Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00012

 

Д.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Д.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/02498 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 391 дүгээр магадлалтай, 

Д.Эын нэхэмжлэлтэй

Х,НХЯанд холбогдох,

Х,НХЯны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/196 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилласан хугацааны цалин хөлс болон гэрээ цуцалснаас учирсан хохирол болох 9 840 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндоржийн гаргасан гомдлоор

шүүгч П.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оноос эхлэн хуучнаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хэрэгжүүлж буй Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл нэмэлт санхүүжилт төслийн менежерээр ажиллаж байгаад, 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус төслийн зохицуулагчаар ажиллах болсон. Тус яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нтэй 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, тус гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. Миний бие Х,НХЯны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Б/196 тоот тушаалыг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авсан. Тус хугацаанд албан үүргээ гүйцэтгэж байсан болно. Дээрх тушаалд намайг ажил үүргээ хангалттай гүйцэтгээгүй гэх үндэслэл дурдсан байсан, үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо ажил хүлээлцэх комисст мэдэгдсэн. Миний бие төслийн зохицуулагчаар ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал, сахилгын зөрчил гаргаж байгаагүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байсан. Санхүүжүүлэгч байгууллага болох Азийн хөгжлийн банк, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Ойлголцлын санамж бичгийн 40 дэх хэсэгт төслийн зохицуулагчийн шаргуу хөдөлмөр, удирдлагын дор төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагаа сайжирч байна гэж дүгнэсэн. Миний бие төслийн зохицуулагчаар ажиллах хугацаандаа маш их удаашралтай, хаагдах шахсан төслийн хэрэгжилтийг эрчимжүүлсэн, Азийн хөгжлийн банк болон Сангийн яамны зөвшөөрлийн дагуу гэрээнд өөрчлөлт оруулж, төслийн хэрэгжих хугацааг сунгасан зэрэг олон ажлыг амжилттай хэрэгжүүлсэн. Гэтэл 2016 онд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийг журмын дагуу бүрэн үнэлээгүй байхад гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн, нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан нь үндэслэлгүй юм. Мөн гэрээг хугацааны өмнө цуцлах тухайгаа надад мэдэгдээгүй. 2016 оны хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийн үнэлгээ бүтэн хийгдэж амжаагүй байсан, өөрөөр хэлбэл 2016 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар дүгнэх байсан. Азийн хөгжлийн банкны хяналтын багийнхан 6 сар тутамд төслийн хэрэгжилтэд хяналт тавьдаг. Хөлсөөр ажиллах гэрээний дагуу төслийн зохицуулагчийн ажил үүргээ биелүүлж байхад надад мэдэгдэлгүйгээр гэрээг цуцалсан, Х,НХЯны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Б/196 тоот тушаал нь Иргэний хууль болоод Монгол улсын Сангийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 196 дугаар тушаал, хөлсөөр ажиллах гэрээний холбогдох зүйл заалтыг тус тус зөрчсөн хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд дээрх тушаалыг хүчингүй болгуулж, хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохиролд ажилласан хугацааны хөлс 2 236 364 төгрөг, хөлсөөр ажиллах гэрээний дагуу 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан бол 7 603 636 төгрөгийн ажлын хөлс авах байсан гэж үзэн нийт 9 840 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариу тайлбараа дараах хоёр агуулгаар гаргаж байна. Талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д байнгын ажлын байр гэж юу болох талаар тодорхойлсон байдаг ба Д.Эын ажиллаж байсан ажлын байр нь байнгын ажлын байр байсан. Хөлсөөр ажиллах гэрээний хавсралт болох ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн хүрээнд ажлын 5 өдөр амралтын 2 өдрийн давтамжтайгаар ажиллаж байсан бөгөөд, ажил үүргийн хувьд нэг удаагийн шинжтэй бус, байнгын тогтмол давтагдах шинжийг агуулсан байх тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан байнгын ажлын байр болохыг харуулж байна. Мөн хөлсөөр ажиллах гэрээгээр ажил үүрэг, амралт, цалин хөлс, ээлжийн амралтын харилцааг зохицуулсан. Иймд зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсээгүй, харин хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байх тул ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас чөлөөлөх асуудал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлээр зохицуулагдана. Д.Э ажлаас чөлөөлсөн тухай тушаалаа 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авсан ба үүнээс хойш хойш 5 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Х,НХЯны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Б/196 дугаар тушаалаар Д.Этай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн. Төслийн зохицуулагчаар ажиллаж байсан Д.Этай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 1 дүгээр хавсралтаар ажлын байрны тодорхойлолтыг баталсан. Энэхүү хавсралтаар төслийн зохицуулагч ямар үүрэгтэй ажиллахыг тодорхой болгож, ажлын байрны тодорхойлолтод тусгасан. Улмаар 1 дүгээр хавсралтын 1.1-1.4-т заалтаар үндсэн 4 чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан ба эдгээр чиг үүргийг төслийн зохицуулагч гүйцэтгэх ёстой. Гэтэл Х,НХЯнаас хэрэгжүүлж буй Азийн хөгжлийн банкны Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл-нэмэлт санхүүжилт МОН3083-ийн хэрэгжилт, явцын талаар Азийн хөгжлийн банкнаас манай яаманд 2006 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр шаардлага хүргүүлсэн байдаг. Уг шаардлагаар анхаарах асуудал гээд төслийн хэрэгжилт удааширч байна, батлагдсан төсөв хуваарийн дагуу зарцуулагдахгүй байгаа талаар дурдаж, Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа хамгийн муу гүйцэтгэлтэй төсөл гэж мэдэгдсэн. Иймд яамны зүгээс төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах үүрэг бүхий төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчид хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзсэн. Монгол улсын Сангийн сайдын 2015 оны 07 дугаар сарын 196 дугаар тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зохион байгуулах, санхүүжүүлэх хяналт тавих, үнэлэх журмын 9.1.7, 10.1.8 дахь заалтын дагуу Сангийн яамнаас зөвшөөрөл авсны дагуу Д.Эыг ажлаас нь чөлөөлсөн. Мөн Азийн хөгжлийн банкны ажилтан гэх н.Золзаяад давхар хариуцлага тооцох нь зүйтэй гэх шийдвэр гарсан байдаг. Д.Эыг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн Б/196 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан. Мөн нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан хуулийн хугацаанд гомдлоо гаргаагүй тул тухайн актын талаар маргах боломжгүй болж байна. Хохирол шаардаж байгаагийн тухайд Д.Э нь хөлсөөр ажиллах гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаал гарах хүртэл хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байсан гэх боловч цагийн бүртгэл байдаггүй. Монгол улсын Сангийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 196 дугаар тушаалаар батлагдсан журмаар төслийн зохицуулагч гэсэн цагийн бүртгэлтэй байх ёстой. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл ажилласан хугацааны цалин хөлс болох 2 236 364 төгрөг, хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол 7 603 636 төгрөг нийт 9 840 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/02498 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.6, 227 дугаар зүйлийн 227.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх заалтуудыг тус тус баримтлан хариуцагч Х,НХЯнаас 9 840 000 /есөн сая найман зуун дөчин мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Эад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Эаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 590 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Х,НХЯнаас 172 390 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Эад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 391 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/02498 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Х,НХЯ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 1. Ажил олгогч-ажилтны хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байсан тухай: Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог; мөн 3 дугаар зүйлийн 3.1.15-д “байнгын ажлын байр” гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг” хэлнэ гэж тус тус тодорхойлсон байна. Мөн Улсын дээд шүүхийн 2012 оны зөвлөмжид “Хөдөлмөрийн гэрээ болон иргэний хөлсөөр ажиллах гэрээ нь субьект, гэрээний зүйл, нийгмийн даатгал төлөх журам зэргээр адил шинжийг агуулдаг боловч ажлын байр, гэрээний хугацааны үргэлжлэх хугацаа, цалин хөлс, ажлын хөлс, ажил гүйцэтгэх байдал /дэглэм/, гэрээ цуцлагдах журам зэрэг нь өөр байдаг байна. Тухайлбал: Хөдөлмөрийн гэрээнд ажилтанд олгох цалин хөлсний хэмжээг талууд тохирох ба Монгол улсын Засгийн газраас баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин хөлсийг тогтоох эрхгүй, мөн сард 2 ба түүнээс дээш удаа олгохоор, харин хөлсөөр ажиллах гэрээнд хөлсний хэмжээг өөрсдөө тогтоож, ажил дууссаны дараа эсхүл ажлын явцад хэсэгчлэн олгох боломжтой байдаг байна. Мөн хөдөлмөрийн гэрээнд ажилтан нь байгууллагын дотоод журам, ажил, албан тушаалын тусгай журам, норм, нормативын дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг бол хөлсөөр ажиллах гэрээний ажиллагч нь гэрээнд заасны дагуу ихэвчлэн өөрийн боломжоор ажил үүргийг гүйцэтгэхээр, түүнчлэн гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох талаар хөдөлмөрийн гэрээний талуудын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 39, 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, харин хөлсөөр ажиллах гэрээний талууд Иргэний хуулийн гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах нийтлэг үндэслэлийн дагуу тус тус өөр байдлаар цуцлагддаг байна.” гэж ялгаатай байдлыг тайлбарласан байна. Нэхэмжлэгч Д.Эын ажиллаж байсан ажлын байр нь түр зуурын бус байнгын ажлын байр байсан. Хэдийгээр хөлсөөр ажиллах гэрээ гэсэн нэртэй гэрээ байгуулсан хэдий ч талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн юм. Тодруулбал хөлсөөр ажиллах гэрээний хавсралт болох “Ажлын байрны тодорхойлолт”-д заасан ажил үүргийн хүрээнд ажлын 5 өдөр, амралтын 2 өдрийн давтамжтайгаар ажиллаж байсан. Мөн энэхүү ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг нь нэг удаагийн шинжтэй ажил үүрэг биш байнгын тогтмол, давтагдах шинжийг агуулсан ажил үүргүүд байгаа уг ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан байнгын ажлын байр болохыг харуулж байна. Түүнчлэн хөлсөөр ажиллах гэрээнд ажил үүрэг, амралт, цалин хөлс, ээлжийн амралтын харилцааг тусгаж зохицуулсан байгаа нь энэ байдлыг давхар нотолж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн харилцаа нь хөлсөөр ажиллах гэрээний биш хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байгаа бөгөөд ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээний харилцааг цуцалж байгаа нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128 1 2-т “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол”-г шүүхэд шууд хандахаар заасан байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг даруй 5 сар гаруйн хугацаагаар хэтрүүлсэн байтал шүүх уг нарийвчилсан хуулийн зохицуулалтыг баримтлаагүй нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдаа болно. Үүнийг давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. Хууль хэрэглээний хувьд тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуульд үндэслэж дүгнэлт хийгээгүйгээс хөдөлмөрийн харилцаа, хөлсөөр ажиллах гэрээний харилцааг ялгаагүй байна. Иймд талуудын хооронд үүссэн харилцаа нь хөдөлмөрийн гэрээний харилцаа юу? хөлсөөр ажиллах гэрээнээс үүдсэн харилцаа юу гэдэгт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэж өгнө үү. 2. Ажлаас чөлөөлөх шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн тухай: Х,НХЯны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/196 дугаар тушаалаар Д.Этай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Уг тушаалд Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8, Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 359 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр 40.1.4, Сангийн сайдын 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 196 дугаар тогтоолоор баталсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 9.1.7, 10.1.8, хөлсөөр ажиллах гэрээний 8.1.2, 8.2.1 дахь заалт, Сангийн яамны 2016 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн 9-2/6324 тоот албан бичгийг тус тус үндэслэсэн. Төслийн зохицуулагчаар ажиллаж байсан Д.Этай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 1 дүгээр хавсралтаар ажлын байрны тодорхойлолтыг баталсан бөгөөд ажлын байрны “Төсөл хэрэгжүүлэх нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах” гол зорилтын 1.1-д “төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажлын үр дүнг хариуцах, төсөл, арга хэмжээг төлөвлөх, хэрэгжилтийг хангах”, 1.2-т “Төслийн бусад ажилтны хөлсөөр ажиллах гэрээний хэрэгжилтийг хянах, дүгнэх, гэрээг сунгах, цуцлах болон бусад ажилтныг урамшуулах, хариуцлага тооцох талаар санал боловсруулж төслийн захиралд танилцуулах”, 1.3-т Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн шууд захирагчаас эрх олгогдсоны дагуу ТХН-ийн тогтвортой, хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээнд гарын үсэг зурах, биелэлтэд хяналт тавих” 1.4-т “Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө, худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, төслийн захиралд тайлагнах” зэрэг гол чиг үүргүүдийг хэрэгжүүлэхээр заасан. Гэтэл Х,НХЯнаас хэрэгжүүлж буй Азийн хөгжлийн банк /АХБ/-ны “Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн төсөл-нэмэлт санхүүжилт МОН-3083”-ийн хэрэгжилт, явцын талаар АХБ-наас тус яаманд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шаардлага ирүүлсэн. Уг шаардлагад төслийн хэрэгжилт удааширч, батлагдсан төсөв хуваарийн дагуу зарцуулагдахгүй байгаа талаар дурдаж, АХБ-наас Монгол Улсад хэрэгжүүлж буй хамгийн муу гүйцэтгэлтэй төсөл гэж мэдэгдсэн. Тус яамны зүгээс төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах үүрэг бүхий төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчид хариуцлага тооцох зүйтэй гэж үзсэн. Энэ дагуу Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын 9.1.7 болон 10.1.8 дахь заалтын дагуу Сангийн яамны зөвшөөрлийг авсны дагуу Д.Эыг ажлаас чөлөөлсөн. Гэтэл шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлан тухайн харилцаанд баримтлах ёстой хууль болох Хөдөлмөрийн хуулийг хэрэглэсэнгүй. Түүнчлэн нотлох баримтыг үнэлэхдээ цагийн бүртгэл болон нотлох баримтыг шаардлага хангаж байгаа эсэх талаар үнэлэлт дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй шийдвэр гаргахад нөлөөлсөн болно. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Х,НХЯны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Б/196 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хугацааны цалин хөлс болон гэрээ цуцалснаас учирсан хохиролд 9 840 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...нэхэмжлэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, шүүхэд гомдол гаргах Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацааг хэтрүүлсэн...” гэсэн үндэслэлээр маргасан байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх ба нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн үндэслэлтэй болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...шүүх нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байхад хөлсөөр ажиллах гэрээ гэж үзэж хуулийг буруу хэрэглэсэн, нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, төсөл хэрэгжүүлэгчээс ажлаа хангалтгүй биелүүлж байгаа талаар мэдэгдсэн байхад шүүх дүгнэлт өгөөгүй, ...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Х,НХЯны гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Зохигч талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг зөрчөөгүй байна.

Талуудын хооронд хөдөлмөрийн харилцааны гол шинж болох захирах, захирагдах харилцаа үүсээгүй ба харин өөрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаагаа бие даан явуулах,  гэрээний зүйл нь үйл ажиллагаа, үйлчилгээ байх, үүний төлөө хөлс тогтоосон тохиролцоо нь хөлсөөр ажиллах гэрээ гэж үзэх үндэслэл болжээ. Шүүх эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан гомдол гаргах хугацаа хамаарахгүй юм.

Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зохион байгуулах, санхүүжүүлэх хяналт тавих, үнэлэх журмын 17.7-д хөлсөөр ажиллах гэрээг нэг жилээс ихгүй хугацаагаар байгуулах ба аливаа гэрээ нь тухайн хуанлийн жилийн эцсээр дуусгавар болно гэж, зохигч талуудын байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 7.1-д захиалагч нь ажилтантай байгуулсан гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн гэрээг нэг жилээр сунгаж болно гэж тус тус заажээ.

Д.Э 2015 оны 05 дугаар сарын 01-нээс эхлэн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хэрэгжүүлж буй “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл-Нэмэлт санхүүжилт” төслийн зохицуулагчаар ажилласан ба гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 12 сарын 31-ныг дуустал хугацаагаар сунгажээ. Гэрээ дуусахаас 2 сарын өмнө Х,НХЯны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Б/196 дугаар тушаалаар “...гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь төслийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө болон төслийн сангийн зарцуулалтыг удаашруулсан...” гэсэн үндэслэлээр Д.Этай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан байна. /хх 16/

Ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үүргийн зөрчил  гэрээг цуцлах үндэслэл болдог нь Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2-т зохицуулагдсан ба хариуцагч Х,НХЯ хөлсөөр ажиллах гэрээг дүгнээгүй нь гэрээгээ зөрчснөөс гадна гэрээг цуцлахдаа Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсгийг зөрчсөн талаар хоёр шатны шүүх хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийжээ. Хэрэгт байгаа баримтын хүрээнд Д.Э нь гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх байдал тогтоогдоогүй, хариуцагч нь гэрээг цуцлах хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн тул нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуульд нийцсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/02498 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 391 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. . 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                         П.ЗОЛЗАЯА