Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2019/00982

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/00073 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 426 дугаар магадлалтай

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“А” ХХК-д холбогдох,

2015-2017 онд борлуулсан тийзний орлогын үлдэгдэл 114 880 815 төгрөг болон хугацаа хэтрүүлсний алданги 57 440 407 төгрөг, нийт 172 321 222 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төмөрбаатар, Ц.Жамбалсүрэн, хаиуцагчийн өмгөөлөгч Р.Мэндсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК нь Олон Улсын Агаарын тээврийн холбооноос олгогдсон эрхийн дагуу зорчигчийн агаарын тээврийн тийз борлуулах эрхтэй агентлаг юм. “А” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сард Агаарын тээврийн зорчигчийн тийз борлуулалтын үйл ажиллагааг эрхлэн явуулах Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагатай ажиллах хамтын гэрээ-г байгуулж, манай компани Олон Улсын Агаарын тээврийн холбооноос олгосон эрхийн дагуу “А” ХХК-ийн бүртгэсэн зорчигчийн тийз дээр билет бичих, хариуцагч компани борлуулсан тийзийн орлогоос 3,5 хувийг авч, үлдэх үнийг манай компанид шилжүүлэхээр харилцан тохиролцсон. “Н” ХХК нь борлуулалтын орлогоос 1,5 хувийг өөртөө авч, үлдэх хэсгийг Олон Улсын Агаарын тээврийн холбооноос 7 хоног бүрийн мягмар гарагт ирүүлсэн нэхэмжлэхэд үндэслэн 7 хоног бүрийн даваа гарагт Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан төлдөг. Гэрээ ёсоор хариуцагч нь борлуулалтын орлогыг календарийн 5 хоног тутамд манай компанийн дансанд төвлөрүүлэх үүрэгтэй бөгөөд хэрэв энэ үүргээ зөрчвөл электрон билет бичих эрхийг нь хааж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон. Гэтэл хариуцагч нь борлуулалтын орлогоос 2015 онд 25 504 265 төгрөг, 2016 онд 29 695 406 төгрөг, 2017 онд 64 414 157 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд 2015 оны орлогоос 12 752 132 төгрөгийн, 2016 оны орлогоос 14 847 703 төгрөг, 2017 оны орлогоос 32 207 078 төгрөгийн алданги төлөх үүрэг үүсгээд байна. 2015, 2016 оны төлбөрийн үлдэгдлийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан, харин 2017 оны борлуулалтын орлогын зарим хэсгийг зөвшөөрөөгүйгээс тооцоо нийлсэн акт үйлдэгдээгүй болно. Бид хариуцагч компанийн борлуулсан тийзийн үнийг Олон Улсын Агаарын тээврийн холбоонд төлсөн тул төлбөрөө шаардах эрхтэй. 2017 оны билетийн хувьд бид 68 билетийн үнийг хариуцагчаас шаардсан боловч 4 билетийн хувьд маргаантай байгаа тул маргаан бүхий 4 билетийн үнэ 4 733 013 төгрөгийг хасаж, 2017 оны борлуулалтын орлогод 59 681 144 төгрөгийг нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнтэй уялдан алдангийн хэмжээг 29 840 572 төгрөг болгон бууруулж байна. Иймд хариуцагчаас 2015 оны борлуулалтын орлого 25 504 265 төгрөг, алданги 12 752 132 төгрөг, 2016 оны борлуулалтын орлого 29 695 406 төгрөг, алданги 14 847 703 төгрөг, 2017 оны борлуулалтын орлого 59 681 144 төгрөг, алданги 29 840 572 төгрөг буюу нийт 172 321 222 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Олон Улсын Агаарын тээврийн холбоотой 2005 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээгээр Олон Улсын Агаарын Нислэгийн тийз борлуулах эрхийг авсан байдаг. Тийз борлуулсан, үлдэгдэл байсан нь үнэн. Үнийг 5 хоногт төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн байдаг. Хэрэв энэ үүргээ зөрчвөл гэрээ цуцлах арга хэмжээ авах зохицуулалт байсан. Гэвч нэхэмжлэгч ийнхүү арга хэмжээ аваагүйгээс төлбөрийн болон алдангийн хэмжээ нэмэгдэх үндэслэл болсон. Талууд 2015, 2016 оны төлбөрийн үлдэгдэлд маргаагүй, харин 2017 оны төлбөр бодитой бус байгаа. Нэхэмжлэгч нийт 68 билетийн үнэ шаардаж байгаа атлаа 64 билетийн үнийг Олон Улсын Агаарын тээврийн холбоонд төлсөн байдаг ба үзлэгээр энэ нөхцөл байдал илэрсэн байдаг. Гэхдээ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 4 билетийн үнийг хасаж, 59 681 144 төгрөг шаардаж байгаа бол 2017 оны төлбөрийн үлдэгдэлд маргах зүйлгүй боллоо. Харин нэхэмжлэгч нь төлбөр төлөгдөөгүй тохиолдолд борлуулалтыг зогсоож, тухай бүр алданги шаардах замаар зөрчигдсөн эрхээ сэргээх боломжтой байхад энэ арга хэмжээг аваагүйгээс хариуцагчид энэ хэмжээний алданги төлөх үүрэг үүссэн тул алдангийн хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн үйл ажиллагаа тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэж үзэж байгаа. Түүнчлэн хариуцагч байгууллагын ажилтан ажил олгогчдоо мэдэгдэхгүйгээр завших гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж өнөөдрийг хүргэсэн, мөн хариуцагч компани өнөөдөр санхүүгийн хувьд маш хүнд, ашиггүй ажиллаж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэхийг шүүхээс хүсэж байна. Хэдийгээр ажил олгогчийн хувьд ажилтандаа хяналт тавих үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй буруутай ч шүүх эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангиас чөлөөлөх, эсхүл алдангийн хэмжээг багасгаж өгнө үү. “А” ХХК нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байж төлбөрөө төлөх боломжтой болох тул хариуцагч байгууллагад боломж олгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/00073 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дүгээр зүйлийн 400.3, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д тус тус заасныг баримтлан “А” ХХК-аас 143 601 018.5 төгрөг гаргуулж “Н” ХХК-д олгож, “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28 720 203.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 721 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 875 955 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 426 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 181/ШШ2019/00073 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301 551 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна.

   1. Магадлалын хянавал хэсэгт “...Анхан шатны шүүх талуудын хооронд даалгаврын гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгтэй нийцжээ. Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд даалгавар гүйцэтгэгч “А” ХХК нь борлуулсан тийзний орлогын хувь буюу 1,5 хувийг нэхэмжлэгч байгууллагад шилжүүлэх үүрэг хүлээсэн байна.” (магадлалын 5 дугаар талд) гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Учир нь “А” ХХК (даалгавар гүйцэтгэгч) нь онгоцны тийзийг “Н” ХХК-ийн (даалгавар өгөгч) нэрийн өмнөөс борлуулаагүй, тийз борлуулалтын зардлыг түүнээс авч байгаагүй бөгөөд талуудын байгуулсан “Агаарын тээврийн зорчигчийн тийз борлуулалтын үйл ажиллагааг эрхлэн явуулах Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагатай ажиллах хамтын гэрээ” /цаашид “гэрээ” гэх/-ний 8.1-д зааснаар өөрөө хариуцаж байсан зэргээс дүгнэхэд уг харилцаа даалгаврын гэрээний шинжийг агуулсан гэж үзэх нь учир дутагдалтай юм.

Мөн гэрээний 1.1, 1.2-т “... зорчигчийн тийз борлуулалтын үйл ажиллагааг эрхлэхэд хамтран ажиллах” гэж талууд зорилгоо тодорхойлсон хийгээд гэрээний бусад заалтуудаас дүгнэхэд тухайн харилцаа нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан “Хамтран ажиллах гэрээ” шинжийг илүү агуулсан гэж үзэхээр байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүх гэрээний харилцааны төрлийг буруу тодорхойлсон гэж үзнэ.

2. Магадлалын хянавал хэсэгт “...хариуцагч “А” ХХК нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ гүйцэтгүүлэхийн тулд нэхэмжлэгч “Н” ХХК ямар нэгэн үүрэг гүйцэтгэх ёстой байсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Гэрээнд заасан төлбөр тооцоо нийлэх төлбөр төлөөгүй тохиолдолд зохих арга хэмжээ авах тухай заалтын агуулга нь “Н” ХХК-д эрх олгосон болохоос үүрэг болгосон улмаар “А” ХХК-ийг гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг хойшлуулах чөлөөлүүлэх нөгөө тал мөнгөн төлбөрөө шаардах эрхийг үгүйсгэх агуулгатай заалт биш байна.” (магадлалын 6 дугаар тал) гэснийг буюу алдангид 28 720 203 төгрөгийг тооцож, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг зөвшөөрөх боломжгүй.

Учир нь гэрээгээр “Н” ХХК нь тийзийн борлуулалтын орлого цаг тухайд нь бүрэн хэмжээгээр орж ирэх нөхцөлийг бүрдүүлэх, үүссэн зөрчлийг цаг алдалгүй арилгахын тулд тодорхой үйлдэл хийх үүрэгтэй байжээ.

Тухайлбал гэрээний 2.1-д “Наран нь ... тайлан тооцооны маягтуудыг хөтлөх, төлбөр тооцоо хийх, тэдгээрийн талаарх журам, заавар, зөвлөгөөгөөр бүрэн хангаж, мэргэжлийн туслалцаа үзүүлж, төлбөр тооцоонд байнгын хяналт тавина. гэсэн үүрэгтэй, 2.2-т “Н нь “А” ХХК-ийн өмнө авсан үнэт цаасны борлуулалтын тайлан тооцоог зохих журмын дагуу хийсний дараа төлбөр тооцооны маргаагүй тохиолдолд зорчигчийн тийз бичих үнэт цаас болон электрон билет бичих эрхийг олгоно.” гэсэн үүрэгтэй, 5.6-д “”Наран тревэл” ХХК нь “А” ХХК-ийн борлуулалтын орлого нь 7 хоногийн тайлангийн хугацаанаас хэтрэх тохиолдолд электрон билет бичих эрхийг хааж, ... байна.”, 5.9-д “”Наран тревэл” ХХК нь “А” ХХК-ийн календарийн 5 хоногийн болон сарын эцсийн борлуулалтын тайланг холбогдох баримтуудтай тулган шалгаж, ямар нэг алдаа, зөрүү гарсан тохиолдолд “А” ХХК-д нэн даруй мэдэгдэж дараагийн тайлангийн хугацаанд багтаан шийдвэрлүүлнэ.” 7.1-д "Н нь “А” ХХК-ийн календарийн 5 хоногийн болон сар бүрийн борлуулалтын тайлан, тооцоог шалган шаардлагатай арга хэмжээг тухайн бүр нь авч байхын дээр борлуулалтын орлогыг энэхүү гэрээнд заасан хугацаанд (5.4-т заасан “5 хоног тутам”) нь төвлөрүүлсэн эсэхийг тогтмол шалгаж байна. Хэрвээ “А” ХХК нь борлуулалтын орлогоо хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд төлбөл зохих борлуулалтын орлогын дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлнө. Н нь энэхүү алдангийг “А” ХХК-ийн сар бүрийн борлуулалтын тайланд оруулан тооцно”, 9.2-т “Хэрэв аль нэг тал гэрээний нөхцөл, болзол, холбогдох заалтыг зөрчсөн ... тохиолдолд нөгөө тал гэрээг шууд цуцална.”, 9.4-т “”А” ХХК нь гэрээний хугацаанд ... борлуулалтын орлогоо цаг тухайд нь төлөлгүй гурван удаа алданги тооцуулсан тохиолдолд “Н” ХХК дангаар гэрээг цуцлах эрхтэй” зэргээр “Н" ХХК- ийн хийх үйлдлүүдийг заасан байна.

Гэтэл нэхэмжлэгч нь гэрээнд заасан дээрх тодорхой үйлдлүүдийг гүйцэтгээгүйгээс (шүүх хуралдаан дээр төлөөлөгч нь “”А” ХХК нь тийз сайн борлуулдаг байсан тул бид зогсоох арга хэмжээ аваагүй” гэсэн утгатай тайлбар хэлсэн) хугацаа хэтэрсэн гэж үзэх бүрэн үндэстэй.

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т “Үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тул үүр гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.” гэж заасны дагуу “Н” ХХК-ийг хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч болно.

Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар “мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах” үр дагавар үүсэх буюу “Н” ХХК нь алданги тооцох авах эрх үүсэхгүй юм.

Мөн гэрээний 7.1-д “...Наран тревэл нь энэхүү алдангийг Аийн сар бүрийн борлуулалтын тайланд оруулан тооцно.” гэж талууд алданги тооцох хугацаанд хязгаарлалт тогтоосон, нэхэмжлэгчид тодорхой үйлдэл хийх үүрэг хүлээлгэсэн бөгөөд энэ үүргээ тэрээр биелүүлээгүй байхад шүүх түүнийг анхаарч үзээгүй байна.

3. Түүнчлэн Олон улсын агаарын тээврийн холбоо /1АТА/ “Наран трейд” ХХК -ийн хооронд 2005.04.15-ны өдөр байгуулагдсан “Зорчигчийн борлуулалтын агентлагийн гэрээ”-ний 12.1-д “Агент нь энэхүү гэрээг аливаа этгээдэд эсхүл этгээдүүдэд бүхэлд нь болон хэсэгчлэн шилжүүлэх эсхүл бусад байдлаар дамжуулан шилжүүлэхийг хориглоно” гэсэн байхад “А” ХХК-тай гэрээ байгуулж, олон улсын зорчигчийн тийз борлуулуулж, улмаар алданги төлүүлсэн нь хууль бус юм.

Учир нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно”, 210.3-т “Гуравдагч этгээд хариуцлага хүлээхээр хуульд заагаагүй бол түүний гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч хариуцна” гэж заасан бөгөөд “Н” ХХК нь (“Наран Трейд" ХХК-тай ямар хамааралтай нь ойлгомжгүй!) тийз борлуулах эрхээ бусдад дамжуулах эрхгүй, “А” ХХК-ийн үүргийн хариуцлагыг өөрөө хариуцах ёстой юм.

4. 2015, 2016, 2017 онд борлуулаад үнийг нь төлөөгүй гэх тийзийн нийт үнэ 114 880 815 төгрөгөөс (“Н” ХХ-ийн мөнгө биш) 1,5 хувь буюу 1 723 212 төгрөг нэхэмжлэгч “Н” ХХК-д оногдох байхад түүнд алдангиар 28 720 203 төгрөгийг нэмж олгохоор шийдвэрлэсэн нь олох ёстой байсан ашгаас нь бараг 17 дахин их хэмжээтэй байгаа нь шударга бус бөгөөд хамтран ажиллах гэрээний нэг тал нөгөө талдаа анз төлөх нь тухайн гэрээний үндсэн зорилго, агуулгад харш гэж үзнэ.

Иймд “А” ХХК нь алданги 28 720 203.5 төгрөгийг “Н” ХХК-д төлөх үндэслэлгүй байх тул шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1-д заасан нэхэмжлэгчид олгох төлбөрөөс дээрх мөнгийг бүхэлд нь хасах өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

“Н” ХХК нь “А” ХХК-д холбогдуулан 2015-2017 онд борлуулсан тийзний орлогын үлдэгдэл болон хугацаа хэтрүүлсний алдангид нийт 172 321 222 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч алдангийг эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч “А” ХХК-иас борлуулсан тийзний үнэ 114 880 815 төгрөг, алданги 28 720 203.5 төгрөг, нийт 143 601 018.5 төгрөгийг гаргуулж “Н” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, алдангийг хасч өгнө үү гэжээ.

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

“Н” ХХК нь Олон Улсын Агаарын тээврийн холбоотой 2005 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Зорчигчийн борлуулалтын агентлагийн гэрээ” байгуулж, улмаар дээрх гэрээний үндсэн дээр олж авсан агаарын зорчигч тээврийн үйлчилгээг гүйцэтгэхдээ 2014 оны 09 дүгээр сард “А” ХХК-тай “Агаарын тээврийн зорчигчийн тийз борлуулалтын үйл ажиллагааг эрхлэн явуулах хамтын гэрээ”-г байгуулжээ.

Тус гэрээгээр “Н” ХХК нь суудал захиалгын системийг ашиглах заавар, мөрдвөл зохих зорчигчийн тариф, түүний нөхцөл, тээвэрлэлтийн болон бусад баримт бичгүүдийг бичих, тайлан тооцооны маягтуудыг хөтлөх, төлбөр тооцоо хийх, тэдгээрийн талаарх журам, заавар зөвлөгөөгөөр бүрэн хангаж, мэргэжлийн туслалцаа үзүүлж, төлбөр тооцоонд байнгын хяналт тавих, “А” ХХК нь авиакомпаниудаас баталсан зорчигчийн тарифаар Улаанбаатар хотоос болон гадаадаас эхлэлтэй олон улсын нислэгт, мөн авиакомпаниудтай интерлайны гэрээтэй бүх нислэгт зорчигчийн тийз, зорчигч тээвэрлэлтийн бусад бичиг баримтуудыг бичиж, энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулах, “Н”-иас өгсөн заавар, маягтын дагуу календарийн 5 хоног тутамд борлуулалтын тайланг гаргах ба борлуулалтын орлогыг энэхүү тайлангийн хугацаанд “Н” ХХК-ийн дансанд төвлөрүүлэх үүрэг тус тус хүлээжээ.

2015, 2016, 2017 онуудад борлуулсан тийзний орлогоос дутуу тушаасан талаар хариуцагч маргаагүй, энэ нь талуудын хооронд хийсэн Тооцооны үлдэгдлийн баталгаагаар нотлогдсон байна. 

Талуудын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1. дэх заалтад нийцжээ.

Гэрээний талаар зохигч маргаагүй, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 400 дүгээр зүйлийн 400.3.-т даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн шаардлагаар гүйцэтгэж байгаа ажлын явцын талаар мэдээлэх, даалгавар гүйцэтгэхтэй холбогдуулан хүлээж авсан бүх зүйлийг даалгавар өгөгчид нэн даруй шилжүүлэх үүрэгтэй тул нэхэмжлэгч борлуулалтын орлогыг шаардсан нь хууль зөрчөөгүй.

Даалгавар гүйцэтгэгч буюу хариуцагч борлуулсан тийзний орлогыг гэрээгээр тохирсон хугацаанд даалгавар өгөгчид шилжүүлэх хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул үүргийн гүйцэтгэлийг хангаж 2015-2017 онд дутуу шилжүүлсэн борлуулалтын орлого 114 880 815 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Зохигч гэрээний 7.1.-д ...хэрэв борлуулалтын орлогоо хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд төлбөл зохих борлуулалтын орлогын дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлнө гэж тохиролцсон үндэслэлээр нэхэмжлэгч нь алданги нэхэмжилсэн байна.

Алдангийг тохиролцсон талуудын тохиролцоо хууль зөрчөөгүй тул хариуцагчаас алданги тооцон гаргуулах үндэслэлтэй боловч анхан шатны шүүх хариуцагчийн санхүүгийн чадвар сул, төлбөр төлөх боломж муу байгаа нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, шүүхийн энэ шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4. дэх заалтад нийцсэн, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

Хариуцагчийн борлуулалтын орлогоо шилжүүлэлгүй хугацаа хэтрүүлсэнд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй бөгөөд гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүйгээс төлбөр төлөх хугацаа хэтэрсэн гэж дүгнэх боломжгүй тул алдангийг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Шүүх гэрээний харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/00073 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 426 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 301 551 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР      

                           ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД