Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2022/00245

 

 

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2022/00245

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

НэхэмжлэгчЛ сургууль нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  А.О-т холбогдох

5,745,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцацрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Л сургууль нь хариуцагч А.О-т холбогдуулан 6,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг 405,000 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 5,745,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хариуцагч А.О нь өөрийн хүүхэд Б.Гийг Л сургууль-д суралцуулахаар манай сургуультай 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр №2019-20/314 дугаар Сургалтын гэрээ байгуулсан. Б.Г нь 2019-2020 оны хичээлийн жилд тус сургуулийн 2в ангид суралцсан. Анх гэрээ байгуулахад сургалтын төлбөр 5,400,000 төгрөг байхаар заасан бөгөөд хариуцагч А.О нь тухайн жилийн сургалтын төлбөрөөс 1,300,000 төгрөгийг төлж, үлдэх 4,100,000 төгрөгийг төлөөгүй.

Хариуцагч А.Оийн хувьд 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр сургалтын гэрээ байгуулснаар сургалтын төлбөр төлөх үүрэг үүссэн. Хөл хорио тогтоосон ч гэсэн хариуцагч уг үүргээс чөлөөлөгдсөн гэсэн үг биш юм. Сургуулийн зүгээс нэгдүгээр улирлын хичээл явагдаад дараагийн улирлын хичээл цахимаар явагдсан. Мөн Б.Г нь хоёрдугаар ангийг төгссөн гээд сургуулиас албан ёсоор баримт бичиг өгсөн. Хоёрдугаар ангиа төгсөөд боловсролын байгууллагад бүртгэгдээд гэрчилгээ, хувийн хэргээ авсан учраас хариуцагч төлбөрөө бүрэн төлөх ёстой.

Анх шүүхэд хариуцагч А.О-ээс сургалтын үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 4,100,000 төгрөг, алданги 2,050,000 төгрөг, нийт 6,150,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай холбогдуулан үндсэн төлбөрийн үлдэгдлээс 270,000 төгрөгийг хасч тооцсон.

Сургалтын гэрээний 4.5 дахь хэсэгт талууд алданги төлөхөөр тохиролцсон ба төлөгдөөгүй үнийн дүнийн 0,1 хувийн хүүтэй тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгчийн зүгээс 2019-2020 оноос хойш 2 жил өнгөрсөн учраас 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 500 хоногийн алданги бодсон. Хариуцагч эрх зүйн бүрэн чадамжтай хүн учраас алдангийг бүрэн ойлгож гэрээ байгуулсан. Төлбөрийн үнийн дүнг багасгахгүй байна гэдэг үндэслэлээр хугацаандаа төлөөгүй байгаа нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх нь эргэлзээтэй байгаа учраас алдангийг багасгах боломжгүй.

Эцсийн байдлаар үндсэн төлбөрт 3,830,000 төгрөг, нэг хоногийн алдангийг 3,830 төгрөгөөр 500 хоногт тооцоход 1,915,000 төгрөг, нийт 5,745,000 төгрөгийг хариуцагч А.О-ээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

2. Хариуцагч А.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Манай охин Б.Г хичээлдээ яваад 3 сар болоод хөл хорио тогтоосон. Сургалтын төлбөрт 1,300,000 төгрөгийн урьдчилгаа өгөөд гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой байсан. Хичээл эхлээд удаагүй хөл хорио тогтоосон учраас би сургууль руу холбогдоод Хөл хорио тогтоосонтой холбоотой сургалтын төлбөрөөс хөнгөлөлт үзүүлэх үү гэж асуухад Дараа жилийн сургалтын төлбөрөөс хөнгөлнө гэхээр нь би дараа жил хүүхдээ сургахгүй талаараа хэлсэн.

Сургуулийн зүгээс хүүхдийн хаана сурах эрхийг хязгаарлаж байгаа юм шиг ингэж хандаж болохгүй. Хүүхэд тэр сургуульд сурснаар өдрийн хоол болон сургалтыг нь ашигласны үндсэн дээр 5,400,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон болохоос биш гэртээ суугаад гэрийн даалгавар авахын тулд сургалтын төлбөр төлөх боломжгүй гэдгийг сургуулийн захиргаа ойлгоод уян хатан байдал гаргах ёстой байсан. Тиймээс тодорхой хэмжээнд хөнгөлөлт авах хүсэлтэй байгаа талаараа сургуулийн захиргаанд хэлсэн боловч зөвшөөрөөгүй. Хугацааны хувьд надаас шалтгаалаагүй учраас би алданги төлөхийг хүлээн зөвшөөрөөгүй.

Цар тахалтай холбоотойгоор хүн бүр алдагдалтай байгаа, эцэг эх хохирол амссан. Сургуулийн зүгээс тодорхой хэмжээний хариуцлага хүлээх үүрэгтэй гэж бодсоны үндсэн дээр төлбөрийн тал хувь болох 2,050,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэрвээ болохгүй гэвэл сургалтын төлбөрт багтаж байгаа хоолны мөнгө, алдангийг хасуулах хүсэлтэй байна. Алдангийн хувьд төлбөр, санхүү хариуцсан хүнтэй ярихад дараа жилийн сургалтын төлбөрийг хөнгөлнө гээд авч хэлэлцэхгүй байсан. Би тохиролцох талаар Л сургуулийн захиргаанд хэлсэн. Харин сургуулийн зүгээс дээрэнгүй, хэт нэг талыг баримталсан хандлага гаргасан учраас би төлөөгүй. Шударга бус санагдсан учраас өнөөдрийг хүртэл би төлбөрийг төлөөгүй юм. Хэрвээ төлүүлэх байсан юм бол тухайн үедээ шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан, нилээдгүй хугацаа өнгөрсний дараа алданги шаардаж байгаа нь шударга бус байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 113,350 төгрөг төлсөн баримт, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №2019-20/314 дугаар Сургалтын гэрээ, Л сургуулийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Л сургуулийн дүрэм, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 19 тоот итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШЗ2021/08381 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг, хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Л сургууль, А.О нар 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №2019-20/314 дугаар Сургалтын гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу хариуцагч А.Оийн охин Б.Г нь 2019-2020 оны хичээлийн жилд тус сургуулийн 2 дугаар ангид суралцаж төгссөн. Хариуцагч А.О нь тухайн жилийн сургалтын төлбөр 5,400,000 төгрөгөөс 1,300,000 төгрөгийг төлсөн. Сургуулийн зүгээс нийт сурагчдын сургалтын үндсэн төлбөрөөс 270,000 төгрөгийг хассан тул үндсэн төлбөрийн үлдэгдэл 4,100,000 төгрөгөөс 270,000 төгрөгийг хасч 3,830,000 төгрөг, гэрээний 4.5 дахь заалтыг үндэслэн 500 хоногийн алдангид 1,915,000 төгрөг, нийт 5,745,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж тайлбарлав.

3. Хариуцагч А.О сургалтын гэрээнд заасан бүх үйлчилгээг авч чадаагүй. Тухайн хичээлийн жилд 100 хувь танхимаар хичээллээгүй учраас төлбөрийг 100 хувь нэхэмжлэх эрхгүй. Цахим сургалт үр дүнгүй байсан учраас Б.Г English school of Mongolia сургуульд шилжихдээ 2 дугаар ангид улиран суралцсан. Иймд сургалтын төлбөрийн үлдэгдэл 4,100,000 төгрөгийн 50 хувь буюу 2,050,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Мөн сургалтын төлбөрөөс тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх талаар сургуулийн удирдлагуудтай уулзсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй, хугацаа хэтэрсэн нь надаас шалтгаалаагүй тул алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчид 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр №2019-20/314 тоот Сургалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Л сургууль нь 2019-2020 оны хичээлийн жилд Б.Гийг тус сургуулийн 2 дугаар ангид суралцуулж, бүрэн дунд боловсрол олгох, хариуцагч А.О нь 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 5,400,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Хариуцагч А.О нь охин Б.Гийн 2019-2020 оны сургалтын төлбөр 5,400,000 төгрөгөөс 1,300,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын маргаагүй тайлбараар тогтоогдож байна.

Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолоор дэлхий нийтэд тархсан Ковид-19 буюу шинэ төрлийн коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улс орон даяар хөл хорио тогтоож, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс бүх шатны боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоох хүртэл танхимаар, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019-2020 оны хичээлийн жилийн бага боловсролын сургалтын үйл ажиллагаа дуусгавар болсон 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цахимаар хичээллэсэн нийтэд илэрхий үйл баримтын талаар маргаагүй.

5. Зохигчид сургалтын гэрээ байгуулсан, сургалтын төлбөрт хариуцагч А.О 1,300,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй.

Харин тухайн хичээлийн жилд бүтэн танхимаар хичээллээгүй тул нэхэмжлэгч сургалтын төлбөрийг 100 хувь төлүүлэхээр шаардах эрхтэй эсэх, гэрээнд заасны дагуу алданги төлөх эсэх нь зохигчдын маргааны зүйл байна.

6. Зохигчдын хооронд 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан №2019-20/314 тоот Сургалтын гэрээ-гээр нэхэмжлэгч Л сургууль нь 2019-2020 оны хичээлийн жилд Б.Гийг тус сургуулийн 2 дугаар ангид суралцуулж, бүрэн дунд боловсрол олгох, хариуцагч А.О нь 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 5,400,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байх тул шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан Хөлсөөр ажиллах гэрээ-ний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.

Зохигчид Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан, гэрээ байгуулсан эсэх болоод гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сургуулийн зүгээс хичээлийн жилийн эхний хоёр улирлын хичээл танхимаар явагдаж, үлдсэн хугацаанд цахимаар хичээллэж, Б.Гийг 2019-2020 оны хичээлийн жилд 2 дугаар ангид суралцуулж төгсгөсөн гэж, хариуцагч нь Цахим сургалт үр дүнгүй байсан. Б.Г өөр сургуульд шилжихдээ хоёрдугаар ангид улирч суралцсан. Түүнчлэн, Сургалтын гэрээнд заасан үйлчилгээг бүрэн аваагүй гэх үндэслэлээр тайлбар гарган мэтгэлцсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг, хариуцагч татгалзлын үндэслэлийг баримтаар нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгч Л сургууль нь 2 дугаар ангийн сурагч Б.Гд бага боловсролын сургалтын хөтөлбөрийг бүрэн эзэмшүүлж, түүнийг анги дэвшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн болохоо баримтаар нотлоогүй.

Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолоор дэлхий нийтэд тархсан Ковид-19 буюу шинэ төрлийн коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улс орон даяар хөл хорио тогтоож, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс бүх шатны боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Үүнээс хойш хугацаанд буюу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019-2020 оны хичээлийн жилийн бага боловсролын сургалтын үйл ажиллагаа дуусгавар болсон 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цахимаар хичээлд хамруулсан болохоо баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Тухайлбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ...Б.Г нь хоёрдугаар ангийг төгссөн гээд сургуулиас албан ёсоор баримт бичиг өгсөн...Цахим хичээлийг классрүүм гэдэг программаар ирц бүртгээд суралцуулж байсан гэх тайлбар гаргасан боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Иймд нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагыг нотлоогүй гэж үзэх үндэслэлтэй.

Гэсэн хэдий ч хариуцагч А.О нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,050,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Зохигчид №2019-20/314 тоот Сургалтын гэрээ-ний 4.5-д Эцэг, эх сургалтын төлбөрийг гэрээнд заасан сүүлийн хугацаанаас хожимдуулсан тохиолдолд сургуулийн ердийн үйл ажиллагааны төлөвлөлтөнд саад учруулсан гэж үзэн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасантай нийцсэн байна.

Гэвч Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолын дагуу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс бүх шатны боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоож, цахимаар хичээллэх болсонтой холбоотойгоор зохигчдын хооронд төлбөрөөс хөнгөлөлт үзүүлэхтэй холбоотой маргаан үүссэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Гэрээний үүргийн биелэлтэд нөлөөлсөн дээрх нөхцөл байдал нь талуудын хэн алинаас шалтгаалаагүй тул хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан. Иймд хариуцагч А.Оээс алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагч А.Оээс 2,050,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л сургуульд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,695,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 47,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Оээс 2,050,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л сургуульд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,695,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 47,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ