Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2018/03761

 

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2018/03761

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: “ЮЭС” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: БА-22 СӨХ-нд холбогдох,

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 27.982.670 төгрөг гаргуулах тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гараажийн хаалгыг хэвийн ажиллагаанд оруулж, автомат удирдлагыг СӨХ-нд хүлээлгэж өгөхийг даалгахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд, хариуцагчийн төлөөлөгч Т.Нямдаржаа, хариуцагчийн өмгөөлөгч П.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

                                   

  ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч ЮЭБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЮЭБ ХХК нь БА СӨХ-ны удирдлагын хүсэлтээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 2013 оноос 2016 оны хооронд гэрээнд заагдсан ажил үүргийг БА хорооллын 22а байранд хийж гүйцэтгэсэн. 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 13/01 тоот 1-16 давхрын хяналтын камер суурилуулах гэрээ үнийн дүн нь 3.366.000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 14/02 тоот 1-16 давхрын гэрэлтүүлэг суурилуулалтын гэрээ үнийн дүн нь 2.936.400 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 14/03 тоот гараажийн гүйдэг төмөр хаалга суурилуулалтын гэрээ үнийн дүн нь 3.800.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 14/05 тоот гараажид байрладаг цахилгааны өрөөний хаалга суурилуулалтын гэрээ үнийн дүн нь 384.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 14/06 тоот гүйдэг хаалганы автоматжуулалтын гэрээ үнийн дүн нь 2.357.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 14/07 тоот гараажийн явган хаалганы нэвтрэх систем суурилуулах гэрээ үнийн дүн нь 767.500 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 14/08 тоот шатны хонгилын хаалганы нэвтрэх систем суурилуулах гэрээ үнийн дүн нь 734.500 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 14/09 тоот зоорийн давхрын гэрэлтүүлэг суурилуулах гэрээ үнийн дүн нь 1.293.600 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14/10 тоот гараажийн хаалганы дулаалгын пасад суурилуулах гэрээ үнийн дүн нь 832.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14/11 тоот гараажийн хаягжуулалт суурилуулах гэрээ үнийн дүн нь 1.100.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 14/12 тоот гараажийн камер суурилуулалтын гэрээ үнийн дүн нь 3.638.800 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 14/13 тоот гараажийн дохиоллын систем суурилуулалтын гэрээний үнийн дүн нь 1.876.000 төгрөг дээрх гэрээнүүдийн нийт дүн 22.286.600 төгрөг болсон. ЮЭБ ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу БА СӨХ-д 22.286.600 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. БА СӨХ-ны удирдах зөвлөл нь БА 22а байрны халуун усны шугам хоолой шинэчилж суурилуулах ажил гүйцэтгэж өгөөч гэж ЮЭБ ХХК-д хүсэлт тавьсан. Хүсэлийн дагуу дээрх ажлын зардал болох 5.696.070 төгрөгийг ЮЭБ ХХК гаргаж Богд Асар инженеринг ХХК-иар ажил гүйцэтгүүлсэн. БА СӨХ нь ЮЭБ ХХК-тай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсөнд нэг ч төгрөг төлөхгүй өдий хүрсэн. Тухайн үед БА 22 СӨХ-ны даргаар ажиллаж байсан Н.Эрдэнэбаатар нь 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр гэрээний дагуу хийгдсэн ажлыг хүлээн авч, гарын үсэг зурж баталгаажуулсан. БА 22 СӨХ-ны удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Г.Энхдаваа, БА 22 СӨХ-ны даргаа ажиллаж байсан н.Нямбадраа нар ЮЭБ ХХК-ийг гэрээний дагуу ажил хийж гүйцэтгэсэн гэдгийг гэрчилж мэдүүлсэн. ЮЭБ ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг БА 22а байрны 163 айл үр шимийг нь хүртэж байгаа. Иймд ЮЭБ ХХК-ийн гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 22.286.600 дээр 2016 оноос хойших хугацааны алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар 7.992.100 төгрөг нэхэмжилсэн. БА 22 СӨХ-ноос нийт 35.974.770 төгрөгийг гаргуулж, ЮЭБ ХХК-д олгож өгнө үү. Байрны 33 гарааж хувийн өмч. н.Нямбадраа гэрчээр мэдүүлэхдээ СӨХ анх байгуулахдаа хөрөнгийн эх үүсвэргүй, 33 авто гарааж шагайгаар татсан их устай, эвдрэлтэй гарааж хүлээж авсан. БА 22 СӨХ-ноос ЮЭБ ХХК-ийн захирал Ц.Бархасбадьхүүд хүсэлт тавьснаар 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл гарааажийн төлбөрт сард 15,000 төгрөг хураан авч, 18 сарын хугацаанд 8.640.000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Уг мөнгөний зарцуулалтыг хавтаст хэрэгт нотлох баримттай өгсөн. 40 м.кв талбай бүхий авто зогсоолын шалыг бетондож, цутгах ажлыг хийж гүйцэтгэсэн. Гараажийн шалны засварын ажилд 1.200.000 төгрөг орсныг баримттай хавтаст хэрэгт өгсөн. Тухайн үед авто гараажид цэвэрлэгээ огт хийгддэггүй байсан. Б.Эрхэмбаяр гэх хүнтэй гэрээ байгуулж, цалинжуулж ажиллуулсан. 18 сарын хугацаанд гараажийн цэвэрлэгээний материалын төлбөр 291.000 төгрөг, цалин хөлсөнд 6.150.000 төгрөг нийт 6.441.000 төгрөг зарцуулсныг нотлох баримтыг хавтаст хэрэгт өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр авто зогсоолын автомат хаалганы цахилгаан мотор эвдэрсэн. 2.200.000 төгрөгөөр шинэ мотор худалдан авч, суурилуулсан. Дээрх засвар үйлчилгээний ачаар авто гарааж хэвийн ажиллаж байрны оршин суугчид үр шимийг нь хүртэж байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-д зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн. 2014 онд хийгдсэн ажлыг одоо байгаа, байхгүй гэх асуудал яригдахгүй. Гэрээ байгуулснаас хойших 1 жилийн хугацааны доголдлыг талууд хариуцахгүй. ЮЭБ ХХК нь гэрээнд заасан ажил гүйцэтгэсэн ч БА СӨХ гэрээ дүгнэхгүй байсан учраас СӨХ-ны дарга Н.Эрдэнэбаатартай 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр гэрээ дүгнэж, гарын үсэг зурсан. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар захиалагч ажлын үр дүнг хүлээж авах үүрэг хүлээнэ. Мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-д зааснаар захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээж авах үүргээ биелүүлээгүй бол ажлын үр дүн хүлээн авсанд тооцно гэж заасан. Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д зааснаар ЮЭБ ХХК-ийн хийсэн ажлын төлбөрийг БА 22 СӨХ төлж барагдуулах ёстой. 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 13/01 тоот 1-16 давхрын хяналтын камер суурилуулалтын гэрээний төлбөр 3.366.000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 14/02 тоот 1-16 давхрын гэрэлтүүлэг суурилуулалтын гэрээний төлбөр 2.936.400 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14/05 тоот гараажийн цахилгааны өрөөний хаалга суурилуулалтын гэрээний төлбөр 384.000 төгрөг, алданги 192.000 төгрөг, бусдад төлсөн зардал 5.696.070 төгрөг, нийт 12.574.470 төгрөгөөс татгалзаж, 9 ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 15.600.200 төгрөг, эдгээр гэрээний алдангид 7.800.100 төгрөг, нийт 23.400.300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Ийм учраас 9 гэрээний төлбөрийг алдангийн хамт гаргаж, нэхэмжлэлийн шаардлага хангаж өгнө үү гэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. 2018 оны 5 дугаар сард БА 22 СӨХ-д гараажийг буцааж өгсөн. Автомат хаалганы удирдлагын мотор шатсан байгаа энэх эвдрэлийг нь засаж хүлээлгэж өгнө гэв.

Хариуцагч БА 22 СӨХ-ны шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гараажийн шалнаас барилгын дээвэр хүртэлх эд хөрөнгө СӨХ-ны буюу байрны оршин суугчдын дундын өмчлөлийн эд хөрөнгө юм. Дундын өмчлөлийн эд хөрөнгийг хэн нэгэн этгээд дур мэдэн эзэмшиж, ашиглах эрхгүй. Дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглахаар бол оршин суугчид болон СӨХ-ны удирдлагаас албан ёсны зөвшөөрөл авах ёстой. Гэвч ЮЭБ ХХК болон компанийн захирал Ц.Бархасбадьхүү нь БА 22А байрны оршин суугчид, СӨХ-ны удирдлагаас албан ёсны зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагаа явуулсан. 2011 онд барилгын компани байрыг улсын комисст хүлээлгэж өгсөн. 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр БА 22 СӨХ-ны дарга Н.Эрдэнэбаатар, удирдах зөвлөлийн дарга Г.Энхдаваа, гишүүн н.Нарантуяа, нягтлан н.Соёлмаа, зогсоолын харуул н.Даваабаатар, барилгын гүйцэтгэгч Ди Зэ Эйч ХХК-ийн менежер Д.Солонго нарын үйлдсэн гараажийн эд хөрөнгө тоолсон акт, дундын өмчлөлөөр хүлээн авч, акт үйлдсэн баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойш БА 22 СӨХ нь байрны гараажийг эзэмшиж байсан. Ц.Бархасбадьхүү нь байрны оршин суугчдын, СӨХ-ны даргын мэдлэг мэдээлэлгүйг, БА 22 СӨХ-ны санхүүгийн боломжгүй байдлыг ашиглаж, хууль бус аргаар БА 22 СӨХ-ны дарга байсан Н.Эрдэнэбаатартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь байрны гараажийг Ц.Бархасбадьхүүд хүлээлгэн өгч хариуцуулна гэсэн утгатай биш, зөвхөн дундын өмчлөлд хөрөнгө оруулахаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 7-14 хоногийн хугацаатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажил гүйцэтгэсэн. ЮЭБ ХХК болон захирал Ц.Бархасбадьхүү нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гүйцэтгэсэн ажлаа БА 22 СӨХ-ны удирдлагуудад актаар хүлээлгэж өгөөгүй. БА 22 СӨХ-ны оршин суугчдад буруу ташаа мэдээлэл өгч, гараажийг хууль бусаар ашиглаж эхэлсэн. Тухайн үед БА 22 СӨХ-ны дарга байсан Н.Эрдэнэбаатар гүйцэтгэсэн ажлын төлбөрийг график байгуулж, төлье гэсэн боловч ЮЭБ ХХК нь ажлаа хүлээлгэж өгөөгүй. ЮЭБ ХХК нь гараажийн дундын өмчлөлийн сул талбайг өөрийн өмч болгож, ашигласаар 4 жил болсон. ЮЭБ ХХК-ийн гүйцэтгэсэн гэх ажлын материал чанаргүй, дээд тал нь 5 дахин, доод тал нь 3 дахин үнээр нэмэгдсэн чанаргүй материалаар ажил гүйцэтгэсэн. БА 22 СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Г.Энхдаваа гэрийн мэдүүлэг өгөхдөө чанаргүй материалаар хийсэн гэрэл чийдэнг үзүүлж байсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд 3-5 дахин нэмэгдсэн үнийн дүнтэй байсан. БА 22 СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Г.Энхдаваа, БА 22 СӨХ-ны дарга байсан Н.Эрдэнэбаатар нарын мэдүүлгээр эхлээд 12.000.000 төгрөгийн гэрээ байгуулагдаж, ажлаа актаар хүлээж аваад графикийн дагуу төлбөр төлье гэхээр танай СӨХ-д мөнгө байхгүй гээд гэрээний үнийн дүнг 16.000.000 төгрөг болгосон байсан. Жилийн дараа гэрээний үнийн дүн 22.000.000 төгрөг, гүйцэтгэсэн ажлыг чинь актаар хүлээж авъя гэхээр гэрээний үнийн дүн 27.000.000 төгрөг болдог, дахин актаар авъя гэхэд гэрээний үнийн дүн 35.000.000 төгрөг болдог. 5-6 жилийн хугацаанд ЮЭБ ХХК нь бусармаг аргаар цаг хугацаа хожиж явсан. Ц.Бархасбадьхүүгийн хийсэн гэж тодорхойлсон ажлаас зарим нь огт хийгдээгүй. Жишээ нь: Гараажийн цахилгааны шитний өрөөнд хаалга хийж, домофон суулгасан гүйцэтгэсэн ажлын төлбөр 384.000 төгрөг гэлээ. Ийм ажил огт хийгдээгүй гэдгийг гэрэл зургаар баталгаажуулж, хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн. Шатны хонгилд домофон хаалга хийсэн гэдэг. Шатны хонгилыг БА 22 СӨХ ашиглаагүй, одоо болтол ЮЭБ ХХК ашиглаж байгаа. Гараажид дохиолол тавиагүй, барилга анх баригдахад л галын аюулгүй байдлыг дохиолол байсан. Одоо ажиллахгүй байгаа. Ц.Бархасбадьхүү уг дохиоллыг засаагүй. Гарааж шагайгаар татсан устай байсан гэлээ. БА 22 байр сантехник муутай, айл болгоноос ус алддаг. Алдсан усыг буулгаж, холболт хийдэг. Сантехикийн ажил хийхэд ус буулгадаг, тэр үед нь таарчихаад ус буулгасан гэж ярьж байна. ЮЭБ ХХК гараажийн шаланд бетон цутгасан гэлээ, цутгаагүй. Гараажийн хонхорхой шалны зургийг авч, хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн. Гараажийн үүдэнд дулаалгын пасад хийсэн гэлээ. Тийм зүйл хийгээгүй, Хятад улсад үйлдвэрлэсэн 0,5 мм-ийн зузаантай өнгөлгөөг хаалганы 2 талын хацар хананд 3 м.кв талбайд наасан. Тэр дулаалга биш, ийм өндөр үнэтэй байхгүй. Гарааж руу орох, гарах хэсгийг янзлаагүй. 2018 оны 11 дүгээр сард БА 22 СӨХ 1.600.000 төгрөгөөр гарааж руу орох, гарах хэсгийг засуулсан. ЮЭБ ХХК-иас гарааж руу орох, гарах хэсгийг эвдэж, ашиглах боломжгүй болгосон байсан. Гараажид гэрэл суурилуулсан гэлээ. 10 ширхэг л гэрэл байгаа. 10 гэрэл хэдэн сая төгрөг хүрэх юм бэ. Гараажийн хаяглуулалт хийсэн гэж өчнөөн сая төгрөг нэхсэн. 1.500 төгрөгийн хөөсөнцөр хавтанд хулдаасан хэвлэлийн аргаар хэвлүүлсэн. БА 22 СӨХ-ны удирдах зөвлөл, даргын зөвшөөрөлөөр подвольд сантехникийн шугам сольсон гэлээ. Ц.Бархасбадьхүү өөрийн санаачлагаар мөнгө нэхэхгүй гэж сольсон. Үүнийг н.Нямбадраа гэрчилж мэдүүлсэн. Өмгөөлөгч ч гэсэн уг мөнгийг авахаа больсон гэж хэлж байсан. Нэхэмжлэгч тал БА 22 СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоолыг хураамжаар үйлдэж, хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн. Жинхэнэ хувийг шүүхэд өгч байна. ЮЭБ ХХК-ийн захирал Ц.Бархасбадьхүү 33 зогсоолын нэг зогсоолоос сард 15.000 төгрөгийн ашиглалтын зардал авч, сард 495.000 төгрөгийн хуримтлал үүсгэдэг. Энэ мөнгийг Ц.Бархасбадьхүү 2014 оны 11 дүгээр сараас 2018 оны 5 дугаар сар хүртэл нийт 20.295.000 төгрөг авсан. Гараажид галын гарц, цахилгаан, агааржуулалтын өрөөний систем таглаж, 2 машин тавиулж, нэг машины эзнээс жилд 1.300.000 төгрөг авсан. Энэ байдлыг гэрч М.Долгорсүрэн нотолсон. БА 22а байрны 2 давхарт Ц.Бархасбадьхүүгийн эзэмшлийн 2, 3, 4 тоот 3 байр, Д тоотын үйлчилгээний объект байдаг. Дээрх 4 үл хөдлөх хөрөнгийн СӨХ-ны дундын өмчлөлийн төлбөр 6.815.920 төгрөгөөс чөлөөлсөн. Ц.Бархасбадьхүү 4 жилийн хугацаанд нийт 47.910.920 төгрөгийн ашиг олсон. 2018 оны 11 дүгээр сараас эхлэн галын аюулгүй байдлын гарц дээр 2, цахилгааны шитний өрөөнд 2 нийт 4 машин жилийн 1.300.000 төгрөгөөр 5.200.000 төгрөг олсон. Одоо болтол машин тавьж байгаа. Барилга анхны зургаараа 18 зогсоолтой зурагдсан. Ц.Бархасбадьхүү барилгын компанитай хуйвалдаж 33 зогсоол болгож, 15 зогсоолын гэрчилгээг хууль бусаар гаргуулсан. Энэ байдал хавтаст хэрэгт авагдсан холбогдох байгууллагын дүгнэлтээр нотлогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж, хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Бархасбадьхүү гараажийн хаалга хааснаас оршин суугчдын эрх зөрчигдөх болсон. Оршин суугчид одоо болтол өөр байрны гараажаар дамжиж ордог. Иймд оршин суугчдын эрх ашгийг хамгаалж, гараажийн хаалга хэвийн ажиллагаанд оруулж, автомат удирдлага хүлээлгэж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сөрөг шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талыг 9 гэрээний үүргийн төлбөрийг алдангийн хамт нэхэмжилсэн гэж ойлгож байна. Гэрч нар талуудын хооронд байгуулсан гэрээг сүүлд нөхөж байгуулсан гэдэг. 2013, 2014 онд хийгдсэн ажлын гэрээний төлбөр нийт 22.000.0000 төгрөг болж байна. Гэрээний нэг тал болох СӨХ нь хуулийн этгээдийн эрхгүй. БА 22 СӨХ-д ямар мөнгө, санхүү байхгүй. Оршин суугчдын мөнгө сууц эзэмшигчдийн мөнгө. Сууц эзэмшигчдийн мөнгө оршин суугчдын мөнгө. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал Нийтийн зориулалттай орон сууцны байшин, дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8.4-д зааснаар СӨХ-ны гүйцэтгэх захирал хийгдэх ажлын төсвийг удирдах зөвлөлөөр батлуулдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээ зөвшөөрөл, тогтоолгүй. СӨХ-нд ийм өндөр үнээр завсар үйлчилгээ хийлгэх шаардлага байгаагүй. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байна. Талуудын хооронд байгуулсан хүчин төгөлдөр бус гэрээ нь байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байна. Талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Гараажийг эзэмшиж, ашиглах нь нэхэмжлэгч талд ашигтай учраас нэхэмжлэгч тал өдий хүртэл хугацаанд шүүхэд хандаагүй, нэхэмжлэл гаргаагүй. Нэхэмжлэгч тал ЮЭБ ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг хариуцагч тал буюу БА 22 СӨХ хүлээж авах ёстой байсан гэж тайлбарлаа. БА 22 СӨХ-ноос ЮЭБ ХХК-ийг ажлаа хүлээлгэж өгөхийг удаа дараа шаардсан. БА 22 СӨХ-ны даргаар н.Нямдаржааг томилсон тушаалд гараажийг Ц.Бархасбадьхүүгээс авч, дундын өмчлөлийн хөрөнгө болгох гэж дурдсан байдаг. 2018 оны 5 дугаар сард БА 22 СӨХ гараажийг дундын өмчлөлд авсан. Гараажийн хаалга ажиллуулдаг мотор эвдэрч мөнгө авах боломжгүй болохоор ЮЭБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 6 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Талуудын хэн алинд нь гүйцэтгэсэн ажлыг хүлээж авсан гэсэн баримт байхгүй. Гэрч нарын мэдүүлэгт ажил хийсэн гэдэг. Ажил хүлээлцсэн акт хавтаст хэрэгт авагдаагүй. Алдангийг хуульд заасан гэрээний хугацаа өнгөрснөөр төлнө. Талуудын хооронд байгуулсан гэх гэрээний алданги төлөх хугацаа тодорхойгүй. Шатны хонгилд систем суурилуулах, хаалганы дохиолол, гараажийн нэгдсэн системийн дохиоллын ажил хийгдээгүй. Гэрэлтүүлгийн ажил хийсэн гэж үзвэл уг ажлын төлбөр СӨХ-ны төлбөрөөс суутгагдана. 33 зогсоолын 18 нь хувийнх, Ц.Бархасбадьхүү 6 зогсоолыг хууль бусаар ашиглаж байгаа гэдгийг мэргэжлийн байгууллага тогтоосон. Уг зогсоолыг сард 900.000-1.200.000 төгрөгөөр түрээсэлдэг болох нь тогтоогдсон. СӨХ-ноос мөнгө гарахгүй, мөнгийг 33 зогсоол эзэмшигчдээс гаргуулна. СӨХ мөнгө хуримтлуулахгүй. Авто зогсоол эзэмшигчид Ц.Бархасбадьхүүд аль хэдийнэ төлбөр төлсөн. Төлбөрийг давхардуулж авснаар авто зогсоол эзэмшигч нар хохирно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийнэ дууссан гэв.

 

            Үндсэн болон сөрөг нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

         

 

 ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ЮЭБ ХХК нь хариуцагч БА 22 СӨХ-нд холбогдуулан 12 ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 22.286.600 төгрөг, бусдад төлсөн зардалд 5.696.070 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 7.992.100 төгрөг, нийт 35.974.770 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны үеэр 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 13/01 тоот 1-16 давхрын хяналтын камер суурилуулалтын гэрээний төлбөр 3.366.000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 14/02 тоот 1-16 давхрын гэрэлтүүлэг суурилуулалтын гэрээний төлбөр 2.936.400 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14/05 тоот гараажийн цахилгааны өрөөний хаалга суурилуулалтын гэрээний төлбөр 384.000 төгрөг, алданги 192.000 төгрөг, бусдад төлсөн зардал 5.696.070 төгрөг, нийт 12.574.470 төгрөгөөс татгалзаж, 9 ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 15.600.200 төгрөг, эдгээр гэрээний алдангид 7.800.100 төгрөг, нийт 23.400.300 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

            Хариуцагч нь актаар ажлаа хүлээлгэж өгөөгүй, материалын зардлаа 3-5 дахин нэмэгдүүлсэн, гэрээний үнээ сүүлд өөрчилсөн, ажлын хөлсөндөө 33 авто зогсоолын ашиглалтын төлбөр болох сар бүрийн 15.000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сараас 2018 оны 5 дугаар сар дуустал авсан, захирал Ц.Бархасбадьхүүгийн өмчлөлийн 4 үл хөдлөх хөрөнгийн дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардлаас чөлөөлөгдөхөөр тохиролцсон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна.

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Зохигчдийн хооронд 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 14/03 тоот Гараажийн гүйдэг төмөр хаалга суурилуулалтын гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 14/03 тоот Гүйдэг хаалганы автоматжуулалтын гэрээ, 14/07 тоот Гараажийн явган хаалганы нэвтрэх систем суурилуулах гэрээ, 14/08 тоот Шатны хонгилын хаалганы нэвтрэх систем суурилуулах гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 14/09 тоот Зоорийн давхрын гэрэлтүүлэг суурилуулах гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 14/10 тоот Гараажийн хаалганы дулаалгын пасад суурилуулах гэрээ, 14/11 тоот Гараажийн хаягжуулалт суурилуулах гэрээ, 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 14/12 тоот Гараажийн камер суурилуулах гэрээ, 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 14/13 тоот Гараажийн дохиоллын систем суурилуулах гэрээ гэсэн нийт 9 ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаар маргахгүй байна. Харин гэрээний дагуу ажил бүрэн хийгдээгүй, ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй, гэрээний үнэ анх тохирсныг нэхэмжлэгч нэмсэн, төлбөрийг өөр байдлаар төлөхөөр тохиролцож төлж барагдуулсан гэж маргаж байна.

            Дээрх гэрээнүүдэд ажлын үр дүнг актаар хүлээлцэх, төлбөрийг хугацаандаа барагдуулаагүй тохиолдолд хоног тутам гэрээний үнийн дүнгээс 0.1 хувийн алданги тооцохоор тохиролцсон байна.

            Хариуцагч нь гэрээг гээгдүүлсэн гэж дахин гэрээнд гарын үсэг зуруулахдаа анх тохиролцсон үнийн дүнг нэмэгдүүлсэн байна гэж маргасан боловч үүнийгээ нотлох баримтаар нотолж мэтгэлцээгүй болно.

            Зохигчийн хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээнд хамаарч байна.

            2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14/03 тоот Гараажийн гүйдэг төмөр хаалга суурилуулалтын гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 14/03 тоот Гүйдэг хаалганы автоматжуулалтын гэрээ, 14/07 тоот Гараажийн явган хаалганы нэвтрэх систем суурилуулах гэрээ, 14/08 тоот Шатны хонгилын хаалганы нэвтрэх систем суурилуулах гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 14/09 тоот Зоорийн давхрын гэрэлтүүлэг суурилуулах гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14/11 тоот Гараажийн хаягжуулалт суурилуулах гэрээ гэсэн 6 гэрээний нийт төлбөр нь 9.253.400 төгрөг болж байна. Нэхэмжлэгч компанийн захирал Ц.Бархасбадьхүү, түүний эхнэр н.Баярсүрэн нарын харилцах дансны хуулга, гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбар зэргээр авто зогсоол эзэмшигч нараас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалтын зардалд сар бүр 15.000 төгрөг хүлээн авч байсан болох нь тогтоогдож байх ба энэхүү тооцоо нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцогдсон гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Учир нь хэн ч үндэслэлгүй хөрөнгөжих эрхгүй ба авто зогсоол нь хэдийгээр хувийн өмч мөн боловч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар заасан. Иймд авто зогсоол өмчлөгч, эзэмшигчдийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалтын зардлыг СӨХ хариуцан авахаар байх ба ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцон тодорхой хугацаанд энэхүү эрхээ ЮЭБ ХХК-д шилжүүлсэн байна.

Зохигчид авто зогсоолын дундын өмчлөлийн ашиглалтын төлбөр 15.000 төгрөгийг хэзээнээс хураасан талаар зөрүүтэй тайлбарлаж байх боловч гэрчийн мэдүүлэг, харилцах дансны хуулгаар 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 5 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрийг нэхэмжлэгч хүлээн авсан байх ба нийт 19 сарын төлбөр 9.405.000 төгрөгийг авсан гэж дүгнэлээ.

2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14/03 тоот Гараажийн гүйдэг төмөр хаалга суурилуулалтын гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 14/03 тоот Гүйдэг хаалганы автоматжуулалтын гэрээ, 14/07 тоот Гараажийн явган хаалганы нэвтрэх систем суурилуулах гэрээ, 14/08 тоот Шатны хонгилын хаалганы нэвтрэх систем суурилуулах гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 14/09 тоот Зоорийн давхрын гэрэлтүүлэг суурилуулах гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14/11 тоот Гараажийн хаягжуулалт суурилуулах гэрээ гэсэн 6 гэрээний үнийн дүн 9.253.400 төгрөг болж байх бөгөөд нэхэмжлэгч нь төлбөрийг хуваан авахыг зөвшөөрсөн байх тул хугацаа хэтрүүлсэн гэж эдгээр гэрээнд алданги тооцох үндэслэлгүй байна.

            Харин 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 14/13 тоот Гараажийн дохиоллын систем суурилуулах гэрээ-ний дагуу ажил гүйцэтгэсэн гэдгээ нэхэмжлэгч нотолж чадаагүй, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 14/10 тоот Гараажийн хаалганы дулаалгын пасад суурилуулах гэрээ, 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 14/12 тоот Гараажийн камер суурилуулах гэрээ-ний дагуу хийсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т заасан үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх, мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан захиалагчийн өмчлөлд ямар нэг доголдолгүй үр дүн шилжүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл гэрээний хавсралтад ажил хүлээлцэх акт байх бөгөөд түүнд хүлээлгэн өгөх нь ЮЭБ ХХК, хүлээн авах нь БА 22 СӨХ гэж гарын үсэг зурсан байгаа нь хэн хүлээлгэж өгөх, хүлээн авахыг тодорхойлсон болохоос ажлын үр дүнг хүлээлгэн өгчээ гэж дүгнэх үндэслэл болохгүй.

            Иймд 6 гэрээний төлбөрийг хүлээн авсан, 3 гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн, үр дүнгээ хүлээлгэн өгснөө нотолж чадаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч БА 22 СӨХ нь нэхэмжлэгч ЮЭБ ХХК-д холбогдуулан гараажийн хаалгыг хэвийн ажиллагаанд оруулж, автомат удирдлагыг СӨХ-нд хүлээлгэж өгөхийг даалгахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна.

            Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ЮЭБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж, хариуцагч БА 22 СӨХ-нд олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343 дугаар зүйлийн 343.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан хариуцагч БА 22 СӨХ-ноос ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, алдангийн хамт 23.400.300 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ЮЭБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 3 ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, алданги, бусдад төлсөн зардалд 12.574.470 төгрөг гаргуулах шааардлагаасаа татгалзаж, хариуцагчийн гаргасан гараажийн хаалгыг хэвийн ажиллагаанд оруулж, автомат удирдлагыг СӨХ-нд хүлээлгэж өгөхийг даалгуулах сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 440.688 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ЮЭБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж, хариуцагч БА 22 СӨХ-нд олгосугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ