Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2017/01892

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2017/01892

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Ц-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.C ХХК -д холбогдох,

 

Гүйцэтгэх захирлын 2017 оны 02 сарын 01-ний өдрийн 02 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 19,720,920 төгрөгийг гаргуулах, холбогдох нийгмийн болох эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А, хариуцагчийн төлөөлөгч Б.У, түүний өмгөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Газрын тосны хадгалалт тээвэрлэлтийн инженер мэргэжилтэй. 2007 онд ШУТИС-ийг төгссөн. Мэргэжлээрээ 7 жил ажиллаж байгаа туршлагатай.

2015 оны 5 сарын 09-ний өдөр ажлын санал ирүүлснээр ТС ХХК-д терминал менежерийн ажлын байранд ажиллах болсон.

Ийнхүү би ажилд ороод Багахангай дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ТС ХХК-ийн терминалыг анхлан үүсгэн байгуулагдах үед нь тус терминалын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай өөрөөс хамаарах бүх арга хэмжээг авч хэрэгжүүлсний үндсэн дээр одоог хүртэл тус терминал хэвийн ажиллаж байна.

Ингээд би ажил үүргээ хэвийн, хариуцлагатайгаар гүйцэтгэж байгаад 2016 оны 10 сараас 2017 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл жирэмсний амралтаа авсан. Энэхүү амралт авах хүсэлт маань и-мэйлээр баталгаажсан байсан бөгөөд тус амралтын хугацаа дуусмагц ажилдаа орох гэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаан гарсан тул амралтаа 1 сар сунгах хүсэлт гаргасныг байгууллага албан и-мэйлээр зөвшөөрч 2017 оны 2 сарын 01-ний өдөр ажилдаа орохоор тохиролцсон.

Улмаар 02 сарын 01-ний өдөр ажилдаа орох байсан тул ажил үүргээ хэвийн тасралтгүй гүйцэтгэх зорилгоор Улаанбаатар хотоос ажилдаа явдаг байснаа больж 2017 оны 01 сарын 31-ний өдөр Багахангай дүүргийн 2-р хорооны Хангайн 3-ын 01 тоот байр түрээслэн 2 сар 20 хоногтой өөрийн хүү болон түүнийг асран халамжлах хүний хамт нүүн очсон байсан.

Гэтэл 2017 оны 01 сарын 31-ний өдөр оффис менежер н.У утсаар ярьж Багахангай дүүрэгт байрлах терминал руу биш шууд Улаанбаатар оффис дээр ирж ТМ ХХК-ийн Монгол Улс болон ОХУ-ыг хариуцсан захирал М.С.З, ТМ ХХК-ийн захирал Э.Ж нартай ирж уулзаарай гэж мэдэгдсэний дагуу ажилд орох өдөр буюу 2017 оны 02 сарын 01-ний өдрийн өглөө 09:30 цагт ТМ ХХК-ийн Улаанбаатар дахь оффисийн байрны хурлын өрөөнд уулзаж Сингапурын оффисоос бүх хариуцсан менежер СИ-с ирсэн и-мэйлийг үндэслэж ажлаас халж байгаа гэдгээ хэлсэн.

Энэ үед гэнэт ийм мэдээ дуулмагцаа хагалгаанд ороод удаагүй, нялх биетэй, сэтгэл санааны хувьд тогтворгүй байсан тул шоконд орж ухаан балартаад яриагаа дуусгаад гараад явсан.

Ингээд хэсэг хугацааны дараа Э.Ж захирлыг дуудан үүдний сандал дээр суугаад өөрийн эрхгүй уйлж би ямар нэгэн алдаа дутагдал байхгүй, яагаад халж байгаа шалтгааныг тодорхой, яг үнэнээр нь хэлээч, ядаж надад тэр и-мэйлээ үзүүлж болох уу гэж гуйсан.

Тэгэхэд Э.Ж захирал Михайлтай ярилцаад болно гэвэл тань руу и-мэйл илгээе гэсэн боловч над руу и-мэйл илгээгээгүй тул би ямар шалтгаанаар халагдаж байгаагаа мэдээгүй. Мөн тухайн үед ямар нэгэн бичигт намайг гарын үсэг зурахыг надаас шаардаж байсан. Тэр бичигт нь Хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгох гэрээ байсан. Тухайн үед миний сэтгэл маш их хөдөлсөн, гайхсан, цочирдож төөрөгдөлд орсон байсан үедээ тухайн гэрээнд гарын үсэг зурсан.

Ингээд намайг 2017 оны 02 сарын 01-ний өдрийн 02 тоот тушаалаар ажлаас халсан. Ийнхүү намайг ажлаас халсан тушаал гаргахдаа надтай харилцан тохиролцсон гэх үндэслэлийг удиртгал болгосон байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ажил олгогч надтай гэрээ дуусгавар болгож байгаа талаар ямар нэгэн тохиролцоо хийгээгүйн дээр миний үзэл бодол, саналыг авалгүйгээр шууд өөрсдийн бэлдсэн зүйл дээр гарын үсэг зуруулж авсныг би хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Ер нь надад ажлаасаа гарах бодол огтхон ч байгаагүй бөгөөд ийм ч учраас би нялх хүүхдээ аваад байр хөлсөлж эхэлж хүртэл байсан юм.

Мөн манай байгууллага ийнхүү надтай харилцан тохиролцсон гэдэг зүйлээр халхавчилж намайг ажилгүй болгож байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Тус хуулийн 100.1-д жирэмсэн болон 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг 2 тохиолдлоос бусад тохиолдолд ажлаас халахыг хориглосон байтал тус 2 зөрчлийг гаргаагүй байхад ажлаас халж байгаад маш их гомдолтой байна.

Намайг ажлаас халсан тушаалыг 2017 оны 2 сарын 01-ний өдөр гаргасан атлаа ямар ч шалтгаангүйгээр надад 5 сарын 01-ний өдөр гаргаж өгч байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т заасныг зөрчиж хүртэл намайг давхар хохироож байна.

Иймд 2017 оны 2 сарын 01-ний өдрийн 02 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 19,720,920 төгрөгийг гаргуулах, холбогдох нийгмийн болох эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

******* нь тус компанид терминал менежерийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд 2017 оны 02 сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгох гэрээ-г байгуулсан.

Улмаар уг гэрээг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасныг үндэслэн Н.Ц-н хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

2017 оны 02 сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгох гэрээ-ний дагуу Н.Ц-д 6 сарын цалин хөлс, тэтгэмж болох 22,173,000 төгрөгийг түүний Хаан банкны ... тоот дансанд шилжүүлсэн.

Түүнчлэн нэхэмжлэлд Н.Ц нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийг зөрчиж зөрчил гаргаагүй байхад ажлаас халсан нь үндэслэлгүй хэмээн дурджээ.

Нэхэмжлэгчийн хувьд түүний хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь халаагүй харин түүнтэй харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг нь дуусгавар болгосон, мөн нэхэмжлэлд дурдсанчлан түүнийг гэрээнд гарын үсэг зурахыг шаардаагүй болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Ц нь гүйцэтгэх захирлын 2017 оны 02 сарын 01-ний өдрийн 02 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 19,720,920 төгрөгийг гаргуулах, холбогдох нийгмийн болох эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч ТС ХХК эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Н.Ц-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Н.Ц нь 2015 оны 7 сарын 16-ны өдрөөс эхлэн ТС ХХК-д терминал менежерийн ажил, албан тушаалд ажиллахаар хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан байдаг.

 

ТС ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 02 сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай 02 тоот тушаалаар терминал менежер Н.Ц-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, Н.Ц-д ажилгүй болсны тэтгэмж гэж 3 сарын царинтай тэнцэх мөнгөн олговор олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Дээр дурдсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалт болон Н.Ц-ой байгуулсан 2017 оны 02 сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгох тухай гэрээ-г тус тус үндэслэл болгожээ.

 

Гүйцэтгэх захирлын 2017 оны 02 сарын 01-ний өдрийн 02 тоот тушаалыг нэхэмжлэгч Н.Ц-д 2017 оны 5 сарын 01-ний өдөр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хамт гардуулсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд нэхэмжлэгч шүүхэд гомдлоо гаргасан гэж үзнэ.

 

Тушаалд дурдагдсан Хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгох гэрээ-гээр талууд харилцан тохиролцож Н.Ц-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн дуусгавар болгох, ТС ХХК-иас Н.Ц-д 6 сарын цалин олгохоор тохиролцож талууд гарын үсэг зурж, тамгаар баталгаажуулсан байна.

 

Тус гэрээний дагуу ТС ХХК-ийн зүгээс 2017 оны 02 сарын 11-ний өдрөөс 2017 оны 4 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 22,173,000 төгрөгийг Н.Ц-н Хаан банк дахь дансанд шилжүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч Н.Ц нь ямар нэгэн бичигт намайг гарыг үсэг зурахыг надаас шаардаж байсан, Тухайн үед миний сэтгэл маш их хөдөлсөн, гайхсан, цочирдож төөрөгдөлд орсон байсан үедээ тухайн гэрээнд гарын үсэг зурсан хэмээн тайлбарлаж байх боловч энэ нөхцөл байдал нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Ажил олгогчийн зүгээс хүчээр гарын үсэг зуруулсан, дарамталж шахсан гэх үйл баримт мөн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд нэхэмжлэгч ажил олгогчийн зүгээс нийт 7 удаагийн үйлдлээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хүлээн авч, түүнийг хүлээн зөвшөөрч ирсэн байна.

 

Нэхэмжлэгч нь ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Эхчүүдийг хамгаалах тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 103 дугаар конвенцийн 6 дугаар зүйлийг хариуцагч зөрчсөн гэж тайлбарлаж байгаа үндэслэлгүй байна.

 

Учир нь, талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн харилцаан дуусгавар болгож байгаа тохиолдолд дээр дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалт, Эхчүүдийг хамгаалах тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 103 дугаар конвенцийн 6 дугаар зүйл уг маргаанд хамааралгүй байх бөгөөд эдгээр хууль, конвенцийн холбогдох зүйл, заалт нь хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, ажилтанг халах тохиолдолд хэрэглэгдэнэ.

 

Өөрөөр хэлбэл, талуудын харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгох хүсэл зоригийг дээр дурдсан хууль, конвенцийн холбогдох зүйл, заалтаар хааж болохгүй юм.

 

Иймд ТС ХХК-д холбогдуулан гаргасан Н.Ц-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Түүнчлэн, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан үүргээ биелүүлээгүй нь Н.Ц-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.      Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ТС ХХК-д холбогдох, 2017 оны 2 сарын 01-ний өдрийн 02 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 19,720,920 төгрөгийг гаргуулах, холбогдох нийгмийн болох эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай, Н.Ц-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР