Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2020/00553

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 02 сары 21 өдөр

181/ШШ2020/00553

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.О /РД:/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ф.КХХК /РД:/-д холбогдох

Хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, автомашиныг буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 58,215,000 төгрөг гаргуулах, фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдэд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ф.КХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээг байгуулахдаа миний эзэмшлийн ХХХХ УБИ улсын дугаартай, Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын автомашиныг зээлийн барьцааны гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүлээн зөвшөөрсөн. Миний бие зээлийн мөнгийг бүрэн гүйцэд төлсөн. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр намайг эзгүй байх хойгуур эхнэр *******той БЗГ/18/01/13-1 дугаартай фидуцийн гэрээг байгуулан миний автомашиныг дахин барьцаалан *******д их хэмжээний зээлийг өгөн миний эзэмшлийн автомашиныг цаашид үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байна. Миний хувьд 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ф.КХХК-тай зээлийн гэрээг байгуулах талаар өөрийн эхнэр *******д ямар нэгэн байдлаар хэлцэл хийх зөвшөөрөл, итгэмжлэл олгоогүй болно. Мөн БЗГ/18/01/13-1 дугаар фидуцийн гэрээнд гарын үсэг зураагүй болно. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/Ш32018/13616 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул дахин нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр Ф.КХХК-ийн нэр дээр байгаад байгаа ХХХХ УБИ улсын дугаартай Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын автомашиныг буцаан шилжүүлэхийг шаардаж байгаа болно. гэжээ.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б. Одгэрэл нь Ф.КХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр БЗГ/18/01/13 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай зээлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн БЗГ/18/01/13 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БЗГ/18/01/13-1 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг Б.Отэй өөртэй нь байгуулсан. Б.О нь зээлийн гэрээнд заасан зээлийн тооцоолуурын дагуу төлбөрөө төлж байгаагүй, зээлийн тооцоолуурыг зээлийн гэрээний 2.6, 2.8, 4.2.1, 5.6-д заасны дагуу ноцтой зөрчсөн ба тэрээр өнөөдрийг хүртэл зээлээ төлж барагдуулаагүй байх тул бид гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу автомашиныг буцаан шилжүүлэх боломжгүй байна. Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 4.1.5-4.1.7-д заасны дагуу автомашиныг Ф.КХХК захиран зарцуулах эрхтэй байхаар талууд харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О нь Ф.КХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр БЗГ/18/01/13 дугаартай зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай зээлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн БЗГ/18/01/13 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БЗГ/18/01/13-1 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг Б.Отэй өөртэй нь байгуулсан. Зээлийн гэрээний 2.1, 2.7-д заасан төлбөрийг Б. Одгэрэл нь зээлийн гэрээний хугацаа дууссан байтал өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 30,000,000 төгрөг, зээлийн гэрээний 2.1-т заасан хүүгийн төлбөрт 12,115,000 төгрөг, зээлийн гэрээний 2.7-д заасны дагуу хугацаандаа төлөөгүйгээс үүссэн 261 хоногийн алдангийн төлбөрт 39,150,000 төгрөгийг төлөхөөр байгаа ба үүнээс Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 15,000,000 төгрөг, нийт 57,115,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт, Иргэний хуульд заасан Гэрээний стандарт нөхцөл буюу уг хуулийн 205 дугаар зүйлийн 205.5-д Үүрэг гүйцэтгэгч үүргийн зүйлийг ашиглах журам зөрчсөнөөс олох ёстой байсан ашгийг олж чадаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгчид учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй, 229 дүгээр зүйлийн 229.1-т Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй, 229.2-т Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учруулсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж заасны дагуу хохиролд 1,100,000 төгрөг, нийт 58,215,000 төгрөгийг шаардаж байна. Зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн тооцоолуурын дагуу Б.О нь хуваарийн дагуу огт төлөлт хийж байгаагүй тул алдангийг тооцох болсон. Б.Оийн төлөгдсөн төлбөрүүдийг дараах аргаар зээлийн төлбөр, хүү, алдангид суутган авч байсан болно. Үүнд: 2018 оны 02 дугаар сарын 09-нд 1,350,000 төгрөгийг зээлийн хүүнд, 2018 оны 03 дугаар сарын 13-нд 1,400,000 төгрөгийг зээлийн хүүнд, 2018 оны 04 дүгээр сарын 13-нд 1,350,000 төгрөгийг зээлийн хүүнд, 2018 оны 05 дугаар сарын 10-нд 1,350,000 төгрөгийг зээлийн хүүнд, 2018 оны 06 дугаар сарын 12-нд 1,350,000 төгрөгийг зээлийн хүүнд, 2018 оны 07 дугаар сарын 19-нд 1,350,000 төгрөгийг зээлийн хүүнд, 2018 оны 08 дугаар сарын 28-нд 1,350,000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн. Дээрх тооцооллын дагуу Б.О нь зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлж байгаагүй, сүүлийн 6 сарын төлөлтийг төлөөгүй ба дутуу төлсөн хүүгийн төлбөр болон төлөх ёстой хүүгийн төлбөр нь нийт 12,115,000 төгрөгийг төлөх ёстой. Зээлийн гэрээний дагуу өнөөдрийг хүртэл 261 хоногийн алдангид 39,150,000 төгрөгийн төлбөр үүссэн ба Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу алдангийн төлбөрт 15,000,000 төгрөгийг төлөхөөр байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 30,000,000 төгрөг, зээлийн гэрээний хугацаан дахь хүүгийн төлбөрт 12,115,000 төгрөг, алдангид 15,000,000 төгрөг, нийт 57,115,000 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөхөөр байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор автомашиныг эрж хайх, оршин суугаа хаягаар эрэх хайх ажиллагааны зардал буюу гэм хорын хохиролд 1,100,000 төгрөгийг хариуцагч Б.О төлөхөөр байна. Иймд хариуцагч Б.Оээс нийт 58,215,000 төгрөгийг гаргуулж, БЗГ/18/01/13- 1 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний зүйл болох ХХХХ УБИ улсын дугаартай, Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын, JTEBU5JR4E5170617 арлын дугаартай, 2014 онд үйлдвэрлэгдсэн, №01532752 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, хар өнгийн автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан гаргасан тайлбар болон тодруулсан шаардлагадаа Б.О нь Ф.КХХК-д холбогдуулан БЗГ/18/01/13-1 дугаар фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2017 оны 04 сарын 25-ны өдөр хариуцагчийн нэр дээр шилжсэн ХХХХ УБИ улсын дугаартай, Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын авто машиныг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, зээлийн төлбөр, хүү, алданги, гэм хорын хохирол зэргийг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болсон 2018 оны 01 сарын 09-ны өдрийн БЗГ/18/01/13 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Учир нь уг гэрээнд гарын үсэг зураагүй байхад гэрээ байгуулсан мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Бичгээр хийсэн хэлцэлд миний бие гарын үсэг зураагүй, хэн нэгэнд итгэмжлэл олгоогүй юм. Иймд ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд ******* миний бие Ф.КХХК-ний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь миний бие уг зээлийг авсан боловч тодорхой хугацаанд зээлийн төлбөрийг төлсөн. Мөн зээлийн хүүг бууруулж, төлөлтийг нэн даруй хийж гүйцэтгэхээр тохиролцох гэсэн боловч Ф.КХХК нь хүлээн зөвшөөрөөгүй. Зээлийн болон фидуцийн гэрээнд миний бие гарын үсэг зурсан нь үнээн. Тухайн үед нөхөртөө энэ тухай хэлээгүй байж байсан. Учир нь авто машиныг 2015 онд зээлсэн зээлийн барьцаанд Ф.КХХК-ийн нэр дээр байсан юм. Иймээс тус компанийн захирал Б.Золжаргалтай ярьж байгаад шууд зээл авчихсан юм. Энэ тухай манай нөхөр 2018 онд мэдээд шүүхэд хандсан юм. Тиймээс миний хувьд зээлийн үндсэн төлбөрийг нэн даруй барагдуулах хүсэлтэй байна. Энэ талаар Ф.КХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талууд зохицон шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Ф.КХХК-д холбогдуулан Ф.КХХК-тай байгуулсан БЗГ/18/01/13-1 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, мөн өдрийн огноо бүхий БЗГ/18/01/13 дугаартай Зээлийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр Ф.КХХК-ийн нэр дээр шилжсэн ХХХХ УБИ улсын дугаартай, JTEBU5JR4E5170617 арлын дугаартай, Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын автомашиныг Б.Оийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд нэхэмжлэгчид холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 30,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 12,115,000 төгрөг, алдангид 15,000,000 төгрөг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор автомашиныг эрж хайх, оршин суугаа хаягаар эрэх хайх ажиллагааны зардалд 1,100,000 төгрөг, нийт 58,215,000 төгрөг гаргуулах, ХХХХ УБИ улсын дугаартай, JTEBU5JR4E5170617 арлын дугаартай, Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хэрэгт нотлох баримтаар 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн огноо бүхий БЗГ/18/01/13-1 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нэртэй гэрээ /хэргийн 1 хавтас 170-172 тал/, мөн өдрийн огноо бүхий БЗГ/18/01/13 дугаартай Зээлийн гэрээ нэртэй гэрээ /хэргийн 1 хавтас 167-169 тал/, мөн өдрийн огноо бүхий БЗГ/18/01/13 дугаартай Зээлийн гэрээ нэртэй гэрээ /хэргийн 1 хавтас 200-204 тал/, мөн өдрийн огноо бүхий БЗГ/18/01/13-1 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нэртэй гэрээ /хэргийн 2 хавтас 5-7 тал/-нүүд нотлох баримтаар авагдсан бөгөөд хэргийн 1 хавтас 170-172 талд авагдсан 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн огноо бүхий БЗГ/18/01/13-1 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нэртэй гэрээ, хэргийн 1 хавтас 167-169 талд авагдсан мөн өдрийн огноо бүхий БЗГ/18/01/13 дугаартай Зээлийн гэрээ нэртэй гэрээнүүд нь сарын 4.5 хувийн хүү тогтоосон зээлтэй, хэргийн 1 хавтас 200-204 талд авагдсан мөн өдрийн огноо бүхий БЗГ/18/01/13 дугаартай Зээлийн гэрээ нэртэй гэрээ, хэргийн 2 хавтас 5-7 талд авагдсан мөн өдрийн огноо бүхий БЗГ/18/01/13-1 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нэртэй гэрээнүүд нь сарын 5 хувийн хүү тогтоосон зээлтэй холбоотой байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр 2 удаа шинжээч томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтүүд /хэргийн 1 хавтас 142-143 тал, 242-244 тал/-ээр сарын 4.5 хувийн хүү тогтоосон зээлтэй холбоотой 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн огноо бүхий БЗГ/18/01/13-1 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нэртэй гэрээ, мөн өдрийн огноо бүхий БЗГ/18/01/13 дугаартай Зээлийн гэрээ нэртэй гэрээнүүдийн зээлдэгч болон үүрэг гүйцэтгэгчийн төлөөлж гэсэн хэсэгт болон зээлдэгч болон гарын үсэг гэсэн хэсэгт зурсан гарын үсгүүд нь Б.Оийн гарын үсэг биш болох нь, сарын 5 хувийн хүү тогтоосон зээлтэй холбоотой 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн огноо бүхий БЗГ/18/01/13-1 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нэртэй гэрээ, мөн өдрийн огноо бүхий БЗГ/18/01/13 дугаартай Зээлийн гэрээ нэртэй гэрээнүүдийн зээлдэгч болон үүрэг гүйцэтгэгчийн төлөөлж гэсэн хэсэгт болон зээлдэгч болон гарын үсэг гэсэн хэсэгт зурсан гарын үсгүүд нь Б.Оийн гарын үсэг мөн болох нь тус тус тогтоогдсон.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Ф.КХХК-тай байгуулсан БЗГ/18/01/13-1 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, мөн өдрийн огноо бүхий БЗГ/18/01/13 дугаартай Зээлийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр Ф.КХХК-ийн нэр дээр байгаад байгаа ХХХХ УБИ улсын дугаартай Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын автомашиныг буцаан шилжүүлэхийг даалгуулах гэж тодорхойлсон бөгөөд Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж үзэж буй үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтад заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу Д.Одгэрэлийн зүгээс ямар нэгэн зөвшөөрөл, итгэмжлэл олгоогүй байхад түүний нэрээр *******той дээрх гэрээнүүдийг байгуулсан гэх үндэслэлээр тайлбарласан байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан БЗГ/18/01/13-1 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, мөн өдрийн огноо бүхий БЗГ/18/01/13 дугаартай Зээлийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах гэсэн хэсэг нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус бөгөөд харин ХХХХ УБИ улсын дугаартай Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын автомашиныг буцаан шилжүүлэхийг даалгуулах шаардлагын үндэслэл байна.

Сарын 4.5 хувийн хүү тогтоосон зээлтэй холбоотой 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн огноо бүхий БЗГ/18/01/13-1 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нэртэй гэрээ, мөн өдрийн огноо бүхий БЗГ/18/01/13 дугаартай Зээлийн гэрээ нэртэй гэрээнүүдийн зээлдэгч болон үүрэг гүйцэтгэгчийн төлөөлж гэсэн хэсэгт болон зээлдэгч болон гарын үсэг гэсэн хэсэгт зурсан гарын үсгүүд нь Б.Оийн гарын үсэг биш болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон тул дээрх хэлцлүүдийг Б.О болон Ф.КХХК нарын хооронд байгуулагдсан гэж үзэхгүй.

Сарын 5 хувийн хүү тогтоосон зээлтэй холбоотой 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн огноо бүхий БЗГ/18/01/13-1 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нэртэй гэрээ, мөн өдрийн огноо бүхий БЗГ/18/01/13 дугаартай Зээлийн гэрээ нэртэй гэрээнүүдийн зээлдэгч болон үүрэг гүйцэтгэгчийн төлөөлж гэсэн хэсэгт болон зээлдэгч болон гарын үсэг гэсэн хэсэгт зурсан гарын үсгүүд нь Б.Оийн гарын үсэг мөн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон тул дээрх хэлцлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтад заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарахгүй.

Сарын 5 хувийн хүү тогтоосон зээлтэй холбоотойгоор 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Б.О болон Ф.КХХК нарын хооронд БЗГ/18/01/13-1 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн огноотой, 30,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэх, зээлдүүлэх тохиролцоо бүхий БЗГ/18/01/13 дугаартай Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ХХХХ УБИ улсын дугаартай Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын автомашиныг Ф.КХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, Б.О нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлсэн тохиолдолд Ф.КХХК автомашины өмчлөх эрхийг Б.О буцаан шилжүүлэх, зээлийн гэрээний үүргийн зөрчсөн бол Ф.КХХК нь автомашиныг үл маргах журмаар шилжүүлэн авч, зах зээлд түргэн борлогдох үнээр худалдаж, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангаж, өөрт учирсан хохирлоо үл маргах журмаар нөхөн төлүүлэхээр тохиролцсон байна.

Б.Оийн өмчлөлд бүртгэлтэй байсан ХХХХ УБИ улсын дугаартай Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын автомашины өмчлөх эрх 2017 оны 04 сарын 25-ны өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Б.О болон Ф.КХХК нарын хооронд БЗГ/18/01/13-1 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нэртэй гэрээ байгуулагдахаас өмнө Ф.КХХК-д шилжсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 1 хавтас 8 тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 1 хавтас 44 тал/ зэргээр тогтоогдож байх ба 2017 оны 04 сард автомашины өмчлөх эрх Ф.КХХК-д шилжсэнийг нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өмнө авч байсан зээлтэй холбогдуулан тайлбарласан, хариуцагч үүнийг үгүйсгэсэн тайлбар гаргаагүй байна.

Ф.КХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тус компанийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ гэж тэмдэглэсэн байх тул Ф.КХХК-ийг Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох эрхтэй хуулийн этгээд гэж үзнэ.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дахь заалтад зааснаар барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй бөгөөд энэ төрлийн зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа эрх бүхий этгээд нь зээлдэгчийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахдаа хэрэглэх арга, баримтлах хугацаа, журмыг хуулиар тусгайлан зохицуулсан байдаг бөгөөд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь заалтаар зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэх, ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс барьцаалан зээлдэх газар үүргийг хангуулж үлдсэн мөнгийг зээлдэгчид буцаан олгохоор хуульчилсан байна.

Мөн Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дахь заалтаар барьцаалан зээлдэх газар нь барьцааны зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулахыг хуулиар хориглож, харин гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хүлээлгэсэн байна.

Барьцаалан зээлдэх газар нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх өвөрмөц этгээд тул хуулиар энэ төрлийн харилцаанд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд зөвхөн хөдлөх хөрөнгийг тавих, зээлдүүлэгч нь барьцааны зүйлийг өөрийн эзэмшилдээ хадгалах, зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хуульд заасан хугацаанд мэдэгдэл өгч, худалдан борлуулах бололцоотой байх нөхцлийг харгалзан үзсэн зохицуулалт хийсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахдаа заавал худалдан борлуулах аргыг хэрэглэх ёстой байдгаараа онцлогтой.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан дээр дурдсан зохицуулалтаас үзвэл Барьцаалан зээлдэх газар нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийг хэрэглэх боломжгүй бөгөөд барьцаалан зээлдэх журмаар зээл олгох харилцаа нь тусгайлсан хуулийн зохицуулалттай харилцаа гэж үзнэ.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид фидуци гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба энэ нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг юм.

Энэ нь фидуцийн гэрээ байгуулагдахтай зэрэгцэн фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлдэг буюу Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан эрх үүсэх буюу үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь фидуцийн зүйлийг худалдан борлуулах болон зээлдэгч талд энэ тухай мэдэгдэх үүрэг хүлээхгүй бөгөөд өмчлөх эрх нь фидуцийн үндсэн дээр шилждэг тул эд хөрөнгийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө үүрэг гүйцэтгүүлэгч захиран зарцуулсан бол үүргээ гүйцэтгэсэн үүрэг хүлээгч учирсан хохирлоо шаардах эрхтэй байхаар зохицуулалт хийгдсэн байдаг.

Хэдийгээр барьцаалан зээлдэх газар хөдлөх хөрөнгө барьцаалах хуулийн зохицуулалттай, фидуцийн зүйл мөн хөдлөх хөрөнгө байгаа нь гэрээний зүйлээрээ адил байх боловч үүргийн гүйцэтгэлийг хангах арга, журам, өмчлөх эрх шилжих, дуусгавар болох үндэслэлээрээ дээр дурдсан ялгаатай.

Ф.КХХК нь барьцаалан зээлдэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийн хувьд зээлдэгчтэй Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаар мөн хуулийн 153 дугаар зүйлд заасан барьцааны гэрээ байгуулах ёстой байтал Иргэний хуулийн 235 дугаар зүйлээр зохицуулсан фидуцийн гэрээг байгуулсан байх тул сарын 5 хувийн хүү тогтоосон зээлтэй холбоотой, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн огноо бүхий, Б.О болон Ф.КХХК нарын хооронд байгуулагдсан БЗГ/18/01/13-1 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дахь заалтад зааснаар хүчин төгөлдөр бус байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь заалтад Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Ф.КХХК нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан автомашиныг Б.Оийн өмчлөлд буцаан шилжүүлэх үүрэгтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ХХХХ УБИ улсын дугаартай, JTEBU5JR4E5170617 арлын дугаартай, Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын автомашиныг нэхэмжлэгч Б.Оийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч Ф.КХХК-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Сарын 5 хувийн хүү тогтоосон зээлтэй холбоотой 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн огноо бүхий БЗГ/18/01/13 дугаартай Зээлийн гэрээ нэртэй гэрээний зээлдэгч болон гарын үсэг гэсэн хэсэгт зурсан гарын үсгүүд нь Б.Оийн гарын үсэг мөн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтад заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх үндэслэлгүй гэж үзсэн.

Сарын 5 хувийн хүү тогтоосон зээлтэй холбоотой 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн огноо бүхий БЗГ/18/01/13 дугаартай Зээлийн гэрээ нэртэй гэрээгээр Ф.КХХК нь Б.Од 30,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, Б.О нь зээлийг хүүгийн хамт гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.

Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зээлийн хугацаа 30 хоног байна гэж заасан байх боловч уг гэрээний хавсралт болох Зээлийн тооцоолуур нэртэй баримтад талууд зээлийн хугацааг 12 сар гэж тохиролцон, зээлийн буцаан төлөх хуваарийг гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул зээлийн гэрээний хугацааг 12 сараар байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дахь заалтад заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээний харилцаа байна.

Б.О нь зээлийн гэрээний хугацаанд 2018 оны 02 дугаар сарын 09-нд 1,350,000 төгрөгийг зээлийн хүүнд, 2018 оны 03 дугаар сарын 13-нд 1,400,000 төгрөгийг зээлийн хүүнд, 2018 оны 04 дүгээр сарын 13-нд 1,350,000 төгрөгийг зээлийн хүүнд, 2018 оны 05 дугаар сарын 10-нд 1,350,000 төгрөгийг зээлийн хүүнд, 2018 оны 06 дугаар сарын 12-нд 1,350,000 төгрөгийг зээлийн хүүнд, 2018 оны 07 дугаар сарын 19-нд 1,350,000 төгрөгийг зээлийн хүүнд, 2018 оны 08 дугаар сарын 28-нд 1,350,000 төгрөгийг зээлийн хүүнд, нийт 9,500,000 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт төлсөн гэх тайлбарыг хариуцагч гаргасан, үүнийг үгүйсгэсэн тайлбар, баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаагүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний тохиролцооны дагуу 30,000,000 төгрөгт сарын 5 хувийн хүү тооцоход сард 1,500,000 төгрөгийн хүү, 12 сард 18,000,000 төгрөгийн хүү тооцогдож байх ба зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээлийн төлбөр болон зээлийн хүүгийн төлбөрийн нийлбэр нь 48,000,000 төгрөг болж байх тул 48,000,000 төгрөгөөс зээлийн гэрээний хугацаанд төлөгдсөн 9,500,000 төгрөгийг хасаж тооцон нийт 38,500,000 төгрөгийг Б.Оээс гаргуулж Ф.КХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Ф.КХХК нь Б.Оээс алдангид 15,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байх ба алданги нэхэмжлэх үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлийг хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон гэх үндэслэлээр тайлбарлаж байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7 дахь заалтад зээлийн гэрээний хугацаа дуусахад зээл болон хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа дууссанаас хойш зээлийн үлдэгдэл дүнгээс 1 хоногийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдэгч зээлдүүлэгчид үл маргах журмаар төлнө гэж заасан байна.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3.-т зааснаар зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж, үлдсэн мөнгийг буцаан олгох ёстой байна.

Ф.КХХК нь барьцаалан зээлдэх үйлчилгээ эрхэлдэг этгээдийн хувьд зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгө барьцаанд бариулахыг шаардах эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхдээ зээлдэгчтэй фидуцийн гэрээ буюу хууль зөрчсөн хэлцэл байгуулсны улмаас барьцааны зүйлийг хуульд заасан журмаар худалдан борлуулж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон байх тул Ф.КХХК-ийн гаргасан Б.Оээс алдангид 15,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг үндэслэлгүй гэж үзнэ.

Ф.КХХК нь Б.Оээс автомашиныг эрж хайх, оршин суугаа хаягаар эрэх хайх ажиллагааны зардалд 1,100,000 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч уг зардал нь баримтаар нотлогдохгүй байхын зэрэгцээ Ф.КХХК нь Б.Отэй хуульд нийцээгүй хэлцэл буюу фидуцийн гэрээ байгуулсан тул уг шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Сарын 5 хувийн хүү тогтоосон зээлтэй холбоотой, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн огноо бүхий, Б.О болон Ф.КХХК нарын хооронд байгуулагдсан БЗГ/18/01/13-1 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дахь заалтад зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж шүүх үзсэн тул хариуцагчийн гаргасан ХХХХ УБИ улсын дугаартай, JTEBU5JR4E5170617 арлын дугаартай, Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Б.Оээс 38,500,000 төгрөгийг гаргуулан Ф.КХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ХХХХ УБИ улсын дугаартай, JTEBU5JR4E5170617 арлын дугаартай, Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын автомашиныг нэхэмжлэгч Б.Оийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч Ф.КХХК-д даалгаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Б.Оээс 38,500,000 төгрөгийг гаргуулан Ф.КХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 19,715,000 төгрөгийн шаардлага, фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2019 оны 03 сарын 13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ф.КХХК-аас 307,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Од олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 04 сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөг, мөн өдөр урьдчилан төлсөн 449,050 төгрөг, нийт 519,250 төгрөгийн 519,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 25 төгрөгийг улсын орлогоос, нэхэмжлэгч Б.Оээс 350,450 төгрөгийг гаргуулж хариуцагч Ф.КХХК-д олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд   гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР