Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2023/0004

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн

 хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн

 хяналтын прокурор М.Э-ийн дүгнэлттэй

зөрчлийн хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Б.Б

Дүгнэлт гаргасан прокурор: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Б.Б

Маргааны төрөл: “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0045700 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 792 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Дүгнэлт гаргасан прокурор: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э

Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0794/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Б.Бт холбогдуулан “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0045700 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 792 дугаар шийдвэрээр: “...Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 1.3 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаартай дүгнэлтийг хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0045700 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Б.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасан үндэслэлд зааснаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны “Техникийн шаардлага батлах тухай” А/68 тоот тушаалаар баталсан “Ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан ажлын тайлангийн загвар”-ын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэг”-ийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг хуульчилсан байхад шүүхээс Зөрчлийн тухай хуульд заагаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

3.2. ... “уурхайн талбайн хэмжилт хийлгэх шав тэмдэг тавих, ирүүлэх хугацааг хоцроосон” үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэг”-т хамаарах бөгөөд эрх бүхий албан тушаалтны 0045700 дугаартай шийтгэлийн хуудсаар “М...” ХХК-д оногдуулсан шийтгэл нь хуулийн үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байна.

3.3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.2 “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол” гэж заасан бөгөөд “М...” ХХК-ийн захирал С.М тухайн шийтгэлд маргадаггүй бөгөөд хэргийн үйл баримтад хамааралгүй гэж үзэж байна.

3.4. Иймд “М...” ХХК-д оногдуулсан шийтгэл хуулийн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 792 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э нь хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Б.Бын давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв

3. Шүүх дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Үүнд:

3.1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0045700 дугаар шийтгэлийн хуудсаар “М...” ХХК-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан уурхайн талбайн хилийн хэмжилт хийлгэж шав тэмдэг тавих, ирүүлэх хугацааг хоцроосон үйлдэл гаргасан тул Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “хайгуулын ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан” зөрчил гаргасан гэж үзэж шийтгэл оногдуулсан байна.

3.2. Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаартай дүгнэлтээр “М...” ХХК-ийн үйлдэл зөрчлийн шинжгүй, Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэсэн нь “энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй”, “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэсэн хууль ёсны зарчмуудад нийцээгүй” гэсэн үндэслэлээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0045700 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн байна.

3.3. Анхан шатны шүүхийн шийдвэрт ... уурхайн талбайн хилийн хэмжилт хийлгэж, шав тэмдэг тавих хугацааг хуульд ийнхүү тодорхойлсон ч энэ үүргээ хэрэгжүүлээгүйг зөрчил гэж үзэхээр Зөрчлийн тухай хуульд заагаагүй, мөн Зөрчлийн тухай хуульд зөрчил гэж үзэхээр заасан үйлдэл, эс үйлдэлд л уг хуулиар шийтгэл ногдуулах тул “уурхайн талбайн хилийн хэмжилт хийлгэж шав тэмдэг тавих, ирүүлэх хугацааг хоцроосон” гэх үйлдлийг зөрчил гэж үзэхээр Зөрчлийн тухай хуульд заагаагүй байх тул шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

3.4. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч нь “М...” ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан уурхайн талбайн хилийн хэмжилт хийлгэж шав тэмдэг тавих, ирүүлэх хугацааг хоцроосон зөрчил гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг баримтлан шийтгэх хуудас оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.5. Тодруулбал хариуцагчаас давж заалдах гомдолдоо Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан нийтлэг үүргийг биелүүлээгүй гэх үндэслэлээр шийтгэх хуудас оногдуулсан гэж тайлбарлаж байх боловч нэгэнт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0045700 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг баримтлан шийтгэл оногдуулсан байх тул хариуцагчийн гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 792 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Б.Бын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА