Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2040

 

Н.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01892 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Н.Цгийн, хариуцагч ТС ХХК-д холбогдуулан гаргасан гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 19 720 920 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ц, түүний өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, өмгөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 5 дугаар сарын 09-ний өдөр надад ажлын санал ирснээр би ТС ХХК-д терминал менежерээр ажиллахаар болсон. 2016 oны 10 сараас 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд жирэмсний амралтаа авсан бөгөөд амралтын хугацаа дуусмагц 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орохоор хариуцагчтай тохиролцсон. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр оффис менежер н.Ундрах утсаар ярьж, Багахангай дүүрэгт байрлах терминал руу биш, шууд Улаанбаатар хотын оффис дээр ирж “Трафигура Монголия” ХХК-ийн Монгол Улсын болон ОХУ-ыг хариуцсан захирал М.С.Зелдович, ТС ХХК-ийн захирал Э.Жононбаяр нартай ирж уулзаарай гэж хэлсний дагуу 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн өглөө 9 цаг 30 минутад “Трафигура Монголия” ХХК-ийн Улаанбаатар хот дахь оффисын байрны хурлын өрөөнд уулзахад Сингапурын оффисоос Сиро Изарогоос ирсэн и-мэйлийг үндэслэн таныг ажлаас халж байна гэж хэлсэн. Би тухайн үед ямар шалтгаанаар халагдаж байгаагаа мэдээгүй. Мөн ямар нэгэн албан бичигт намайг гарын үсэг зурахыг шаардсан бөгөөд тэр нь Хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгох гэрээ байсан.

Тухайн үед миний сэтгэл маш их хөдөлсөн, гайхсан, цочирдож төөрөгдөлд орсон байсан учраас түүнд гарын үсэг зурсан. Ингээд намайг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот тушаалаар ажлаас халсан бөгөөд ийнхүү намайг ажлаас халсан тушаалыг гаргахдаа надтай харилцан тохиролцсон гэх үндэслэлийг удиртгал болгосон. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ажил олгогч надтай гэрээ дуусгавар болгож байгаа талаар ямар нэгэн тохиролцоо хийгээгүй, миний үзэл бодол, саналыг авалгүйгээр шууд өөрсдийн бэлдсэн зүйл дээр гарын үсэг зуруулж авсанд гомдолтой байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар жирэмсэн болон 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг 2 тохиолдлоос бусад тохиолдолд ажлаас халахыг хориглосон байтал тус 2 зөрчлийг гаргаагүй байхад ажлаас халж байгаад маш их гомдолтой байна. Ажлаас халсан тушаалыг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан атлаа ямар ч шалтгаангүйгээр надад 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гаргаж өгч байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иймд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 19 720 920 төгрөгийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Ц нь тус компанид терминал менежерийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгох гэрээг байгуулсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасныг баримтлан Н.Цгийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Уг гэрээний дагуу 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж болох 22 173 000 төгрөгийг Н.Цгийн Хаан банкны 5890446271 тоот дансанд шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн хувьд түүний хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь халаагүй, харин түүнтэй харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, түүнийг гэрээнд гарын үсэг зурахыг шаардаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ТС ХХК-д холбогдох 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 19 720 920 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Ц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Н.Цтой хариуцагч харилцан тохиролцсон уу, энэ тохиролцоо нь бодит байсан уу, нэхэмжлэгчид хүсэл зориг байсан эсэх, түүнийгээ илэрхийлсэн эсэхийг харгалзалгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Учир нь Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохын тулд дуусгавар болгох үндэслэл, шалтгаан, шаардлага хуульд тусгагдсан байх, мөн үндэслэл тухайн тохиолдолд бодитой болсон эсэхийг шүүх шалгаж үзэх ёстой байсан. Харин надад хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ямар ч шалтгаан, үндэслэл, шаардлага байгаагүй бөгөөд харин ч эсрэгээрээ ажилдаа хурдан орох хэрэгцээ шаардлага байсан тул би хүүхдээ хуулийн дагуу 3 нас хүртэл нь харахгүйгээр шууд ажилдаа орохоор шийдвэрлэсэн нь намайг ажилгүй болгох шалтгаан нь болжээ.

Улмаар Хөдөлмөрийн тухай хуульд тусгагдсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлүүдийг хүний хүсэл зоригоос хамааралтай эсэхээр ангилж үзвэл, гэрээний талууд хоорондоо тохирох гэсэн заалт нь хүний хүсэл зоригоос шууд хамааралтай. Гэтэл ажил олгогчийн зүгээс дээрх гэрээнд тусгагдсан заалтууд нь бүгд ганц надад үүрэг болгосон байгаагаар нотлогдоно. Надад хөдөлмөрийн харилцаагаа зогсоох хүсэл зоригийн илэрхийлэл байсан бол тус гэрээнд тусгагдах ёстой байхад тийм зүйл байхгүй, мөн гэрээ ажлаас чөлөөлж буй тушаал нь бүгд нэг өдөр гарсан нь энэ гэрээ өөрөө харилцан тохиролцсон биш гэдэг нь харагдаж байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 буюу хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгох гэсэн хуулийн энэхүү үндэслэлийн гол онцлог нь үргэлжлэн хэрэгжиж буй гэрээний харилцааг бүр мөсөн зогсоох талаар ажил олгогч болон ажилтантай ярилцан, энэ тухай нэгдсэн саналд хүрсэн байх явдал бөгөөд гэрээг дуусгавар болгохоор тохирсон тохиролцоо нь энэ талаар маргаан үүсгэхгүй байх нөхцлийг бүрдүүлсэн байх ёстой. Харин энэхүү харилцан тохиролцоонд маргаан үүсэж байгаа нь өөрөө үнэн бодит харилцан тохиролцоо биш байсан нь тогтоогдож байна.

Нөгөө талаас Н.Ц би үнэхээр энэ байгууллагад ажиллах сонирхолгүй байсан бол хүүхдээ асрах чөлөөнийхөө хугацааг дуусахаас өмнө ажилдаа орж Багахангай дүүрэгт байр хөлсөлж, хүүхэд харах хүн хүртэл хайж oлox шаардлага байхгүй хуулийн дагуу нийгмийн даатгалаа төлүүлээд хүүхдээ өсгөөд сууж байх нь надад хувь хүнийхээ хувьд ашигтай хувилбар байсан. Н.Ц миний бие одоо 6 сартай хүүхэдтэй, дээр нь миний нөхрийн эрүүл мэнд муу, байнгын өндөр төлбөртэй эмчилгээ хийлгэсээр ирсэн бөгөөд үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэх зэрэг хэрэгцээ шаардлагатай, мөн би өнөөдрийг хүртэл ажилд ороогүй байгаа тул ажилдаа буцаж орох хүсэлттэй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Н.Ц, хариуцагч ТС ХХК-д холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот тушаалын хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 19 720 920 төгрөгийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

            Талуудын хооронд 2015 оны 7 дугаар сараас хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд хариуцагч ТС ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот тушаалаар Н.Цтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасныг үндэслэжээ. /хх-4-5, 8-13 дугаар тал/

 

Хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан бичгийн нотлох баримтаас харахад нэхэмжлэгч, хариуцагч нар 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулан, мөн өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, хариуцагч нь Н.Цд 6 сарын цалинг олгохоор тохиролцон зохигч талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан байх бөгөөд улмаар хариуцагч тал гэрээний дагуу 22 173 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлжээ. /хх-23-29/

 

Нэхэмжлэгч тал “...харилцан тохиролцоогүй, миний саналыг авахгүйгээр өөрсдийн бэлдсэн зүйл дээр гарын үсэг зуруулсан ..., төөрөгдөлд орсон байхдаа гарын үсэг зурсан,” гэж маргаж мэтгэлцсэн боловч үүнийгээ баримтаар нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Түүнчлэн нэхэмжлэгч дээрх хэлцлийг хийхдээ ноцтой төөрөгдсөн Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч нотлоогүй тул хариуцагчийн харилцан тохиролцож гэрээг дуусгавар болгосон үндэслэлээр гаргасан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасанд нийцжээ.

 

Талууд нэгэнт харилцан тохиролцсон тул нэг талын санаачилгаар буюу ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах тохиолдолд хориглох хязгаарлалтыг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг зөрчсөн гэж нэхэмжлэгч үзсэн нь энэ маргаанд хамааралгүй.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01892 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                 С.ЭНХТӨР

                                             Ч.ЦЭНД