Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2022/0792

 

 

 

 

 

    2022              10              27                                            128/ШШ2022/0792

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Дүгнэлт гаргасан прокурор: Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор *******,

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Б.Б********,

Маргааны төрөл: “геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлт бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э******, хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Б.Б******** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Прокурорын дүгнэлтийн талаар. Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ****** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар.

2.1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч М***** ХХК-ийг “ашигт малтмалын ашиглалтын MV-***** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн хилийг тогтоож, шав тэмдэг тавьсан актыг хуулийн хугацаанд төрийн захиргааны байгууллагад хүргүүлээгүй" гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтаар 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудсаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

2.2. Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э***** МХЕГ-09-147/0*** дугаартай зөрчлийн хэргийн материалыг шалгалтаар хянаад улсын байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ****** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаартай дүгнэлт бичжээ.

2.3. Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрх бүхий албан тушаалтан Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасны дагуу “өөрийн эзэмшдэг ашигт малтмалын ашиглалтын MV-***** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн хилийг тогтоож, шав тэмдэг тавьсан актыг хуулийн хугацаанд төрийн захиргааны байгууллагад хүргүүлээгүй" гэх үйлдэлд М***** ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан "хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан" гэх заалтаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

   Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйл "Мэдээ тайлан гаргах"-д тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргах мэдээ тайлан, хүргүүлэх эрх бүхий байгууллагыг тусгайлан буюу 48.1 дэх хэсэгт "Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах мэдээ, тайлан, төлөвлөгөөг дор дурдсан хугацаанд үнэн зөв гаргаж төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албанд хүргүүлнэ:" 48.1.1-д “хайгуулын ажлын төлөвлөгөөг хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон өдрөөс хойш 30 хоногийн, дараагийн жилүүдэд тухайн оны төлөвлөгөөг 4 дүгээр сарын 15-ны дотор;” 48.1.2-т “хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор;” 48.6 дахь хэсэгт “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах мэдээ, тайланг дор дурдсан хугацаанд төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ:” 48.6.1-д “тухайн ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг эрх бүхий байгууллагаар хийлгэж ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш нэг жилийн дотор;” 48.6.2-т “дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд, уулын ажлын төлөвлөгөөг батлагдсан зааврын дагуу 12 дугаар сарын 01-ний дотор..." зэргээр тусгайлан хуульчилсан байна.

   Дээрх Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан мэдээ тайланг тусгай зөвшөөрөл эзэмшигч хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулахаар Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заажээ.

   Гэтэл эрх бүхий албан тушаалтан М****** ХХК-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан “...тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгүүлснээс хойш 3 сарын дотор мэргэжлийн хяналтын албаны тавьсан техникийн шаардлагын дагуу уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавих бөгөөд уурхайн талбайн хилийн хэмжилтийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хийлгэж, хил тогтоосон тухай актыг тус албанд ирүүлнэ..." гэх заалтыг хэрэгжүүлээгүй үйлдлийг мөн хуулийн 48 дугаар зүйлд заасан мэдээ тайланг ирүүлээгүй үйлдэлтэй адилтган үзэж шийтгэл оногдуулсан нь хууль төсөөтэй хэрэглэсэн гэж дүгнэхээр байна.

   Мөн нөгөө талаас Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлд уурхайн талбайн хилийн хэмжилтийг хийлгэж, шав тэмдэг тавих хугацааг тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгүүлснээс хойш 3 сарын дотор гэж заасан байх боловч дээрх хугацааны дотор хил тогтоосон актыг мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлнэ гэж заагаагүй байна. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно." гэж, мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ." гэж заасан.

   Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэхэд зөрчлийн шинжийг Зөрчлийн тухай хуульд заасан эсхүл бусад хуульд заасан эсхүл хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан шинжүүдээр тус тус тодорхойлж болохоор байх боловч зөвхөн Зөрчлийн тухай хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл эс үйлдэхүй байхаар заасан байна.

   Зөрчлийн тухай хуульд заасан "Ашигт малтмалын тухай хууль зөрчих” зөрчлийн шинж нь 7.11 дүгээр зүйлийн 1-ээс 7 дугаар болон тэдгээрийн доторх заалтад заасан шинжүүдээр тодорхойлогдохоор Зөрчлийн тухай хуульд тодорхой зааж өгсөн байх тул Ашигт малтмалын тухай хуульд заасан бүхий л үйлдлийг хамааруулан өргөн утгаар ойлгож, хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй тул М ХХК-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлээгүй үйлдэлд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Б.Б******* 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр М*******ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулсан шийдвэр нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж хохирлын хэр хэмжээнд тохирсон байна" гэх шударга ёсны зарчим, мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан "Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй" гэх хууль ёсны зарчимд нийцэхгүй үндэслэлгүй байх тул хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон прокурорын дүгнэлт бичсэн.” гэв.  

2.4. Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Э******* ХХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр М****** ХХК-ийн эзэмшдэг ашигт малтмалын ашиглалтын MV-0**** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн хилийн шав тэмдэг тавьсан тухай тайланг хянан баталгаажуулахаар 22/06 тоот албан бичгээр ирүүлсэн.

Уг хүсэлтийг хянаж үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр МV-***** дугаартай тусгай зөвшөөрлийг М**** ХХК-д олгосон байх ба Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтыг зөрчин MV-0***** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн хилийг тогтоож, шав тэмдэг тавьсан актыг хуулийн хугацаанд төрийн захиргааны байгууллагад хүргүүлээгүй үндэслэлээр М***** ХХК-д 09-147/**** дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн.

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.", Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа энэ зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ”, 35.3.6-д “уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт” гэж заасныг тус тус үндэслэн М *****ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтын дагуу арван мянга нэгжээр торгох шийтгэл оногдуулсан болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 26.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгүүлснээс хойш 3 сарын дотор мэргэжлийн хяналтын албаны тавьсан техникийн шаардлагын дагуу уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавих бөгөөд уурхайн талбайн хилийн хэмжилтийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хийлгэж, хил тогтоосон тухай актыг тус албанд ирүүлнэ” гэж заасны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн "Техникийн шаардлага батлах тухай" А/68 тоот тушаалаар баталсан Ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан ажлын тайлангийн загварын дагуу хүлээн авч шийдвэрлэдэг.

Холбогдогч С.М**** "МV-**** дугаартай тусгай зөвшөөрөл 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр бичигдэж 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан. Энэ өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хугацаанд буюу хуульд заасан хугацаанд Монгол улсад Ковид-19 халдварт өвчний хатуу хөл хорио тогтоосон байсан. Энэ хугацаанд Дорноговь аймаг руу шав тэмдэг тавихаар явах боломжгүй байсан тул хуульд заасан хугацаанд MV-***** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн уурхайн хилийн шав тэмдгийг тавиулж чадаагүй болно. Зөрчлөө хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг нь тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгүүлснээс хойш 3 сарын дотор мэргэжлийн хяналтын албаны тавьсан техникийн шаардлагын дагуу уурхайн талбайн хилийг тогтоолгож хил тогтоосон тухай актаар баталгаажуулсан тайланг тус албанд ирүүлнэ гэсэн ойлголт нийтлэг байгааг нотолж байгаа болно.

Иймд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх М.Э********* Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай" 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож, **** дугаартай шийтгэлийн хуудсаар М****** ХХК-д оногдуулсан торгуулийн шийтгэлийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор улсын байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудсыг “М********ХХК-ийн үйлдэл зөрчлийн шинжгүй, Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэсэн нь “энэ хуулийг төсөөтэй хэрэгсэхгүй” гэх хууль ёсны зарчимд, “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй” гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаартай дүгнэлт бичсэн ба хариуцагч нь “шийтгэлийн хуудаст баримталсан зөрчилд хамаарна, зөрчилд холбогдогч зөрчлөө хүлээн зөвшөөрсөн” гэх агуулгаар тайлбарлажээ.

2. Хуульд заасан журмаар зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалд цуглуулсан, шүүх хуралдаанд судлагдсан тэдгээр нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр прокурорын 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаартай дүгнэлтийг хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Зөрчил гэж үзсэн үйлдлийн тухайд, М******* ХХК нь 2021 оны 3 дугаар сарын  11-нд олгогдсон ашигт малтмалын ашиглалтын МV-***** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавиулах ажлыг тусгай зөвшөөрөлтэй Э******* ХХК-иар 2022 оны 1 дүгээр сарын 18, 19-ний өдөр гүйцэтгүүлж, талбайн хил тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт үйлдүүлсэн, Э******** ХХК 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 22/06 тоот албан бичгээр акт тайланг баталгаажуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлжээ.

2.1. Ашигт малтмалын тухай хуульд энэ талаар 36 дугаар зүйлийн 36.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 26.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгүүлснээс хойш 3 сарын дотор мэргэжлийн хяналтын албаны тавьсан техникийн шаардлагын дагуу уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавих бөгөөд уурхайн талбайн хилийн хэмжилтийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хийлгэж, хил тогтоосон тухай актыг тус албанд ирүүлнэ” гэж заасан бөгөөд уурхайн талбайн хилийн хэмжилт хийлгэж шав тэмдэг тавих хугацааг хуульд ийнхүү тодорхойлсон ч энэ үүргээ хэрэгжүүлээгүйг зөрчил гэж үзэхээр Зөрчлийн тухай хуульд заагаагүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно.", 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ." гэж заасан, өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуульд зөрчил гэж үзэхээр заасан үйлдэл, эс үйлдэлд л уг хуулиар шийтгэл ногдуулах тул  “уурхайн талбайн хилийн хэмжилт хийлгэж шав тэмдэг тавих, ирүүлэх хугацааг хоцроосон” гэх үйлдлийг зөрчил гэж үзэхээр Зөрчлийн тухай хуульд заагаагүй байх тул шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

2.2. Хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан уурхайн талбайн хилийн хэмжилт хийлгэж шав тэмдэг тавих хугацааг хоцроосон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн энэ үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтаар “хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан" зөрчил гэж үзэж шийтгэл оногдуулсан.

Тэгвэл Зөрчлийн тухай хуульд 7.11 дүгээр зүйлд Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн тодорхой үйлдлүүдийг зөрчил гэж үзэхээр, түүнд ногдуулах шийтгэлийн хэмжээг хуульчилсан, шийтгэлийн хуудаст баримталсан 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтаар зөрчилд тооцогдох “хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг гаргаж өгөх хугацааг тогтоосон” зохицуулалт нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд хуульчлагдсан, тодруулбал, 48.6-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах мэдээ, тайланг дор дурдсан хугацаанд төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ:” 48.6.1-д “тухайн ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг эрх бүхий байгууллагаар хийлгэж ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш нэг жилийн дотор;” 48.6.2-т “дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд, уулын ажлын төлөвлөгөөг батлагдсан зааврын дагуу 12 дугаар сарын 01-ний дотор" гэж заасан, үүнд уурхайн хилийн хэмжилт хийлгэж шав тэмдэг тавих хугацааг, уг актыг хүргүүлэх хугацааг оруулаагүй байна.

Түүнчлэн “Ашигт малтмалын тухай хууль зөрчих” гэсэн Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн бусад хэсэг, заалтад ч уурхайн талбайн хилийн хэмжилт хийлгэж шав тэмдэг тавих хугацааг хоцроосон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн  үйлдлийг зөрчилд тооцохоор хуульчлаагүй байна.

Тиймээс прокурор Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан мэдээ тайланг тусгай зөвшөөрөл эзэмшигч хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол торгох шийтгэл оногдуулахаар заасан Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг эрх бүхий албан тушаалтан төсөөтэй хэрэглэж, Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан “уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавьсан актыг ирүүлэх" хугацаа хоцроосон үйлдлийг мөн хуулийн 48 дугаар зүйлд заасан мэдээ тайланг ирүүлээгүй үйлдэлтэй адилтган үзэж шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэх хууль ёсны зарчимд нийцээгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

2.3. Зөрчилд холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд "МV-***** дугаартай тусгай зөвшөөрөл 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр бичигдэж 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан. Энэ өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хугацаанд буюу хуульд заасан хугацаанд Монгол улсад Ковид-19 халдварт өвчний хатуу хөл хорио тогтоосон байсан. Энэ хугацаанд Дорноговь аймаг руу шав тэмдэг тавихаар зорчих боломжгүй байсан тул хуульд заасан хугацаанд MV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн уурхайн хилийн шав тэмдгийг тавиулж чадаагүй” хэмээн тайлбарласан ч ийнхүү хүндэтгэн үзэх шалтгааны улмаас орон нутагт буюу уурхайн талбай руу зорчих боломжгүй байсан эсэхийг тогтоогоогүй, үүнийг харгалзан үзээгүй нь, нөгөөтэйгүүр ийнхүү хилийн хэмжилт хийгээгүйгээс, шав тэмдэг тавиагүйгээс ямарваа эрх зүйн үр дагавар үүсээгүй, бусдад хохирол учраагүй байх тул зөрчлийн шинжгүй үйлдэлд шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Иймд М****** ХХК-ийн үйлдэл зөрчлийн шинжгүй, Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэсэн нь “энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэх хууль ёсны зарчимд, “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй” гэсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байх тул дүгнэлтийг хангаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах прокурорын дүгнэлтээр хэргийг шийдвэрлэхэд зөрчилд холбогдогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж, өөрөөр хэлбэл прокурорын дүгнэлт түүний эрх зүйн байдлыг дордуулах агуулгагүй байсан тул М***** ХХК-ийг гуравдагч этгээдээр захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагагүй гэж үзсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 1.3 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаартай дүгнэлтийг хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар прокурор, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА