Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2019/00129

 

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2019/00129

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.У нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Н холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 77 344 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.У, түүний өмгөөлөгч А.Б, хариуцагч Г.Н, түүний өмгөөлөгч Т.Г, гэрч Х.Ганбаяр, М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Үүрийнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч А.Б шүүх хуралдаанд тайлбартаа: Ч.У миний бие 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Г.Нтэй Зээлийн гэрээ-г байгуулж, 80 000 000 (наян сая) төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлдэгч болох Г.Н нь Улсын Их дэлгүүрийн эрэгтэй, эмэгтэй гутлын тасаг, Улаанбаатар Их дэлгүүрт байрлах гутлын тасагтаа эргэлтийн хөрөнгө оруулах зорилгоор 80 000 000 (наян сая) төгрөгийг зээлсэн. Гэрээний хугацаа нь 2011.12.16-наас эхэлж 2012.05.16 өдөр хүртэл байсан. 2012.05.16-ны өдөр зээлийн үндсэн хугацаа дуусахад хариуцагч дахин санал тавиад зээлийн гэрээг 2012.05.16-ны өдрөөс 2013.01.16-ны өдрийг хүртэл буюу 8 сарын хугацаатай сунгасан. Ингэхдээ үндсэн зээлийг төлөөгүй учир 80,0 сая төгрөг хэвээр, хүү нь сар бүрийн 2 хувь байна гэсэн нөхцөл хэвээр үргэлжилсэн.

Зээлийн хугацаа 2013.01.16-ны өдөр дуусаад хариуцагч нэхэмжлэгчээс зээлсэн 80,0 сая төгрөгөө буцаан төлөх үүрэгтэй байсан боловч 80,0 сая төгрөгийг буцаан төлөөгүй. Үндсэн зээлээс 36,0 сая төгрөгийг буцаан төлсөн. Үлдэгдэл 44,0 сая төгрөгийг төлөөгүй тул нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн хүү 33 344 000 төгрөг. 2013.01.16-ны өдрөөс хойш яагаад хүү нэхэмжилж байгаа вэ? гэхээр зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш тухайн нөхцлөөрөө үргэлжлүүлэн хугацаагүй зээлдүүлсэн. Яагаад хугацаагүйгээр зээлсэн бэ? гэвэл хариуцагч Г.Уранчимэгийн зүгээс сар бүр хүүг хугацаанд нь төлж идэвхитэй байсан учир хүүг нь сар бүр төлнө 44,0 сая төгрөгийг тодорхой бус хугацаагаар буюу хэзээ ч төлж болохоор, мөн 44,0 сая төгрөгийг бүрэн төлөх хүртлээ үндсэн зээлийн үлдэгдлээс хүүг нь төлж байхаар тохиролцсон. Тийм учраас энэ тохиролцоог хугацаагүй зээлийн гэрээний шаардлагыг хангаж байна гэж үзэж байна.

Бид нэхэмжлэхдээ хүүг 2013, 2014 оноос сар бүрийн 800,000 төгрөгийг хүү төлөх ёстой байснаас 6 сарын хүү дутуу төлсөн байсан учир тэрэнд нь нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж 6 160 000 төгрөгийг нэхэмжилсэн. Бусад зээлийн хугацааны хүү гэвэл 2015 оны 01 сараас хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хүүг тооцсон. Сар бүрийн 2 хувийн хүүг тооцоод хариуцагчийн төлсөн хүүг хасаж тооцсон. Энэ нь дансаар болон бэлнээр мөн бараа авах байдлаар тооцон авч байсан төлбөрүүдийг бүрэн тооцсон.

Үндсэн зээлийн үлдэгдэл 44,0 сая төгрөгийг хугацаагүй зээлдүүлэхээр тохиролцоо хийгдсэн үү? үгүй юу гэдэг дээр маргаж байгаа. Бид үүнийг дараах байдлаар нотлогдоно гэж үзэж байна. Нөгөө тал бичгээр нотлогдох зүйл байхгүй гэж байгаа. Иргэний хуулинд хүү тохиролцсон бол зээлийн гэрээг бичгээр байгуулна гэсэн байгаа. Бид энэ шаардлага зөрчигдөөгүй гэж үзэж байгаа. Өмнө нь хийсэн гэрээ сунгагдсан анхны 2 хувийн хүү төлнө гэдэг нь бичгээр байгаа учраас Иргэний хуулинд заасан энэ шаардлага хангагдаж байгаа гэж үзэж байна. Мөн сунгалт хийгдээд төлж явсан гэдэг нь баримтуудаар нотлогдоно. 2013.01.16-ны өдөр 80,0 сая төгрөгөөс 36,0 саяыг төлж 44,0 сая төгрөг үлдсэнээс хойш 2013, 2014 онуудад сар бүр 880 000 төгрөгийг нэхэмжлэгчийн Хас банкин дахь дансанд төлдөг байсан. Яагаад сар бүр 880 000 төгрөгийг төлсөн бэ? гэхээр үндсэн зээл 44,0 сая төгрөгийн 2 хувийн хүү юм. Гүйлгээний утгаас нь харвал зарим сарууд дээр тухайлбал 2013 оны 09 сарын 16-ны өдөр зээлийн хүү гэж төлсөн байгаа. Энэ хугацаанд төлөгдөж байсан зүйлүүд нь хүү байсан юм гэдэг нь үнийн дүн болон гүйгээний утгаас харагдаж байна.

2015 оноос хойш сар бүр 880 000 төгрөг төлөгдөөгүй байгаа. Яагаад төлөгдөөгүй вэ? гэхээр хариуцагч гэрээний үүргээ зөрчиж байсантай холбоотой. Тодруулбал 2015 оноос хариуцагчийн хувиараа эрхэлж байсан бизнесийн харилцаа нь хэвийн явагдаагүй лангуу нь хаагдсан байгаа учир хүүг нь тогтмол төлж чадахгүй байна гэдэг байдлаар тайлбарладаг. Нэхэмжлэгчид гараар бичиж өгсөн баримт дээр мөн тийм байдлаар бичиж өгсөн байгаа. 2018.05.20-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Г.Уранчимэг нь 44,0 сая төгрөгийг төлнө. Хүүг нь мөн төлнө. Таныг хохироохгүй гэсэн байдлаар бичсэн. Байнга амаар болон утсаар ярьдаг байсан энэ нь баримт байхгүй учир нэхэмжлэгч хариуцагчтай уулзахдаа бичиж өгөө гэсний дагуу бичиж өгсөн. Энэ бичгэн тайлбар дээр юу гэсэн бэ? гэвэл нэхэмжлэгчээс 44,0 сая төгрөгийг 2 хувийн хүүтэй авсан. Хүүг сар бүр төлж байгаа гэдэг байдлаар тусгасан. Сар бүр төлж байгаа гэдэг нь юуг нотолж байна вэ? гэхээр уг зээлийн гэрээ дуусаагүй байгаа, сар бүр хүүг нь төлөх ёстой гэдгийг илтгэж байна. Уг зээлийн үндсэн 44,0 сая төгрөгийг миний бие төлнө гэдэг байдлаар бичсэн байгаа. 2018.05.20-ны байдлаар яагаад үндсэн зээл 44,0 сая төгрөгийг төлнө гэж бичсэн бэ? гэвэл энэ хүртэлх хугацаанд төлж байсан зүйлүүд нь 44,0 сая төгрөгийн хүү байсан юм. Түүнээс биш үндсэн зээлээс огт хасагдаагүй юм гэдгийг өөрөө ойлгож байсан учир бичиж өгсөн. Харин хүүгийн хувьд маргаантай байсан нь би төлөх байсан уу? Миний нөхөр төлөх ёстой байсан уу? гэдэг дээр 10 сая төгрөгийг нөхөр Дамдинсүрэн төлөх нь зүйтэй юм гэдэг байдлаар бичсэн. Энэ дээр миний гарын үсэг байхгүй гэдэг байдлаар ярьж байгаа боловч өөрөө гараараа бичсэн гэдэг дээр маргадаггүй. Үүн дээр гарын үсэг заавал байх шаардлагагүй хариуцагчийн хүсэл зориг илэрхийлэгдсэн байгаа, түүний бичиг нотолгоо болно гэж үзэж байгаа. Тийм учраас бид 77,0 сая төгрөгийг нэхэмжилсэн. 2015 оноос хойш төлөгдсөн төлбөрийн хувьд хариуцагчаас тооцоолол гаргаж өгсөн. Дансаар орсон нь тодорхой харагдаж байна. Гутал авсан буюу үнийн дүн 1 080 000 төгрөгийн бараа авсан дээр бид маргахгүй байгаа. Үнийн дүнгээрээ таарч байгаа. Харин бэлнээр өгсөн зарим мөнгө дансаар өгсөн мөнгөтэй давхцаж байгаа.

Хариуцагчаас шүүхэд өгсөн 3 хуудас төлбөрийн жагсаалтын 2 дахв хуудсан дээрх 7 удаагийн гүйлгээ давхцалтай байгаа. Бэлнээр аваагүй 2015.11.09-ны өдөр 230 000 төгрөг, 2016.01.25-ны өдөр 500 000 төгрөг 2016.01.03-ны өдөр 500 000 төгрөг, 2016.04.02-ны өдөр 95 000 төгрөг 2016.04.30-ны өдөр 105 000 төгрөг, 2016.05.15-ны өдөр 100 000 төгрөг, 2016.05.26-ны өдөр 300 000 төгрөг, нийт 1 830 000 төгрөг төлөгдсөн гэж байгааг бэлнээр аваагүй гэж маргаж байна. Яагаад бэлнээр аваагүй гэж тайлбарлаж байгаа вэ? гэхээр нэхэмжлэгч өөртөө бэлнээр болон дансаар төлөгдсөн төлбөрүүдийн талаар гар дэвтэртээ бичилт хийдэг байсан. Энэ дэвтэр дээрээ дансаар орж ирсэн мөнгөнүүдийг бичихдээ огноог нь андуурч бэлнээр авсан юм шиг бичилт хийсэнтэй холбоотой байна. Жишээлвэл: дансаар 04.30-ны өдөр 100 000 төгрөг орж ирэхэд тэрнийг нь 05.05-нд мэдээд тухайн мэдсэн өдрөө 05.05-нд 100 000 төгрөг гэж тэмдэглэл хөтөлдөг байсан учраас зөрүү үүсч байна.

Нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулгыг харвал 2015.11.28-ны өдөр 230 000 төгрөг төлөгдсөн байгаа харин бэлнээр 230 000 өгөөгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж бид маргаж байна. Үүнд: Нэхэмжлэгчийн Хаан банкны хуулгад 2015.11.28-ны өдөр төлөгдсөн 230 000 төгрөгийг 2015.11.09-ны өдөр авсан гэж алдаатай бичсэн. Дараа нь 2016.01.25-нд 500 000 төгрөг авсан гэдэг нь 2016.01.16-ны өдөр дансаар орж ирсэн мөнгө байна гэж үзэж байгаа юм. Мөн 2016.01.03-ны өдөр 500 000 төгрөг авсан гэж бичигдсэн байгаа боловч 2018.01.23-ны өдөр дансаар авсан мөнгө, 2016.04.02-ны өдөр авсан 95 000 төгрөг нь 2016.03.21-ны өдөр дансаар орж ирсэн мөнгө, 2016.04.30-ны өдөр 105 000 төгрөг бэлнээр авсан гэж тэмдэглэгдсэн нь 2016.03.30-ны өдөр дансаар шилжүүлсэн 105 000 төгрөг, 2016.05.15-ны өдөр 100 000 төгрөг бэлнээр авсан гэж тэмдэглэгдсэн нь 2016.05.20-ны өдөр дансаар орж ирсэн 100 000 төгрөг, 2016.05.26-ны өдөр 300 000 төгрөг бэлнээр авсан гэж тэмдэглэсэн нь 2016.05.26-ны өдөр дансаар өгсөн 260 000 төгрөг байна гэж үзэж байна. Дансны үлдэгдлийг хараад үнийн дүнг буруу бичээд огноог нь тухайн өдөрт нь тэмдэглэсэн байна. Нэхэмжлэгч минь настай хүн учраас банкны аплэйкшнийг хараад тухайн үед хэдэн төгрөг орж ирсэнийг зөв тэмдэглэж чадаагүй улмаас алдаатай зүйл гарсан гэж үзэж байна. Дараагийн дансаар орсон зүйлүүдээс ганц зөрүүтэй байгаа нь 2016.02.26-ны өдөр 200,000 төгрөг дансаар төлөгдсөн гэж харагдаж байгаа нь зээлийн төлөлт биш утга нь тодорхойгүй АТМ-ээс орсон байгаа. Мөн Нямсүрэнгээс шилжсэн гэсэн агуулга огт байхгүй байгаа учир зээлийн төлбөрөөс хасагдахгүй гэж үзэж байна.

Зээлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд 2013 оны 01 сарын 15-наас эхлэн 44,0 сая төгрөгийн хүү 880 000 төгрөгийг төлсөн. хэд хэдэн саруудынхыг төлсөн гэдэг нь нэмэгдүүлсэн шаардлагын хавсралтаар дансны хуулга дээрээ бичсэн байгаа. Нийт 24 сар төлөх байснаас төлөөгүй саруудыг тооцож хассан байгаа. Хариуцагч талаас тайлбар хэлээгүй учир нэмэгдүүлсэн шаардлага дээр маргаан байхгүй байна гэж үзэж байна.

Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4, талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ, түүний нэмэлтүүдэд тус тус заасныг үндэслэн Г.Нтэй байгуулсан Зээлийн гэрээ цуцлагдсан тул үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 44 000 000 (дөчин дөрвөн сая ) төгрөг, зээлийн хүү 33 344 000 (гучин гурван сая гурван зуун дөчин дөрвөн мянга) төгрөг, нийт 77 344 000 (далан долоон сая гурван зуун дөчин дөрвөн мянган) төгрөгийг зээлдэгч Г.Нгээс гаргуулж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч Г.Н, түүний өмгөөлөгч Т.Г нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Н миний бие нөхөр Мягмаржавын Дамдинсүрэнтэй хамтран нөхрийн авга эгч Ч.Уээс 80,0 сая төгрөгийг 2011 оны 12 сарын 16-ны өдөр 2 хувийн хүүтэйгээр 2012.05.16-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаатай зээлсэн юм. Бид зээлийн хүүг хугацаандаа төлж байгаад зээлийн хугацаа дуусахад дахин гэрээ хийж зээлийн хугацааг 2012.05.16-ны өдрөөс 2013.01.16-ны өдөр хүртэл 8 сарын хугацаагаар сунгасан. 2013.01.16-ны өдрөөс хойш дахин зээлийн гэрээний хугацааг сунгаагүй ба үндсэн зээлийн төлбөрөөс төлөлт хийж ирсэн. Ч.Ут зээлийн төлөлтийг түүний өгсөн дансаар болон бэлнээр маш олон удаа хийж байсан боловч сүүлдээ 2017 оноос тооцоо нийлэх гэтэл тооцоог гаргаж өгөхгүй өдийг хүрсэн юм. 2018 оны 05 сард ажил дээр ирж хэл амаар доромжилж одоо 44 сая төгрөгийн үлдэгдэлтэй, мөн хүүгийн 10,0 сая төгрөгийн үлдэгдэлтэй гэж бичиг хийж өг, өгөхгүй бол цагдаа шүүхэд өгнө гэж дайрч давшилж бичиг өгөхийг шаардсан. Ингээд миний бие ажил дээр хүмүүсээс санаа зовж бичиг бичсэн боловч тухайн бичигт би гарын үсэг зураагүй ба нөхөр болох М.Дтэй хамт уулзаж, М.Д зөвшөөрвөл хамт гарын үсэг зурна гээд явуулсан билээ.

Миний тооцоолж байгаагаар 2013 оны 01 сараас хойш үндсэн төлбөр 36 000 000 төгрөгөөс илүү төлөлт хийсэн ба зээлийн хүүгийн төлбөр огт хийгээгүй билээ.

Уранчимэгийн нэхэмжлэлдээ бичсэн шиг 2015 оноос 2018 оны 05 cap хүртэл зээлийн хүү төлөх үндэслэл огт байхгүй. Учир нь 2011.12.16-наас 2012.05.16-ны хүртэл 5 сарын хугацаатай зээлээд дахин хугацааг 2012.05.16-наас 2013.01.16-ны өдөр хүртэл сунгасан бөгөөд энэ хугацааны хүүг бүрэн төлсөн тул талууд энэ хугацааны хүүгийн талаар маргахгүй байгаа билээ.

2012 оны дундуур нэхэмжлэгчийн хүү нь орон сууц авах гэж байна гээд хариуцагч Г.Нд хэлээд 36,0 сая төгрөгийг авсан. Үүнийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрдөг 36,0 сая төгрөг авсан гэдэг. 2013.01.16-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуссан. Зээлийн гэрээг дахин сунгасан, зээлийн гэрээг өөрчилсөн, зээлийн хүү төлсөн талаар гэрээ огт байхгүй. 2013.01.16-наас хойш төлсөн дансаар болон бэлнээр, бэлэн бус буюу гутал бараа материал авсан тэр бүх төлбөрүүд бүгд үлдэгдэл зээл буюу 44,0 сая төгрөгнөөс хасагдах ёстой.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй анх зээлийн гэрээг 2011.12.16-ны өдөр бичгээр хийсэн. Тус гэрээ 80,0 сая төгрөгийг 2012.05.16-ныг хүртэл 2 хувийн хүүтэйгээр зээлж, сарын хүү болох 1 600 000 төгрөгийг зээлдэгчийн болон түүний хүү болох Ууганбаярын дансанд төлөхөөр тохиролцсон. Уг тохиролцооны дагуу зээлдэгчийн Хаан банк болон Хас банкны дансруу мөн хүү Ууганбаярын дансруу хийж байсан. Харамсалтайн манай үйлчлүүлэгч эдгээрээс бусад данс руу хийсэн мөнгөө нотолж чадаагүй. Эдгээрээс гадна 4 данс байсан. Хүсэлт гаргаад шүүлгэх гэсэн боловч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дансны хуулгыг гаргаж өгөх боломжгүй гэсэн учир одоогоор хавтас хэрэгт ороогүй байна.

Хавтаст хэрэгт байгаа дансны хуулга, өөрийнх нь бэлнээр авсанаа хөтөлж байсан дэвтэр, гутал бараа авсаныг тэмдэглэсэн төлбөрүүдийг бол тооцуулж байгаа. Мөн 2012.05.16-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахад гэрээний хугацааг дахин сунгаж 2013.01.16-ны өдрийг хүртэл хийсэн. Түүн дээр тусгайлан заасан зүйл гэвэл сар бүрийн хүүгээ дансанд шилжүүлэн хийнэ. Мөн зээлдэгч нь жич гэж тохирч байгаад 10,0 саяаас дээш төгрөг авахаар бол 1 сарын хугацаанд мэдэгдэнэ гэж тохирсон. Эдгээрээс өөрөөр гэрээний хугацааг сунгасан шинээр гэрээ хийсэн зүйл бол байхгүй. Иймээс 2013.01.16-наар зээлийн гэрээний хугацаа дууссан. Түүнээс хойш бол дансаар болон бэлнээр бэлэн бус бараа материалаар үндсэн зээлийн үлдэгдэл 44,0 сая төгрөгийг төлсөн.

Үүний тооцооллыг хавтас хэрэгт хүснэгтээр гаргаж өгсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн нэхэмжлэгч Ч.Уийн Хаан банк, Хас банкны данс мөн нэхэмжлэгч Ч.Уийн хүү Ууганбаярын дансанд 2013.04.15-аас 2017.05.30-ны өдрийг хүртэл нийт 62 удаагийн шилжүүлгээр 22 990 000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнд нэхэмжлэгч маргаагүй. Мөн 2017.02.21-2017.12.26-ны хооронд нийтдээ 7 удаагийн авалтаар гутал буюу бараа авсан байгаа тэр нь 1 080 000 төгрөг болж байгаа бөгөөд нэхэмжлэгч үүнийг татгалзаагүй. Үүнээс гадна бэлнээр 2015.05 сараас 2017.12.26-ны хооронд нийт 5 789 000 төгрөг төлсөн гэж нэхэмжлэгчийн өөрийн гараар бичсэн тэмдэглэл дээр тусгасан. Сая нэхэмжлэгчээс 7 удаа бэлэн бусаар авсан мөнгөө бэлнээр авсан гэж андуурч, огноо болон үнийн дүнг зөрүүлж бичсэн байна гэж тайлбарлалаа. Би үүнийг дансны хуулга үнийн жагсаалттай тулгаж үзлээ. Гэтэл үнийн дүнгүүд бол дансаар авсан дүнтэй дүйцэж байна. дүйцэж байгаа учир нэхэмжлэгч талын тооцооллыг зөвшөөрөөд бэлэн бусаар төлсөн гэх 5 789 000 төгрөгөөс 1 830 000 төгрөгийг хасах нь зүйтэй юм байна гэж үзэж байна.

Ингээд бодохоор 2013.01.16-ны өдөр буюу гэрээний хугацаа дууссанаас хойш дансаар төлснийг тоолохоор 22 990 000 төгрөг, бэлэн бусаар буюу гутлаар 1 081 000 төгрөг, бэлэн авсан 3 959 000 төгрөгийг хариуцагч өгсөн байна гэж нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна. Нийт 28 030 000 төгрөг болж байна. Түүнээс 44 саяыг хасахаар 15 970 000 төгрөг үлдэж байгааг хариуцагч хүлээн зөвшөөрч байна. Энэ нь зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн зээлийн төлбөр байгаа үүнийг хүлээн зөвшөөрч бусад хэсгийг татгалзаж байна гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.У нь хариуцагч Г.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 77 344 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Г.Н нь Ч.Уээс 80 000 000 /наян сая/ төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлж, зээлийн хүүг сар бүрийн 16-ны өдөр төлөх, үндсэн зээлийг сард багадаа 2 000 000 төгрөгийн төлөлт хийж, гэрээний хугацаа дуусах өдөр буцаан төлөхөөр харилцан тохиролцож Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээ-г бичгээр байгуулсан байна. /хх-5х/

Энэхүү зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч Г.Н нь зээлийн хүүг сар бүр төлж, зээлийн гэрээний хугацааг 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл сунгасан гэрээг бичгээр хийсэн /хх-6х/ байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасантай нийцсэн байна.

 

Зээлдэгч Г.Н нь зээлийн хүүг 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл бүрэн төлсөн, үндсэн зээлээс 36 000 000 /гучин зургаан сая/ төгрөгийг төлсөн талаар зохигч маргаагүй.

 

Нэхэмжлэгч Ч.У зээлийн үндсэн төлбөр 44 000 000 /дөчин дөрвөн сая/ төгрөгийг сарын 2 хувийн хүүтэйгээр хугацаагүйгээр зээлсэн гэх үндэслэлээр зээлийн хүү 33 344 000 төгрөг, үндсэн зээл 44 000 000 төгрөг нийт 77 344 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Г.Н эс зөвшөөрч, зээлийн гэрээний хугацааг сунгаагүй, 2013.01.16-ны өдрөөс хойш төлсөн бүх мөнгө үндсэн зээл 44 000 000 төгрөгөөс хасагдах ёстой гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.

Талуудын бичгээр байгуулсан Зээлийн гэрээ-нд заасан хугацаа 2013.01.16-ны өдөр дууссанаар сар бүр хүү төлөх үүрэг дуусгавар болох бөгөөд талууд зээлийн гэрээний хугацааг сунгасан тохиролцоогоо бичгээр хийх хэлбэрийн шаардлагыг хангаагүй байх тул дээрхи хуульд заасны дагуу хүү авах эрхээ алдана.

Учир нь: талууд үндсэн зээлийн үлдэгдэл 44 000 000 төгрөгийг төлж дуусах хүртэл сарын 2 хувийн хүү төлөх тохиролцоог амаар хийсэн, 2018.05.20-ны өдөр зээлдэгчээр 44 000 000 төгрөгийг 2 хувийн хүүтэй авсан, уг зээлийн хүүг сар бүр тогтмол төлж байсан ба ... гэж бичсэн байгаа зэргийг дээрхи хуульд заасан зээлийн гэрээний бичгээр гэсэн хэлбэрийн шаардлагыг хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, тухайн үед /2013.01.16-ны өдөр/ амаар хийсэн тохиролцоог хожим бичиж /2018.05.20-ны өдөр/ баталгаажуулсан байхыг бичгийн хэлбэрийн шаардлагыг хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй ба харин 2018.05.20-ны өдөр бичсэн зүйлс нь талуудын өмнөх тохиролцоо-г нотлох баримт болно.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно гэж заасан.

Нэхэмжлэгч Ч.У үндсэн зээлийн үлдэгдэл 44 000 000 төгрөгийг төлж дуусах хүртэл сарын 2 хувийн хүү төлөхөөр тохиролцсон гэдгээ гэрч Х.Ганбаяраар нотлуулж байгаа боловч Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11-д заасны дагуу гэрчээр нотлох эрхээ алдсан учир гэрээний талууд 2 хувийн хүү төлөхөөр тохиролцсон гэдгийг гэрч тодорхой мэдүүлсэн ч гэрчийн мэдүүлгээр нотлогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Зээлдэгч Г.Н нь 2013 оны 01 сараас 2014 оны 12 дугаар сарыг дуустал сар бүр 880 000 төгрөгийг зээлдүүлэгч Ч.Ут төлсөн болох нь Ч.Уийн Хас, Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна. Энэ нь 44 000 000 төгрөгийн хүү 2 хувийн хэмжээтэй адил байх тул зээлдэгч Г.Нг зээлийн хүү төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-д Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасны дагуу зээлдэгч Г.Н зээлийн хүүг төлснөөр өрийг хүлээн зөвшөөрсөн тул 2013 оны 01 сараас 2014 оны 12 дугаар сарыг дуустал 44 000 000 төгрөгийг 2 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Зээлдэгч Г.Н 2015 оноос эхлэн хүү төлөх үүргийг гүйцэтгээгүй, бизнесийн үйл ажиллагаа нь доголдож, төлбөрийг чадваргүй болсон гэж тайлбарлаж байх ба зээлдүүлэгч Ч.У нь 2015 оноос эхлэн зээлийн төлбөрийг буцаан шаардаж байсан болох нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд 2015 оны 01 сард хариуцагч Г.Нд зээлийн төлбөрийг буцаан төлөх үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Зээлийн төлбөрийг тооцоолбол: 2011.12.16-ны өдрөөс 2013.01.16-ны өдрийг хүртэл хугацааны 80 000 000 төгрөгийн сар бүрийн хүү 1 600 000 төгрөгийг бүрэн төлсөн талаар зохигч маргаагүй, энэ талаар шаардлага гаргаагүй.

Үндсэн зээл 44 000 000 төгрөг, үүний 2013.01.16-наас 2014 оны 12 сарын 16-ныг хүртэл 23 сарын хүү /880 000 х 23сар = 20 240 000 төгрөг,

Үндсэн зээл 44 000 000 төгрөг + зээлийн хүү 20 240 000 төгрөг = нийт 64 240 000 төгрөгийг зээлдэгч Г.Н төлөх үүрэгтэй байна.

Зээлдэгч Г.Н 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хойшх хугацаанд зээлдүүлэгч Ч.Ут дансаар 22 990 000 төгрөг, бэлнээр 3 959 000 төгрөг, бараагаар 1 081 000 төгрөг тус тус төлж нийт 28 030 000 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй.

Хариуцагч Г.Н нийт 64 240 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 28 030 000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 36 210 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ут олгох үндэслэлтэй байна.

 

Дээрхи үндэслэлээр хариуцагч Г.Нгээс 36 210 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ут олгож, нэхэмжлэлээс 41 134 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Нгээс 36 210 000 /гучин зургаан сая хоёр зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ут олгож, нэхэмжлэлээс 41 134 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Уийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 627 380 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Нгээс 339 000 /гурван зуун гучин есөн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ут олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА