Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/ма2022/00747

 

Л-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/00245 дугаар шийдвэртэй,

Л- нэхэмжлэлтэй

А.О-т холбогдох,

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэг, алдангид нийт 5,745,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатар, хариуцагч А.О- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: А.О- нь өөрийн хүүхэд Б.Г-ийг Л бүрэн дунд сургууль-д суралцуулахаар манай сургуультай 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр сургалтын гэрээ байгуулсан. Б.Г- нь 2019-2020 оны хичээлийн жилд тус сургуулийн 2в ангид суралцсан. Анх гэрээ байгуулахад сургалтын төлбөр 5,400,000 төгрөг байхаар заасан бөгөөд А.О- нь тухайн жилийн сургалтын төлбөрөөс 1,300,000 төгрөгийг төлж, үлдэх 4,100,000 төгрөгийг төлөөгүй.

А.О-ийн хувьд 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр сургалтын гэрээ байгуулснаар сургалтын төлбөр төлөх үүрэг үүссэн. Хөл хорио тогтоосон ч хариуцагч уг үүргээс чөлөөлөгдөөгүй. Нэгдүгээр улирлын хичээл танхимаар орж, дараагийн улирлын хичээл цахимаар орсон. Б.Г- нь хоёрдугаар ангийг төгссөн тул сургуулиас албан ёсоор баримт бичиг өгсөн. Хоёрдугаар ангиа төгсөөд боловсролын байгууллагад бүртгэгдээд гэрчилгээ, хувийн хэргээ авсан учраас хариуцагч төлбөрөө бүрэн төлөх ёстой.

Сургалтын гэрээний 4.5 дахь хэсэгт талууд алданги төлөхөөр тохиролцсон ба төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,1 хувийн хүүтэй тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгчийн зүгээс 2019-2020 оноос хойш 2 жил өнгөрсөн учраас 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 500 хоногийн алданги бодсон.

Анх шүүхэд хариуцагч А.О-ээс сургалтын үндсэн төлбөрийн үлдэгдэл 4,100,000 төгрөг, алданги 2,050,000 төгрөг, нийт 6,150,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч үндсэн төлбөрийн үлдэгдлээс 270,000 төгрөгийг хасч тооцон үндсэн төлбөрт 3,830,000 төгрөг, нэг хоногийн алдангийг 3,830 төгрөгөөр 500 хоногт тооцоход 1,915,000 төгрөг, нийт 5,745,000 төгрөгийг хариуцагч А.О-ээс гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Манай охин Б.Г- хичээлдээ яваад 3 сар болоод хөл хорио тогтоосон. Сургалтын төлбөрт 1,300,000 төгрөгийн урьдчилгаа өгөөд гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой байсан. Хичээл эхлээд удаагүй хөл хорио тогтоосон учраас би сургууль руу холбогдоод хөл хорио тогтоосонтой холбоотой сургалтын төлбөрөөс хөнгөлөлт үзүүлэх үү гэж асуухад дараа жилийн сургалтын төлбөрөөс хөнгөлнө гэхээр нь би дараа жил хүүхдээ сургахгүй талаараа хэлсэн. Хүүхэд тэр сургуульд сурснаар өдрийн хоол болон сургалтыг нь ашигласны үндсэн дээр 5,400,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон болохоос биш гэртээ суугаад гэрийн даалгавар авахын тулд сургалтын төлбөр төлөх боломжгүй гэдгийг сургуулийн захиргаа ойлгоод уян хатан байдал гаргах ёстой байсан. Тиймээс тодорхой хэмжээнд хөнгөлөлт авах хүсэлтэй байгаа талаараа сургуулийн захиргаанд хэлсэн боловч зөвшөөрөөгүй.

Цар тахалтай холбоотойгоор хүн бүр алдагдалтай байгаа, эцэг эх хохирол амссан. Сургуулийн зүгээс тодорхой хэмжээний хариуцлага хүлээх үүрэгтэй гэж бодсоны үндсэн дээр төлбөрийн тал хувь болох 2,050,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Сургалтын төлбөрт багтаж байгаа хоолны мөнгө, алдангийг хасуулах хүсэлтэй байна. Алдангийн хувьд төлбөр, санхүү хариуцсан ажилтантай ярихад дараа жилийн сургалтын төлбөрийг хөнгөлнө гээд авч хэлэлцэхгүй байсан. Би тохиролцох талаар Л бүрэн дунд сургуулийн захиргаанд хэлсэн. Шударга бус санагдсан учраас өнөөдрийг хүртэл би төлбөрийг төлөөгүй юм. Хэрвээ төлүүлэх байсан юм бол тухайн үедээ шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан, нилээдгүй хугацаа өнгөрсний дараа алданги шаардаж байгаа нь шударга бус байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.О-ээс 2,050,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л бүрэн дунд сургууль Боловсрол, сургалтын байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,695,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 47,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

4.а. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зүгээс нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хариуцагчийг үүргээ гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй учир түүнээс алданги гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн. Шүүхээс нэхэмжлэгчийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй талаар ... 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019-2020 оны хичээлийн жилийн бага боловсролын сургалтын үйл ажиллагаа дуусгавар болсон 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цахимаар хичээлд хамруулсан болохоо баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн дүгнэсэн. Хариуцагч А.О-ийн хүүхэд Б.Г- нь тухайн хичээлийн жилд Л бүрэн дунд сургуулийн 2в ангид суралцаж төгссөн. Сургалтын үйл ажиллагаанд зөвхөн хариуцагчийн хүүхэд хамрагддаггүй учир тухайн хичээлийн жилийн үйл ажиллагаа төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийн улмаас цахимаар явагдаж дууссан болох нь нийтэд илэрхий үйл явдал юм. Иймд шүүхээс хариуцагчийн хүүхдийг хичээлд хамруулсан болохоо нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4.б. Мөн шүүхээс хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлэх хугацаа хэтрүүлсэн явдал нь түүнээс шалтгаалаагүй учир Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасны дагуу алданги гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хариуцагч нь нийт сургалтын төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлж дуусгах үүрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл, шүүх хариуцагчийг алдангиас чөлөөлж буй нөхцөл байдал бий болохоос өмнө хариуцагч нь үүргээ биелүүлэх ёстой. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хөл хорио тогтоосноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагч нь огт төлбөр төлөөгүй бөгөөд 2 жилийн хугацаа өнгөрсөн буюу төлбөр төлөх хангалттай хугацаа өнгөрсөн байдаг. Иймд хариуцагч нь үүргээ биелүүлэх хангалттай хугацаа байсаар байхад шүүх дээрх шалтгаанаар алдангиас чөлөөлж шийдвэрлэх нь үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Б.Г- нь 2019 оны 12 дугаар сараас хойш 6 сарын хугацаанд хичээлдээ яваагүй, сурах орчноор хангагдаагүй, өдрийн 2 хоол идээгүй учраас төлбөрийг хасах талаар удаа дараа хариуцагч талд хэлсэн бөгөөд дараа жилийн сургалтын төлбөрөөс хасна гэсэн хариу өгсөн. Дараа жил хүүхдээ танай сургуульд сургахгүй гэхэд төлбөрөө бүрэн төл гэсэн шаардлага тавьсан. Энэ талаар тохиролцож чадаагүй учраас төлбөрийг төлөөгүй болохоос санаатайгаар төлбөр төлөхгүй хойшлуулсан зүйл байхгүй. Зөвхөн Б.Г- биш, бүх 2 дугаар ангийн хүүхдүүд зохих боловсролоо эзэмшиж чадаагүй. Гэрээний дагуу өглөөний 09 цагаас оройны 04 цаг хүртэл сургуульд дээрээ боловсрол эзэмших ёстой байсан. Гэтэл гэрээр 1 цаг цахим хичээлд суусныг гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. 5,400,000 төгрөгийн төлбөрт бүх төлбөр багтсан байх ёстой. Гэтэл бусад төлбөрийг хасаагүй. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалсан эрсдэлийг талуудын хэн аль нь хүлээх ёстой.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцэв.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Л бүрэн дунд сургууль боловсрол, сургалтын байгууллага нь хариуцагч А.О-т холбогдуулан сургалтын гэрээний үүрэгт 5,745,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 2,050,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талууд 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр сургалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Л бүрэн дунд сургууль Боловсрол, сургалтын байгууллага нь 2019-2020 оны хичээлийн жилд Б.Г-ийг тус сургуулийн 2 дугаар ангид суралцуулж, бүрэн дунд боловсрол олгох, хариуцагч А.О- нь сургалтын төлбөрт 5,400,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

4. А.О- нь 2019-2020 оны сургалтын төлбөрт 1,300,000 төгрөгийг төлсөн, 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн улс орон даяар хөл хорио тогтоож, улмаар 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цахимаар хичээллэсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

Харин нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас хичээлийн жилийн эхний хоёр улирлын хичээл танхимаар явагдаж, үлдсэн хугацаанд цахимаар хичээллэж, Б.Г-ийг 2019-2020 оны хичээлийн жилд 2 дугаар ангид суралцуулж төгсгөсөн гэж, хариуцагч нь Цахим сургалт үр дүнгүй байсан. Б.Г- өөр сургуульд шилжихдээ хоёрдугаар ангид улирч суралцсанаас гадна сургалтын гэрээнд заасан үйлчилгээг бүрэн аваагүй гэжээ.

 

6. Сургалтын гэрээний 5.2-т нэхэмжлэгч Л бүрэн дунд сургууль нь сургалтын үйл ажиллагааг ямар журмаар явуулах, суралцагчийн өмнө хүлээх үүргийг тодорхой тусгасан байх бөгөөд нотолгооны хуваарилалтын дагуу нэхэмжлэгч нь уг үүргийн биелэлтийг баримтаар нотлох үүрэгтэй.

 

Өөрөөр хэлбэл, Л бүрэн дунд сургууль нь 2 дугаар ангийн сурагч Б.Г-д бага боловсролын сургалтын хөтөлбөрийг бүрэн эзэмшүүлж, түүнийг анги дэвшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгч гэрээний үүрэгт 3,830,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7.Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрсөн 2,050,000 төгрөгийн хэмжээгээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцжээ.

 

8. Түүнчлэн Сургалтын гэрээний 4.5-д Эцэг, эх сургалтын төлбөрийг гэрээнд заасан сүүлийн хугацаанаас хожимдуулсан тохиолдолд сургуулийн ердийн үйл ажиллагааны төлөвлөлтөнд саад учруулсан бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн боловч нэхэмжлэгч гэрээний үндсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар алданги шаардах эрхгүй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алдангид 1,915,000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/00245 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОГТСАЙХАН