Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 131/ШШ2018/00771

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 131/ШШ2018/00771

Баянхонгор аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

  

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр 40 мянгат, 19 дүгээр байр, 2 тоотод байрлах Лэндс ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох

Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ хийсэн ажлын хөлс 182 160 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Хатанбаатар, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Ганхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №1а/541 албан тоот Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн компаниудын хууль бусаар ашигт малтмал олборлож байснаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ хийлгэх хүсэлтийн дагуу 2013 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хохирлын үнэлгээ тогтоох ажлын №А88/455 гэрээг харилцан тохиролцож байгуулж, улмаар гэрээний 2.2 болон 2.3.1 дэх заалтуудын дагуу захиалагч тал томилолтын зардал болох 9 653 440 төгрөгийг манай компанийн дансанд шилжүүлсэн байдаг. Ингээд Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хэлтэс Байгаль орчны газар зэрэг холбогдох эрх бүхий байгууллагын оролцоотой тус аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд ноцтой хохирол учруулсан 19 аж ахуй нэгж, хуулийн этгээдийн хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг хийж тухайн газруудын нөхөн сэргээлтийн зардлыг тооцоолох ажлыг хууль тогтоомж, стандартын дагуу хийж гүйцэтгэсэн.

Ажил гүйцэтгэх гэрээний 5.1, 5.2 дахь заалтуудад заасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Байгаль орчны хохирлын үнэлгээний тайлан хүлээлцсэн тухай акт үйлдэж, гүйцэтгэгч тал гэрээний үүргээ бүрэн хэрэгжүүлсэн гэж захиалагч тал хүлээн зөвшөөрч 2015 оын 05 дугаар сард багтаан гүйцэтгэсэн ажлын хөлсийг манай компанийн Худалдаа хөгжлийн банкин дахь №499009345 тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсон билээ. Гэвч гэрээний захиалагч тал дээрх ажлын хөлсийг тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй учраас уг төлбөрийг төлж барагдуулахыг манай компанийн зүгээс удаа дараа холбогдож шаардахад...төлбөрийг төлөх мөнгөний бололцоогүй байна, удахгүй төлнө гэсэн олон янзын тайлбар, хариуг өгсөөр нилээд хугацаа өнгөрсөн бөгөөд манай компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэх талаар хууль ёсны шаардлагад ямар нэгэн албан ёсны хариу өгөлгүй өнөөдрийг хүрч байна.

Иргэний хуулийн 343.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон Хохирлын үнэлгээ тогтоох ажлын гэрээний 2.1 дэх зүйл болон Байгаль орчны хохирлын үнэлгээний тайлан хүлээлцсэн тухай акт №3-ыг баримтлан байгаль орчны хохирлын үнэлгээ хийсэн ажлын хөлс болох 182 160 000 төгрөгийг Баянхонгор аймгийн Засаг дарга болон Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжийн хамтаар гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Байгаль орчны үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий Лэндс ХХК нь Баянхонгор аймгийн Засаг даргатай 2013 оны 08 дугаар сарын 17-ны өдөр А88/455 тоот хохирлын үнэлгээ тогтоох ажлын гэрээг байгуулсан. Лэндс ХХК-ийн зүгээс Баянхонгор аймгийн 7 сумын нутагт зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосонтой холбоотой байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээнд нь зохих шинжилгээг хийж үнэлгээг гаргаж хүлээлгэж өгөх, аймгийн засаг даргын зүгээс гэрээнд заасан ажлын хөлсийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон байдаг. 19 хуулийн этгээд дээр 19.000.000.000 төгрөгийн хохирлыг байгаль орчинд учруулсан талаарх дүгнэлтийг гаргаж гэрээний үүргээ бүрэн биелүүлж 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр актаар хүлээлцсэн. Засаг даргын томилсон эрх бүхий этгээдэд тайлан актыг хүлээлгэж өгсөн. Энэ нь 2013 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан гэрээн дээр захиалагч талыг төлөөлөгч аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантулга гарын үсэг зурж, аймгийн Засаг дарга болон Лэндс ХХК-ийн захирал гарын үсэг зурж баталгаажуулсан. Баянхонгор аймгийн Засаг даргын зүгээс 182.160.000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сардаа багтааж Лэндс ХХК-ийн дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Үүнээс хойш аймгийн Засаг даргын зүгээс төлбөр төлөхтэй холбоотой ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Хавтаст хэрэгт авагдсан Нотлох баримт болон холбогдох хуулиудыг үндэслэн хариуцагчаас 182.160.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Хатанбаатар шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

Аймгийн засаг даргын тамгын газрын зүгээс баримт нотолгоогүй тайлбарууд хэлдэг. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д Төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно гэж заасан байдаг. Баянхонгор аймагт ашигт малтмал олборлож байгаа компаниуд байгаль орчинд хохирол учруулсан. Тусгай зөвшөөрөлтэй компани ажлаа хийсэн байхад төлбөрөө төлдөггүй. Хариуцагч талаас нотлох баримтаа гаргаж өгдөггүй. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол бичгээр хэлцэл хийсэн гэж үзнэ гэж заасан. Тамга тэмдэг дарсан байх ёстой гэсэн хуулийн заалт байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасан. Энэ үүргээ биелүүлээгүй. Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр дээр ашигт малтмал олборлон байгаль орчинд ноцтой хохирол учруулсан 23 аж ахуйн нэгжтэй холбоотой байгаль орчны хохирлын үнэлгээ хийх, нөхөн сэргээлтийн зардлыг тооцоолох ажлыг манай компани хийсэн. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь хуулийн дагуу, хугацаандаа гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай зүгээс гэрээ болон тайлантай холбоотой асуудлуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт авагдсан гэрээ болон акт нь албан бичгийн шаардлага хангаагүй. Мөн Засаг даргыг төлөөлж аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Гантулга гарын үсэг зурсан боловч тамга дараагүй. Аймгийн Засаг дарга баталсан эсэх нь хуульд заасан хэлбэр биш байгаа. Хуульд зааснаар нотариатаар батлуулах ёстой. Уг гэрээ нь хуульд заасан хэлбэрийн хувьд ажил гүйцэтгэх гэрээ бөгөөд ерөнхий нөхцөл дээр заавал баталгаажуулахыг шаарддаггүй. Засаг даргын баталгаажуулсан хэсэг нь үр дагавар үүсгэхгүй заавал байх ёстой хэсэг биш гэж үзэж байна. Ажил хүлээлцэхээр ямар нэгэн ажлын хэсэг томилогдоогүй аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Гантулга актад гарын үсэг зурсан байдаг. Гэрээ болон акт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Гэрээ байгуулах, үнэлгээ хийлгэх ажиллагаатай холбоотойгоор 2013 оны аймгийн засаг даргын үндсэн чиглэл төсөв төлөвлөгөөнд тусгагдаагүй, хөрөнгө хаанаас гарах нь тодорхойгүй. Хохирлын үнэлгээ тогтоох гэрээг 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага хангах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасны дагуу 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоолох ёстой гэж үзэж байна. 2013 оноос хойш 4 жил гаруй хугацаа өнгөрсөн байхад гэрээ, акт, тайлан эх хувиараа манай байгууллагад байхгүй талаар хөгжлийн бодлогын хэлтэс болоод архиваас албан бичиг ирсэн байгаа. Мөн гэрээнд заасан ажлыг 78 хоногийн дотор хийж гүйцэтгэхээр гэрээнд заасан байгаа. Ажлын тайлан хүлээлцсэн актыг 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээлгэн өгсөн. Энэ нь гэрээнд заасан хугацаанаас 500 гаруй хоног хэтрүүлсэн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна гэж заасан. Мөн хохирлын үнэлгээ хийлгэх ажлыг тус компанид олгохдоо сонгон шалгаруулалт тендер зарлаагүйгээр гэрээ байгуулсан нь хууль зөрчиж хийсэн гэрээ үйл ажиллагаа гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хүрэлсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гэрээ 2013 онд байгуулагдсан. Би 2014 онд ажилд орсон. 2014 онд эвдэрсэн газруудын тооллого хийгээд тэр газрууд дээрээ нөхөн сэргээлт хийнэ гэсэн журам гарч байсан. 2014 онд бүх газруудыг тоолсон. Хохирсон байгууллагуудыг холбогдох байгууллага тогтоодог гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг дэлгэцээр харуулж нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Лэндс ХХК нь Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан Байгаль орчинд учруулсан хохиролд хохирлын үнэлгээ хийсэн ажлын хөлс 182 160 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, С.Хүрэлсүх нар эс зөвшөөрч байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч гэрээний талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэж, хариуцагч тал уг гэрээ нь хэлбэрийн хувьд хүчин төгөлдөр бус гэрээ, ажил хүлээлцсэн актад гарын үсэг зурагдсан хэдий ч тамга дарагдаагүй учир хүлээн авсан гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч талыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэн эс зөвшөөрч, харилцан маргаж байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар ...байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх...-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдөр олгож, 3 жилийн хугацаагаар сунгасан 2011/29 тоот эрхийн гэрчилгээтэй Лэндс ХХК, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын хооронд байгуулагдсан 2013 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/88/455 тоот хохирлын үнэлгээ тогтоох ажлын гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ байна./хэргийн 12-15 дугаар тал/

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасан Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол бичгээр хэлцэл хийсэн гэж үзэх, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт ...талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах... үйлдэл хийснээр гэрээг байгуулсан тооцох заалттай нийцэж, нөгөө талаас хуульд заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэлийг агуулаагүй байх тул хүчин төгөлдөр гэрээ байна.

Захиалагч Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар нь хохирлын үнэлгээ тогтоох ажлын гэрээний хоёрдугаар зүйлийн 2.2-д заасныг баримтлан томилолтын зардлын 9653440 төгрөгийг гүйцэтгэгч Лэндс ХХК-ийн дансанд шилжүүлсэн талаар нэхэмжлэгч тал тайлбарласныг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар үгүйсгээгүй, маргаангүй, гэрээнд заасан ажлыг нэхэмжлэгч Лэндс ХХК нь гүйцэтгэсэн болох нь Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 221 дугаар Лэндс ХХК-д хүргүүлсэн албан бичиг, ажлын хэсгийн ажил гүйцэтгэсэн баримт болох хэмжилт хийсэн тухай бичиглэл зэрэг нь хохирлын үнэлгээ тогтоох ажлын гэрээ байгуулагдсан, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотолж байна./хх-ийн 147-154-р тал/

Нэгэнт хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан учир гэрээний талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын хүлээх үндсэн үүрэг, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт заасан захиалагчийн хөлс төлөх үүргийг захиалагч тал биелүүлээгүй байна.

Лэндс ХХК, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын хооронд байгуулагдсан 2013 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/88/455 тоот хохирлын үнэлгээ тогтоох ажлын гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.1-т гүйцэтгэгч талын хүлээсэн үүрэг, 2.1-т ажлын хөлс, 5.1, 5.2-т ажлын үр дүнг хүлээлгэн өгөх талаар тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгч Лэндс ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж, гэрээний зүйл буюу ажлын үр дүн 19 ширхэг хохирлын үнэлгээний тайланг хүлээлцэж, гүйцэтгэгч тал Лэндс ХХК нь үүргээ бүрэн биелүүлсэн гэж хоёр тал зөвшөөрөөд үнэлгээний ажлын хөлс 182 160 000 төгрөгийг 2015 оы 05 дугаар сард багтаан төлөхөөр тохиролцсон болох нь Байгаль орчны хохирлын үнэлгээний тайлан хүлээлцсэн тухай 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 03 тоот актаар тогтоогдсон байна./хэргийн 16-17 дугаар тал/

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нараас 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар Байгаль орчны хохирлын үнэлгээний тайлан хүлээлцсэн тухай актыг бичиг хэргийн стандарт зөрчсөн, хариуцагч байгууллагыг төлөөлөн ажил хүлээн авсан Б.Гантулга нь байгууллагын тамгыг дарж баталгаажуулаагүй зэргээр хэлбэрийн шаардлага хангаагүй нь ажил хүлээн авсан гэж үзэх үндэслэлгүй гэж тайлбарлах боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т Захиалагч, гүйцэтгэгч нар ажлын гүйцэтгэлийг хамтран шалгаж хүлээлгэн өгөх ба хүлээн авсан тухай актанд талууд гарын үсэг зурснаар гэрээт ажлыг хүлээлгэн өгсөнд тооцно гэсэн заалтын дагуу талуудын гарын үсэг зурагдсанаар ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, нөгөө талаар Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрыг төлөөлж гэрээ байгуулсан, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантулга ажлын үр дүнг хүлээн авч гарын үсэг зурсан ч актад байгууллагын тамга дарагдаагүй гэх асуудалд гэрээний нэг тал нэхэмжлэгч Лэндс ХХК-ийг буруутгах үндэслэлгүй түүнчлэн хариуцагч тал өөрийн татгалзлын үндэслэлийг тодорхойлж чадаагүй, татгалзлаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан тайлбараа гаргах зэрэг үүргээ хариуцагч тал биелүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар гүйцэтгэгч Лэндс ХХК-ийн ажил гүйцэтгэсэн ажлын үр дүн болох Баянхонгор аймгийн 19 сум дахь байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээний тайланг захиалагч Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар хүлээн авсан болох нь Байгаль орчны хохирлын үнэлгээний тайлан хүлээлцсэн тухай актаар тогтоогдож байх тул ажлын хөлс 182 160 000 төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Лэндс ХХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Лэнд ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1068750 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжийн 1068750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Лэндс ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас 2013 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/88/455 тоот хохирлын үнэлгээ тогтоох ажлын гэрээний үүргийн гүйцэтгэл байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ хийсэн ажлын хөлс 182 160 000 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч Лэндс ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Лэндс ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1068750 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжийн 1068750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Лэндс ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т заасныг баримтлан энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Н.ГАНТУЯА