Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2021/00474

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сары 03 өдөр

181/ШШ2021/00474

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: н Мөнхдэлгэр/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Аксофт ХХК/РД: /-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, олгогдоогүй цалин 979 319 төгрөгийг, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 1 305 294 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Наранзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэнсмаа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оросоо, Б.Энх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.Мөнхдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019.04.29-ний өдрийн АХ/04/06 дугаар Ажпаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг 2019.05.15-ны өдөр цахим шуудангаар хүлээн авч, эс зөвшөөрөн шүүхэд нэхэмжпэл гаргаж байна.

Мөнхжаргал овогтой Мөнхдэлгэр миний бие нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд Аксофт ХХК-д 2010 оны 6-р сараас эхлэн тасралтгүй 9 жил ажиллаж байсан.

Аксофт ХХК нь ОХУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай, программ хангамжийн худалдаа эрхэлдэг, компаний санхүүгийн үйл ажиллагаа, тайлан, тооцоог өдөр бүр программаар Москва хотод байрлах толгой компаниас хянаж байдаг. Өөрөөр хэлбэл миний ажлыг өдөр тутамд Монгол улсад байгаа удирдлага гэхээсээ илүү толгой компаний албан ёсны хянах эрх бүхий ажилтнууд хянан шалгаж, танилцаж байдаг.

Аксофт ХХК-ийн гүйцэтгэх удирдлага солигдож, Б.Хулан гүйцэтгэх захирлаар 2018 оны 11 сараас ажиллаж эхэлсэн ба тэрээр би захирал учраас бос гэж тушаавал бос, суу гэж тушаавал суу, хүсэхгүй бол явж болно гэсэн дарамтаар харьцаж, компанийн санхүүгийн асуудлыг мэдэхгүй байж, ойлгох гэж оролдохгүй бүх л асуудлыг өөрийнхөөрөө тайлбарлаж байнга дарамт үзүүлж, ажлаа хийх боломжгүй байдлыг үүсгэдэг байсан.

Залуу хүмүүс учраа олох байх, энэ асуудал зохицож эвээ олох байх гэж хичээж хэдэн cap болсон боловч сүүлдээ миний эрүүл мэндийн байдал муудаж эхэлсэн. Одоо миний бие 7 сартай жирэмсэн бөгөөд ажил дээр болсон байнгын дарамтнаас болж, олон хоногоор ажилдаа явах боломжгүй байдалд болсон.

Компаниас ажил хэргийн асуудлаар холбогдож байсан, ямар нэгэн ажлаас халах шийдвэр мэдэгдэж байгаагүй байтал 2019.05.15-ны өдөр 2019.04.29-ний өдрөөр огноолсон тушаалыг миний мейл рүү илгээсэн. Тодруулбал, өвчтэй байгаа тухайгаа байнга утсаар мейлээр мэдэгдэж байсныг хүлээн авч байсан, 29-ний өдөр өвчтэй байгааг мэдсэн, эмнэлэгийн магадлагаатай байгааг мэдсэн байтлаа 2019.05.15-ны өдөр ажлаас халах сахилгын арга хэмжээ авсан тухай болон ажилдаа ирэх хэрэггүй гэж мэдэгдсэн.

Миний бие хууль зүйн туслалцаа авч гэрээ байгуулснаар, өмгөөлөгчийг төлөөлөн компани руу очиж уулзаж, тушаалын хувийг авахыг хүссэн боловч албан ёсоор өөрт нь мейлээр танилцуулчихсан гэсэн хариу өгсөн байдаг.

Энэхүү хууль бус нөхцөл байдлаас шалтгаалан нийгмийн даатгал төлөгдөөгүйгээс хуульд заасны дагуу амаржсаны болон төрсний дараах 120 хоногийн тэтгэмж авах эрх маань давхар хөндөгдөж байгаа болно.

Миний маргаж буй тушаал гарах үед би өвчтэй байсан тул үндэслэлгүйгээр ажлаас халагдлаа гэж үзэж, 2019.04.29-ний өдрийн АХ/04/06 дугаар Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хууль зүйн үндэслэлийг шүүхээр хянуулах хүсэлтэй байна.

Иймд хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор 74 880 225/далан дөрвөн сая найман зуун наян мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2019 оны 4 дүгээр сарын олгогдоогүй цалин болох 979319 төгрөг, 2019 оны 3, 4 дүгээр сард хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж болох 1305294 төгрөг, нийт 2284613 төгрөгийг гаргуулах, 2019.04.29-ний өдрийн АХ/04/06 дугаар "Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах,

Үндэслэл: Тус шүүхэд хууль бусаар ажпаас халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговорыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагыг анх гаргасан бөгөөд Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2019.06.06-ны өдрийн 01-06-092/58 дугаар Цалин, тэтгэмж нөхөн олгуулах тухай актыг үндэслэл болгон шаардлагаа нэмэгдүүлж байна.

Захирал Б.Хулан нь ажлын байрны дарамт үзүүлж, цалин хөлсийг нь олгохгүй байх, нөхцөл байдалд хэт өөрийнхөө ааш авирт нийцүүлэх байдлаар хандаж байснаас нэхэмжпэгчийн хөдөлмөрлөх эрхэд халдаж байсан байдаг.

М.Мөнхгэрэлийн зүгээс мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргаснаар Аксофт ХХК-д хяналт шалгалт хийгдэж гарсан улсын байцаагчийн акт нь хуулийн хүчин төгөлдөр болсон төдийгүй зөрчлийг арилгахыг даалгаж шийдвэрлэсэн нь одоог хүртэл биелэгдээгүй байна.

Иймд нэхэмжлэгчээс зөрчигдсөн эрхийг сэргээлгэх хүсэлтэй байгаа тул нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч, хянан шийдвэрлэж өгнө үү.

М.Мөнхдэлгэр миний бие Аксофт ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх, 2010 оны 04 дүгээр сарын олгогдоогүй цалин болох 979,319 төгрөг, 2019 оны 3, 4 сард хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж болох 1,305,294 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулах шаардлага гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна.

М.Мөнхдэлгэр миний Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч Аксофт ХХК-иар нөхөн төлүүлж өгнө үү.

Завшсан, хууль бус үйлдэл гаргасан гэдэг нь прокурорын тогтоолоор тогтоогдоогүй. НӨАТ-ын акт тавиулсан гэдэгтэй холбоотой өөрсдөө мэдэж байсан. Сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн. Дотоод хяналт, шалгалт хийгдээгүй. Ажил тасалсан үйл баримт тогтоогдоогүй. гэв.

 

Нэхэмжлэгч М.Мөнхдэлгэрийн өмгөөлөгч Х.Наранзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг нэг бүрчлэн уншсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан.

Хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчлийг яаж нотлоод байгаа юм бэ? Зөрчил болгон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдох ёстой. НӨАТ-ын акт тавиулсан гээд байгаа нэг л баримт байгаа. Шинжээчийн хоёр дүгнэлт байгаа. М.Мөнхдэлгэр энэ зөрчлийг гаргасан гэх нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Прокурорын тогтоолд байгаа хариуцагч гомдлоо авсан гэж байгаа боловч М.Мөнхдэлгэрийн идэвхтэй үйлдэл байхгүй гэсэн. Хувийн дансаар компанийн орлого ордог байсан. Гэрчийн мэдүүлэгт дурдагдсан. 2019 оны 01 дүгээр сар, 02 дугаар сарын цалин бүтэн орсон. Хөдөлмөрийн дотоод журам хэрэгт баримтаар авагдаагүй. гэв.

 

Хариуцагч Аксофт ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэнсмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд манай Аксофт ХХК-д холбогдуулан гаргасан М.Мөнхдэлгэрийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Мөнхжаргал овогтой Мөнхдэлгэр нь манай компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд тэрээр ийнхүү ажиллах хугацаандаа компанийн хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг мөн компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.4 дүгээр зүйлд заасан Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсооход хүргэх ноцтой зөрчлүүдийг гаргасан тул Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулж ажлаас халсан болно. Үүнд:

М.Мөнхдэлгэр нь Хөдөлмөрийн гэрээний 8.4.2-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2018 оны 8 дугаар 09-ний, 2019 оны 1 дүгээр сарын 2, 3, 4-ний өдрүүдэд тус тус ажил тасалсан.

Мөн тэрээр байгууллагын нягтлан бодогчийн хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн буюу хуулийн дагуу гаалиар оруулсан бараагаа татварт мэдүүлэх үүрэгтэй байтал энэхүү ажил үүргээ биелүүлээгүйгээс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр компанид хийгдсэн татварын хяналт шалгалтаар 253,489,595.60/Хоёр зуун тавин гурван сая дөрвөн зуун наян есөн мянга таван зуун ерэн таван төгрөг жаран мөнгө/ сая төгрөгийн акт тавиулж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан. Энэ нь хөдөлмөрийн гэрээний 8.4.14-д заасан ноцтой зөрчил юм.

Мөн компанид ажиллаж байх хугацаандаа эд хөрөнгө, мөнгө захиран зарцуулах эрх бүхий албан тушаалын байдлаа ашиглаж байгууллагын хөрөнгө мөнгийг хувьдаа завшсан, мөн байгууллагаас албаны ажилд нь зориулан олгосон хангамж хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолдоо урвуулан ашигласан нь тогтоогдсон бөгөөд түүний энэхүү үйлдэл нь хөдөлмөрийн гэрээний 8.4.6, 8.4.9, 8.4.11, 8.4.17, 8.4.19-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил юм. Жишээлбэл: М.Мөнхдэлгэр нь 2018.04.06-ны өдөр Хөсөг финанс банк бус санхүүгийн байгууллагад аудитын төлбөр нэрээр 10,000,000 төгрөгийг байгууллагын данснаас шилжүүлж хувьдаа завшсан, мөн 2018.03.17, 2018.06.22-ны өдрүүдэд Рийчвүүд ХХК гэх компанийн данс руу нийт 58,000,000 төгрөгийг байгууллагын данснаас шилжүүлж хувьдаа авч завшсан .... зэрэг гэмт хэргийн шинж чанартай зөрчил үйлдсэн болохыг 2019 оны 04 сард илрүүлсэн. Улмаар тэрээр хөрөнгө хувьдаа ашигласан үйлдлээ хүлээн зөвшөөрч 2019.04.17-ны өдөр өөрийн гараар компанид учруулсан дээрх хохирлоо сайн дураараа төлж барагдуулах талаараа амлалт бичиж өгсөн болно.

Энэ мэтчилэн М.Мөнхдэлгэр нь байгууллагын орлого, хөрөнгө мөнгийг хувьдаа завшсан үйлдлүүд байгаа бөгөөд эдгээр нь Монгол улсын Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулах тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дээрх үндэслэлээр дуусгавар болгож, улмаар түүний энэхүү үйлдэлд хариуцлага хүлээлгэхээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан болно. Одоогоор компанийн гаргасан гомдлын дагуу тус цагдаагийн хэлтэст шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа болно.

Иймд компанийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн АХ/04-06 дугаар бүхий тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иргэн Мөнхжаргалын Мөнхдэлгэр нь тус компанид ажиллаж байхдаа ажлын цаг ашиглалт байдаггүйгээр барахгүй дуртай цагтаа ирж дургүй цагтаа ирдэггүй. Ажлын цаг ашиглалтын талаар ямар нэгэн баримт үйлддэггүй. Хөдөлмөрийн сахилга бат байхгүй.

Ажлын хариуцлага алдсан гэх зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргаж компанид маш их хэмжээний алдагдлыг учруулсан ажилтан. Ажлын цаг ашиглалтын талаар ямар нэгэн баримт өөрт нь болон бусад ажилчдад байхгүй. Цалин хөлсийг өөрөө шууд бүтнээр нь бодож компанийн данснаас шууд өөрийн данс руу шилжүүлдэг. Мөн 2018 оны 7 дугаар сард ээжлийн амралт авлаа хэмээн өөртөө амралтын нөхөн олговрыг бүтнээр нь шилжүүлэн авч гадагш аялан явсан хирнээ тухайн сарын цалинг өөртөө 100% бүтнээр нь бодож өөрийн данс шилжүүлэн авсан байдаг зэрэг ноцтой зөрчлүүдийг удаа дараа гаргасан болох нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа болно. /гадаад паспортын хуулбараар нотлогдоно/

Иймд иргэн Мөнхжаргалын Мөнхдэлгэрийн ийнхүү бусармаг хууль бус ашиг сонирхлын үйлдлүүдийг харгалзан үзэхийг хүсэж байна.

Хариуцагч компанийн хувьд нэхэмжлэгчийг ажлаас халсан шийдвэр нь хуульд нийцэх тул хариуцагчийн зүгээс М.Мөнхдэлгэрийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хууль зүйн үндэслэл байхгүй юм. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч Аксофт ХХК-ийн өмгөөлөгч Д.Оросоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ бол зөвхөн нэг удаагийн зөрчил биш юм. Он удаан жил гарсан луйвар. 2016, 2017, 2018 оны үйлдлүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж байна. Энэ бол үргэлжилсэн үйлдэл. Хөдөлмөрийн гэрээний тодорхой заалтуудыг ажлаас халах тушаалд заасан, ажлаас халах үндэслэлийг нэг бүрчлэн тушаалд заах боломжгүй. КПМ ХХК-иас орж ирсэн мөнгийг хувийн дансаар авсан. М.Мөнхдэлгэр миний дансаар мөнгө авдаг байсан гэдэг нь эргэлзээтэй. Өвчтэй байсан гэдэг эмнэлгийн магадлагаа тушаал гарсны дараа ирсэн.

Бид гомдлоо авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа маш их удааширч байна, бид иргэний журмаар нэхэмжилнэ гэсэн. Бид төлбөрөө хурдан барагдуулах журмаар иргэний журмаар шийдүүлий гэсэн. М.Мөнхдэлгэр нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөө шилжүүлсэн байна. Ажил тасалсан гэдэг нь тогтоогдож байгаа. Компани санхүүгийн хувьд хохирсон. гэв.

 

Хариуцагч Аксофт ХХК-ийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Аксофт ХХК-ийн тушаал хууль ёсны, үндэслэл бүхий болсон гэж үзэж байгаа. Гурван үндэслэлээр ажлаас халсан.

1-рт: Ажил тасалсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Хил хамгаалах газраас ирсан баримтаар тогтоогдож байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэдгээр компанийг буруутгах үндэслэлгүй. Нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөө бичиж байгаа.

2-рт: НӨАТ-ын акт тавиулсан тухайд захирал н.Солонго нь ажлын хариуцлага хүлээж ажлаа хүлээлгэж өгсөн. Нягтлан бодогч нь компанийн эрх бүхий албан тушаалтан учраас хариуцлага хүлээх ёстой. М.Мөнхдэлгэрийн өөрийн бичиж өгсөн хүсэлт гэж байгаа. 68 000 000 төгрөгийн зөрчлийг М.Мөнхдэлгэр өөрөө зөвшөөрсөн. М.Мөнхдэлгэр тухайн мөнгийг хувьдаа завшсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. 4 дүгээр сарын 29-ний М.Мөнхдэлгэрийг ажлаас халсан, 5 дугаар сарын 01-ний өдөр хэрэг бүртгэлт үүссэн. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.Мөнхдэлгэр нь хариуцагч Аксофт ХХК-д холбогдуулан хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоолгож, нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговорт 74 880 225/далан дөрвөн сая найман зуун наян мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, олгогдоогүй цалин 979 319/есөн зуун далан есөн мянга гурван зуун арван ес/ төгрөгийг, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 1 305 294/нэг сая гурван зуун таван мянга хоёр зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Аксофт ХХК нь Хөдөлмөрийн гэрээний 8.4 дүгээр зүйлд заасан Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсооход хүргэх ноцтой зөрчлүүдийг гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулж ажлаас халсан, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хариуцагчийн нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж эхэлсэн болох нь № А000079698 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1, 8.4 дэх заалтуудыг үндэслэн М.Мөнхдэлгэр нь байгууллагын хөрөнгө мөнгийг удаа дараагийн хууль бус үйлдлээр хувьдаа авч завшсан гэмт хэргийн шинжтэй ноцтой зөрчил гаргасан, мөн үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэж НӨАТ-ын акт тавиулж компанид их хэмжээний хохирол учруулсан, ажил тасалсан зэрэг ноцтой зөрчил үйлдсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр цуцалсан болох нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн АХ/04-06 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4ажилтан ... хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан; гэж заасан.

 

Зохигчийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан АХ2015/01-ХТ Хөдөлмөрийн гэрээний 8-ын 8.4-т ... ажилтны зүгээс гаргасан ноцтой зөрчил гэдэгт дараахь зөрчлүүдийг хамааруулна. Үүнд:, 8.4.2-т Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа 2 ба түүнээс дээш хоногоор тасалсан ..., 8.4.6-д Мөнгө буюу бараа материал хариуцсан ажилтан нь орлогын мөнгө, эд хөрөнгө дутаах, үрэгдүүлэх хувьдаа ашиглах ..., 8.4.9-т Бэлэн мөнгө, бараа материалын тайланг санаатайгаар худал гаргах ... борлуулалтын орлогын мөнгийг компанийн бус дансанд шилжүүлэх, хүлээн авах, 8.4.11-т Мөнгө буюу бараа материал ... хариуцаж байгаа ажилтны үйл ажиллагаа нь компанийн зүгээс уг ажилтанд үзүүлсэн итгэл найдварыг алдсан, 8.4.14-т Гаргасан мэдээ, тайлан ... судалгаа нь компанид хохирол учруулахаар буруу байсан, 8.4.17-д Албан тушаалын эрх мэдэл ... хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолд урвуулан буюу албаны бус сонирхолд ашигласан ..., 8.4.19-д Гэмт хэргийн шинж чанартай үйл ажиллагаа явуулах, компанийн өмч хөрөнгөд үрэлгэн байдлаар хандах ... компанийн нэр хүндийг унагасан буруутай үйлдэл хийх гэжээ.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээний 8-ын 8.4, 8.4.2-т заасан ноцтой зөрчил буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа 2/хоёр/ ба түүнээс дээш хоногоор тасалсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн лавлагааны хариугаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 02, 03, 04-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан байх ба хариуцагч нэхэмжлэгч нь ажлаа тасалсан болохыг 2019 оны 01 дүгээр сард мэдсэн болох нь хариуцагчийн хариу тайлбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна. гэж заасан.

 

Хариуцагч нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгчийн ажил тасалсан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын зөрчил гаргасныг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг тус үндэслэлээр цуцлах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагын хөрөнгө мөнгийг удаа дараагийн хууль бус үйлдлээр хувьдаа авч завшсан гэмт хэргийн шинжтэй ноцтой зөрчил гаргасан буюу Хөдөлмөрийн гэрээний 8-ын 8.4.19-д заасан гэмт хэргийн шинж чанартай үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан гэж маргаж байна.

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2439 дугаар Прокурорын тогтоолоор гомдол гаргагч нарын зүгээс гомдол саналгүй, цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй тухай хүсэлт гаргасан, М.Мөнхдэлгэрийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан болох нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2439 дугаар Прокурорын тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч АХ2015/01-ХТ дугаар Хөдөлмөрийн гэрээний 8-ын 8.4.19-д заасан гэмт хэргийн шинжтэй ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан АХ2015/01-ХТ дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй болжээ.

 

АХ2015/01-ХТ дугаар Хөдөлмөрийн гэрээний 1-ийн 1.1, 7-д зааснаар нэхэмжлэгч нь мөнгө буюу бараа материал хариуцдаг болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Рийчвүүд ХХК-ийн дансруу хариуцагчийн зөвшөөрөлгүй 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 28 000 000/хорин найман сая/ төгрөгийг, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 30 000 000/гучин сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь М.Мөнхдэлгэрийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Хүсэлтийн хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Дүгнэлтийн болон 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 052 дугаар Шинжээчийн дүгнэлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Рийчвүүд ХХК-ийн дансруу хариуцагчийн зөвшөөрөлгүй 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 28 000 000/хорин найман сая/ төгрөгийг, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 30 000 000/гучин сая/ төгрөгийг, нийт 58 000 000/28000000+30000000/ /тавин найман сая/ төгрөгийг шилжүүлэн уг мөнгийг өөрийн хүсэлтээр буцаан төлж байгаа нь АХ2015/01-ХТ дугаар Хөдөлмөрийн гэрээний 8-ын 8.4.6, 8.4.9, 8.4.11-д заасан орлогын мөнгийг хувьдаа ашиглах, орлогын мөнгийг компанийн бус дансанд шилжүүлэх, мөнгө буюу бараа материал хариуцаж байгаа ажилтны үйл ажиллагаа нь компанийн зүгээс уг ажилтанд үзүүлсэн итгэл найдварыг алдсан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй болох нь М.Мөнхдэлгэрийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Хүсэлтийн хуулбар, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тухай албан бичиг, 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Дүгнэлтийн болон 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 052 дугаар Шинжээчийн дүгнэлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 58 000 000/тавин найман сая/ төгрөгийг буцаан төлөх хүсэлт гаргасан байх тул хариуцагч нь АХ2015/01-ХТ дугаар Хөдөлмөрийн гэрээний 8-ын 8.4.6, 8.4.9, 8.4.11-д заасан зөрчлийг 2019 оны 4 дүгээр сарын 17-ын өдөр илрүүлсэн гэж үзэх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4 дэх заалтыг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр АХ2015/01-ХТ дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэж НӨАТ-ын акт тавиулж компанид их хэмжээний хохирол учирсан гэж маргаж байна.

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1Нягтлан бодогч нь мэргэжлийн үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллана., 8 дугаар зүйлийн 8.4Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах ..., 18 дугаар зүйлийн 18.3Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн ... нягтлан бодогч байна., Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1Албан татвар суутган төлөгч нь ... дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана: гэж заасан.

 

Хариуцагч нь ерөнхий нягтлан бодогчгүй байх ба Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 18 дугаар зүйлийн 18.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Мөнхдэлгэр нь хариуцагчийн нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнадаг, санхүүгийн тайланд гарын үсэг зурдаг, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланг гаргадаг болох нь Татварын улсын байцаагчийн актын хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Чингэлтэй дүүргийн Татварын Хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгаас хариуцагч Аксофт ХХК-ийн 2013-2017 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдал, санхүүгийн тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, санхүүгийн баримт материалд үндэслэн иж бүрэн шалгалт хийсэн болох нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн болон 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг гардуулсан тухай тэмдэглэлийн хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн № 0294813 Шийтгэлийн хуудасны хуулбараар тогтоогдож байна.

 

Чингэлтэй дүүргийн Татварын Хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгаас хийсэн хяналт шалгалтаар Аксофт ХХК-ийн гаргасан 1 668 261 218.40 төгрөгийн зөрчилд нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татвар болох 157 252 026.20 төгрөгийг, 58 616 835 төгрөгийн торгууль, 37 620 734.40 төгрөгийн алданги, нийт 253 489 595.60/хоёр зуун тавин гурван сая дөрвөн зуун наян есөн мянга таван зуун ерэн таван төгрөг жаран мөнгө/ төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан болох нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн болон 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг гардуулсан тухай тэмдэглэлийн хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн № 0294813 Шийтгэлийн хуудасны хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь санхүүгийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланг гаргадаг байх ба хариуцагчид 157 252 026.20/нэг зуун тавин долоон сая хоёр зуун тавин хоёр мянга хорин зургаан төгрөг хорин мөнгө/ төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татвар, 58 616 835/тавин найман сая зургаан зуун арван зургаан мянга найман зуун гучин тав/ төгрөгийн торгууль, 37 620 734.40/гучин долоон сая зургаан зуун хорин мянга долоон зуун гучин дөрвөн төгрөг дөчин мөнгө/ төгрөгийг алданги ногдуулсан байх тул нэхэмжлэгч нь АХ2015/01-ХТ дугаар Хөдөлмөрийн гэрээний 8-ын 8.4.11-т заасан мөнгө буюу бараа материал хариуцаж байгаа ажилтны үйл ажиллагаа нь компанийн зүгээс уг ажилтанд үзүүлсэн итгэл найдварыг алдсан, 8.4.14-т заасан гаргасан тайлан нь компанид хохирол учруулахаар буруу байсан зөрчил гаргасан болох нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн болон 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг гардуулсан тухай тэмдэглэлийн хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн № 0294813 Шийтгэлийн хуудасны хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэж НӨАТ-ын акт тавиулан Хөдөлмөрийн гэрээний 8-ын 8.4.11, 8.4.14 дэх заалтад заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр АХ2015/01-ХТ дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байх ба 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч нь уг зөрчлийг гаргасныг тогтоосон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулах 6/зургаа/ сарын хугацаа өнгөрсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь тушаал гарах үед өвчтэй байсан гэж маргаж байх боловч 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчид өвчтэй байгаа талаараа цахим шуудангаар мэдэгдсэн болох нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн АХ/04-06 Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг нэхэмжлэгч нь өвчтэй байгаа талаараа буюу эмчийн магадлагаагаар чөлөөтэй байгаа тухай мэдэгдэхээс өмнө гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.3 дахь хэсэгт зааснаар ажил, албан тушаал хэвээр хадгалагдсан гэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4 дэх заалтад заасан ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас олгогдоогүй цалин 979 319/есөн зуун далан есөн мянга гурван зуун арван ес/ төгрөгийг, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 1 305 294/нэг сая гурван зуун таван мянга хоёр зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1Ажилтны цалин хөлсийг ... цагаар, бусад хэлбэрээр ... тохируулан олгоно., 60 дугаар зүйлийн 60.1Ажилтны цалин хөлсийг сард хоёр ... удаа, тогтоосон өдөр олгоно. гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 4/дөрөв/ цаг, 2019 оны 4 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд нийт 32/гучин хоёр/ цаг, 2019 оны 4-р сарын 22-ны өдөр 2/хоёр/ цаг, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 3/гурав/ цаг, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 3/гурав/ цаг, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 5/тав/ цаг, бүгд 49/дөчин ес/ цаг ажилласан цалин хөлсийг дутуу олгосон болох нь М.Мөнхдэлгэрийн цалингийн задаргаа, № А000079698 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын Улсын ахлах байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн № 01-06-092/58 актын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн 2019 оны 4 дүгээр сард ажилласан цалин хөлсөд нийт 979 319.29/есөн зуун далан есөн мянга гурван зуун арван есөн төгрөг хорин есөн мөнгө/ төгрөгийг дутуу олгосон болох нь Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын Улсын ахлах байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн № 01-06-092/58 актын болон Хавсралт №1-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас дутуу олгосон цалин хөлсөд нийт 979 319/есөн зуун далан есөн мянга гурван зуун арван ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1Ердийн өвчин ... улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө 3, түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл өвчтэй байсан буюу хөдөлмөрийн чадвараа түр алдсан болох нь Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын Улсын ахлах байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн № 01-06-092/58 актын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө 3, түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж байсан болох нь № А000079698 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг олгоогүй болох нь Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын Улсын ахлах байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн № 01-06-092/58 актын хуулбараар тогтоогдож байна.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1, 18 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид 1 305 294/нэг сая гурван зуун таван мянга хоёр зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болох нь Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын Улсын ахлах байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн № 01-06-092/58 актын болон Хавсралт №2-ын хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4, 49 дүгээр зүйлийн 49.1, 60 дугаар зүйлийн 60.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Аксофт ХХК-иас ажилласан хугацааны цалин 979 319/есөн зуун далан есөн мянга гурван зуун арван ес/ төгрөгийг, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 1 305 294/нэг сая гурван зуун таван мянга хоёр зуун ерэн дөрөв/ төгрөгийг, нийт 2 284 613/хоёр сая хоёр зуун наян дөрвөн мянга зургаан зуун арван гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Мөнхдэлгэрт олгож, үлдсэн хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоолгож, нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 74 880 225/далан дөрвөн сая найман зуун наян мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4, 49 дүгээр зүйлийн 49.1, 60 дугаар зүйлийн 60.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Аксофт ХХК-иас ажилласан хугацааны цалин 979 319/есөн зуун далан есөн мянга гурван зуун арван ес/ төгрөгийг, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 1 305 294/нэг сая гурван зуун таван мянга хоёр зуун ерэн дөрөв/ төгрөгийг, нийт 2 284 613/хоёр сая хоёр зуун наян дөрвөн мянга зургаан зуун арван гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Мөнхдэлгэрт олгож, үлдсэн хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоолгож, нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 74 880 225/далан дөрвөн сая найман зуун наян мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч М.Мөнхдэлгэрийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Аксофт ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 51 503 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ