Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00592

 

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00592

 

 

Уийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/00129 дүгээр шийдвэртэй,

 

нэхэмжлэгч: Уийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Н-д холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 77 344 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч: Г.Уранчимэг

нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Базар

хариуцагч: Н-

хариуцагчийн өмгөөлөгч: Т.Гүрбадам

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Н-тэй зээлийн гэрээг байгуулж, 80 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

Зээлийн гэрээний хугацаа дуусахад хариуцагч дахин санал тавьснаар зээлийн гэрээг 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 8 сарын хугацаатай сунгасан. Ингэхдээ үндсэн зээлийг төлөөгүй учир 80 000 000 төгрөг хэвээр, хүү нь сар бүрийн 2 хувь байх гэсэн нөхцөл хэвээр үргэлжилсэн.

Зээлийн хугацаа 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дуусахад хариуцагч нь үндсэн зээлээс 36 000 000 төгрөгийг буцаан төлсөн. Үлдэгдэл 44 000 000 төгрөгийг төлөөгүй. Хариуцагч 2015 оноос хойш төлөх ёстой хүүнээс 9 776 000 төгрөг төлсөн.

Иймд зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 44 000 000 төгрөг, зээлийн хүү 33 344 000 төгрөг, нийт 77 344 000 төгрөгийг зээлдэгч Н-гээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Уээс 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 80 000 000 төгрөгийг, 2 хувийн хүүтэйгээр 5 сарын хугацаатай зээлсэн юм. Бид зээлийн хүүг хугацаандаа төлж байгаад зээлийн хугацаа дуусахад дахин гэрээ хийж зээлийн хугацааг 8 сарын хугацаагаар сунгасан. 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш дахин зээлийн гэрээний хугацааг сунгаагүй ба үндсэн зээлийн төлбөрөөс төлөлт хийж ирсэн.

2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны хүүг бүрэн төлсөн тул энэ талаар маргахгүй. 2012 оны дундуур нэхэмжлэгч 36 000 000 төгрөг авсан. 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш төлсөн дансаар болон бэлнээр, бэлэн бус буюу гутал бараа материалаар төлбөн төлбөр 44 000 000 төгрөгөөс хасагдах ёстой.

Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч Уийн хүү Ууганбаярын дансанд 62 удаагийн шилжүүлгээр 22 990 000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 7 удаагийн үйлдлээр гутал буюу бараа авсан нь 1 080 000 төгрөг болж байгаа. Үүнээс гадна бэлнээр нийт 3 959 000 төгрөг өгсөн ба нийт 28 030 000 төгрөгийг үндсэн зээл 44 000 000 төгрөгөөс хасч, 15 970 000 төгрөг төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н-гээс 36 210 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ут олгож, нэхэмжлэлээс 41 134 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Уийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 627 380 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н-гээс 339 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ут олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

Зээлдэгчийн 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өөрийн гараар бичсэн "44 сая төгрөгийг 2 хувийн хүүтэй зээлж авсан, зээлийн хүүг тогтмол төлж байсан, одоо 44 сая төгрөгийн үлдэгдлийг төлнө" гэх бичгийг зээлийн хүү төлөх үүргийг хүлээн зөвшөөрсөн нотлох баримт гэж үнэлэх үндэслэлтэй байсан. Тус баримтад "зээлийн хүүг cap сүр тогтмол төлж ирсэн" гэж бичсэн нь тус баримтыг бичих өдрийг хүртэлх хугацаанд төлсөн төлбөр нь зээлийн хүү болохыг зээлдэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн болохыг нотлох юм. Тус баримтад зээлдэгч үндсэн зээлийн үлдэгдэл 44 саяыг төлөхөө илэрхийлсэн нь мөн адил үндсэн зээлээс төлөлт хийгдээгүй буюу зээлийн хүү төлж ирсэн болохоо хүлээн зөвшөөрсөний нотолгоо юм.

Үүнтэй холбоотой Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 199.3 дахь хэсэгт заасныг хэрэглэх үндэслэлтэй юм. Иймд 2015, 2016, 2017 онуудын 36 сарын зээлийн хүү 31 680 000 төгрөг, 2018 оны 6 сарын зээлийн хүү 5 280 000 төгрөг, нийт 36 960 000 төгрөгийн зээлийн хүүг хариуцагчаас нэмж гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Учир нь анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ ...бичгээр хийх хуулийн шаардлага хангаагүй байх тул дээрх хуульд заасны дагуу хүү авах эрхээ алдана гэж дүгнэсэн атлаа ...2013 оны 01 сараас 2014 оны 12 сар хүртэлх хүүг 20 240 000 төгрөгийг тооцон авч байгаа нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт заасныг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд 36 210 000 төгрөг гаргуулсныг багасгаж 15 970 000 төгрөг болгон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч У нь хариуцагч Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 77 344 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Н-, У нар нь 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч У нь 80 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр мөнгөн хөрөнгийг зээлдэгч Н-д шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Энэхүү зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч Н- нь зээлийн хүүг сар бүр төлж, зээлийн гэрээний хугацааг 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл сунгасан гэрээг бичгээр хийсэн байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Зээлдэгч Н- нь зээлийн хүүг 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл бүрэн төлсөн, үндсэн зээлээс 36 000 000 төгрөгийг төлсөн талаар зохигч маргаагүй.

 

Нэхэмжлэгч У төлөгдөөгүй зээлийн хүү 33 344 000 төгрөг, үндсэн зээл 44 000 000 төгрөг нийт 77 344 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Н- эс зөвшөөрч, зээлийн гэрээний хугацааг 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш сунгаагүй тул үүнээс хойш төлсөн төлбөрийг үндсэн зээл 44 000 000 төгрөгөөс хасагдах ёстой гэж маргажээ.

 

Талуудын бичгээр байгуулсан зээлийн гэрээнд заасан хугацаа 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дууссанаар сар бүр хүү төлөх үүрэг дуусгавар болсон бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Н- ...44 000 000 төгрөгийг 2 хувийн хүүтэй авсан, уг зээлийн хүүг сар бүр тогтмол төлж байсан ба ... гэж бичсэн /хх 7 дахь тал/-ийг хуульд заасан хэлбэрээр зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгч У үндсэн зээлийн үлдэгдэл 44 000 000 төгрөгийг төлж дуусах хүртэл сарын 2 хувийн хүү төлөхөөр тохиролцсон гэдгийг гэрч Х.Ганбаярын мэдүүлгээр нотлогдохгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11 дэх хэсэгт заасантай нийцсэн.

 

Зээлдэгч Н- нь 2013 оны 01 сараас 2014 оны 12 дугаар сарыг дуустал сар бүр 880 000 төгрөгийг зээлдүүлэгч Ут төлж байсан нь Уийн Хас банк ХХК, Хаан банк ХХК-ийн дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасан. Зээлдэгч Н-гийн зүгээс зээлийн хүүг хүлээн зөвшөөрч төлсөн байх тул 2013 оны 01 сараас 2014 оны 12 дугаар сарын хооронд 44 000 000 төгрөгт 2 хувийн хүү төлөх үүргийг тогтоосон зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Зээлдэгч Н- 2015 оноос эхлэн хүү төлөх үүргийг гүйцэтгээгүй, бизнесийн үйл ажиллагаа нь доголдож, төлбөрийг чадваргүй болсон гэж тайлбарлаж байх ба зээлдүүлэгч У нь 2015 оноос эхлэн зээлийн төлбөрийг буцаан шаардаж байсан болох нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Иймд 2015 оны 01 сард хариуцагч Н-д зээлийн төлбөрийг буцаан төлөх үүрэг үүссэн гэж үзэх тул анхан шатны шүүх хариуцагчийн төлөх үүргийг 64 240 000 төгрөгөөр тодорхойлж, хариуцагчийн төлсөн 28 030 000 төгрөг хасч, үлдэх 36 210 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41 134 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/00129 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 342 750 төгрөг, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА