Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 426

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 181/ШШ2019/00073 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “А” ХХК-д холбогдох

 

Борлуулсан тийзийн үнэ болон хугацаа хэтрүүлсний алдангид нийт 172 321 222 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч          Б.О  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч             Р.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга             Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Н” ХХК нь Олон Улсын Агаарын тээврийн холбооноос олгогдсон эрхийн дагуу зорчигчийн агаарын тээврийн тийз борлуулах эрхтэй агентлаг юм. “А” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сард Агаарын тээврийн зорчигчийн тийз борлуулалтын үйл ажиллагааг эрхлэн явуулах Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагатай ажиллах хамтын гэрээ-г байгуулж, манай компани Олон Улсын Агаарын тээврийн холбооноос олгосон эрхийн дагуу “А” ХХК-ийн бүртгэсэн зорчигчийн тийз дээр билет бичих, хариуцагч компани борлуулсан тийзийн орлогоос 3,5 хувийг авч, үлдэх үнийг манай компанид шилжүүлэхээр харилцан тохиролцсон. “Н” ХХК нь борлуулалтын орлогоос 1,5 хувийг өөртөө авч, үлдэх хэсгийг Олон Улсын Агаарын тээврийн холбооноос 7 хоног бүрийн мягмар гарагт ирүүлсэн нэхэмжлэхэд үндэслэн 7 хоног бүрийн даваа гарагт Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан төлдөг. Гэрээ ёсоор хариуцагч нь борлуулалтын орлогыг календарийн 5 хоног тутамд манай компанийн дансанд төвлөрүүлэх үүрэгтэй бөгөөд хэрэв энэ үүргээ зөрчвөл электрон билет бичих эрхийг нь хааж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон. Гэтэл хариуцагч нь борлуулалтын орлогоос 2015 онд 25 504 265 төгрөг, 2016 онд 29 695 406 төгрөг, 2017 онд 64 414 157 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд 2015 оны орлогоос 12 752 132 төгрөгийн, 2016 оны орлогоос 14 847 703 төгрөг, 2017 оны орлогоос 32 207 078 төгрөгийн алданги төлөх үүрэг үүсгээд байна. 2015, 2016 оны төлбөрийн үлдэгдлийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан, харин 2017 оны борлуулалтын орлогын зарим хэсгийг зөвшөөрөөгүйгээс тооцоо нийлсэн акт үйлдэгдээгүй болно. Бид хариуцагч компанийн борлуулсан тийзийн үнийг Олон Улсын Агаарын тээврийн холбоонд төлсөн тул төлбөрөө шаардах эрхтэй. 2017 оны билетийн хувьд бид 68 билетийн үнийг хариуцагчаас шаардсан боловч 4 билетийн хувьд маргаантай байгаа тул маргаан бүхий 4 билетийн үнэ 4 733 013 төгрөгийг хасаж, 2017 оны борлуулалтын орлогод 59 681 144 төгрөгийг нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнтэй уялдан алдангийн хэмжээг 29 840 572 төгрөг болгон бууруулж байна. Иймд хариуцагчаас 2015 оны борлуулалтын орлого 25 504 265 төгрөг, алданги 12 752 132 төгрөг, 2016 оны борлуулалтын орлого 29 695 406 төгрөг, алданги 14 847 703 төгрөг, 2017 оны борлуулалтын орлого 59 681 144 төгрөг, алданги 29 840 572 төгрөг буюу нийт 172 321 222 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн багасгасан шаардлагаа 7 099 520 төгрөгөөр дахин багасгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь Олон Улсын Агаарын тээврийн холбоотой 2005 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээгээр Олон Улсын Агаарын Нислэгийн тийз борлуулах эрхийг авсан байдаг. Тийз борлуулсан, үлдэгдэл байсан нь үнэн. Үнийг 5 хоногт төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн байдаг. Хэрэв энэ үүргээ зөрчвөл гэрээ цуцлах арга хэмжээ авах зохицуулалт байсан. Гэвч нэхэмжлэгч ийнхүү арга хэмжээ аваагүйгээс төлбөрийн болон алдангийн хэмжээ нэмэгдэх үндэслэл болсон. Талууд 2015, 2016 оны төлбөрийн үлдэгдэлд маргаагүй, харин 2017 оны төлбөр бодитой бус байгаа. Нэхэмжлэгч нийт 68 билетийн үнэ шаардаж байгаа атлаа 64 билетийн үнийг Олон Улсын Агаарын тээврийн холбоонд төлсөн байдаг ба үзлэгээр энэ нөхцөл байдал илэрсэн байдаг. Гэхдээ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 4 билетийн үнийг хасаж, 59 681 144 төгрөг шаардаж байгаа бол 2017 оны төлбөрийн үлдэгдэлд маргах зүйлгүй боллоо. Харин нэхэмжлэгч нь төлбөр төлөгдөөгүй тохиолдолд борлуулалтыг зогсоож, тухай бүр алданги шаардах замаар зөрчигдсөн эрхээ сэргээх боломжтой байхад энэ арга хэмжээг аваагүйгээс хариуцагчид энэ хэмжээний алданги төлөх үүрэг үүссэн тул алдангийн хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн үйл ажиллагаа тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэж үзэж байгаа. Түүнчлэн хариуцагч байгууллагын ажилтан ажил олгогчдоо мэдэгдэхгүйгээр завших гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж өнөөдрийг хүргэсэн, мөн хариуцагч компани өнөөдөр санхүүгийн хувьд маш хүнд, ашиггүй ажиллаж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэхийг шүүхээс хүсэж байна. Хэдийгээр ажил олгогчийн хувьд ажилтандаа хяналт тавих үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй буруутай ч шүүх эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангиас чөлөөлөх, эсхүл алдангийн хэмжээг багасгаж өгнө үү. “А” ХХК нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байж төлбөрөө төлөх боломжтой болох тул хариуцагч байгууллагад боломж олгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дүгээр зүйлийн 400.3, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д тус тус заасныг баримтлан “А” ХХК-аас 143 601 018.5 төгрөг гаргуулж “Н” ХХК-д олгож, “Н” ХХК нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28 720 203.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 721 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 875 955 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-ийн гаргасан давж заалдах гомдолдоо:

            ... Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт зааснаар “даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэжээ. Гэтэл “А” ХХК /даалгавар гүйцэтгэгч/ нь онгоцны тийзийг “Н” ХХК-ийн /даалгавар өгөгч/ нэрийн өмнөөс борлуулаагүй, тийз борлуулалтын зардлыг түүнээс авч байгаагүй бөгөөд гэрээний 8.1-д зааснаар өөрөө хариуцаж байсан зэргээс дүгнэхэд уг харилцаа даалгаврын гэрээний шинжийг агуулсан гэж үзэх нь учир дутагдалтай. Мөн зохиогчдын хооронд байгуулсан дээрх гэрээний 1.1, 1.2-т бусад заалтуудаас дүгнэхэд тухайн харилцаа нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан “Хамтран ажиллах гэрээ” шинжийг илүү агуулсан гэж үзэхээр байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нийт алдангийн хэмжээг 50 хувь болгох 28 720 203.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хамтран ажиллах гэрээний нэг тал нөгөө талдаа анз төлөх нь тухайн гэрээний үндсэн зорилго, агуулгад харш гэж үзнэ. Түүнчлэн зохиогчдын хооронд байгуулсан гэрээгээр орж ирэх нөхцөлийг бүрдүүлэх, үүссэн зөрчлийг цаг алдалгүй арилгахын тулд тодорхой үйлдэл хийх ёстой. Тухайлбал, гэрээний 2.1, 2.2, 5.6, 7.1, 5.4-т заасан заалтуудаас үзэхэд нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж алданги тооцох дүн ихэссэн. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээнд заасан дээрх тодорхой үйлдлүүдийг гүйцэтгээгүйгээс шүүх хуралдаан дээр төлөөлөгч нь “А” ХХК нь тийз сайн борлуулдаг тул бид зогсоох арга хэмжээ аваагүй гэсэн утгатай тайлбар хэлсэн. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тул үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж заасны дагуу “Н” ХХК нь хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч болно. Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар “мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах” үүр дагавар үүсэх буюу “Н” ХХК нь алданги тооцох авах эрх үүсэхгүй юм. Мөн гэрээний 7.1-д “... “Н” ХХК нь энэхүү алдангийг “А” ХХК-ийн сар бүрийн борлуулалтын тайланд оруулан тооцно” гэж талууд алданги тооцох хугацаанд хязгаарлалт тогтоосон, нэхэмжлэгчид тодорхой үйлдэл хийх үүрэг хүлээлгэсэн бөгөөд энэ үүргээ тэрээр биелүүлээгүй байхад шүүх анхаараагүй. 2015, 2016, 2017 онуудад борлуулсан гэх тийзийн нийт үнэ 114 880 815 төгрөгөөс 1,5 хувь буюу 1 723 212 төгрөг “Н” ХХК-д оногдох байхад түүнд алдангид 28 720 203 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь илт их /бараг 17 дахин их/ хэмжээтэй нь шударга бус юм. Иймд “А” ХХК нь алданги 28 720 203.5 төгрөгийг “Н” ХХК-д төлөх үндэслэлгүй байх тул шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1-д заасан нэхэмжлэгчид олгох төлбөрөөс дээрх мөнгийг бүхэлд нь хасах өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

 ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан тийзний үнэ болон хугацаа хэтрүүлсэн алдангид 312 744 049.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж тийз борлуулалтын орлого, алдангид нийт 172 321 222 төгрөг гаргуулах шаардлагаас хариуцагч алдангийг эс зөвшөөрч хэмжээг багасгаж өгөхийг хүссэн тайлбар гаргаж маргажээ.

 

            Нэхэмжлэгч “Н” ХХК нь Олон улсын Агаарын тээврийн холбоотой 2005 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зорчигчийн борлуулалтын агентлагийн гэрээ байгуулж, улмаар уг гэрээний үндсэн дээр “Н” ХХК нь “А” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сард “Агаарын тээврийн зорчигчийн тийз борлуулалтын үйл ажиллагааг эрхлэн явуулах Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагатай ажиллах хамтын гэрээ”-г байгуулжээ. Энэхүү гэрээний дагуу хариуцагч “А” ХХК нь олон улсын агаарын тээврийн холбооноос олгосон эрхийн дагуу бүртгэсэн зорчигчийн тийз дээр билет бичиж худалдсан тийзийн орлогоос 3,5 хувийг авч, үлдэх хувийг нэхэмжлэгч “Н” ХХК-д шилжүүлэх үүрэг хүлээсэн байна. /1хх 5-8/  

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд даалгаврын гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгтэй нийцжээ.

 

Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд даалгавар гүйцэтгэгч “А” ХХК нь борлуулсан тийзний орлогын зохих хувь буюу 1,5 хувийг нэхэмжлэгч байгууллагад шилжүүлэх үүрэг хүлээсэн байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч “А” ХХК-ийн тийзний орлуулалтын үнэ 2015 оны орлого 25 504 265 төгрөг, 2016 оны орлого 29 695 406 төгрөг, 2017 оны орлого 59 681 144 төгрөг буюу нийт 114 880 815 төгрөг гэж дүгнэн уг төлбөрийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Энэ талаарх анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.  

 

Гэрээний 7.1-д “А” ХХК нь борлуулалтын орлогоо хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэтрүүлсэн хоногт тутамд төлбөл зохих борлуулалтын орлогын дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөх, “Н” ХХК нь энэхүү алдангийг “А” ХХК-ийн сар бүрийн борлуулалтын тайланд оруулан тооцохоор заажээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан бөгөөд талуудын гэрээний алдангийн тухай тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хариуцагч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд хоногийн 0,5 хувиас хэтрэхгүйгээр алданги төлөх үүрэгтэй гэж үзнэ. 

 

Харин анхан шатны шүүх хариуцагч байгууллагын компанийн санхүүгийн чадавх сул, төлбөр төлөх боломж муу байгаа зэрэг үйл баримт шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон гэж дүгнэн алдангид төлөх 57 440 407 төгрөгийн 50 хувь болох 28 720 203 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан нийцэж, буруутгах боломжгүй байна.

 

Хариуцагч давж заалдах гомдлын үндэслэлдээ ...гэрээний 7.1-д “...”Н” ХХК нь энэхүү алдангийг “А” ХХК-ийн сар бүрийн борлуулалтын тайланд оруулан тооцно” гэж талууд алданги тооцох хугацаанд хязгаарлалт тогтоосон, нэхэмжлэгчид тодорхой үйлдэл хийх үүрэг хүлээлгэсэн бөгөөд энэ үүргээ тэрээр биелүүлээгүй байхад шүүх анхаараагүй гэж заажээ.

 

Талууд алданги тооцох үндэслэл, журам, түүнийг төлөөгүйгээс үүсэх үр дагавар зэргийг гэрээгээр тохиролцсон, хариуцагч “А” ХХК нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ гүйцэтгүүлэхийн тулд нэхэмжлэгч “Н” ХХК ямар нэгэн үүрэг гүйцэтгэх ёстой байсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Гэрээнд заасан төлбөр тооцоо нийлэх төлбөр төлөөгүй тохиолдолд зохих арга хэмжээ авах тухай заалтын агуулга нь “Н” ХХК-д эрх олгосон болохоос үүрэг болгосон улмаар “А” ХХК-ийг гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг хойшлуулах чөлөөлүүлэх нөгөө тал мөнгөн төлбөрөө шаардах эрхийг үгүйсгэсэн агуулгатай заалт биш байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 181/ШШ2019/00073 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301 551 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

Ц.ИЧИНХОРЛОО