Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00919

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 03-ны өдрийн 181/ШШ2021/00474 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.М-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А ХХК-д холбогдох, урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 74,880,225 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, олгогдоогүй цалин 979,319 төгрөг, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 1,305,294 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийбаяр, өмгөөлөгч Х.Наранзул, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оросоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: М.М- нь А ХХК-д 2010 оны 06 сараас эхлэн тасралтгүй 9 жил нягтлан бодогчоор ажилласан. А ХХК нь ОХУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай, программ хангамжийн худалдаа эрхэлдэг. Компанийн санхүүгийн үйл ажиллагаа, тайлан, тооцоог өдөр бүр программаар Москва хотод байрлах толгой компаниас хянадаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ажлыг өдөр тутамд Монгол улсад байрлах удирдлагаас илүү толгой компанийн албан ёсны хянах эрх бүхий ажилтнууд хянан шалгаж, танилцаж байдаг. А ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Хулан 2018 оны 11 сараас ажиллаж эхэлсэн ба тэрээр дарамталсан байдалтай харьцаж, ажил хийх боломжгүй байдлыг үүсгэдэг. Үүнээс болж нэхэмжлэгчийн эрүүл мэндийн байдал муудсан. Одоо М.М- 7 сартай жирэмсэн бөгөөд ажил дээр болсон байнгын дарамтнаас болж, олон хоногоор ажилдаа явах боломжгүй байдалд болсон.

Компаниас 2019 оны 05 сарын 15-ны өдөр 2019 оны 04 сарын 29-ний өдрөөр огноолсон тушаалыг нэхэмжлэгчийн и-мэйл рүү илгээсэн. Тодруулбал, өвчтэй байгаа талаар байнга утсаар болон и-мэйлээр мэдэгдэж байхад 2019 оны 05 сарын 15-ны өдөр ажлаас халах сахилгын арга хэмжээ авсан тухай болон ажилдаа ирэх хэрэггүй гэж мэдэгдсэн. Энэхүү хууль бус нөхцөл байдлаас шалтгаалан нийгмийн даатгал төлөгдөөгүйгээс хуульд заасны дагуу амаржсаны болон төрсний дараах 120 хоногийн тэтгэмж авах эрх маань давхар хөндөгдөж байгаа болно.

2019 оны 04 сарын 29-ний өдрийн АХ/04/06 дугаар Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гарах үед өвчтэй байсан тул үндэслэлгүйгээр ажлаас халагдсэн. Иймд хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор 74,880,225 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх тухай гаргасан шаардлагаа нэмэгдүүлж байна. 2019 оны 04 сарын олгогдоогүй цалин болох 979,319 төгрөг, 2019 оны 03, 04 сард хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж болох 1,305,294 төгрөг, нийт 2,284,613 төгрөгийг гаргуулах, тус шүүхэд хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговорыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага гаргасан бөгөөд Хөдөлмөрийн хяналтын Улсын байцаагчийн 2019 оны 06 сарын 06-ны өдрийн 01-06-092/58 дугаар Цалин, тэтгэмж нөхөн олгуулах тухай актыг үндэслэл болгон шаардлагаа нэмэгдүүлж байна. Б.Хулан нь ажлын байрны дарамт үзүүлж, цалин хөлсийг нь олгохгүй байх, нөхцөл байдалд хэт өөрийнхөө ааш авирт нийцүүлэх байдлаар хандаж байснаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхэд халдаж байсан байдаг. М.М-ийн зүгээс мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргаснаар А ХХК-д хяналт шалгалт хийгдэж гарсан Улсын байцаагчийн акт нь хуулийн хүчин төгөлдөр болсон төдийгүй зөрчлийг арилгахыг даалгаж шийдвэрлэсэн нь одоог хүртэл биелэгдээгүй байна.

М.М- А ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх, 2010 оны 04 дүгээр сарын олгогдоогүй цалин болох 979,319 төгрөг, 2019 оны 3, 4 сард хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж болох 1,305,294 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулах шаардлага гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Хөдөлмөрийн дотоод журам хэрэгт баримтаар авагдаагүй.

Иймд нэхэмжлэгчээс зөрчигдсөн эрхийг сэргээлгэх хүсэлтэй байгаа тул нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч, хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь манай компанид нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний 8.4-т заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсооход хүргэх ноцтой зөрчлүүдийг гаргасан тул Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан болно. Үүнд, М.М- нь Хөдөлмөрийн гэрээний 8.4.2-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2018 оны 08 сарын 09, 2019 оны 01 сарын 02, 03, 04-ний өдрүүдэд тус тус ажил тасалсан. Мөн тэрээр байгууллагын нягтлан бодогчийн хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн буюу хуулийн дагуу гаалиар оруулсан бараагаа татварт мэдүүлэх үүрэгтэй байтал энэхүү ажил үүргээ биелүүлээгүйгээс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр компанид хийгдсэн татварын хяналт шалгалтаар 253,489,595.6 төгрөгийн акт тавиулж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан. Энэ нь хөдөлмөрийн гэрээний 8.4.14-д заасан ноцтой зөрчил юм. Мөн компанид ажиллаж байх хугацаандаа эд хөрөнгө, мөнгө захиран зарцуулах эрх бүхий албан тушаалын байдлаа ашиглаж байгууллагын хөрөнгө мөнгийг хувьдаа завшсан, мөн байгууллагаас албаны ажилд нь зориулан олгосон хангамж хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолдоо урвуулан ашигласан нь тогтоогдсон бөгөөд түүний энэхүү үйлдэл нь хөдөлмөрийн гэрээний 8.4.6, 8.4.9, 8.4.11, 8.4.17, 8.4.19-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил юм. Жишээлбэл, М.М- нь 2018 оны 04 сарын 06-ны өдөр Хөсөг финанс ББСБ ХХК-д аудитын төлбөр нэрээр 10,000,000 төгрөгийг байгууллагын данснаас шилжүүлж хувьдаа завшсан, мөн 2018 оны 03 сарын 17, 2018 оны 06 сарын 22-ны өдрүүдэд Рийчвүүд ХХК гэх компанийн данс руу нийт 58,000,000 төгрөгийг байгууллагын данснаас шилжүүлж хувьдаа авч завшсан .... зэрэг гэмт хэргийн шинж чанартай зөрчил үйлдсэн болохыг 2019 оны 04 сард илрүүлсэн. Улмаар тэрээр хөрөнгө хувьдаа ашигласан үйлдлээ хүлээн зөвшөөрч 2019 оны 04 сарын 17-ны өдөр өөрийн гараар компанид учруулсан дээрх хохирлоо сайн дураараа төлж барагдуулах талаар амлалт бичиж өгсөн болно. Энэ мэтчилэн М.М- нь байгууллагын орлого, хөрөнгө мөнгийг хувьдаа завшсан үйлдлүүд байгаа бөгөөд эдгээр нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулах тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дээрх үндэслэлээр дуусгавар болгож, улмаар түүний энэхүү үйлдэлд хариуцлага хүлээлгэхээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан. Ажлын цаг ашиглалтын талаар ямар нэгэн баримт өөрт нь болон бусад ажилчдад байхгүй. Цалин хөлсийг өөрөө шууд бүтнээр нь бодож компанийн данснаас шууд өөрийн данс руу шилжүүлдэг. Мөн 2018 оны 07 сард ээжлийн амралт авлаа хэмээн өөртөө амралтын нөхөн олговрыг бүтнээр нь шилжүүлэн авч гадагш аялан явсан хирнээ тухайн сарын цалинг өөртөө 100 хувь бүтнээр нь бодож өөрийн данс шилжүүлэн авсан байдаг зэрэг ноцтой зөрчлүүдийг удаа дараа гаргасан болох нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа болно. /гадаад паспортын хуулбараар нотлогдоно/ Ажил тасалсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Хил хамгаалах газраас ирсан баримтаар тогтоогдож байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэдгээр компанийг буруутгах үндэслэлгүй. Нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөө бичиж байгаа. НӨАТ-ын акт тавиулсан тухайд захирал н.Солонго нь ажлын хариуцлага хүлээж ажлаа хүлээлгэж өгсөн. 68 000 000 төгрөгийн зөрчлийг М.М- өөрөө зөвшөөрсөн. М.М- тухайн мөнгийг хувьдаа завшсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. 2019 оны 04 сарын 29-ний өдөр М.М-ийг ажлаас халсан, 2019 оны 05 сарын 01-ний өдөр эрүүгийн хэрэг бүртгэлт үүссэн.

Иймд компанийн захирлын 2019 оны 04 сарын 29-ний өдрийн АХ/04-06 дугаар бүхий тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4, 49 дүгээр зүйлийн 49.1, 60 дугаар зүйлийн 60.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас ажилласан хугацааны цалин 979,319 төгрөгийг, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 1,305,294 төгрөгийг, нийт 2 284 613 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.М-т олгож, үлдсэн хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоолгож, нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 74,880,225 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.М-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 51,503 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгаас хариуцагч А ХХК-ийн 2013-2017 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдал, санхүүгийн тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, санхүүгийн баримт материалд үндэслэн иж бүрэн шалгалт хийж, 2018 оны 11 сарын 30-ны өдрийн 0294813 дугаартай шийдвэрээр шийтгэл ногдуулсан. Уг шийтгэлийн хуудасны хувийг А ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан болох захирал Б.Солонгод 2018 оны 11 сарын 30-ны өдөр гардуулсан тухай нотлох баримт хэрэгт авагдсан. Үүнээс үзвэл А ХХК буюу ажил олгогч нь 2013-2017 онд гарсан зөрчлийг 2018 оны 11 сарын 30-ны өдөр илрүүлсэн болох нь нотлогдож байгаа болно. Гэтэл шүүхээс нэхэмжлэгч нь 2019 оны 04 сарын 17-ны өдөр ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлтийг тухайн зөрчлийг илрүүлсэн хугацаа гэж дүгнэн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сарын дотор, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар хуульчилсан. Гэтэл шүүхээс дээрх хуулийн заалтыг буруу хэрэглэж сахилгын зөрчил илрүүлсэн хугацааг сахилгын зөрчил гаргасан хугацаа гэж хуулийг буруу тайлбарлан хэрэтэсэн байна. Сахилгын зөрчилд тооцож буй үйлдэл нь 2013-2017 онд гарсан болохыг Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 2018 оны 11 сарын 30-ны өдрийн 0294813 дугаартай шийдвэрээр илрүүлсэн байхад 2018 оны 11 сарын 30-ны өдөр сахилгын зөрчил гаргасан мэтээр дүгнэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тухайд, ажилтан М.М-ийг татварын тайлан гаргахдаа мэргэжлийн алдаа гарган ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан гэхээсээ илүүтэй ажил олгогч нь өөрөө татварын хууль тогтоомж болон холбогдох дүрэм, журмыг мөрддөггүй, санаатайгаар татвараас зайлсхийх зорилгоор албан тушаалын давуу байдлаар далайлган ажилтнаа аргагүй байдалд оруулж, түүний хувийн дансаар мөнгөн гүйлгээ хийн, санаатайгаар татвар төлөхөөс зайлсхийсэн хууль бус үйлдэл гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагддаг. Үүнээс дурдвал Чингэлтэй дүүргийн татварын хяналт шалгалтын тасгийн шийтгэл ногдуулсан шийдвэр болон Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай прокурорын тогтоол зэргээс тодорхой харагдана. Тухайлбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны 09 сарын 04-ний өдрийн 2439 дугаартай прокурорын тогтоолд ...А ХХК-ийг татвараас зайлсхийсэн гэх үйлдэлд Цагдаагийн Еренхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд 190200798 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа... гэж дурдсан. Гэтэл шүүхээс ажил олгогч нь өөрийн хууль бус үйлдлийнхээ үр дагаврыг ажилтанд хариуцуулж байгаа шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч М.М- нь хариуцагч А ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай шаардлага анх гаргаж /1хх 1-2/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 04 сарын олгогдоогүй цалин 979,319 төгрөг, 2019 оны 03, 04 сард хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж 1,305,294 төгрөг, нийт 2,284,613 төгрөг гаргуулах /1хх 53/, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх /1хх 155/-ээр шаардлагаа нэмэгдүүлжээ.

 

Дээрх шаардлагыг хариуцагч А ХХК бүхэлд нь эс зөвшөөрч, М.М-ийг ажлаас халсан ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлтэй, ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан буюу байгууллагын хөрөнгө мөнгийг удаа дараа хувьдаа завшсан, НӨАТ-ын акт тавиулж компанид хохирол учруулсан, ажил тасалсан учир ажлаас халсан гэж маргажээ. /1хх 21-22, 69, 167/

 

Ажлаас халсан 2019 оны 04 сарын 29-ний өдрийн АХ/04-06 тоот тушаалыг цахим шуудангаар 2019 оны 05 сарын 15-ны өдөр хүлээн авсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч няцаагаагүй учир нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэж үзнэ.

 

Талууд 2015 оны 10 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажил олгогч нь М.М-ийг Борлуулалтын хэлтэст нягтлан бодогчоор ажиллуулж, үндсэн цалин 3,517,555 төгрөг олгох нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /1хх 6-12/ Улмаар А ХХК-ийн захирлын 2019 оны 04 сарын 29-ний өдрийн АХ/04-06 тоот ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар М.М-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгожээ. /1хх 100/

 

Дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг удирдлага болгосон бөгөөд уг тушаалд ажилтан М.М-ийг Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.24.6, 5.24.8, 5.24.16, 5.24.19, 5.24.22, 5.24.24, 5.24.34, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4.2, 8.4.6, 8.4.9, 8.4.11, 8.4.14, 8.4.17, 8.4.19-д заасан ноцтой зөрчил гаргасан буюу байгууллагын хөрөнгө мөнгийг хувьдаа авч завшсан, үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэж, НӨАТ-ын акт тавиулж их хэмжээний хохирол учруулсан, ажил тасалсан талаар дурдсан. /1хх 100/

 

Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн зүгээс ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр халсан байх ба уг хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэхэд А ХХК-ийн захирлын 2019 оны 04 сарын 29-ний өдрийн АХ/04-06 тоот тушаалд дурдагдсан үндэслэл бий болсон эсэх нь ач холбогдолтой болно.

 

Ажилтныг ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн дотоод журмын зарим зүйл, заалт дурдагдсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т ...хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил... гэж заасан тул зохигчдын маргааныг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн дотоод журам шаардлагагүй гэж үзлээ.

 

Нэг. Ажилтан байгууллагын хөрөнгө мөнгийг удаа дараа хувьдаа завшсан гэсэн үндэслэлийн тухайд.

 

Хариуцагч нь М.М- байгууллагын данснаас зөвшөөрөлгүйгээр 2018 оны 04 сарын 06-ны өдөр Хөсөг гэх компанид аудитын төлбөр нэрээр 10,000,000 төгрөгийг, 2018 оны 03 сарын 17-ны өдөр, 2018 оны 06 сарын 22-ны өдрүүдэд Рийчвүүд ХХК-ийн данс руу нийт 58,000,000 төгрөгийг шилжүүлж хувьдаа завшсан, байгууллагаас албаны ажилд нь зориулан олгосон хангамжийг хувьдаа ашигласан гэж тушаалын үндэслэлээ тайлбарладаг бол нэхэмжлэгч нь байгууллага татвараас зугтаах үүднээс М.М-ийн хувийн дансыг ашигладаг, бусад байгууллагаас авах авлага удаашраад байна гэсэн болохоор ажил үүргийн хувьд төлнө гэсэн байдлаар бичсэн гэж маргадаг.

 

Хэрэгт авагдсан 2018 оны 03 сарын 17, 2018 оны 06 сарын 22-ны өдрүүдийн Шилжүүлгийн мэдээлэл /1хх 30, 31/, М.М-ээс 2019 оны 04 сарын 17-ны өдөр А ХХК-д хандан гаргасан хүсэлт /1хх 29, 37/, А ХХК-ийн Хаан банк дахь дансны хуулга /1хх 26, 27, 28/ зэргийг харьцуулан үзэхэд М.М- нь Рийчвүүд ХХК-д нийт 58,000,000 төгрөгийг шилжүүлсэн, уг дүнг 2019 оны 04 сарын 16-ны өдрөөс 2019 оны 06 сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцан төлж дуусгах хүсэлтээ илэрхийлсэн, 10,000,000 төгрөгийг аудит гэсэн гүйлгээний утгатайгаар бусдад шилжүүлсэн, мөн өөрийн нэр дээр байгаа программыг А ХХК-д шилжүүлэх хүсэлтээ илэрхийлсэн үйл баримт тогтоогдож байх буюу ажилтан нь Хөдөлмөрийн гэрээ-ний 8 дугаар зүйлийн 8.4.6, 8.4.11, 8.4.17-д тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан байна. /1хх 10/

 

Ажилтан М.М-ийн зүгээс гаргасан зөрчлөө зөвшөөрч, хохирлыг төлж барагдуулах хүсэлтээ 2019 оны 04 сарын 17-ны өдөр ажил олгогчид илэрхийлсэн байх тул зөрчлийг 2019 оны 04 сард илрүүлсэн гэсэн хариуцагч талын тайлбарыг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан Сахилгын зөрчил ... илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн хугацаа зөрчигдөөгүй гэж дүгнэв.

Түүнчлэн, хариуцагч талын шүүх хуралдаанд гаргасан М.М- нь 50,000,000 төгрөгийг компанид буцаан төлсөн гэсэн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй болохыг дурдах нь зүйтэй. /2хх 37, 40/

 

Хоёр. Ажилтан үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэж НӨАТ-ын акт тавиулж компанид их хэмжээний хохирол учруулсэн гэсэн үндэслэлийн тухайд.

 

Хариуцагч нь М.М- хуулийн дагуу гаалиар оруулсан барааг татварт мэдүүлэх үүрэгтэй байтал энэ үүргээ биелүүлээгүйгээс 2018 оны 11 сарын 30-ны өдөр хийгдсэн хяналт шалгалтаар 253,489,595.60 төгрөгийн акт тавиулсан гэж тушаалын үндэслэлээ тайлбарладаг бол нэхэмжлэгч нь компани татвар төлөхөөс зайлсхийдэг, эрх бүхий байгууллагаас М.М- гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн болох нь тогтоогдоогүй учраас хэргийг хаасан, актыг тухайн үед ажиллаж байсан захирал хүлээн авч, гарын үсэг зурсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрсөн гэж маргадаг.

 

Хэрэгт авагдсан 2018 оны 11 сарын 30-ны өдрийн Шийтгэлийн хуудас /1хх 82/, Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг гардуулсан тухай тэмдэглэл /1хх 82-арын нүүр/, Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /1хх 83-84/ зэргээс үзэхэд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс А ХХК-ийн 2013-2017 онуудын татвар ногдуулалт, төлөлтийн тайлан, санхүүгийн баримтад хяналт шалгалт хийж, татвар үнэн зөв тодорхойлж, тайлагнах, төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нийт 253,489,595.60 төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулж, шийтгэлийн хуудасны хувийг тухайн үед А ХХК-ийн захирал Б.Солонгод гардуулан өгсөн үйл баримт тогтоогдож байна.

 

Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар компанийн гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч нь компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцогдох бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт тус тус зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь нягтлан бодогч, харин санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцах этгээд нь гүйцэтгэх удирдлага байна. Өөрөөр хэлбэл, нягтлан бодогч нь компанийн өмнө хариуцлага хүлээх, компани нь татварын байгууллагын өмнө хариуцлага хүлээх агуулгатай зохицуулалт буюу компани татвараас зайлсхийдэг гэх нэхэмжлэгчийн тайлбар нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Харин татварын байгууллагаас 2013-2017 оны тайлант хугацаанд хамаарах санхүүгийн баримтад хяналт шалгалт хийсэн, мөн компанийн захирал 2018 оны 11 сарын 30-ны өдөр шийтгэлийн хуудсыг гардан авсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн хугацаа өнгөрсөн, улмаар Хөдөлмөрийн гэрээ-ний 8 дугаар зүйлийн 8.4.9, 8.4.14-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон тушаалын холбогдох хэсэг үндэслэлгүй байна.

 

Гурав. Ажилтан ажил тасалсан гэсэн үндэслэлийн тухайд.

 

Хариуцагч нь М.М- нь 2019 оны 01 сарын 02, 03, 04-ний өдрүүдэд ажил тасалсан гэж тушаалын үндэслэлээ тайлбарладаг бол нэхэмжлэгч нь байгууллагын удирдлагатай харилцан тохиролцож ээлжийн амралтаа авсан гэж маргадаг.

 

Хил хамгаалах Ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн 2021 оны 02 сарын 05-ны өдрийн 2/5а/660 тоот албан бичиг /2хх 5-6/-гээс үзэхэд М.М- нь 2018 оны 12 сарын 28-ны өдөр Монгол Улсын хилээр гарч, 2019 оны 01 сарын 04-ний өдөр Монгол Улсын хилээр орсон үйл баримт тогтоогдож байхаас гадна дээрх хугацаа нь хариуцагч талын гаргасан ажилтан ажил тасалсан гэсэн хугацаатай давхцаж байна. Мөн ажилтан М.М-т ээлжийн амралт олгосон тушаал гарсан, ээлжийн амралтын мөнгө бодож олгосон нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Гэсэн хэдий ч ажилтан ажил тасалсан гэсэн нөхцөл байдал ажилтан ажилдаа ирээгүй үйл баримтаар шууд тогтоогдох тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын зөрчил ... илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн хугацаа өнгөрсөн, улмаар Хөдөлмөрийн гэрээ-ний 8 дугаар зүйлийн 8.4.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон тушаалын холбогдох хэсэг үндэслэлгүй байна.

 

Дөрөв. Бусад асуудлын тухайд.

 

Ажилтан Хөдөлмөрийн гэрээ-нд заасан ноцтой зөрчил гаргасан нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2019 оны 09 сарын 17-ны өдрийн албан бичиг, 2019 оны 10 сарын 05-ны өдрийн дүгнэлт, 2020 оны 03 сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ.

 

Учир нь ажилтныг ажлаас халсан тушаал 2019 оны 04 сарын 29-ний өдөр гарсан тул уг хугацаанаас хойшхи огноо бүхий нотлох баримт хэрэгт хамааралгүй, тэдгээр нь тушаалын үндэслэлийг нотлох нотолгооны ач холбогдолгүй юм.

А ХХК-ийн захирлын 2019 оны 04 сарын 29-ний өдрийн АХ/04-06 тоот ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд дурдагдсан гурван үндэслэлийн нэг нь хууль зүйн үндэслэлтэй, хоёр нь хууль зүйн үндэслэлгүй байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ажилтан ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоход тушаалд дурдагдсан үндэслэлүүд бүгд хуульд нийцсэн байхыг шаардахгүй, тэдгээрээс аль нэг үндэслэл нь хуульд нийцсэн байхад уг тушаалыг үндэслэлтэй гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч М.М-ийн урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шийдэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, анхан шатны шүүхээс нэхэмжлэгч М.М-ийн 2019 оны 04 сарын олгогдоогүй цалин 979,319 төгрөг, 2019 оны 03, 04 сард хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж 1,305,294 төгрөг, нийт 2,284,613 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв. Учир нь, Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн акт /1хх 56-58/-аар дээрх дүнг А ХХК-аас гаргуулан М.М-т олгуулахаар шийдвэрлэсэн, уг актыг эс зөвшөөрч эрхий бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргасан тухай баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн хариуцагч талын зүгээс уг асуудлаар давж даалдах гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Харин анхан шатны шүүх ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдлын шаардах эрхийн үндэслэл болсон заалтыг баримтлаагүй, хөдөлмөрийн маргаанд хамааралгүй буюу Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан хуулийг хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулах боломжтой.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 03-ны өдрийн 181/ШШ2021/00474 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 401, 40.14, 49 дүгээр зүйлийн 49.1, 60 дугаар зүйлийн 60.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан... гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг баримтлан... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.НЯМБАЗАР