Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2019/01038

 

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2019/01038

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Б

 

Нэхэмжлэгч: П.А

 

Хариуцагч: А.У

 

20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.А, Д.Б нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн П.А нь 2010 онд Худалдах худалдан авах гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн 5-р хорооны 66/4-2 тоотын Амины орон сууцыг (цаашид АОС гэх) Алтангэрэл овогтой Ут 130,000,000 сая төгрөгөөр худалдсан. Амины орон сууцны хамаарах газар нь Ай Энд Юү Тур ХХК-ийн эзэмшилд байсан ба үүнийг АОС-ыг худалдахаас өмнө худалдан авагч А.У мэдэгдэж газрын эзэмших эрхийг шилжүүлэх асуудлыг Худалдах худалдан авах гэрээг байгуулахаас өмнө буюу 2010 оны 2 сарын 8-ны өдөр болзолт Гурвалсан хэлцэл байгуулсан. Үүний дагуу АОС-ын нийт төлбөрийн 110,000,000 сая (Нэг зуун арван сая) төгрөгийг АОС-ыг шилжүүлэхэд бэлнээр төлөхөөр харин үлдэгдэл 20,000,000 (Хорин сая) сая төгрөгийг тус амины орон сууцын газрыг Ай Энд Юү Тур ХХК-аас иргэн А.Ут шилжүүлсний дараа А.У нь бэлнээр төлөхөөр тохирсон. Газрын хэмжээний талаар А.У нь Ай энд Юу Тур ХХК-тай маргаж энэ асуудлыг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээр шийдвэрлүүлж 2014 оны 8 сарын 22-ны өдрийн 0367 дугаар Шүүхийн шийдвэр гарч, хүчин төгөлдөр болсон. Улмаар АОС-д хамаарах газрыг 2016 оны 3 сард иргэн А.Уын нэр дээр шилжүүлсэн байна. Амины сууцын холбогдох газар иргэн А.Уын нэр дээр нэгэнт шилжсэн байх тул Гурвалсан хэлцэлд заасны дагуу амины сууцыг худалдсан үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөгийг төлөх үүрэг нь А.Ут 2016 оны 3 сараас хойш үүссэн бөгөөд энэ үүргээ сайн дураар гэрээнд заасны дагуу биелүүлэхгүй, төлөхийг шаардахад өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй ярь, ер нь төлөх үндэслэлгүй гэх зэрэг шалтаг тоочсоор байна. Иймд Гурвалсан хэлцэл (Д.Б, П.А, А.У) Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 8 сарын 22-ны едрийн 0367 дугаар шийдвэр, Иргэний хуулийн 243.1 дэх заалт хуулийн холбогдох бусад заалтыг үндэслэн худалдан авагч А.Уаас үлдэгдэл 20,000,000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Хариуцагч А.У нь шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын иргэн П.А болон Ж.Б нарын тухайн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2016 оны 04-р сарын 22-ны өдөр хүлээн авсны дагуу хариу тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэлд дурдагдсан 2010 оны 2-р сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргагч П.А болон Ж.Б нартай хэлцэл хийсэн гэж дурдсан байна. 2010 оны 2-р сарын 08-ны өдөр би П.А болон Ж.Б гэдэг иргэдтэй хэлцэл хийгээгүй. Учир нь тухайн цагт тэдгээр иргэдийг огт таньдаггүй, мэддэггүй байсан ба хэзээ ч уулзаж учирч байгаагүй юм. 2010 оны 02-р сарын 08-ны өдөр төрөөд 10 хоногтой нялх хүүхэдтэй байсан ба жирийн нэгэн монгол төрсөн эмэгтэйн адилаар дүн хүйтэн өвлийн өдрөөр гэрээсээ гаралгүй нялх хүүхдээ асарч байсан. Үүнийг хүүхдийнхээ гэрчилгээгээр нотолж үзүүлж болно. 2010 оны 2-р сард намайг ямар нүүр царайтай хүн байсан талаар, ямар хувцас өмсдөг байсныг дүрсэлж чадах уу? Тухайн үеийн зургийг минь хүртэл хараад таних уу энэ иргэд? Иймээс нэхэмжлэлд хавсаргасан хийгээгүй хэлцэл нь хуурамч тул нэхэмжлэлээс уг нотлох баримтыг хасч өгнө үү хэмээн хүсэлт гаргаж байна. Харин 2010 оны 07-р сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргагч Ж.Бын амины орон сууцыг түүний ээж болох иргэн П.Ат гаргаж өгсөн итгэмжлэлээр Баянзүрх дүүргийн Сансарын тунелийн дэргэд байрлах 182 дугаартай нотариатчний дэргэд гэрээ байгуулан худалдан авсан нь үнэн. Иргэн П.Аийг 2010 оны 7-р сард ганц удаа харж байсан нь үнэн. Харин амины орон сууцны эзэмшигч байсан Ч.Быг 2016 оны зунаас өмнө огт харж уулзаж байгаагүй. 2016 оны зун иргэн Ч.Б нь манай гэрт анх удаа ирэн өөрийгөө хуучин байр эзэмшигч байсан гэж танилцуулсан болно. 2010 оны 07-р сарын 14-ний өдөр Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээгээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Энхтайваны өргөн чөлөө 5-р хороо, 66-4-2 тоот хаягт дахь иргэн Ж.Бын амины орон сууцыг 50 /тавин/ сая төгрөгөөр худалдан авч, төлбөрийг бүрэн шилжүүлсэн тул тус орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээ иргэн миний нэр дээр шилжих болсныг хоёр тал гарын үсэг зуран БЗД-ийн 182 дугаартай нотариатчний дэргэд баталгаажуулсан болохыг гэрээнээс үзэж болно. Иймээс тухайн иргэдэд ямар нэгэн өр төлбөргүй болно гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Л.Ононбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Үндэслэлийг олон удаа ярьсан. Маргаан үүсээд олон жил болж байна. Газрын асуудал нь анх тохиролцсон хэмжээнд хүрээгүй. Гэрч оролцуулах хүсэлтийг шүүх хангаагүй. Зөвшөөрөөгүй үндэслэл нь анх 506 м.кв газар шилжүүлнэ гээд одоо 119 м.кв орчим дутаад байгаа юм. Хариуцагч нь дутуу газраа олговол дутуу 20 000 000 төгрөгийг төлнө. Газраа дутуу шилжүүлсэн тул үлдэгдлийг төлөхгүй. АОС-ны талбай 189 м.кв байх ёстой байтал 176 м.кв гэж шинжээч гаргасан. Энэ мэт доголтой наймаа хийсэн байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Иймд зөрүү мкв-н мөнгийг өгөх асуудал яригдаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.2 зааснаар нэхэмжлэлийг буцаах ёстой байсан. Учир нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтэд хавсаргасан баримт нь шаардлага хангахгүй гэсэн. 3 зүйлд маргааны асуудал байгаа. Үүнд:

         20 сая төгрөгний дутуу төлбөрийг гаргуулна гэдэг. Гол нотлох баримт болох гурвалсан гэрээ нь шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн гарын үсэг биш гэсэн.

         Хариуцагч нь 20 саяыг дутуу гэдгээ хэлдэг бөгөөд газрыг маань гүйцээж өг гэдэг л шаардлага тавьдаг. Би сөрөг нэхэмжлэл гаргах талаар хэлсэн. Гэтэл хариуцагч нь хариу хэлээгүй. Нэхэмжлэгч талд газар, АОС-ны дутуугаа гүйцээ гэдгийг хэлсэн. Дутуу талбайгаа нэхвэл 20 саяаас илүү дүн гарна.

         20 сая төгрөгт нь талбайн төлбөрийг дүйцүүлээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Талууд 130,000,000 төгрөгөөр анх тохиролцсон талаар маргаангүй бөгөөд 110,000,000 төгрөгийг авсан. Харин үлдэх 20,000,000 төгрөг нь нэгэнт газар болон орон сууцны хэмжээ дутуу байгаа тул сөрөг нэхэмжлэл гаргахгүйгээр суутган тооцох ёстой. Нэгэнт маргаж байгаа орон сууцанд олон жил амьдарсан тул гэрээнээс татгалзах хүсэлгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.А, Д.Б нар нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч А.У нь орон сууц болон газрын талбайн хэмжээ тохиролцсоноос дутуу байгаа тул уг доголдолтой хэсэгт үлдэгдэл төлбөрийг суутган тооцох ёстой. Мөн гурвалсан гэрээ хүчин төгөлдөр бус бөгөөд худалдах худалдан авах гэрээг 50,000,000 төгрөгөөр байгуулсан тул төлөх төлбөргүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Д.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч П.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч А.У нар нь 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн хаягт байрлах 183.8 м.кв амины орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг байгуулсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 218 дугаар тал/ Гэрээнд худалдагч талыг төлөөлж 2010 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр олгосон итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгч П.А гарын үсэг зуржээ. /хэргийн 1 дүгээр хавтас 220 дугаар тал/ Ийнхүү худалдах худалдан авах гэрээ байгуулах эрхийн талаар нэхэмжлэгч нар маргаагүй.

 

Улмаар 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ай Энд Юү Тур ХХК-ний захирал П.Шүрэнцэцэг, нэхэмжлэгч П.А, хариуцагч А.У нар гурвалсан хэлцэл гэж байгуулсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 6, 92 дугаар тал/ Хэлцэлд 2010 оны 7-р сард Дамба овогтой Б ын өмч болох тоот амины орон сууцыг итгэмжлэлийн дагуу Паламсүрэн овогтой А нь, Алтангэрэл овогтой У-т 130,000,000 /нэг зуун гучин сая/ төгрөгөөр худалдсан бөгөөд 110,000,000 /нэг зуун арван сая/ төгрөгийг бэлнээр авч үлдэх 20,000,000 /хорин сая/ төгрөгийг, Ай Юү Тур ХХК-ийн эзэмшилд байдаг тухайн орон сууцны харъяа тоот 506,23 м.кв талбай бүхий газрыг А овогтой У ын нэр дээр гарсны дараа П овогтой А т бэлнээр өгөхөөр тохиролцсон билээ. Дээрх тохиролцоог бататгах үүднээс энэхүү хэлцлийг байгуулж байна гэж заасан.

 

Дээрх баримтаар нэхэмжлэгч Д.Б, хариуцагч А.У нар нь  тоот хаягт байрлах амины орон сууцыг 130,000,000 төгрөгөөр худалдах худалдан авахаар гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээнэ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч нь дээрх гурвалсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж маргасан. Гэвч энэхүү гурвалсан хэлцэлд хариуцагч А.У нь гарын үсэг зурсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4253 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. /хэргийн 1 дүгээр хавтас 105-107 дугаар тал/ Түүнчлэн энэхүү гурвалсан хэлцлийн доод талд байх 2011.02.08 гэж гараар бичсэн огноог хариуцагч бичээгүй байгаа нь хэлцэл байгуулсан эсэхэд шууд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл энэхүү огноог хариуцагч бичээгүй нь хариуцагч дээрх хэлцлийг байгуулаагүй гэж нотлохгүй.

 

Улмаар эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн хаягт байрлах 183.8 мкв амины орон сууцны өмчлөх эрх хариуцагч А.Ут шилжсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хэргийн 2 дугаар хавтас 75 дугаар тал/

 

Иймд хариуцагч А.Ут худалдах худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг үүсжээ.

Гурвалсан хэлцэлд дурдсанаар Ай Энд Юү Тур ХХК болон хариуцагч А.У нар нь 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдөр  тоот хаягт байрлах 506,23 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэх тухай гэрээ байгуулжээ. /хэргийн 1 дүгээр хавтас 74 дүгээр тал/ Мөн хариуцагч А.Уын нэр дээр 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дээрх 66/4-2 тоот хаягт байрлах газар кадастрын зураг хийгдсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтас 75 дугаар тал/ Кадастрын зургаар хашааны талбайн нийт хэмжээг 387.09 м.кв, үүнээс орон сууцанд ногдох газрын талбайн хэмжээг 119.14 м.кв гэж тооцжээ.

 

Дээрх газар эзэмших эрх шилжүүлэх хэлцлийн биелэлтийн талаар маргаан үүсэж Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэсэн болох нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 367 дугаар шийдвэрээр тогтоогдож байна. Энэхүү маргаан нь А.Уын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох хэрэг бөгөөд дээрх 367 дугаар шийдвэрээр  тоот хаягт байрлах орон сууцны газрыг эзэмших эрхийг А.Ут шилжүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. /хэргийн 1 дүгээр хавтас 37-41 дүгээр тал/ Шийдвэрт талууд хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон нь зохигч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна. Энэхүү 367 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, хариуцагч А.Ут дугаар гэрчилгээ гарч хариуцагч хүлээн авсан байна. /хэргийн 2 дугаар хавтас 80, 91, 42, 48-49 дүгээр тал/

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 367 дугаар шийдвэрт Ай Энд Юу Тур ХХК-ийн энэхүү газарт баригдсан тоот орон сууцыг А.У худалдан авч өмчлөх эрхээ бүртгүүлж уг орон сууцны 506.23 м.кв газрыг эзэмших эрхийг Ай Энд Юу Тур ХХК-иас орон сууцны өмчлөгч А.Ут шилжүүлэх гэрээг 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байгуулан нотариатчаар гэрчлүүлсэн, гэрээнд хавсаргасан 2010 оны 8 дугаар сарын 16-нд хийгдсэн кадастрын зурагт заасан хил зааг, байршлаар газрыг эзэмших эрхийг шилжүүлэхээр тохиролцсоныг тусгажээ. Мөн гэрээ байгуулах үедээ тэднийг газрын хэмжээг тооцохдоо хашааны газрын хэмжээ 387.09 м.кв, түүн дотор байрлах орон сууцны суурийн талбай 119.14 м.кв талбайг нэмж 506.23 м.кв гэж тооцсон нь буруу гэж үзсэн ба эзэмших эрхийг шилжүүлэхээр тохирсон гэх газрын зарим хэсэгт нийтийн эдэлбэрийн зам талбай хамаарч байгааг, тэр хэсэгт эзэмшүүлэх боломжгүйг талууд хүлээн зөвшөөрснийг болон энэ талаар маргаагүйг дурдсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

 

Эдгээр үндэслэлийг нэгтгэн дүгнэвэл зохигчид анх худалдах худалдан авах гэрээ байгуулахдаа газрын хэмжээг буруу тооцсон байх ба хариуцагч нь энэхүү үйл баримтыг хүлээн зөвшөөрч 319 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулан авсан байна.

Иймд нэхэмжлэгч талыг газар эзэмших эрх шилжүүлж өгөх гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Харин орон сууцны хувьд гэрээгээр 183.8 м.кв гэж тохирлцсон боловч бодит байдалд доторх нийт талбайн хэмжээ нь 176.51 м.кв байгаа болох нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 19/003 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. /хэргийн 2 дугаар хавтас 147 дугаар тал/

Хэдийгээр орон сууцны талбайн хэмжээ нь 7.29 м.кв зөрүүтэй байх боловч хариуцагчийн төлөөлөгч нь энэхүү доголдолтой холбогдуулан гэрээнээс татгалзахгүй гэж тайлбарласан бөгөөд энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Мөн хариуцагчийн төлөөлөгч нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт дутуу төлсөн 20,000,000 төгрөгийг орон сууцны болон газрын талбайн дутуу хэсэгт суутган тооцно гэж маргасан боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх энэхүү тайлбарыг хянан шийдвэрлэх үндэслэлгүй.

Харин нэхэмжлэгч П.Аийн хувь нэхэмжлэгч Д.Баас олгосон итгэмжлэлийн дагуу гэрээний харилцаанд оролцсон, мөн маргаж буй орон сууц, газрын өмчлөгч, эзэмшигч биш болох нь дээрх болон хэрэгт байгаа бусад баримтаар тогтоогдсон. Энэ талаар нэхэмжлэгч тал маргаагүй. Иймд нэхэмжлэгч П.А нь худалдах худалдан авах гэрээний дагуу шаардах эрхгүй.

 

Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд хариуцагч А.Уаас 20,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Бд олгож, нэхэмжлэгч П.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч А.Уаас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэгч П.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД