Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1010

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б, П.Анарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2019/01038 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Б, П.Анарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Ут холбогдох,

 

20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Н.Баасанжав

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.А2010 оны 07 дугаар сарын 14-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 5-р хорооны 66/4-2 тоотын хувийн сууцыг А.Ут 130 000 000 төгрөгөөр худалдсан.

Уг хувийн сууцны газар нь “А” ХХК-ийн эзэмшилд байсан ба худалдан авахаас өмнө А.Ут мэдэгдэж газар эзэмших эрхийг 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр болзолт гурвалсан хэлцэл хийсэн ба гэрээний дагуу 110 000 000 төгрөгийг бэлнээр төлөх, үлдэгдэл 20 000 000 төгрөгийг тус хувийн сууцын газрыг “А” ХХК-аас А.Ут шилжүүлсний дараа бэлэн төлөхөөр тохирсон.

Газрын хэмжээний талаар А.У нь “Ай энд Юу Тур” ХХК-тай маргаж Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 0367 дугаар шүүхийн шийдвэр гарч, хүчин төгөлдөр болсон. Улмаар газрыг 2016 оны 03 дугаар сард А.Уын нэр дээр шилжүүлэн авсан.

Иймд Д.Б, П.А, А.У нарын хохувийндын гурвалсан хэлцэл, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 0367 дугаар шийдвэрийг үндэслэн А.Уаас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Ань Ж.Батжаргалаас олгосон итгэмжлэлийн дагуу А.Утай 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээнд төлбөрийг 50 000 000 төгрөг гэж заасан боловч талууд уг хувийн сууцыг 506.23 м.кв талбай бүхий газрын хамт 130 000 000 төгрөгөөр хувийн сууцыг худалдан авахаар тохиролцсон. Тухайн үед гэрээний төлбөрт 110 000 000 төгрөг төлж, хувийн сууц өмчлөх эрх А.Уын өмчлөлд бүртгэгдсэн.

А.У болон “А” ХХК-ийн хохувийнд 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. “А” ХХК нь А.Ут шилжүүлсэн газраа “Хан ченук” ХХК-д худалдсаны улмаас А.У нь захиргааны хэргийн шүүхэд хандаж, 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр шүүхээс уг газрыг А.Ут шилжүүлэх шийдвэр гарсан. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу 2016 оны 03 дугаар сард 387.09 м.кв талбай бүхий газрыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан.

Хувийн сууц болон 506.23 м.кв талбай бүхий газар худалдан авахаар тохиролцон гэрээ байгуулж, 110 000 000 төгрөг өгсөн атал газар нь гэрээнд заасан хэмжээнээс 119.14 м.кв талбайгаар дутуу олгогдон А.У хохирсон.

Хувийн сууцыг талбай 189 м.кв байх ёстой байтал 176 м.кв гэсэн шинжээчийн дүгнэлт гаргасан. Нэгэнт маргаж байгаа хувийн сууцанд олон жил амьдарсан тул 20 000 000 төгрөгт талбайн төлбөрийг дүйцүүлээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх зааснаар хариуцагч А.Уаас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэгч П.Алтанцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар бичгээр хүсэлт ирүүлээгүй, шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг ирүүлсэн ба өөрөө биечлэн оролцоно гэсэн хүсэлтийг шүүх харгалзан үзэлгүй хуралдааныг хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Мөн 2010 онд нэхэмжлэгч нараас 506 м.кв талбай бүхий газар худалдаж авахаар 110 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн боловч 119 м.кв газар дутуу өгсөн. Үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ дутуу байгаа зэргийг үзвэл 20 000 000 төгрөгийг нэмж төлөх үндэслэл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

           

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч П.Алтанцэцэг, Д.Б нар нь хариуцагч А.Ут холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            П.Ань Д.Баас 2010 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр олгосон итгэмжлэлийн дагуу А.Утай 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдөр худалдах,  худалдан авах гэрээ байгуулсан ба, уг гэрээгээр Д.Б Баянзүрх дүүрэг, 5 хороо, Энхтайваны өргөн чөлөө 66/4-2 тоот хаягт байрлах 183.8 м.кв талбай бүхий хувийн сууцыг А.Уын өмчлөлд шилжүүлэх, А.У нь гэрээний үнэд 50 000 000 төгрөгийг Д.Бд төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1хх 218/

 

Улмаар “А” ХХК-ийн захирал П.Шүрэнцэцэг, иргэн П.Алтанцэцэг, А.У нарын хооронд 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хэлцэл хийгдэж, уг хэлцлээр Д.Бын өмчлөлийн хувийн сууцыг итгэмжлэлийн үндсэн дээр П.Ань 2010 оны 7-р сард А.Ут 130 000 000 төгрөгөөр худалдсан бөгөөд А.У нь гэрээний үнэ 110 000 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 20 000 000 төгрөгийг “А” ХХК-ийн эзэмшилийн 506,23 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлсний дараа төлөхөөр тохиролцжээ. /1хх 6, 92/

 

Худалдан авагч А.У нь гэрээний төлбөрт 110 000 000 төгрөгийг худалдагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Алтанцэцэгт төлсөн үйл баримтад талууд маргаагүй.

 

Хариуцагч А.У 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тайлбарлах боловч тэрээр уг хэлцэлд гарын үсэг зурсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4253 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд тэрээр Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн, түүний хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хэлцэл хүчин төгөлдөр болсон байна.

 

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан дээрх 2 хэлцлийг нэгтгэн дүгнэж тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний зүйл нь хувийн сууц, газар эзэмших эрх, гэрээний үнэ нь 130 000 000 төгрөг гэсэн гол нөхцөлийг талууд тохиролцсон, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

 “Ай Энд Юу Тур” ХХК-аас хувийн сууцны өмчлөгч А.Ут 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 506.23 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн ба уг гэрээнд 2010 оны 08 дугаар сарын 16-нд хийгдсэн кадастрын зургийг хавсаргажээ. Гэрээ байгуулах үед хувийн сууцны суурийн талбайд хамаарах газрын хэмжээ 119.14 м.кв, хувийн сууцны сууринд хамаарахгүй газрын хэмжээ 387.09 м.кв, нийт 506.23 м.кв байхаар тохиролцсон боловч уг гэрээнд заасан газрын зарим хэсэгт нийтийн эдэлбэрийн зам талбай хамаарч байгаа нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 367 дугаар шийдвэрээр тогтоогдсон.

 

Уг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. 

 

            Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 367 дугаар шийдвэрээр “Ай Энд Юу Тур” ХХК-аас Баянзүрх дүүрэг, 5 хороо, Энхтайваны өргөн чөлөө 66/4-2 тоот хувийн сууцны газар эзэмших эрхийг А.Ут шилжүүлэхийг  Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн ба улмаар А.У нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/208 тоот шийдвэрийг үндэслэн 319 м.кв газрыг 12 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болжээ.

 

            Иймд гэрээгээр тохиролцсон 506.23 м.кв талбайд нийтийн эзэмшлийн талбайн зарим хэсэг хамаарч байгаагаас эзэмших эрхийг шилжүүлэх боломжгүй байгаад нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй, өөр хэсэг хэмжээгээр газар эзэмших эрх шилжүүлэх талаар талууд тохиролцоогүй тул гэрээний үнэ төлөхгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

Түүнчлэн “Бэсгэ” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 19/003 дугаар шинжээчийн дүгнэлтээр хувийн сууц нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн талбайн хэмжээнээс 7.29 м.кв-аар дутуу буюу нийт 176.51 м.кв талбайтай болох нь тогтоогдсон /2хх 147/ хэдий ч талууд хувийн сууцны 1 м.кв талбайн үнээр нөхцөлийг тохиролцоогүй, харин хувийн сууцны талбайн хэмжээг бүхэлд 183.8 м.кв гэж тодорхойлсон тул худалдах, худалдан авах гэрээний үүрэгт дутуу төлсөн 20 000 000 төгрөгийг хувийн сууцны болон газрын талбайн дутуу хэсэгт суутган тооцох үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв .

 

            Нэхэмжлэгч Д.Б нь худалдах, худалдан авах гэрээний зүйлийг худалдан авагч А.Уын өмчлөлд шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь гэрээний үнийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй тул анхан шатны шүүх хариуцагч А.Уаас 20 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Харин нэхэмжлэгч П.Ань маргаан бүхий хувийн сууц, газрын өмчлөгч, эзэмшигч биш байх тул анхан шатны шүүх түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцжээ. 

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй, учир нь хариуцагчийн хуулиар олгогдох эрхэд хамаарахгүй юм.

 

Дээрх дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2019/01038 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 257 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧИД                                                Г.ДАВААДОРЖ

 

                                                                                         Э.ЗОЛЗАЯА