Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 391

 

Д.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/02498 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч Д.Э-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Х Н Х Я-анд холбогдох

 

Х Н Х Я-ны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Б/196 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилласан хугацааны цалин хөлс болон гэрээ цуцалснаас учирсан хохирол болох 9 840 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р-ийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                 Д.Э-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2015 оноос эхлэн хуучнаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хэрэгжүүлж буй Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл нэмэлт санхүүжилт төслийн менежерээр ажиллаж байгаад, 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус төслийн зохицуулагчаар ажиллах болсон. Тус яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэлтэй 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хөлсөөр ажиллах  гэрээ байгуулж, тус гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. Миний бие Х Н Х Я-ны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Б/196 тоот тушаалыг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авсан. Тус хугацаанд албан үүргээ гүйцэтгэж байсан болно. Дээрх тушаалд намайг ажил үүргээ хангалттай гүйцэтгээгүй гэх үндэслэл дурдсан байсан, үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо ажил хүлээлцэх комисст мэдэгдсэн. Миний бие төслийн зохицуулагчаар ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал, сахилгын зөрчил гаргаж байгаагүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байсан. Санхүүжүүлэгч байгууллага болох А Х банк, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Ойлголцлын санамж бичгийн 40 дэх хэсэгт төслийн зохицуулагчийн шаргуу хөдөлмөр, удирдлагын дор төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагаа сайжирч байна гэж дүгнэсэн. Миний бие төслийн зохицуулагчаар ажиллах хугацаандаа маш их удаашралтай, хаагдах шахсан төслийн хэрэгжилтийг эрчимжүүлсэн, А Х банк болон Сангийн яамны зөвшөөрлийн дагуу гэрээнд өөрчлөлт оруулж, төслийн хэрэгжих хугацааг сунгасан зэрэг олон ажлыг амжилттай хэрэгжүүлсэн. Гэтэл 2016 онд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийг журмын дагуу бүрэн үнэлээгүй байхад гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн, нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан нь үндэслэлгүй юм. Мөн гэрээг хугацааны өмнө цуцлах тухайгаа надад мэдэгдээгүй. 2016 оны хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийн үнэлгээ бүтэн хийгдэж амжаагүй байсан, өөрөөр хэлбэл 2016 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар дүгнэх байсан. А Х банкны хяналтын багийнхан 6 сар тутамд төслийн хэрэгжилтэд хяналт тавьдаг. Хөлсөөр ажиллах гэрээний дагуу төслийн зохицуулагчийн ажил үүргээ биелүүлж байхад надад мэдэгдэлгүйгээр гэрээг цуцалсан, Х Н Х Я-ны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Б/196 тоот тушаал нь Иргэний хууль болоод Монгол улсын Сангийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 196 дугаар тушаал, хөлсөөр ажиллах гэрээний холбогдох зүйл заалтыг тус тус зөрчсөн хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд дээрх тушаалыг хүчингүй болгуулж, хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохиролд ажилласан хугацааны хөлс 2 236 364 төгрөг, хөлсөөр ажиллах гэрээний дагуу 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан бол 7 603 636 төгрөгийн ажлын хөлс авах байсан гэж үзэн нийт 9 840 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариу тайлбараа дараах хоёр агуулгаар гаргаж байна. Талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д байнгын ажлын байр гэж юу болох талаар тодорхойлсон байдаг ба Д.Э-ын ажиллаж байсан ажлын байр нь байнгын ажлын байр байсан. Хөлсөөр ажиллах гэрээний хавсралт болох ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн хүрээнд ажлын 5 өдөр амралтын 2 өдрийн давтамжтайгаар ажиллаж байсан бөгөөд, ажил үүргийн хувьд нэг удаагийн шинжтэй бус, байнгын тогтмол давтагдах шинжийг агуулсан байх тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан байнгын ажлын байр болохыг харуулж байна. Мөн хөлсөөр ажиллах гэрээгээр ажил үүрэг, амралт, цалин хөлс, ээлжийн амралтын харилцааг зохицуулсан. Иймд зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсээгүй, харин хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байх тул ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас чөлөөлөх асуудал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлээр зохицуулагдана. Д.Э- ажлаас чөлөөлсөн тухай тушаалаа 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авсан ба үүнээс хойш хойш 5 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Х Н Х Я-ны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Б/196 дугаар тушаалаар Д.Э-тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн. Төслийн зохицуулагчаар ажиллаж байсан Д.Э-тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 1 дүгээр хавсралтаар ажлын байрны тодорхойлолтыг баталсан. Энэхүү хавсралтаар төслийн зохицуулагч ямар үүрэгтэй ажиллахыг тодорхой болгож, ажлын байрны тодорхойлолтод тусгасан. Улмаар 1 дүгээр хавсралтын 1.1-1.4-т заалтаар үндсэн 4 чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан ба эдгээр чиг үүргийг төслийн зохицуулагч гүйцэтгэх ёстой. Гэтэл Х Н Х Я-наас хэрэгжүүлж буй А Х банкны Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл-нэмэлт санхүүжилт МОН3083-ийн хэрэгжилт, явцын талаар А Х банкнаас манай яаманд 2006 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр шаардлага хүргүүлсэн байдаг. Уг шаардлагаар анхаарах асуудал гээд төслийн хэрэгжилт удааширч байна, батлагдсан төсөв хуваарийн дагуу зарцуулагдахгүй байгаа талаар дурдаж, А Х банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа хамгийн муу гүйцэтгэлтэй төсөл гэж мэдэгдсэн. Иймд яамны зүгээс төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах үүрэг бүхий төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчид хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзсэн. Монгол улсын Сангийн сайдын 2015 оны 07 дугаар сарын 196 дугаар тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зохион байгуулах, санхүүжүүлэх хяналт тавих, үнэлэх журмын 9.1.7, 10.1.8 дахь заалтын дагуу Сангийн яамнаас зөвшөөрөл авсны дагуу Д.Э-ыг ажлаас нь чөлөөлсөн. Мөн А Х банкны ажилтан гэх н.Золзаяад давхар хариуцлага тооцох нь зүйтэй гэх шийдвэр гарсан байдаг. Д.Э-ыг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн Б/196 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан. Мөн нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан хуулийн хугацаанд гомдлоо гаргаагүй тул тухайн актын талаар маргах боломжгүй болж байна. Хохирол шаардаж байгаагийн тухайд Д.Э- нь хөлсөөр ажиллах гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаал гарах хүртэл хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байсан гэх боловч цагийн бүртгэл байдаггүй. Монгол улсын Сангийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 196 дугаар тушаалаар батлагдсан журмаар төслийн зохицуулагч гэсэн цагийн бүртгэлтэй байх ёстой. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл ажилласан хугацааны цалин хөлс болох 2 236 364 төгрөг, хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол 7 603 636 төгрөг нийт 9 840 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.6, 227 дугаар зүйлийн 227.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх заалтуудыг тус тус баримтлан хариуцагч Х Н Х Я-наас 9 840 000 /есөн сая найман зуун дөчин мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Э-ад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 590 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Х Н Х Я-наас 172 390 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Э-ад олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж давж заалдах гомдолдоо:

            ...Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн, хөлсөөр ажиллах гэрээг хугацааны өмнө цуцлах нөхцөл бүрдээгүй гэж үзсэн. Хөдөлмөрийн гэрээнд ажилтанд олгох цалин хөлсний хэмжээг талууд тохирох ба Монгол Улсын Засгийн газраас баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин хөлсийг тогтоох эрхгүй, мөн сард 2 ба түүнээс дээш удаа олгохоор, харин хөлсөөр ажиллах гэрээнд хөлсний хэмжээг өөрсдөө тогтоож, ажил дууссаны дараа эсхүл ажлын явцад хэсэгчлэн олгох боломжтой байдаг. Нэхэмжлэгч Д.Э-ын ажиллаж байсан ажлын байр нь түр зуурын бус байнгын ажлын байр байсан. Хэдийгээр хөлсөөр ажиллах гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдсан ч талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн болно. Мөн энэхүү ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг нь нэг удаагийн шинжтэй ажил үүрэг биш байнгын тогтмол, давтагдах шинжийг агуулсан байна. Түүнчлэн хөлсөөр ажиллах гэрээнд ажил үүрэг, амралт, цалин хөлс, ээлжийн амралтын хугацааг тусгаж зохицуулсан байгаа нь энэ байдлыг давхар нотолж байна. Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд үүссэн харилцаа нь хөлсөөр ажиллах гэрээний бус хөдөлмөрийн гэрээний харилцаа бөгөөд ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж буй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлах ёстой. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг 5 сар гаруй хугацаагаар хэтрүүлсэн байтал шүүх уг нарийвчилсан хуулийн зохицуулалтыг баримтлаагүй нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдаа болно. Х Н Х Я-ны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Б/196 дугаар тушаалаар Д.Э-тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Уг тушаалд Монгол улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8, Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 359 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Сангийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 196 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын 9.1.7, 10.1.8, хөлсөөр ажиллах гэрээний 8.1.2, 8.2.1, Сангийн яамны 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 9-2/6324 тоот албан бичгийг тус тус үндэслэсэн. Төслийн зохицуулагчаар ажиллаж байсан Д.Э-тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 1 дүгээр хавсралтаар ажлын байрны тодорхойлолтыг баталсан бөгөөд ажлын байрны төсөл хэрэгжүүлэх нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах гол зорилтын 1.1, 1.2, 1.3, 1.4-т тус тус заасан гол чиг үүргүүдийг хэрэгжүүлэхээр заасан. Гэтэл Х Н Х Я-анд “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл-нэмэлт санхүүжилт МОН-3083”-ийн хэрэгжилт, явцын талаар А Х банкнаас шаардлага ирүүлсэн. Уг шаардлагад төслийн хэрэгжилт удааширч, батлагдсан төсөв хуваарийн дагуу зарцуулагдахгүй байгаа талаар дурдаж, А Х банкнаас Монгол улсад хэрэгжүүлж буй хамгийн муу төсөл гэж мэдэгдсэн. Тус яамны зүгээс төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах үүрэг бүхий төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчид хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзсэн. Уг Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын 9.1.7 болон 10.1.8 дахь заалтын дагуу Сангийн яамнаас зөвшөөрөл авч Д.Э-ыг ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлан тухайн харилцаанд баримтлах ёстой хууль болох Хөдөлмөрийн хуулийг хэрэглэсэнгүй. Нотлох баримтыг үнэлэхдээ цагийн бүртгэл болон бусад баримтууд нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэх дээр үнэлэлт дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй шийдвэр гаргахад нөлөөлсөн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгч Д.Э- нь хариуцагч Х Н Х Я-ны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Б/196 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хугацааны цалин хөлс болон гэрээ цуцалснаас учирсан хохиролд 9 840 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Зохигчид талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг нэхэмжлэгч хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж, хариуцагч хөдөлмөрийн харилцаа гэж өөр өөрөөр тайлбарлан маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нь нэхэмжлэгч Д.Э-тай 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 16/01/01 дугаартай “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулсан байх бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэж тодорхойлсон нь зөв болжээ.

 

Монгол Улсын Х Н Х Я-ны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Б/196 дугаар тушаалаар Д.Э-тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан байна. /хх 16/  

 

Хариуцагч Монгол Улсын Х Н Х Я- хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгохдоо “...төслийн зохицуулагч Д.Э- нь хөлсөөр ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь төслийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө болон төслийн сангийн зарцуулалтыг удаашруулсан” гэсэн үндэслэл заажээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ нь мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно” гэж заасан бөгөөд талууд тохиролцоогүй тохиолдолд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасан урт хугацааны гэрээг цуцлах хуулийн зохицуулалт үйлчлэх юм. 

 

Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зохион байгуулах, санхүүжүүлэх хяналт тавих, үнэлэх журмын 17.7-д хөлсөөр ажиллах гэрээг нэг жилээс ихгүй хугацаагаар байгуулах ба аливаа гэрээ нь тухайн хуанлийн жилийн эцсээр дуусгавар болно гэж,

Хөлсөөр ажиллах гэрээний 7.1-д захиалагч нь ажилтантай байгуулсан гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн гэрээг нэг жилээр сунгаж болно гэж тус тус заажээ.  

 

Анхан шатны шүүх хариуцагч Х Н Х Я- нь нэхэмжлэгч Д.Э-тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болохоос 2 сарын өмнө хууль зүйн үндэслэлгүйгээр цуцалсан гэж дүгнэж, нэхэмжлэгчид учирсан хохирлыг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаагаар нэг сарын ажлын хөлсний хэмжээгээр тооцож, нийт 9 840 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Э-ын Х Н Х Я-анд холбогдуулан тус яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Б/196 дугаартай хөлсөөр ажиллах гэрээг цуцлах тухай тушаал хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах тухай шаардлага нь цаашид эрх зүйн үр дагаврыг үүсэхгүй тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж анхан шатны шүүх үзсэнийг буруутгах боломжгүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/02498 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Х Н Х Я- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                          Ш.ОЮУНХАНД

 

Ц.ИЧИНХОРЛОО