны дарга Н.Э-2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр гэрээг дүгнэж, гарын үсэг зурсан байдаг. “Ю Э Б” ХХК-ийн хийсэн ажлын төлбөрийг “Б А 22” СӨХ төлж барагдуулах ёстой. 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 00/00 тоот 1-16 давхрын хяналтын камер суурилуулалтын гэрээний төлбөрт 3 366 000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 14/02 тоот 1-16 давхрын гэрэлтүүлэг суурилуулалтын гэрээний төлбөрт 2 936 400 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 00/00 тоот гараашийн цахилгааны өрөөний хаалга суурилуулалтын гэрээний төлбөрт 384 000 төгрөг, алданги 192 000 төгрөг, бусдад төлсөн зардал 5 696 070 төгрөг, нийт 12 574 470 төгрөгөөс татгалзаж, 9 ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 15 600 200 төгрөг, эдгээр гэрээний алдангид 7 800 100 төгрөг, нийт 23 400 300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд дээрх 9 гэрээний төлбөрийг алдангийн хамт хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Нямдаржаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Дундын өмчлөлийн эд хөрөнгийг хэн нэгэн этгээд дур мэдэн эзэмшиж, ашиглах эрхгүй. Дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглахаар бол оршин суугчид болон Сууц өмчлөгчдийн холбооны удирдлагаас албан ёсны зөвшөөрөл авах ёстой. Гэвч “Ю Э Б” ХХК болон компанийн захирал Ц.Б- нь “Б А” 22А байрны оршин суугчид болон Сууц өмчлөгчдийн холбооны удирдлагаас албан ёсны зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагаа явуулсан. 2011 онд барилгын компани уг байрыг улсын комисст хүлээлгэж өгсөн байдаг. 2012 оны 7 дугаар сарын 6-ны өдөр “Б А 22” СӨХ-ны дарга Н.Э, удирдах зөвлөлийн дарга Г.Э, гишүүн н.Н, нягтлан н.С, зогсоолын харуул н.Д, барилгын гүйцэтгэгч “Д З Э” ХХК-ийн менежер Д.С нарын үйлдсэн гараашийн эд хөрөнгө тоолсон акт, дундын өмчлөлөөр хүлээн авч, акт үйлдсэн баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан. 2012 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс хойш “Б А 22” СӨХ нь байрны гараашийг эзэмшиж байсан болно. Ц.Б- СӨХ-ны дарга байсан Н.Эрдэнэбаатартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. “Ю Э Б” ХХК болон захирал Ц.Б- нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гүйцэтгэсэн ажлаа “Б А 22” СӨХ-ны удирдлагуудад актаар хүлээлгэж өгөөгүй юм. “Б А 22” СӨХ-ны оршин суугчдад буруу ташаа мэдээлэл өгч, гараашийг хууль бусаар ашиглаж эхэлсэн. “Ю Э Б” ХХК нь гараашийн дундын өмчлөлийн сул талбайг өөрийн өмч болгож ашигласаар 4 жил болсон. “Ю Э Б” ХХК-ийн гүйцэтгэсэн гэх ажлын материал чанаргүй байсан ба “Б А 22” СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Г.Энхдаваа гэрчийн мэдүүлэг өгөхдөө чанаргүй материалаар хийсэн гэрэл чийдэнг үзүүлж байсан. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн үнийн дүнг харахаар 3-5 дахин нэмэгдүүлсэн байдаг. Ц.Б-гийн хийсэн гэж тодорхойлсон ажлуудаас зарим нь огт хийгдээгүй. Тухайлбал, гараашийн цахилгааны шитний өрөөнд хаалга хийж, домофон суулгасан ажлын төлбөрт 384 000 төгрөг гэж байна. Шатны хонгилд домофон хаалга хийсэн гэдэг. Гэтэл шатны хонгилыг “Б А 22” СӨХ ашиглаагүй, одоо болтол “Ю Э Б” ХХК ашиглаж байгаа болно. Мөн гараашид дохиолол тавиагүй, барилга анх баригдахад галын аюулгүй байдлын дохиолол байсан ба одоо ажиллахгүй байгаа бөгөөд Ц.Б- уг дохиоллыг засаагүй. Гарааш шагайгаар татсан устай байсан гэж байна. “Б А” 22 байр сантехник муутай, айл болгоноос ус алддаг тул алдсан усыг буулгаж, холболт хийдэг. “Ю Э Б” ХХК гараашийн шаланд бетон цутгасан гэсэн боловч цутгаагүй. Гараашийн хонхорхой шалны зургийг авч, хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн. Гараашийн үүдэнд дулаалгын пасад хийсэн гэсэн боловч ийм ажил хийгдээгүй. Хятад улсад үйлдвэрлэсэн 0,5 мм-ийн зузаантай өнгөлгөөг хаалганы 2 талын хацар хананд 3 м.кв талбайд наасан байдаг. Гарааш руу орох, гарах хэсгийг ч мөн янзлаагүй болно. 2018 оны 11 дүгээр сард “Б А 22” СӨХ 1 600 000 төгрөгөөр гарааш руу орох, гарах хэсгийг засуулж байсан. Гараашид гэрэл суурилуулаагүй ба одоо 10 ширхэг л гэрэл байгаа, 10 гэрэл ийм үнэд хүрэхгүй. Мөн гараашийн хаяг хийсэн гэж өчнөөн сая төгрөг нэхсэн, 1 500 төгрөгийн хөөсөнцөр хавтанд хулдаасан хэвлэлийн аргаар хэвлүүлсэн байдаг. “Б А 22” СӨХ-ны удирдах зөвлөл, даргын зөвшөөрлөөр подволд сантехникийн шугам сольсон гэж байна. Энэ талаар н.Нямбадраа гэрчилж мэдүүлсэн. Нэхэмжлэгч тал “Б А 22” СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоолыг хуурамчаар үйлдэж, хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн. “Ю Э Б” ХХК-ийн захирал Ц.Б- 33 зогсоолын нэг зогсоолоос сард 15 000 төгрөгийн ашиглалтын зардал авч, сард 495 000 төгрөгийн хуримтлал үүсгэдэг. Ц.Б- 2014 оны 11 дүгээр сараас 2018 оны 5 дугаар сар хүртэл нийт 20 295 000 төгрөг авсан. Үүнийг гэрч М.Долгорсүрэн нотолдог. “Б А” 22а байрны 2 давхарт Ц.Б-гийн эзэмшлийн 2, 3, 4 тоот 3 байр, “Д” тоотын үйлчилгээний объект байдаг. Дээрх 4 үл хөдлөх хөрөнгийн Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн төлбөр 6 815 920 төгрөгөөс чөлөөлсөн. Ц.Б- 4 жилийн хугацаанд нийт 47 910 920 төгрөгийн ашиг олсон байдаг. Барилгын зураг анх 18 зогсоолтой зурагдсан. Ц.Б- барилгын компанитай хуйвалдаж 33 зогсоол болгож, 15 зогсоолын гэрчилгээг хууль бусаар гаргуулсан байдаг. Мөн гэрээний нэг тал болох Сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал Нийтийн зориулалттай орон сууцны байшин, дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8.4-д зааснаар сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал хийгдэх ажлын төсвийг удирдах зөвлөлөөр батлуулдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь зөвшөөрөл, тогтоолгүй. Сууц өмчлөгчдийн холбоонд өндөр үнээр завсар үйлчилгээ хийлгэх шаардлага байгаагүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус болно. Хэрвээ гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Нямдаржаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Ц.Б- гараашийн хаалга хааснаас үүдэн оршин суугчдын эрх зөрчигдөх болсон. Оршин суугчид одоо болтол өөр байрны гараашаар дамжиж орж байна. Иймд оршин суугчдын эрх ашгийг хамгаалж, гараашийн хаалгыг хэвийн ажиллагаанд оруулах, автомат удирдлага хүлээлгэж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 5 дугаар сард “Б А 22” СӨХ-д гараашийг буцааж өгсөн. Автомат хаалганы удирдлагын мотор шатсан, уг энэ эвдрэлийг засаж хүлээлгэж өгнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343 дугаар зүйлийн 343.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Б А 22” СӨХ-ноос ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, алдангийн хамт 23 400 300 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Ю Э Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 3 ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, алданги, бусдад төлсөн зардалд 12 574 470 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагчийн гаргасан гараашийн хаалгыг хэвийн ажиллагаанд оруулж, автомат удирдлагыг Сууц өмчлөгчдийн холбоонд хүлээлгэж өгөхийг даалгуулах сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 440 688 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ю Э Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, хариуцагч ““Б А” 22 СӨХ”-нд олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд давж заалдах гомдолдоо:

... “Ю Э Б” ХХК болон “Б А 22” СӨХ-ны хооронд байгуулагдсан гэрээний дагуу 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хүлээлцсэн акт үйлдэж “Б А 22” СӨХ-ны дарга /тухайн үеийн/ Н.Эрдэнэбаатар, “Ю Э Б” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Л.Баярсүрэн нар гарын үсэг зурж баталгаажуулсан байхад шүүх түүнийг үнэлээгүй. Захиалагч тал болох “Б А 22” СӨХ-д Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-д зааснаар "Гүйцэтгэх ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах" үүргийг хуулиар хүлээлгэн өгсөн. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна. Авто зогсоолын ашиглалтын төлбөр болох 15 000 төгрөгийг авто зогсоол өмчлөгч 33 иргэнээс 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 5 дугаар сар хүртэл 19 сарын хугацаанд “Ю Э Б” ХХК-ийн захирал Ц.Б-, Л.Б нар авсан байх бөгөөд “Б А 22” СӨХ нь энэ хугацаанд үүрэгт ажлаа шилжүүлж өгсөн болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч тал үүнийг хүлээн зөвшөөрч өмчлөгч нараас сар бүр хураан авч байсан 15 000 төгрөгийг хуримтлуулсан, түүнийг авто зогсоолын 30 м.кв талбай бүхий бетонон шал цутгуулж засварлуулсан, цэвэрлэгээ, үйлчилгээ хийлгэсэн, авто зогсоолын жижүүр хийж байсан н.Эрхэмбаярыг цалинжуулж байсан, цэвэрлэгээ үйлчилгээний материалын зардал, авто зогсоолын /гарааш/ автомат хаалганы цахилгаан мотор шатахад сольсон, хулгайд алдагдсаныг шинээр суурилуулах зэрэгт зарцуулсан тухай нотлох баримт, тооцоолол гаргаж хэрэгт өгсөн баримт, мөн энэ талаар үнэн болохыг баталсан гэрч н.Н-гийн мэдүүлэг зэргийг огт үнэлж, дүгнэлгүйгээр “Ю Э Б” ХХК болон “Б А 22” СӨХ-ны хооронд хийгдсэн Ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгээс авто зогсоолын ашиглалтын зардлыг хасч тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг нягтлан үзэж зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, харин хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд  шүүхийн дүгнэлтийг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Ю Э Б” ХХК нь хариуцагч “Б А 22” СӨХ-оос ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 22 286 600 төгрөг, бусдад төлсөн зардалд 5 696 070 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 7 992 100 төгрөг, нийт 35 974 770 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гарааш хаалга хэвийн ажиллагаанд оруулж, автомат удирдлагыг сууц өмчлөгчдийн холбоонд хүлээлгэж өгөхийг даалгах тухай сөрөг шаардлага гаргажээ.  

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг ажил гүйцэтгэх гэрээ байна гэж үзсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заалттай нийцжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2013 оны 00/00 тоот гэрээ, 2014 оны 14/2, 2014 оны 00/00 тоот гэрээний үнэ болон алданги, бусдад төлсөн зардлын 12 574 470 төгрөгөөс татгалзаж, 9 ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 15 600 200 төгрөг, алдангид 7 800 100 төгрөг, нийт 23 400 300 төгрөгийг болгосон байна. Харин нэхэмжлэгч байгууллага сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхийг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч “Б А 22” СӨХ-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч “Ю Э Б” ХХК хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч 2013 оны 00/00 тоот гэрээ, 2014 оны 14/2, 2014 оны 00/00 тоот гэрээний нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.  

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 5 дугаар сарыг дуустал авто зогсоол эзэмшигч иргэдээс дээрх хугацааны авто зогсоолын дундын өмчлөл, ашиглалтын төлбөр 15 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нийт нэхэмжлэгч “Ю Э Б” ХХК 9 405 000 төгрөг авсан мөн 14/03 тоот гараашийн гүйдэг төмөр хаалга суурилуулалтын гэрээ, 14/06 тоот Гүйдэг хаалганы автоматжуулалтын гэрээ, 14/07 тоот гараашийн явган хаалганы нэвтрэх систем суурилуулах гэрээ, 00/00 тоот шатны хонгилын хаалганы нэвтрэх систем суурилуулах гэрээ, 14/09 тоот зоорийн давхрын гэрэлтүүлэг суурилуулах гэрээ, 14/11 тоот гараашийн хаягжуулалт суурилуулах гэрээ гэсэн 6 гэрээний үнийн дүн 9 253 400 төгрөг болсон гэж тус тус дүгнэж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Харин анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан 2015 оны 00/00, 2014 оны 00/00, 00/00 тоот гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг захиалагчид хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэж, тухайн гэрээний шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд гараашийн дохиоллын систем суурилуулах тухай 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 00/00 тоот, гараашийн хаалганы дулаалгын пасад суурилуулах 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 00/00 тоот гэрээ гараашийн камер суурилуулах, 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 00/00 тоот гэрээний ажлын гүйцэтгэлийг “Б А 22” СӨХ-ийн захирал Н.Э-хүлээн авч, талууд ажил хүлээлцэх тухай 10 тоот, 12 тоот, 13 тоот ажил акт үйлдсэн бичгийн нотлох баримтыг ирүүлсэн байхад анхан шатны шүүх дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч хүлээн аваагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. /хх 23, 27, 29/

 

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн зүйлийн 351.1.2-т зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг хариуцагч байгууллага хүлээн авсан байна гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд хариуцагч байгууллага дээрх гурван гэрээний үүргийг хүлээн авсан тухай актыг үгүйсгэж, няцаасан бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр саруудад хийж гүйцэтгэж ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн атлаа дээрх гэрээтэй холбоотой үүргийг хариуцагчаас шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хангах үндэслэл тогтоогдоогүй байна гэж давж заалдах шатны шүүх тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/03761 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа “Ю Э Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274 952 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                             ШҮҮГЧИД                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

   Ц.ИЧИНХОРЛОО