Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2019/00518

 

Л ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 131/ШШ2018/00771 дугаар шийдвэртэй,

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 213/МА2018/00042 дугаар магадлалтай, 

Л ХХК-ийн нэхэмжлэлтэй

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох, 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 182.160.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, Г.Х, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Л ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 541 албан тоот албан бичигтэй байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ хийлгэх хүсэлтийн дагуу 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хохирлын үнэлгээ тогтоох гэрээг харилцан тохиролцож байгуулж, улмаар захиалагч тал томилолтын зардал болох 9.653.440 төгрөгийг манай компанийн дансанд шилжүүлсэн байдаг. Ингээд Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хэлтэс Байгаль орчны газар зэрэг холбогдох эрх бүхий байгууллагын оролцоотой тус аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд ноцтой хохирол учруулсан 19 аж ахуй нэгж, хуулийн этгээдийн хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг хийж тухайн газруудын нөхөн сэргээлтийн зардлыг тооцоолох ажлыг хууль тогтоомж, стандартын дагуу хийж гүйцэтгэсэн. Гэвч захиалагч тал дээрх ажлын хөлсийг тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй байгаа тул байгаль орчны хохирлын үнэлгээ хийсэн ажлын хөлс болох 182.160.000 төгрөгийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжийн хамтаар гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт: ...Хохирлын үнэлгээ тогтоох гэрээг 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага хангах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасны дагуу 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоолох ёстой гэж үзэж байна. 2013 оноос хойш 4 жил гаруй хугацаа өнгөрсөн байхад гэрээ, акт, тайлан эх хувиараа манай байгууллагад байхгүй талаар хөгжлийн бодлогын хэлтэс болоод архиваас албан бичиг ирсэн байгаа. Мөн гэрээнд заасан ажлыг 78 хоногийн дотор хийж гүйцэтгэхээр гэрээнд заасан байгаа. Ажлын тайлан хүлээлцсэн актыг 2015 оны 4 дүгээр сарын 19-ний хүлээлгэн өгсөн. Энэ нь гэрээнд заасан хугацаанаас 500 гаруй хоног хэтрүүлсэн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна гэж заасан. Гэрээнд аймгийн Засаг даргыг төлөөлж Г.Гантулга гарын үсгээ зурсан боловч тамга дарагдаагүй. Монгол улсын баримт бичиг, бүрдлүүд тэдгээрт тавигдах шаардлагын 6.19-т байгууллагын удирдах албан тушаалтны гарын үсэг болон баримт бичгийн хуулийн хүчинтэй эх болохыг баталгаажуулж тамга тэмдэг дарна. Зохион байгуулалтын нэгжийн дарга гарын үсэг зурсан баримт бичигт тэмдэг дарна гэж заасныг хангаагүй учир гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Аймгийн Засаг дарга гэрээг баталсан эсэх нь хуульд заасан хэлбэр биш. Өөрөөр хэлбэл энэ гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Ажил гүйцэтгэх гэрээнд заавал баталгаажуулсан байхыг шаарддаггүй учраас аймгийн Засаг дарга баталгаажуулсан эсэх нь тодорхой үр дагавар үүсгэхгүй. Энэ гэрээ нь үнэлгээ хийлгэх үйл ажиллагаатай холбоотой асуудал 2013 оны аймгийн Засаг даргын үндсэн чиглэл болоод төсөв төлөвлөгөөнд тусгагдаагүй. Хөрөнгийг хаанаас гарах нь тодорхойгүй мөн санхүүгийн өр авлагаар тусгагдсан асуудал өнгөрсөн онуудад энэ талаар хүсэлт баримт материал тухайн компаниас ирээгүй. Энэ талаар байгууллагын архивт нотлох баримт байхгүй. Хохирлын үнэлгээ хийлгэхээр тухайн үед сонгон шалгаруулалт болон тендер зарлаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 131/ШШ2018/00771 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/88/455 тоот хохирлын үнэлгээ тогтоох ажлын гэрээний үүргийн гүйцэтгэл байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ хийсэн ажлын хөлс 182.160.000 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч Л ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.068.750 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжийн 1.068.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 213/МА2018/00042 дугаар магадлалаар Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 131/ШШ2018/00771 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уранчимэгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.068.750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ үнэн зөв эсэх нь эргэлзээтэй нотлох баримтыг үнэлсэн, хэрэгт зайлшгүй байвал зохих нотлох баримт дутуу байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Баянхонгор аймгийн Засаг даргаас 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 541 тоот албан бичгээр байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ хийлгэх хүсэлтийг Лендс ХХК-д хүргүүлсэн байдаг. Үүний дагуу 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Б.Гантулга, Л ХХК-тай гэрээ байгуулсан. Гэрээгээр 182,1 сая төгрөгийн ажлыг 23 ААН-ын талбайд хийлгэхээр тохирсон байна. Ингээд гэрээний үүргийг 78 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу урьдчилгаа томилолтын зардал 9.653.440 төгрөгийг уг компанид шилжүүлсэн. Харин гэрээний үүргийн биелэлтийг 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсан гэж Б.Гантулгын гарын үсэг бүхий актыг үндэслэн шүүх нэхэмжлэлийг бүхлээр нь хангаж шийдвэрлэсэн. Шүүх Л ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлж ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн болох нь “Байгаль орчны хохирлын үнэлгээний тайлан хүлээлцсэн акт, тухайн байгаль орчинд хэмжилт хийсэн тухай бичиглэл, үнэлгээнд хамрагдсан газруудын тухай Баянхонгор аймгийн БОГ-аас ирүүлсэн 221 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэжээ. Тэгэхээр ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан акт нь нотлох баримтын шаардлага хангаагүй буюу албан ёсны тамга тэмдэггүй, ажил хүлээн авсан ажлын хэсэг байгуулагдаагүй, ганц Б.Гантулгын гарын үсэг байгаа нь хэзээ хэдийд зурсан, албан ёсных гэдэг нь эргэлзээтэй байхад үнэн зөв нотлох баримт гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Угтаа энэ их хөрөнгө зарцуулсан ажлын гүйцэтгэлийг ажлын хэсэг томилогдон хүлээн авсах ёстой. Хүлээн авсан актанд гарын үсэг зурсан албан тушаалтан байгууллагын тамга тэмдэгээр баталгаажуулах ёстой. Иймд дээрх нотлох баримт нь МУ-ын стандарт /Баримт бичгийн бүрдлүүд, тэдгээрт тавих шаардлага/-ын 5.19-д “Байгууллагын удирдах албан тушаалтны баримт бичгийн хуулийн хүчинтэй эх болохыг баталгаажуулж, тамга тэмдэг дарна. Зохион байгууллалтын нэгжийн дарга гарын үсэг зурсан баримт бичигт тэмдэг дарна” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Байгаль орчинд хэмжилт хийсэн тухай бичиглэл, үнэлгээнд хамрагдсан газруудын тухай Баянхонгор аймгийн БОГ-аас ирүүлсэн 221 тоот албан бичиг зэрэг нотлох баримт нь шууд утгаараа гэрээний заалтыг бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхэд хангалттай биш юм. Нэхэмжлэгч гэрээний дагуу актанд дурьдсан 19 газарт үнэлгээ хийсэн бол хийсэн ажлын дэлгэрэнгүй тайлангаа ирүүлэх ёстой. 2015 онд ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн гэх боловч өнөөг хүртэл Аймгийн ЗДТГ-ийн архивт энэ талаарх нотлох баримт нэг ширхэгч байхгүй. Энэ талаар хариу тайлбар болон шүүх хуралдааны явцад удаа дараа хэлж анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан боловч хангахаас татгалзсан. Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 00030 тоот магадлалаар хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаахдаа “Байгаль орчны хохирлын үнэлгээний тайлан хүлээлцсэн акт байгаа боловч тухайн тайланг хүлээн авсан Аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантулга нь уг ажлыг хүлээн авах эрхтэй байсан эсэх, ажил хүлээн авах ажлын хэсэг томилогдсон эсэх, Б.Гантулга актанд гарцаараа гарын үсэг зурсан бөгөөд энэ ажлын хөлсийг гаргуулах хангалттай нотлох баримт мөн эсэх талаар анхан шатны шүүх нарийн тодруулж дүгнэлт хийгээгүйгээр баталгаажаагүй актыг үнэлсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэсэн. Анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг хийгээгүй дахин нотлох баримт бүрдүүлэлгүй хэргийг шийдвэрлэж магадлалын заалт биелэгдээгүй байхад хангалттай нотлогдсон гэж үзсэнд эргэлзэж байна. Шүүхээс ажил хүлээн авсан актад Б.Гантулга ганцаараа баталгаажуулаагүй гарын үсэг зурсан, 182,1 сая төгрөг гаргах хангалттай нотлох баримт гэж үзэж байгааг гайхаж байна. Дээрх акт хэдийд ч үйлдэгдсэн байх талтай. Ийм их хэмжээний хөрөнгө зарцуулсан ажлыг дан ганц хүн гарын үсэг зураад авах нь төрийн албан хэрэг хөтлөлтийн журамд нийцэхгүй. Гэрээ байгуулах, үнэлгээ хийлгэх, түүний төлбөрийг гаргуулах үйл ажиллагаатай холбоотойгоор 2013, 2014 оны аймгийн Засаг даргын төрийн хөтөлбөр, аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, тухайн жилүүдийн төсөв төлөвлөгөөнд огт тусгагдаагүй, хөрөнгө хаанаас гаргах нь тодорхойгүй, төлөвлөгдөөгүй байгаа нь байгууллагын архиваас гаргасан лавлагаагаар нотолно. Мөн Санхүүгийн өр авлагаар тусгагдсан асуудал, өнгөрсөн онуудад нэхэмжлэгчээс төлбөр нэхэмжилсэн хүсэлт, баримт материал ирүүлээгүй байгаа нь дээрх төлбөрийг гаргах үндэслэлгүй гэж үздэг. Харин гэрээний 2.3.2 дахь заалтаар “Ажлын хөлсийг Байгаль орчинд хохирол учруулсан аж ахуйн нэгжээс гаргуулна гэж заасан. Тэгэхээр ажлын хөлсийг шууд Аймгийн ЗДТГ-аас гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна. ЗДТГ нь төсөвт байгууллагын тухайд төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулахын тулд төсвөө төлөвлөдөгийг хэн бүхэн мэдэх байхаа. Тэгэхээр төлөвлөгдөөгүй зардлыг гэрээний заалтаар хохирол учруулсан Аж ахуйн нэгжээс гаргуулах гэсэн заалтыг анхаарахгүйгээр шийдсэн нь буруу юм. Үнэхээр гэрээний биелэлтийг тооцох гэж л байгаа бол гэрээний заалт бүрийг үнэлэх ёстой. Хохирлын үнэлгээ тогтоох ажлын гэрээ нь 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 78 хоногийн хугацаатайгаар байгуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасны дагуу энэ гэрээтэй холбоотой харилцааг зохицуулах хугацаа дууссан гэж үзэж байна. 2013 оны 11 дүгээр сарын 06-нд гэрээний хугацаа дууссан бөгөөд түүнээс хойш 4 жил гаруй хугацаа өнгөрсөн байхад ямар нэгэн хүсэлт, нэхэмжлэл, холбогдох баримт ирүүлээгүйг байгууллагын архив болон Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс ирүүлсэн албан бичгээр нотлогдож байгаа. Мөн гэрээнд заасан ажлыг гэрээ байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 78 хоногт хийж дуусгахаар заасан байх боловч гэрээний хугацааг хэтрүүлсэн ажлын тайлан, хүлээлцсэн актыг 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр үйлдсэн байгаа нь 500 гаруй хоног хэтрүүлсэн байна. Иргэний хуулийн 222.4 хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна гэж заасан байгааг, мөн хохирлын үнэлгээ хийлгэх ажлыг 182.1 сая төгрөгийн төсөвт өртөгөөр тооцон тус компанид олгохоор гэрээ байгуулахдаа сонгон шалгаруулалт, тендер зарлаагүй гэрээ байгуулсан нь хууль зөрчиж хийсэн үйл ажиллагаа болохыг тус тус харгалзаж үзнэ үү. Гэрээг байгуулахдаа нийт 182.1 сая төгрөгийн ажлыг 23 газарт хийхээр тохиролцсон бөгөөд гэрээнд заасны дагуу гэрээнд гарын үсэг зурсан өдөр томилолтын зардлыг төлөхөөр заасан. Гэрээний дагуу 9,3 сая төгрөгийн томилолтыг төлсөн хэдий ч энэ гэрээний үүргээ гүйцэтгэсэн шалгуурт хамаарахгүй юм. Мөн нийт 23 газарт 182.160.000 төгрөгийн ажил гүйцэтгэхээр гэрээнд заасны дагуу нэхэмжлэл гарган улмаар шүүх 182,1 сая төгрөгийг ЗДТГ-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Гэрээнд 23 газарт үнэлгээ хийнэ гэсэн бөгөөд гүйцэтгэл нь 19 газарт үнэлгээ хийсэн гэх, 4 газарт үнэлгээ хийгээгүй байхад ямар нотлох баримтаар 23 газарт хохирлын үнэлгээ хийсэн гэж үзэж гэрээний үнийн дүнгийн хэмжээгээр гаргуулсныг ойлгохгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Л ХХК, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 182.160.000 төгрөг шаардсаныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байх ба  шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, уг гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний нөхцөл, гэрээгээр тохирсон ажлын үр дүнг ажил гүйцэтгэгч нь захиалагчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэл, захиалагчийн ажлын хөлс төлөх үүргээ биелүүлээгүй, зөрчлийн талаар шүүхийн хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг бүрэн хийсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаарзүйлийн 350.1.6, 351 дугаар зүйлийн 351.1.1-д заасантай нийцсэн байна.

Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзвэл Л ХХК нь Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар тус аймагт олборлолт хийж буй 23 аж ахуйн нэгжийн нөхөн сэргээлтийн байгаль орчны үнэлгээ тогтоож, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, захиалагч томилолтын зардалд 9.653.440 төгрөг, ажлын хөлсөнд 182.000.000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээж 2013 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулсан нь тогтоогджээ. Түүнчлэн томилолтын зардал төлөгдсөн тухайд зохигч маргаагүй юм.

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг захиалагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантулга байгуулж, улмаар ажлын үр дүнг хүлээн авч акт үйлдсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ. Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэх үндэслэлгүй байна.  

Нэхэмжлэгчийн гаргасан, гэрээний дагуу мэргэжлийн шинжээч оролцсон баг ажиллаж, ажлыг гүйцэтгэн Баянхонгор аймгийн 7 сумын 20 компанийн ашиглаж орхисон талбайд геодизийн хэмжилт, хөрс, ус, ургамлын хээрийн хэмжилт, бичиглэл хийж дээж авсан, ус, ургамлын бохирдлын дээж авсан тухай Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын 2013.09-05-ны албан бичиг, хэмжилтийн бичиглэлийн тухай баримт болон ажлын үр дүнг захиалагчийн төлөөлөгчид 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 03 тоот актаар  хүлээлгэн өгсөн баримтуудыг  хариуцагч няцааж чадаагүй байна.   

Иймд ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэж үзэх бөгөөд хариуцагч нь хөлсийг төлөөгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар нэхэмжлэгч  ажлын хөлсийг шаардах эрхтэй ба нэхэмжлэлийг хангасан хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзнэ.

Хариуцагчийн талаас ажлын үр дүн буюу үнэлгээний тайлан Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын архивт байхгүй талаар үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй. Хариуцагч шүүхэд нотлох баримт өгөөгүй, нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх талаар өөр хүсэлт гаргаагүй байх тул шүүх хэргийн баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 131/ШШ2018/00771 дугаар шийдвэр, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 213/МА2018/00042 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ