Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/80

 

106/2020/0471/Э

 

 

 

  2021            01            14                                         2021/ДШМ/80    

 

Ж.Б-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Мөнхцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч Д.Нарангэрэл,

шүүгдэгч Ж.Б-э, түүний өмгөөлөгч Г.Ганбат, Ш.Оюумаа,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Л.Оюун, Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/967 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Б-э, түүний өмгөөлөгч Г.Ганбат, Ш.Оюумаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.Б-эд холбогдох эрүүгийн 1905005620135 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-э,

 

Ж.Б-э нь 2019 оны 1 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 12 дугаар гудамжны 102б тоот өөрийн гэртээ С.Б-ын хамтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хоорондоо маргалдаж, С.Б-ын толгойн тус газар нь цохиж гавал тархины гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ж.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-ийг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон нийт 323 /гурван зуун хорин гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ээс 5.728.818 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхжаргалд олгож, шүүгдэгч Ж.Б-эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.Б-э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Намайг ялласан 423, 1866, 867 тоот дүгнэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, 2 ширхэг CD зэрэг гол баримтуудыг өнгөц дутуу задлан шинжилгээ хийж, намайг яллах талыг барьж ашигласан гэж үзэж байна. Тодруулбал, 423 дугаартай дүгнэлтэд “...гавал тархины гэмтлийн улмаас нас барсан...” гэсэн ба шинжээч О.Болор “...гараар цохиход ийм гэмтэл учрах боломжгүй...” гэсээр байтал прокурор, хохирогчийн өмгөөлөгч нар “намайг хохирогчоос өндөр тул цохиж, амийг нь хохироосон” гэж ял тулгасан. Мөр судлалын шинжилгээний 867 тоот дүгнэлтэд “...шинжилгээнд ирүүлсэн хөх, цагаан судалтай улаан цамцанд товчны тасралт шинээр гарсан...” гэж байгаа боловч товч тасарсан цаг хугацааг заахгүй байгаа. Шинжээчийн 1866 тоот дүгнэлтэд “...Ж.Б-ийн биед хамар, хүзүү, баруун шуунд зулгаралт тогтоогдоно. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн ба энд тухайн цаг хугацаа гэж яг хэдий хэрийн цаг хугацааг зааж хэлээд байгаа юм бэ, яаж ч ойлгогдохоор байна. Хамрын зүүн талын жижиг шархыг 0.5х4 см хэмжээтэй шарх гэсэн нь үнэмшилгүй байна. /гэрч н.Ганчулууны мэдүүлгээр урьд авсан шарх болох нь тогтоогдон, үгүйсгэгдсэн/ 0.5х4 см гэвэл нүүрний зүүн талыг эзэлсэн том шарх болж таарах нь. Гэтэл 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр биед үзлэг хийхдээ эдгээр шарханд ач холбогдол өгч гэрэл зураг аваагүй ба хэмжих нэгжийг алдсан байна. /мм-г см гэж/ Энэ өдөр биед буй бүх шарх, сорвийг тэмдэглэн авч, хэмжигдэхүүний нэгжийн алдаа гаргаж, яллах талыг барьсан гэж үзэж байна. Эдгээр шарх нь ахуйн шинжтэй сорви гэж хэлсээр байтал хэрэгссэнгүй. Камерын бичлэг /CD/ дээр тухайн өдрийн миний дүрс байгаа тул шалгахад бэрхшээл алга.

Цагдаагийн ажилтан, гэрч н.Уранбаярын шүүхийн хэлэлцүүлэгт “...Дашням түрүүлж орсон. ...Шүүгдэгчийг айлгасан, түлхсэн гэж хэлүүлсэн зүйл байхгүй. ...” гэж мэдүүлсэн нь, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...102/5 тоот хашаанд тус хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Дашнямын хамт орсон. ...” гэж мэдүүлсэнтэй тохирохгүй байгаа нь н.Уранбаяр, н.Дашнямыг хаацайлж өөрөөсөө асуудлыг зайлуулж байна гэж үзэж байна.

Учир нь, Дашням намайг хуурч, худал мэдүүлэг авах ажиллагааг гардаж хийсэн ба эхний гэрчээр өгсөн мэдүүлгийг Дашням надаас авсан. Мөн цаашид цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр надаас байцаалт авсан байцаагч бүрт гар утсан дээрх бичлэгээ үзүүлж байсан нь зохион байгуулалттай, санаатайгаар намайг яланд унагасан гэж үзэж байна. Гар утсан дээрх мэдүүлгийг CD рүү буулгасан гэх ба миний бие уг бичлэгийг огт сонсож, үзээгүй. Би дэслэгч н.Дашнямд хууртагдаж, түүний үгээр “түлхсэн” гэж хэлсэн нь үнэн боловч “Б- ёооё гээд өндийгөөд босож байх шиг чимээ гарахаар нь би гэр лүүгээ орж унтаж амарсан.” гэж хэлээгүй бөгөөд энэ талаар шалгаж өгнө үү. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр явуулсан ба гэрчээр уг тасагт дадлага хийж байсан хоёр сонсогчийг авч явсан ба намайг дарамтлан хүчээр газрын уруу заалган зураг авч, орой нь тэмдэглэл дээр гарын үсэг зуруулах гэж дарамтлан хүчээр зуруулах гэж оролдоход нь би зураагүй болно. Би түлхээгүй учир гарын үсэг зурахгүй гэж бичсэн. Энэ ажиллагааны тэмдэглэл нотлох баримт болох уу. Анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцоогүй боловч 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр авсан бусад мэдүүлгийг нотлох баримтаар тооцсон нь ойлгомжгүй байна. Эдгээр мэдүүлгүүдийг би өмгөөлөгчгүй, мэдүүлгүүдээ уншилгүй гарын үсэг зурж өгсөн болно. Хавтас хэрэгт /1хх 155/ 333 тоот шинжээчийн дүгнэлт байсаар байтал шинжээч Ч.Эрдэмболорын мэдүүлгийг нотлох баримтаар тооцож намайг буруутгасан. Би ойрын нэмэх гуравтай шил зүүж байж юм уншдаг. Камерын бичлэгт арга ядаад унших гэж оролдсон оролдлогыг маань мэдүүлэг уншсан болгосон. Нүд муу хүн хорвоог яаж хардгаа эрүүл нүдтэй хүнд яаж тайлбарлахаа мэдэхгүй байна. Хавтас хэрэгт эмнэлгийн шинжилгээ, магадлагаа “...Arial 12 фонтоор бичсэн мэдүүлгийг шилгүйгээр харахад бэрхшээлтэй /бүрэлзэнэ/...” гэсэн тайлбар байсаар байгаа. Үүнд маш их гомдолтой байна. Гэрчээр мэдүүлэг өгч байхад нэг офицер байцаалтын өрөөнд орж ирээд “хохирогч чинь хаана байгаа юм” гэсэн нь хожим миний хэргийг шалгасан хошууч н.Б- байсан нь тухайн үед намайг хуурч мэхлэж байсны нотолгоо юм. Би хохирогчийг нас барсныг “надад байцаагч өмгөөлөгч ав” гэж хэлэхээс өмнөхөн буюу орой 20 цагийн үед гэрийнхнээсээ мэдсэн. Улмаар байцаагч ширээнээсээ өмгөөлөгчийн нэрийн хуудсыг гарган, нэр цохож манай дүүд өгсөн ба дээрх өмгөөлөгч нь надад хууль зүйн туслалцаа үзүүлээгүй. Энэ талаар би Хуульчдын холбоонд гомдол гаргасан боловч үр дүнд хүрээгүй. Байцаалт өгч буй бичлэг байгаа боловч хошууч н.Б- нэрийн хуудас гаргаж байгаа бичлэг байхгүй байсан гэж хариу мэдэгдсэн.

Миний эрхэд халдаж, нотлох шинж чанараа алдсан, хууль зөрчин цуглуулсан баримтаар намайг хүнд зүйл ангиар ялласанд гомдолтой байна. Мөн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь шинжлэн судлах ёстой атал зөвхөн намайг яллах талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэж үзэж байна.

Хэргийн газарт шинжээч оролцуулан манекан ашиглан туршилт явуулах, хэргийн газрын схем зураг гаргах; Хохирогчийн биеэс 2.7-3.5 промиллийн согтууруулах бодис илэрсэн байдаг. Энэ тохиолдолд хүн биеэ яаж авч явдгийг, хэр их архи уусан хүн ийм хэмжээтэй байдгийг шинжээчээр тодруулах; Байцаагчийг сольж, хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаах; Хохирогч олдсон доод улаан байшингийн эзэн н.Ганзоригоос хэргийг тодруулах зорилгоор байцаалт авах зэрэг хүсэлтүүд тавьсан боловч хүлээн аваагүй. Хохирогч дээрх айлын хашаанд бараг 2 цаг болсон. Иймд хэргийг нарийвчлан шалгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Б-ийн өмгөөлөгч Г.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхдээ шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн анхны мэдүүлгийг үндэслэл болгосон. Миний үйлчлүүлэгч анх байцаалт өгч байхдаа харааны бэрхшээлтэй байсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог бөгөөд нэг нүд нь 100 хувь хараагүй бөгөөд нөгөө нүд нь нүдний шил зүүгээгүй үед харах боломжгүй байхад мэдүүлгийг нь уншиж танилцах боломж олгохгүйгээр гарын үсэг зуруулсан байдаг. Тухайн байцаалт авах үедээ мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж өмгөөлөгч санал болгож, уг өмгөөлөгчтэй анхны байцаалт авсан нь процессын алдаатай, нотлох шинж чанараа алдсан үйлдлийг анхан шатны шүүх үнэлж хэргийг шийдсэн нь буруу юм. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” гэж,  8 дахь хэсэгт “дараах мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж, 8.З-т “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг;” гэж тус тус заасан. Миний үйлчлүүлэгч амь хохирогчийг түлхэж унагасны улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгддэг. Тухайн хэрэг гардаг шөнө болсон уйл явдлыг харсан гэрч болох Т.Наранцацралын “2019 оны 01 сарын 29-ний шөнийн 00 цаг өнгөрч байхад манай нохой хашаан дотор хуцаад байхаар нь цонхоор хартал бараан хувцастай эрэгтэй хүн манай хашааны урд хэсэгт гуйвж, дайваад яваад бас өнхөрч унаад байсан. Би салхивчаа нээж байгаад юун хүн бэ, яах гээд байгаан юм гэж хэлтэл эргэж босож ирснээ дахиад газар унасан. Тэгэхээр нь би 102 дуудсан” гэх, гэрч П.Мягмарсүрэнгийн “Манайх цагаан сарын буузаа хийж байсан. Би 00 цагийн үед гаднаас нүүрс авах гээд гарахад Б-ийн гэрийн баруун доод талын улаан тоосгон байшинтай айлын хашааны баруун урд байрлах жорлонгийн баруун талын овгор шороон дээрээс бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн унаад дээш босоод дахин унаад яваад байгаа харагдсан.” гэх мэдүүлэг, мөн “илэрсэн олон тооны гэмтлүүд нь унаснаас болж авах бүрэн боломжтой бөгөөд хүний гараар үйлдэгдэх боломжгүй гэмтэл юм” гэж шүүх хуралд оролцон шинжээч эмч нь тайлбарлаж хэлээд байхад шүүх харгалзан үзэлгүй хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно”, 1.1-д гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ гэж, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн” гэж, 1.З-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” гэж тус тус заасныг зөрчиж байна.

Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Ж.Б-ийг хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхдээ ямар сэдэлт зорилготойгоор уг гэмт хэргийг үйлдсэн гэдгийг үндэслэл хэсэгтээ тайлбарлаагүй. Хүнийг алах гэмт хэрэг нь шунахай юмуу, хувийн өс хонзон болон бусад сэдэлт санаа зорилгоор үйлдэгддэг. Гэтэл талийгаач болон Ж.Б-э нарын хооронд ямар нэгэн өш хонзон, өр авлага, шунахай сэдэлттэй холбоотой асуудал үүсэж байгаагүй. Яг ямар санаа сэдэлт зорилгоор амь насыг нь ямар аргаар хохироосон гэдгийг шүүх эргэлзээгүй тогтоох ёстой. Ж.Б-э, талийгаач хоёр найз нөхдийн холбоотой байсан. Талийгаач нас барсан асуудал бол архи ууж биеэ хянах чадваргүйн улмаас хөл алдан унаж тархиндаа хүнд гэмтэл авснаас болж амь насаа алдсан гэдэг нь эмчийн дүгнэлт болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа тул Ж.Б-эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Б-ийн өмгөөлөгч Ш.Оюумаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах шалтгаан, гэрчүүдийн мэдүүлгүүдээр энэ гэмт хэргийг хэн үйлдсэн болох нь лавтай сайн тогтоогддоггүй. Өөрөөр хэлбэл, анх гэмт хэрэг гарсан гэх өдрөөс хойш миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж нэг нүд нь хараагүй, нүдний шилгүй нөхцөлд уншиж, бичиж чадах  боломжгүй байхад нь онц хүнд гэмт хэрэгт сэжиглэн байцаалт авахдаа өөрийн хүсэлтээр өмгөөлөгчөөр эрхийг нь хангаагүй өөрийн танил тал өмгөөлөгчийг санал болгож, эрхийг нь зөрчсөн. Үүний улмаас эрх зүйн мэдлэг дутуу өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзаж эрх зүйн зөвлөгөө аваагүйн улмаас өгсөн мэдүүлгийг уншилгүй гарын үсэг зурсан, мөн нэг нүд хараагүй болсон, нүдний шилгүй уншиж бичих боломжгүй талаар нотлох баримт хавтаст хэрэгт хангалттай байгаа. Тэгээд ч хохирогч С.Б-ыг санаа зорилгын хувьд шууд санаатай амь насыг хохироосон гэх нотлох баримт хангалттай байхгүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон, 8 жилийн ял хорихыг нээлттэй дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн прокуророос миний үйлчлүүлэгчийг “гэм буруутай болох нь хангалттай тогтоогдохгүй байна” гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Хэрэгт авагдсан П.Цэцэгмаа, Б.Мөнхжаргал, Б.Оюунгэрэл, Т.Наранцацрал, У.Золзаяа, Д.Болорцэцэг гэх бүх гэрчүүдийн мэдүүлэгт хохирогчийг цохиод, зодоод алсан гэх мэдүүлгүүд нэг ч байдаггүй. Ийм байхад миний үйлчлүүлэгчийг хүний амь нас санаатай хохироосон гэж зүйлчлэн ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтлийг хангалттай тайлбарлаж, “гавал тархины гэмтлийн улмаас нас барсан. Олон дахин унаж босоход энэ гэмтлийг авах боломжтой” гэсэн. Ж.Б-ийг түлхэж амь насыг хохироосон гэж яллаад байгаа атлаа хэн, хэзээ, яаж хохирогчийг түлхэж унагаасан талаар нотлох баримт байхгүй. Харин гэрчүүдийн мэдүүлгээр унаж босоод байсан гэж мэдүүлдэг. Хэргийг шийдвэрлэхдээ гэм
буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго, арга хэрэгсэл, хор уршиг, шалтгаант холбоо, гэмт этгээд болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцаа зэргийг нягтлан шалгаагүй тул Ж.Б-ийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, ял шийтгэлийг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг гарснаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрч, шийдвэрлэгдэхгүй удаж байгаад гомдолтой байна. Би Ж.Б-ийн бүх мэдүүлгийг уншиж байсан. Анх өгсөн мэдүүлгээ өөрчлөөд дандаа худал мэдүүлдэг. Гомдолтой байна. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхжаргалын өмгөөлөгч Д.Нарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хэргийн нотолбол зохих байдал нотлогдоогүй учир зүйлчлэлийг өөрчлөх, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах гомдол гаргаж байна. Гэрчүүд тухайн өдөр амь хохирогчийг нүүрэндээ ямар нэгэн шарх, гэмтэлгүй байсан талаар мэдүүлдэг. Гэтэл цогцост үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад амь хохирогчийн дух, шанаа, хамар, эрүүний доор шарх үүссэнийг тэмдэглэсэн байсан. Мөн шүүгдэгч Ж.Б-ийн хамар, хүзүү, шуунд зулгаралт үүссэн, уг зулгаралт нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтойг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Тэгэхээр шүүгдэгч Ж.Б-э, амь хохирогч С.Б- нарын биед шарх, гэмтэл үүссэн нь тэдний хооронд хэрүүл маргаан, зодоон бий болсныг нотолж байна. Шүүгдэгч давж заалдах гомдолдоо тухайн цаг хугацаа гэж юуг хэлж байгаа нь тодорхойгүй гэсэн байна. Шинжээч “тухайн цаг хугацаа гэж 1-2 цагийн орчимд үүссэн байж болзошгүйг ойлгоно” гэж мэдүүлсэн. Мөн хэргийн газрын үзлэгээр Ж.Б-ийн гэрийн гадна цус болсон, амь хохирогчийн малгай цус болчихсон байсныг хавтас хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон. Үүнээс харахад Ж.Б-э нь С.Б-ыг зодож толгойноос нь цус гаргасан болох нь тогтоогдож байна. Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн чамархай, зулай ясны хугарал, тархины эдийн няцрал зэрэг олон тооны гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл болох нь тогтоогдсон. Мөн эдгээр гавал, тархины гэмтлүүдийн улмаас нас барсан гэх дүгнэлт гарсан. Энэ дүгнэлттэй холбогдуулж шинжээч эмч н.Болороогоос мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэг авсан. Шинжээч мэдүүлэхдээ “баруун, зүүн чамархайн хугарал нь мохой зүйлийн үйлчлэлээр үүссэн. Гавал тархинд үүссэн гэмтэл нь нэг талаасаа цохиулаад нөгөө талаараа унах үед үүсэх гэмтэл байна. Амь хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг ялгаж ойлгох хэрэгтэй. Гавал тархины гэмтэл нь гарны хүчин зүйлээс давсан хүч үйлчилснээр үүсгэгдсэн гэмтэл” гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, гараар цохих үед үүсэх гэмтэл биш гэсэн. Мөн “тархинд үүссэн гэмтлүүдээс харахад тухайн үед талийгаач газарт унаснаас болж тус гэмтэл үүссэн байх боломжтой. Толгойн зүүн, баруун чамархайд гэмтэл үүссэн нь тархины хоёр талд хүч үйлчилсэн харагдаж байна. Ингэж хүч үйлчлэхдээ хүний гараар цохихоос илүү хүч үйлчилсэн гэж ойлгох ёстой” гэж тайлбарласан. Гэтэл энэ мэдүүлгээс зөвхөн “...гараар цохих үед үүсэхгүй...” гэснийг дурдаад байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Ж.Б-ийн ярьсан яриаг гэрч гар утсандаа бичиж аваад СД-нд буулган хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан. Тухайн цагдаагийн ажилтан ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй, баталгаажуулах зорилгоор бичиж авсан. Иймээс ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй болох нь харагдаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс гэрч н.Цэцэгмаа, н.Мөнхжаргал, н.Наранцацрал, н.Золзаяа нарын мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн болох нь няцаагдаж байна гэсэн. Хэрэг болох үед байгаагүй хүмүүсийг алсан, зодсон гэж мэдүүлэг өгөөгүй гэж яриад байгаа нь ойлгомжгүй байна. Өмгөөлөгч Ш.Оюумаа давж заалдах гомдолдоо “зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэсэн байна. Гэтэл эрүүгийн хуульд санаатай, болгоомжгүй гэмт хэргийн талаар ойлголт бий. Ж.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь санаатай үйлдсэн гэмт хэрэг тул зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй. Өмгөөлөгч Г.Ганбатын “хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх давж заалдах гомдлын тухайд хавтас хэрэгт шүүгдэгчийн гэм бурууд эргэлзээ төрөхүйц нотлох баримт байхгүй учир үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

Прокурор Н.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Энэ хэргийг нөхөн илрүүлээгүй бөгөөд хэрэг болсон өдрийн маргааш нь хэргийн газар болон цогцос, сэжигтний биед үзлэг хийх зэргээр нотлох баримтуудыг цуглуулж авсан. Мөн тухайн цаг хугацаанд гэрчээр болон сэжигтнээр Ж.Б-ээс мэдүүлэг авсан. Хэдийгээр сэжигтэн, яллагдагч өөрийн үйлдсэн хэргийг нотлох үүрэггүй гэдэг утгаараа эдгээр мэдүүгийг бүрэн үнэлээгүй. Гэхдээ мэдүүлэгт дурдагдаж байгаа үйл баримтуудыг бусад нотлох баримтуудтай хэрхэн холбогдож байгаа талаар шүүхийн шатанд нотлох баримтуудын шалтгаант холбоог гаргаж ирэх байдлаар ялласан. Шинжээчээс гаргасан дүгнэлттэй нь холбогдуулж “талийгаачийн духанд учирсан гэмтэл нь гадны нөлөөтэй юу” гэж асуухад “гадны нөлөөтэй” гэж хариулсан. Талийгаач болон шүүгдэгч нарын биеийн харьцаа 10 сантиметрийн зөрүүтэй. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад духны баруун дээд хэсэгт шарх үүссэн нь тогтоогдсон. Энэ гэмтэл нь духны баруун дээд талаас үүсгэгдэх боломжтой. Тэгэхээр хохирогч, шүүгдэгч нарын биеийн харьцаанаас нотлох баримтын шалтгаант холбоо харагдаж байна. Мөн гэрч нар мэдүүлэхдээ “өнхөрч унаад босож ирээд гуйваад явж байсан” гэдэг. Иймээс духаараа унаад авсан гэмтэл биш болох нь тогтоогдож байгаа. Иймд яллах дүгнэлт үйлдэхдээ духны баруун хэсэг орчимд цохисноор энэ гэмтлийг авсан гэж дүгнэсэн. Мөн хэрэг гарах өдрийн 20 цагийн үед С.Б- нь Ж.Б-ийн гэрт эрүүл очсон. 23 цагийн үед ар гэрийнхэнтэйгээ Video call хийж ярихад нүүрэнд нь ямар нэг шарх, гэмтэл байгаагүй, 00 цагийн үед хөршүүд нь түүнийг унаж, босож байгааг харсан, 00 цаг 55 минутын үед дуудлага өгч 03 цагийн үед яаралтай тусламж авсан байсан. Энэ цаг хугацаанаас харахад Ж.Б-э, амь хохирогч С.Б- нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, харилцан маргалдаж энэ гэмт хэрэг болсон болох нь тогтоогдож байна. Ж.Б-э нь гэрч, сэжигтнээр өгсөн мэдүүлгээ уншиж чадаагүй, харахгүй байхад надаар гарын үсэг зуруулсан гэж ярьж байгаа боловч анх удаа мэдүүлэг өгөхдөө “түүнийг түлхэж гаргачихаад араас нь хараад зогсож байхад өөрөө унаж босоод явж байсан” гэдэг. Ж.Б-э нь үнэхээр хардаггүй юм бол шөнө явж байгаа хүнийг яаж харсан юм бэ. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь хэдийгээр өөрийнхөө үйлдсэн гэмт хэргийг нотлох үүрэг хүлээхгүй ч гэсэн мэдүүлэгт дурдагдаж байгаа үйл баримтыг үнэлж дүгнэх ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ж.Б-э нь 2019 оны 1 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн нарангийн 12 дугаар гудамжны 102б тоот гэртээ С.Б-ын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн, Ж.Б-э нь амь хохирогчийг “манайд хоноод явсангүй” гэх шалтгаанаар маргалдан түүнийг өөрөөсөө холдуулахаар түлхсэнээс уруу газар унаж хоёр чамархай, зулай ясны суурийн дунд хонхор хүрсэн хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрхи, доорхи цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн тархмал, зүүн тал бөмбөлгийн чамархай, дух, хажуугийн ховдлын дээд хэсэг, дух, чамархайн суурийн хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, баруун, зүүн дух, чамархайн дэлбэнгийн суурийн хэсэг, баруун чамархайн хажуугийн хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн чамархай, дух, дагзны хуйхны цус хуралт, духны шарх, хамрын нурууны зулгаралт гэмтэл учирч, улмаар гавал тархины гэмтлийн улмаас нас барсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Цэцэгмаагийн “...манай нөхөр 2019 оны 1 дүгээр сарын 28-ны орой 21 цагийн орчим найз Ж.Б-этэй утсаар яриад тэдний гэр лүү явсан. ...Шөнө 23 цагийн орчим над руу яриад “би Б-ийд байна, оройтвол энд хононо” гэж хэлэхээр би “болж өгвөл гэртээ ирж хоноорой” гэж хэлсэн. ...Тэгээд өглөө 10 цагийн орчим цагдаа нар манай нөхөр С.Б-ыг нас барсан талаар надад мэдэгдсэн. ...” /1хх 64-65/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхжаргалын “...2019 оны 1 дүгээр сарын 29-ний өглөө манай ээж Цэцэгмаа над руу утсаар яриад аав чинь өнгөрчихсөн байна гэж хэлсэн. ...” /1хх 69-70/,

гэрч Б.Оюундэлгэрийн “...аав 23 цаг өнгөрч байхад Ж.Б-ийн утсаар ээжийн утас руу залгаад бид хоёр юм яриад сууж байна, жаахан юм уучихлаа, энд хоночихож ч магадгүй, очиж ч магадгүй гэхэд нь ээж юм уучихсан юм бол наанаа хонуул хоночих өөрөө л мэд гэж хэлээд ээж бид хоёр унтаад өгсөн. ...Аав маань Ж.Б-ийн гэр лүү явахдаа архи согтууруулах ундаа хэрэглээгүй, биед нь гэмтэл шарх учраагүй байсан. ...” /1хх 71-72/,

гэрч Т.Наранцацралын “...2019 оны 1 дүгээр сарын 29-ний шөний 00 цаг өнгөрч байхад манай нохой хуцаад байхаар нь цонхоор хартал бараан хувцастай эрэгтэй хүн манай хашааны урд хэсэгт гуйвж дайваад яваад, бас өнхөрч унаад босоод яваад байсан. Тэгэхээр нь би салхивчаа нээж байгаад юун хүн бэ, яах гээд байгаа юм гэхэд эргэж босч ирснээ дахиад газар унасан. Тэгэхээр нь би 102  дуудсан. Цагдаа ирэхэд нөгөө хүн хэвтсэн хэвээрээ л байсан, удалгүй 103 ирээд аваад явсан. ...” /1хх 75-76/,

гэрч П.Мягмарсүрэнгийн “...2019 оны 1 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө манайх цагаан сарынхаа бууз хийж байсан. Би 00 цагийн үед гаднаас нүүрс авах гээд гарахад Б-ийн гэрийн баруун доод талын улаан тоосгон байшинтай айлын хашааны баруун урд байрлах жорлонгийн баруун талын овгор шороон дээрээс бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн унаад дээш босоод дахин унаад яваад байгаа харагдсан. ...” /1хх 77-78/,

гэрч У.Золзаяагийн “...2019 оны 1 дүгээр сарын 29-ний шөнө 00 цаг 38 минутад хашаан дотор согтуу хүн ороод ирсэн байна, хөлдчихвий гэх дуудлага ирсэн дуудлагын дагуу 00 цаг 55 минутад очиход айлын хашаан дотор буюу машин ордог хаалганы дотор талд 50 орчим настай эрэгтэй хүн толгойноос нь цус гарсан байдалтай доошоо хараад хэвтэж байсан. Тухайн хүний толгой хагарч цус гарсан байдалтай байсан. ... /1хх 79-80/,

гэрч Б.Уранбаярын “...бид хоёр Ж.Б-ээс талийгаач Б-ыг таних уу, урьд шөнө юу болсон юм бэ, танайд зодоон болсон юм уу гэж асуухад Б-ыг танина, бид хоёр урд шөнө хамт архи уусан, Б- архи ууж байгаад гэр лүүгээ явна гээд байхаар нь би хоноод яв гэсэн боловч өөдөөс агсам тавиад, миний хамар луу цохихоор нь би гэрээс гаргаад түлхчихсэн гэж ярьж байсан. ...” /2хх 121-122/,

гэрч Г.Дашнямын “...Ж.Б-э “Б-ыг танина, бид хоёр урд шөнө хамт архи уусан, архи уугаад оройтчихоор нь хоноод яв гэхэд С.Б- танай ноорхой гэрт хонохгүй, танайд хонодог хүн би биш гэж агсам тавиад миний нүүр лүү модоор цохиод гэрээс гарахаар нь би араас нь гараад явуулахгүй гээд, С.Б- явна гээд маргалдсан. Маргалдаж байгаад би С.Б-ыг түлхчихсэн чинь доошоо газрын уруу өнхөрөөд уначихаар нь араас нь очдог юм билүү гэсэн чинь, Б- ёооё гээд өндийгөөд босож байх шиг чимээ гарахаар нь гэр лүүгээ ороод унтсан” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би гар утсаа гаргаж бичлэг хийж ярьсан зүйлийг нь дахин яриулж баталгаажуулж авсан. .../2хх 123-124/,

шинжээч О.Болороогийн “...дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Гараар цохиход үүсэх боломжгүй гэмтэл. Харин цохиулаад унахад үүссэн байх боломжтой. ...Уг гэмтлийг авсан хүн хэсэг хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Амь насыг аврах боломжгүй байсан байна. ...Гавал тархинд үүссэн гэмтэл нь нэг талаас цохиулаад нөгөө талаараа унах үед үүсэх гэмтэл байна. ...” /1хх 113/, /2хх 51/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр хоёр чамархай, зулай ясны суурийн дунд хонхор хүрсэн хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрхи, доорхи цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн тархмал, зүүн тал бөмбөлгийн чамархай, дух, хажуугийн ховдлын дээд хэсэг, дух, чамархайн суурийн хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, баруун, зүүн дух, чамархайн дэлбэнгийн суурийн хэсэг, баруун чамархайн хажуугийн хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн чамархай, дух, дагзны хуйхны цус хуралт, духны шарх, хамрын нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 423 дугаартай дүгнэлт /1хх 109-110/,

 

“...Ж.Б-э нь гэрийн гадаа гарч амбаарын хаалганы орчим С.Б- нь намайг заамдаад байхаар нь гарыг нь тавиулах гээд түлхсэн. Тэгсэн гэрийн баруун талаас доош баруун тийш уруудсан хэсэг рүү өнхөрөөд унасан. ...” гээд өөрөө зааж харуулсныг гэрэл зургаар бэхжүүлэн авсан мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 92-96/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 63/ болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Б-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 8 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Шүүгдэгч Ж.Б-э, түүний өмгөөлөгч Г.Ганбат нар нь “...амь хохирогч нь  архи ууж биеэ хянах чадваргүйн улмаас хөл алдан унаж тархиндаа хүнд гэмтэл авч нас барсан болох нь шинжээчийн дүгнэлт болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул Ж.Б-эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Шүүгдэгч Ж.Б-эд холбогдох хэргийн хувьд тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газарт шүүгдэгч Ж.Б-э, амь хохирогч С.Б- нараас өөр хүн байгаагүй бөгөөд Ж.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...маргалдаж байгаад би С.Б-ыг түлхчихсэн чинь доошоо газрын уруу өнхөрөөд уначихаар нь араас нь очдог юм билүү гэсэн чиньёооё гээд өндийгөөд босож байх шиг чимээ гарахаар нь гэр лүүгээ ороод унтсан. ...” гэх мэдүүлэг, амь хохирогч С.Б-ын биед учирсан гэмтэл, тухайн гэмтэл учирсан цаг хугацаа, нас барсан шалтгааныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 423 дугаартай дүгнэлт, гавал тархинд үүссэн гэмтэл нь нэг талаас цохиулаад нөгөө талаараа унах үед үүсэх гэмтэл байна, уг гэмтлийг авсан хүн хэсэг хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой талаар шинжээч эмч О.Болороогийн өгсөн мэдүүлгийг няцаан үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн амь хохирогч С.Б-ыг Ж.Б-э өөрөөсөө холдуулахаар түлхсэнээс уруу газар унаж гавал тархины гэмтэл авснаас өөр шалтгаанаар нас барсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосныг буруутгах үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Ж.Б-ийн хувьд амь хохирогч С.Б-ыг түлхсэнээс уруу газар унаж гэмтэл авснаас өөрөөр үхэлд хүргэх олон удаа цохиж зодсон үйлдэл хийгээгүй, мөн амь хохирогч нь “танайд хонохгүй” гэж гэрээс нь гарч, явуулахгүй гэхэд нь түлээний модоор Ж.Б-ийн толгойн оройн хэсэг, хамрын нуруунд цохисны улмаас хамар, хүзүү, баруун шуунд зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 1866 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ. Өөрөөр хэлбэл амь хохирогч С.Б- нь түүнийг явуулахгүй гэж эсэргүүцсэн Ж.Б-этэй зууралдан түүний толгой руу модоор цохисон үйлдэл хийсэн нь Ж.Б-ийн зүгээс түүнийг өөрөөсөө холдуулж түлхэх шалтгаан болсон нь хөдөлбөргүй тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Б-ийн өмгөөлөгч Ш.Оюумаагийн “...Ж.Б-эд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд,

 

Хүнийг алах гэмт хэргийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргээс субъектив талын шинж болох гэм буруугийн хэлбэрээр нь ялгаж зүйлчлэнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгтӨөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн нөхцөлийг тодорхойлжээ.

 

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох хүн нас барах хохирлыг хүсэж, хүсээгүй боловч үйлдлээрээ уг хохиролд хүргэсэн гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэртэй байхыг шаарддаг.

 

Шүүгдэгч Ж.Б-э, амь хохирогч С.Б- нар нь хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн “хоноод явсангүй” гэх шалтгаанаар маргалдан шүүгдэгч Ж.Б-э нь түүнийг өөрөөсөө холдуулахаар түлхсэнээс уруу газар унаж хүнд гэмтэн амь нас нь хохирсон үйл баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтанд тулгуурлан үндэслэлтэй зөв тогтоож, шүүгдэгч дээрх үр дагаврыг хүсээгүй боловч түүний үйлдлийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдэж үйлдсэн, уг үйлдлээрээ дээрх үр дагаварт буюу хохирогчийн амь насыг хохироож буй үйлдэл нь гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэсэн анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б-э, түүний өмгөөлөгч Г.Ганбат, Ш.Оюумаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/967 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б-э, түүний өмгөөлөгч Г.Ганбат, Ш.Оюумаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                        Ц.ОЧ

 

                                    ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН