Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 926

 

 

 

 

 

 

 

 

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/00553 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.О-ийн хариуцагч “Ф К-” ХХК-д холбогдуулан гаргасан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, автомашиныг буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 58 215 000 төгрөг гаргуулах, фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ф К- ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээг байгуулахдаа миний эзэмшлийн 07-08 УБИ улсын дугаартай, Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын автомашиныг зээлийн барьцааны гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүлээн зөвшөөрсөн. Миний бие зээлийн мөнгийг бүрэн гүйцэд төлсөн. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр намайг эзгүй байх хойгуур эхнэр Д.С-той БЗГ/18/01/13-1 дугаартай фидуцийн гэрээг байгуулан миний автомашиныг дахин барьцаалан Д.С-д их хэмжээний зээлийг өгөн миний эзэмшлийн автомашиныг цаашид үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байна. Миний хувьд 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ф К- ХХК-тай зээлийн гэрээг байгуулах талаар өөрийн эхнэр Д.С-д ямар нэгэн байдлаар хэлцэл хийх зөвшөөрөл, итгэмжлэл олгоогүй болно. Мөн БЗГ/18/01/13-1 дугаар фидуцийн гэрээнд гарын үсэг зураагүй болно. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/Ш32018/13616 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул дахин нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр “Ф К-” ХХК-ийн нэр дээр байгаад байгаа 07-08 УБИ улсын дугаартай Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын автомашиныг буцаан шилжүүлэхийг шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б. О- нь Ф К- ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр БЗГ/18/01/13 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай зээлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн БЗГ/18/01/13 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БЗГ/18/01/13-1 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг Б.О-тэй өөртэй нь байгуулсан. Б.О- нь зээлийн гэрээнд заасан зээлийн тооцоолуурын дагуу төлбөрөө төлж байгаагүй, зээлийн тооцоолуурыг зээлийн гэрээний 2.6, 2.8, 4.2.1, 5.6-д заасны дагуу ноцтой зөрчсөн ба тэрээр өнөөдрийг хүртэл зээлээ төлж барагдуулаагүй байх тул бид гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу автомашиныг буцаан шилжүүлэх боломжгүй байна. Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 4.1.5-4.1.7-д заасны дагуу автомашиныг “Ф К-” ХХК захиран зарцуулах эрхтэй байхаар талууд харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О- нь “Ф К-” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр БЗГ/18/01/13 дугаартай зээлийн гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай зээлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн БЗГ/18/01/13 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БЗГ/18/01/13-1 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг Б.О-тэй өөртэй нь байгуулсан. Зээлийн гэрээний 2.1, 2.7-д заасан төлбөрийг Б. О- нь зээлийн гэрээний хугацаа дууссан байтал өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 30 000 000 төгрөг, зээлийн гэрээний 2.1-т заасан хүүгийн төлбөрт 12 115 000 төгрөг, зээлийн гэрээний 2.7-д заасны дагуу хугацаандаа төлөөгүйгээс үүссэн 261 хоногийн алдангийн төлбөрт 39 150 000 төгрөгийг төлөхөөр байгаа ба үүнээс Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 15 000 000 төгрөг, нийт 57 115 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт, Иргэний хуульд заасан Гэрээний стандарт нөхцөл буюу уг хуулийн 205 дугаар зүйлийн 205.5-д Үүрэг гүйцэтгэгч үүргийн зүйлийг ашиглах журам зөрчсөнөөс олох ёстой байсан ашгийг олж чадаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгчид учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй, 229 дүгээр зүйлийн 229.1-т Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй, 229.2-т Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учруулсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж заасны дагуу хохиролд 1 100 000 төгрөг, нийт 58 215 000 төгрөгийг шаардаж байна. Зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн тооцоолуурын дагуу Б.О- нь хуваарийн дагуу огт төлөлт хийж байгаагүй тул алдангийг тооцох болсон. Б.О-ийн төлөгдсөн төлбөрүүдийг дараах аргаар зээлийн төлбөр, хүү, алдангид суутган авч байсан болно. Үүнд: 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 1 350 000 төгрөгийг зээлийн хүүнд, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 1 400 000 төгрөгийг зээлийн хүүнд, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 1 350 000 төгрөгийг зээлийн хүүнд, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1 350 000 төгрөгийг зээлийн хүүнд, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 1 350 000 төгрөгийг зээлийн хүүнд, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 1 350 000 төгрөгийг зээлийн хүүнд, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1 350 000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн. Дээрх тооцооллын дагуу Б.О- нь зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлж байгаагүй, сүүлийн 6 сарын төлөлтийг төлөөгүй ба дутуу төлсөн хүүгийн төлбөр болон төлөх ёстой хүүгийн төлбөр нь нийт 12 115 000 төгрөгийг төлөх ёстой. Зээлийн гэрээний дагуу өнөөдрийг хүртэл 261 хоногийн алдангид 39 150 000 төгрөгийн төлбөр үүссэн ба Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу алдангийн төлбөрт 15 000 000 төгрөгийг төлөхөөр байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 30 000 000 төгрөг, зээлийн гэрээний хугацаан дахь хүүгийн төлбөрт 12 115 000 төгрөг, алдангид 15 000 000 төгрөг, нийт 57 115 000 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөхөөр байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор автомашиныг эрж хайх, оршин суугаа хаягаар эрэх хайх ажиллагааны зардал буюу гэм хорын хохиролд 1 100 000 төгрөгийг хариуцагч Б.О- төлөхөөр байна. Иймд хариуцагч Б.О-ээс нийт 58 215 000 төгрөгийг гаргуулж, БЗГ/18/01/13- 1 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний зүйл болох 07-08 УБИ улсын дугаартай, Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын, JTEBU5JR4E5170617 арлын дугаартай, 2014 онд үйлдвэрлэгдсэн, №01532752 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, хар өнгийн автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан гаргасан тайлбар болон тодруулсан шаардлагадаа Б.О- нь “Ф К-” ХХК-д холбогдуулан БЗГ/18/01/13-1 дугаар фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагчийн нэр дээр шилжсэн 07-08 УБИ улсын дугаартай, Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын авто машиныг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, зээлийн төлбөр, хүү, алданги, гэм хорын хохирол зэргийг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болсон 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн БЗГ/18/01/13 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Учир нь уг гэрээнд гарын үсэг зураагүй байхад гэрээ байгуулсан мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Бичгээр хийсэн хэлцэлд миний бие гарын үсэг зураагүй, хэн нэгэнд итгэмжлэл олгоогүй юм. Иймд ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд Д.С- миний бие “Ф К-” ХХК-ний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь миний бие уг зээлийг авсан боловч тодорхой хугацаанд зээлийн төлбөрийг төлсөн. Мөн зээлийн хүүг бууруулж, төлөлтийг нэн даруй хийж гүйцэтгэхээр тохиролцох гэсэн боловч “Ф К-” ХХК нь хүлээн зөвшөөрөөгүй. Зээлийн болон фидуцийн гэрээнд миний бие гарын үсэг зурсан нь үнээн. Тухайн үед нөхөртөө энэ тухай хэлээгүй байж байсан. Учир нь авто машиныг 2015 онд зээлсэн зээлийн барьцаанд “Ф К-” ХХК-ийн нэр дээр байсан юм. Иймээс тус компанийн захирал Б.Золжаргалтай ярьж байгаад шууд зээл авчихсан юм. Энэ тухай манай нөхөр 2018 онд мэдээд шүүхэд хандсан юм. Тиймээс миний хувьд зээлийн үндсэн төлбөрийг нэн даруй барагдуулах хүсэлтэй байна. Энэ талаар “Ф К-” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талууд зохицон шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, 07-08 УБИ улсын дугаартай, JTEBU5JR4E5170617 арлын дугаартай, Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын автомашиныг нэхэмжлэгч Б.О-ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч “Ф К-” ХХК-д даалгаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Б.О-ээс 38 500 000 төгрөгийг гаргуулан “Ф К-” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 19 715 000 төгрөгийн шаардлага, фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2019 оны 03 сарын 13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ф К-” ХХК-аас 307 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 04 сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 70 200 төгрөг, мөн өдөр урьдчилан төлсөн 449 050 төгрөг, нийт 519 250 төгрөгийн 519 225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 25 төгрөгийг улсын орлогоос, нэхэмжлэгч Б.О-ээс 350 450 төгрөгийг гаргуулж хариуцагч “Ф К-” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Нэхэмжлэгч Б. О- нь хариуцагч "Ф К-" ХХК-д холбогдуулан "Ф К-" ХХК-тай байгуулсан БЗГ/18/01/13-1 дугаартай "Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ", мөн өдрийн огноо бүхий БЗГ/Т8/01/13 дугаартай "Зээлийн гэрээ"-г тус тус хүчин төгөлдор бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр "Ф К-" ХХК-ийн нэр дээр шилжсэн 07-08 УБИ улсын дугаартай. JTEBU5JR4E5170617 арлын дугаартай Тоёота 4 раннер загварын автомашиныг Б.О-ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагч  нь  нэхэмжлэлийн   шаардлагыг  зөвшөөрөхгүй  гэж  маргасан  бөгөөд  нэхэмжлэгчид холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 30 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 12 115 000 төгрөг, алдангид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор автомашиныг эрж хайх, оршин суугаа хаягаар эрэх хайх ажиллагааны зардалд 1 100 000 нийт 58 215 000 төгрөг гаргуулах, 07-08 УБИ улсын дугаартай, JTEBU5JR4E5170617 арлын дугаартай Тоёота 4 раннер загварын автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна. Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэж маргажээ. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн нэхэмжлэлийг бүхэлд пь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/00553 дугаартай шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээрт: "Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 286 дугаар зүйлийн 286.1. 286.2. 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 214.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, 07-08 УБИ улсын дугаартай, JTEBU5JR4E5170617 арлын дугаартай Тоёота 4 раннер загварын автомашиныг нэхэмжлэгч Б. О-ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч “Ф К-” ХХК-д даалгаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Б. О-ээс 38 500 000 төгрөгийг гаргуулан “Ф К-” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 19 715 000 төгрөгийн шаардлага, фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай" гэж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргасан Зээлийн гэрээ, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байх, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бол нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэсгүй юм. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэгдүгээрт:... сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 19 715 000 төгрөгийн шаардлага, фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай" гэж шийдвэрлэсэн байна. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд Үүргийн гүйцэтгэлийг хангах аргад хамааруулдаг билээ. Өөрөөр хэлбэл, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлж байгаа үйлдэл нь барьцааны гэрээний нэг хэлбэр юм. Барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгоход Иргэний хуулийн 286.3-т заасны дагуу маргааны зүйл болох автомашины нэрийг шилжүүлэх, шилжүүлсэний дараа үүргийн гүйцэтгэлийг хангуулах, худалдан борлуулах эрхтэй болох юм. Хэрэв автомашиныг худалдан борлуулсан бол Иргэний хуулийн 235.6-д заасны дагуу барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгож буй байгууллага нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд зайлшгүй "Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ" (Фидуцийн гэрээ) байгуулах шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, уг гэрээгээр иргэний хуульд заасан үүргийн гуйцэтгэлээ хангуулах нэг хэлбэрийг хэрэгжүулэх боломжтой болж байгаа юм. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэгдүгээрт заасан фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэстэй бөгөөд "Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ"-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон нь үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэгдүгээрт:"... сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 19 715 000 төгрөгийн шаардлага, фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай" гэж шийдвэрлэсэн ба уг үлдэх хэсэгт- алдангийг хасаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан Зээлийн гэрээний харилцаанд үүргийн гүйцэтгэлийг хангуулахад анзыг ашиглах эрхтэй байдаг богөөд Зээлийн гэрээнд Иргэний хуулийн 232.3-т заасан "Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ" гэх шаардлагыг хангасан байдаг. Сөрөг нэхэмжлэлд алдангийг нэхэмжлэхдээ Иргэний хуулийн 232.4-т заасан "Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгуй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгуй", мөн хуулийн 232.6-д "Хууль болон гэрээнд заасап хугацаа хэтрүулсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр толөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ" гэж заасны дагуу алдангид 15 000 000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэстэй байх тул шүүхийн шийдвэрт алдангийг нэмж өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч “Ф К-” ХХК-д холбогдуулан БЗГ/18/01/13-1 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, мөн өдрийн огноо бүхий БЗГ/18/01/13 дугаартай Зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр “Ф К-” ХХК-ийн нэр дээр шилжсэн 07-08 УБИ улсын дугаартай, JTEBU5JR4E5170617 арлын дугаартай, Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын автомашиныг Б.О-ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс зээлийн үндсэн төлбөрт 30 000 000 төгрөг, хүү 12 115 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор автомашиныг эрж хайх, оршин суугаа хаягаар эрэх хайх ажиллагааны зардалд 1 100 000 төгрөг, нийт 58 215 000 төгрөг гаргуулах, 07-08 УБИ улсын дугаартай, JTEBU5JR4E5170617 арлын дугаартай, Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Хэрэгт 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн огноо бүхий БЗГ/18/01/13-1 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, мөн өдрийн огноо бүхий БЗГ/18/01/13 дугаартай сарын 4.5 хувийн хүү, 5 хувийн хүү байхаар тогтоосон 2 өөр зээлийн гэрээнүүд авагдсан байна. /хэргийн 1хх 167-172 тал/, 200-204, 2хх 5-7 дугаар тал/

 

            Дээрх гэрээнүүдэд нэхэмжлэгч Б.О- гарын үсэг зурсан эсэх үйл баримтыг тодруулахаар хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс 2 удаа шинжээч томилж, дүгнэлт гаргуулжээ.

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 3596 дугаар дүгнэлтэд “сарын 4.5 хувийн хүү тогтоосон Зээлийн гэрээ, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнд зурагдсан гарын үсгүүд нь Б.О-ийн гарын үсгийн загвартай тохирохгүй, харин сарын 5 хувийн хүү тогтоосон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээлийн гэрээнд зурсан гарын үсгүүд нь Б.О-ийн гэх гар бичвэр, гарын үсгийн уншигдах болон үл уншигдах загвартай тохирч байна” гэжээ. Мөн тус газрын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 209 дугаар дүгнэлтээр 5 хувийн хүү тогтоосон зээлийн гэрээнд Б.О- гарын үсэг зурсан болох нь давхар тогтоогдож байна./1хх 142-143, 242-244 дүгээр тал/

 

            Иймд талуудын хооронд 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулагдсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

            Талууд уг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн БЗГ/18/01/13 дугаартай зээлийн гэрээгээр 30 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 07-08 УБИ улсын дугаартай Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын автомашиныг барьцаалж, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх заалтыг үндэслэн барьцаа болох автомашиныг “Ф К-” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, Б.О- нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлсэн тохиолдолд “Ф К-” ХХК автомашины өмчлөх эрхийг Б.О- буцаан шилжүүлэх, зээлийн гэрээний үүргийг зөрчсөн бол “Ф К-” ХХК нь автомашиныг үл маргах журмаар шилжүүлэн авч, зах зээлд түргэн борлогдох үнээр худалдаж, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангаж, өөрт учирсан хохирлоо үл маргах журмаар нөхөн төлүүлэхээр тохиролцжээ. /1хх 33-36 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч Б.О-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан 07-08 УБИ улсын дугаартай Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын автомашины өмчлөх эрх 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Ф К-” ХХК-д шилжсэн үйл баримт нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба талууд маргаагүй.

 

            Хэрэгт авагдсан улсын бүртгэлийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 9011585060 дугаартай гэрчилгээний хуулбараар “Ф К-” ХХК нь Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогдож байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

            Түүнчлэн, хариуцагч “Ф К-” ХХК нь барьцаалан зээлдэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийн хувьд зээлдэгчтэй Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаар мөн хуулийн 153 дугаар зүйлд заасан барьцааны гэрээ байгуулах ёстой атал Иргэний хуулийн 235 дугаар зүйлээр зохицуулсан фидуцийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт заасны дагуу 07-08 УБИ улсын дугаартай, JTEBU5JR4E5170617 арлын дугаартай, Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын автомашиныг нэхэмжлэгч Б.О-ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч “Ф К-” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь зөв. Тодруулбал, Барьцаалан зээлдэх газар нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийг хэрэглэх боломжгүй бөгөөд барьцаалан зээлдэх журмаар зээл олгох харилцаа нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан хэм хэмжээгээр зохицуулагдах бөгөөд мөн хуулийн 286.4 дэх хэсэгт барьцааны зүйлийг өмчлөх эрхүй гэжээ.

            Фидуцийн гэрээ нь хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах арга, журам, өмчлөх эрх шилжих, дуусгавар болох үндэслэлээрээ барьцааны гэрээнээс ялгаатай талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

            Харин анхан шатны шүүхээс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буруу байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

            Учир нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7 дах заалтад зээлийн гэрээний хугацаа дуусахад зээл болон хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа дууссанаас хойш зээлийн үлдэгдэл дүнгээс 1 хоногийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдэгч зээлдүүлэгчид үл маргах журмаар төлөхөөр талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт нийцсэн байхад шүүх ямар үндэслэлээр алдангийг хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй байна./1хх 33 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч Б.О- нь зээлийн гэрээний дагуу зээл, хүү нийт 48 000 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс мөн оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 9 500 000 төгрөг төлсөн гэх хариуцагчийн тайлбарыг, хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарьтай харьцуулан дүгнэвэл, талууд эхний 6 сарын хугацаанд 9 000 000 төгрөгийн хүү төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн төлсөн 9 500 000 төгрөгөөс, 500 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч, зээлийн үлдэгдэл 29 500 000 төгрөг болж байгаагаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасанд нийцүүлэн алдангид 14 750 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Иймд нэхэмжлэгч Б.О-ээс зээлийн үлдэгдэл 29 500 000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 9 000 000 төгрөг нийт 38 500 000 төгрөг дээр алдангид 14 750 000 төгрөгийг нэмж бүгд 53 250 000 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

 

            Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.О-ийн оршин суугаа хаягийг болон автомашиныг эрж хайх ажиллагааны зардалд 1 100 000 төгрөгийг нэхэмжилж байгаагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

 

            Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/00553 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг тус тус баримтлан 07-08 УБИ улсын дугаартай, JTEBU5JR4E5170617 арлын дугаартай, Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын автомашиныг нэхэмжлэгч Б.О-ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч “Ф К-” ХХК-д даалгаж, нэхэмжлэгч Б.О-ээс 53 250 000 төгрөгийг гаргуулан “Ф К-” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 4 965 000 төгрөг, фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “350 450 төгрөг” гэснийг “424 200 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303 150 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ДАВААДОРЖ

 

                                        ШҮҮГЧИД                               Д.БАЙГАЛМАА

 

                                                  С.ЭНХТӨР