Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 130

 

 

Ж.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч Д.Нарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбат, Ш.Оюумаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09ий өдрийн 2020/ШЦТ/967 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14ий өдрийн 2021/ДШМ/80 дугаар магадлалтай, Ж.Б-д холбогдох 1905005620135 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Г.Ганбат, Ш.Оюумаа нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1963 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 57 настай, эрэгтэй, уул уурхайн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Ж.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Б-ийг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан 8 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Ж.Б-ийн цагдан хоригдсон нийт 323 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус зааснаар Ж.Б-ээс 5,728,818 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Г.Ганбат, Ш.Оюумаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Намайг хуурч, мэхлэх аргаар авсан мэдүүлгийг үндэслэн намайг ялласан. Би харааны бэрхшээлтэй ба нүдний шилгүй, өмгөөлөгчгүйгээр мэдүүлгээ уншиж чадалгүй гарын үсэг зурсан. Мэдүүлэгт миний хэлээгүй зүйлийг бичиж, гарын үсэг зуруулсан. Харааны бэрхшээлтэй талаарх баримт хэрэгт авагдсан боловч шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Мөн байцаагч анхны мэдүүлэг авахдаа өөрийн танил өмгөөлөгчөө санал болгож, мөрдөн байцаах ажиллагаанд оролцуулсан нь хууль зөрчсөн үйлдэл. Хууль бусаар авсан мэдүүлгийг үндэслэн намайг яллаж байгаад гомдолтой байна. Уг хэрэгт гэрчээр оролцсон ахлах дэслэгч Г.Д 29-ний өдөр надтай ганцаарчилж анх уулзахдаа ...С.Б /амь хохирогч/ эхнэртэйгээ гэмтлийн эмнэлэгт хэвтэж байна, таныг зодсон гээд их хэмжээний мөнгө нэхэмжилнэ гэж байна, та харилцан зодолдсон, түлхсэн гэж мэдүүл, ингэвэл хөнгөн сална... гэж хуурч мэдүүлэг өгүүлж гар утсан дээрээ бичлэг хийсэн. Г.Д, Б.У нарын мэдүүлэг зөрүүтэй ба эдгээр хүмүүсийг шалгуулмаар байна. С.Б-ын модоор цохиулсны улмаас хамрын нуруун дээр үүссэн шарх нь мөрдөн байцаалтын явцад гэрчээр оролцсон н.Г-ы мэдүүлгээр хэрэг болохоос өмнө авсан шарх болох нь тогтоогдсон байхад миний эсрэг нотлох баримт болгон ашиглаж хэргийг шийдвэрлэсэн.

Би баруун гараараа юм хийдэг. Гэтэл хохирогчийн баруун духанд цохилт өгч, аминд хүрсэн гэж ялласан. Миний насны хүнээс тийм их хүч гарч, хүний баруун талд нь хүнд цохилт өгч чадах эсэх нь эргэлзээтэй. Тиймээс амь хохирогчийн үхлийн шалтгааныг шинжээчээр дахин нарийвчлан шинжлүүлмээр байна. 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр цуглуулсан нотлох баримтууд, мэдүүлгүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж авсан бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд хэргийг дахин нарийвчлан шалгуулах хүсэлтэй байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Оюумаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэм буруутай болох нь хангалттай тогтоогдоогүй. Ж.Б нь өндөр настай, хаяа архи уудаг болохоос хувийн зан араншин тогтвортой дөлгөөн, хүний өмнөөс хэрэлдэж уралдан зодоон хийгээд хүний амь насанд халдах хүн биш гэдгийг гэрчүүд мэдүүлдэг. Нэг нүд нь хараагүй, нөгөө нүд нь харааны шил зүүж уншиж, бичдэг бөгөөд энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мэдүүлэг өгөхдөө харааны шил зүүгээгүй үед буюу юм уншиж, харахгүй үед нь мэдүүлэгт гарын үсэг зуруулж бэхжүүлж авсан нь хууль зөрчсөн. Мөн онц хүнд гэмт хэрэгт холбогдсон хүнд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн мөрдөгч тухайн дүүрэгт байрладаг өмгөөлөгч н.О-ийг байцаалтанд оролцуулж Ж.Б-ийн эрхийг ноцтой зөрчсөн, энэ талаарх баримт байгаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т “Мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” гэсэн байтал өөрийн мэдүүлгийг нотлох баримт болгож яллаж байгаа нь хэт нэг талыг барьсан, хууль зөрчсөн гэж үзэж байна. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтанд дараах байдлыг нотолно, хэргийг хэн үйлдсэн, хэзээ хаана яаж, хэргийн санаа зорилго сэдэлт, гэм буруугийн хэлбэр, зэргийг шалгаж тогтооно” гэж заасныг зөрчсөн. Гэрчүүд ...харахад тэр хүн унаж босоод л байсан...гэж мэдүүлдэг. Шороо, чулуутай хонхор гүдгэр, уруу газар унаж тусахад гэмтэл авах боломжтой байтал Ж.Б-ий шууд буруутай үйлдэл гэж үзсэн нь үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгээр Ж.Б хүний амь нас санаатай хохироосон гэм буруутайд тооцох үндэслэлгүй гэж Баянгол дүүргийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл одоо яагаад хангалттай нотлогдож байна гэж яллаад байгаа ойлгомжгүй байна. Хэргийг анхнаасаа маргаантай шийдвэрлэж ирсэн. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгож, 2020 оны 05 дугаар сард анхан шатны шүүх зүйл ангийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн.

Мөн прокурорт гомдол гаргаж хэргийг сэргээж шалгахдаа 2017 оны а/96 дугаартай аргачилал заалт хэрэгжүүлээгүй байна гэж хэргийг сэргээж шалгасан. Тэгвэл прокурор ажлын аргачилал зөрчиж, алдаа гарган хэргийг хэрэгсэхгүй болгосон бол алдаа гаргасан прокурорт ямар хариуцлага оногдуулсан, эсхүл алдаа гаргаагүй юу гэдэг нь ойлгомжгүй байна. Хэрэгсэхгүй болгосон хэргээ сэргээж яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зөрчсөн гэх үндэслэл байна. Иймд Ж.Б-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлж хэргийн зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд зааснаар зүйлчилж, хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзэхдээ шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд өгсөн анхны мэдүүлгийг үндэслэл болгосон. Ж.Б анх байцаалт өгч байхад харааны бэрхшээлтэй байсан гэдгийг хэрэгт авагдсан эмчийн дүгнэлтээр тогтоогддог бөгөөд нэг нүд нь 100 хувь хараагүй бөгөөд нөгөө нүд нь нүдний шил зүүгээгүй үед харах боломжгүй, мөрдөн байцаагч гарын үсэг зур гээд уншиж сонсголгүй зуруулсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, 16.3 дугаар зүйлийн 8-д “Дараахь мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй”, 8.3-т “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” гэж заасан байхад анхан болон давж заалдах шатны шүүх Ж.Б-ийг өөрийнх нь өгсөн мэдүүлгээр хүнийг санаатай алсан гэж яллаж байгаад гомдолтой байна. Харин хэрэгт Ж.Б талийгаачийг санаатай амь насыг нь хохироосон гэх нэг ч нотлох баримт байхгүй, хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж нотлогддог.

Тухайн хэрэг гардаг шөнө болсон үйл явдлыг харсан гэрч Т.Н ... 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 00 цаг өнгөрч байхад манай нохой хашаан дотор хуцаад байхаар нь цонхоор хартал эрэгтэй бараан хувцастай хүн манай хашааны урд хэсэг гуйвж дайваад яваад, өнхөрч унаад байсан. Би салхивчаа нээж байгаад юун хүн бэ, яах гээд байгаан юм гэж хэлтэл эргэж босч ирснээ дахиад газар унасан, би тэгэхээр нь 102-т дуудлага өгсөн... гэх мэдүүлэг, мөн гэрч П.М ...манайх цагаан сарын буузаа хийж байсан. Би 00 цагын үед гал түлэх гээд гаднаас нүүрс авах гээд гэрээсээ гадагшаа гарахад Ж.Б-ийн гэрийн баруун доод талын улаан тоосгон байшинтай айлын хашаан дотор, хашааны баруун урд байрлах жорлонгийн баруун талын овгор шороон дээрээс бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн унаад дээш босоод дахин унаад яваад байгаа харагдсан... гэх гэрчийн мэдүүлгүүдэд талийгаач өөрөө унаж байгаа үйл явдлыг батлан хэлдэг. Үүнийг анхан болон давж заалдах шатны шүүх харгалзан үзэлгүй хүнийг санаатай алах гэмт хэрэгт буруутгаж байгаад гомдолтой байна.

Шинжээчийн 423 тоот дүгнэлтээр ...илэрсэн олон тооны гэмтлүүд нь унаснаас болоод уг гэмтлийг авах бүрэн боломжтой бөгөөд хүний гараар үйлдэгдэх боломжгүй гэмтэл юм... гэж шүүх хуралд гэрчээр оролцохдоо шинжээч эмч тайлбарлаж хэлсээр байхад шүүх харгалзан үзэлгүй хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/” 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн” 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг заасан. Давж заалдах шатны шүүх Ж.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхдээ ямар сэдэлт зорилготойгоор уг гэмт хэргийг үйлдсэн гэдгийг үндэслэл хэсэгтээ тайлбарлаагүй. Хүнийг алах гэмт хэрэг нь шунахай юм уу хувийн өш хонзон болон бусад сэдэлт санаа зорилгоор үйлдэгддэг. Гэтэл талийгаач болон Ж.Б нарын хооронд ямар нэгэн өш хонзон, өр авлага, шунахайн сэдэлттэй холбоотой асуудал үүсч байгаагүй. Яг ямар санаа сэдэлт зорилгоор амь насыг нь ямар аргаар хохироосон гэдгийг шүүх эргэлзээгүй тогтоох ёстой” гэв.  

Хяналтын прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ:Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй ба Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж дүгнэж байна. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нь хохирогчийг түлхсэн гэх үйлдэл нь тогтоогдсон боловч тухайн түлхэх үед гэмтэл учирсан уу эсвэл хохирогч өөрөө гэрч нарын мэдүүлснээр удаа дараа унах үедээ тархин дахь гэмтлийг авсан уу гэдгийг тогтоох боломжгүй талаар шинжээч эмч тайлбарласан байна. Иймд шүүгдэгч Ж.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж байна. Гомдлын хувьд прокурор хяналтын ажлын аргачилсан заавар зөрчсөн эсэх асуудал нь хэрэг хянан шийдвэрлэхэд хамаагүй асуудал байна. Иймд шийтгэх тогтоол, магадалалд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Г.Ганбат, Ш.Оюумаа нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Ж.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ж.Б нь С.Б-ын толгойн тус газар нь цохиж гавал тархины гэмтэл учруулан алсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэн, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг дутуу тогтоосон буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаагүй, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт цуглаагүй, гэм бурууг шийдвэрлэхэд хангалттай баримт авагдаагүй байхад хоёр шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж шүүгдэгчийн гэм бурууг тогтоосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар бөгөөд шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж, нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь шүүхээс хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлдэг.

Мөн гэмт хэргийн объектив тал нь гэмт үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас бий болох нийгэмд аюултай хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо, гэмт хэрэг үйлдсэн арга, газар, цаг хугацаа, нөхцөл байдал, зэвсэг, хэрэгсэл зэргийг багтаасан гэмт хэрэгт зайлшгүй байх бүрэлдэхүүн хэсэг юм.   

Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой.

Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

Ж.Б-д холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор сэргээн тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэт авч хэрэгжүүлээгүй байна.

Тухайлбал, прокурор нь Ж.Б-ийг С.Б-ын толгойн тус газар нь цохиж, гавал тархины гэмтэл учруулсны улмаас нас барсан гэж буруутгаж байгаа хэдий ч шүүгдэгч амь хохирогчийг цохьсоныг ямар нотлох баримтыг үндэслэж тогтоосон нь тодорхойгүй, түүнчлэн түлхүүлсний улмаас унасан эсэх, хэрэв унасан тохиолдолд хэрхэн, ямар байдалтай, хаана унасан, ингэж унахдаа шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүдийг авсан болох нь тогтоогдоогүй, гэрч Б.У, Г.Д нарын “Ж.Б ...маргалдаж байгаад би С.Б-рыг түлхчихсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгүүд болон гар утсанд хийсэн бичлэгээс өөр нотлох ажиллагааны үр дүнг бататгах зүйлгүй байхад хоёр шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлэн хууль зүйн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ.

Хэрэгт авагдсан гэрч Т.Н, П.М нарын “...нэг хүн унаж, босоод байсан...” гэх мэдүүлгүүд шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг хоёр шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулжээ.

Өөрөөр хэлбэл амь хохирогч С.Б нь Ж.Б-ий гэрийн ойролцоо ганцаараа явж байхдаа унасан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд ингэхдээ шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтэл түүнд учраагүй болохыг үгүйсгэсэн, няцаасан нотлох баримт хэрэгт алга байна.

Гэмт хэргийн үйл баримтыг нарийвчлан тогтоож, түүний дэс дараалалд тулгуурлан шинжээч томилон аль үйлдлийн улмаас амь хохирогч С.Б-т  шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтэл учирсан талаарх асуултуудыг оновчтой тавьж, хэрэв шинжээч дүгнэлт гаргасан тохиолдолд энэ талаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлуулах нь хэрэгт чухал ач холбогдолтой болно.

Үүнээс гадна шинжилгээний үр дүн, шинжээчдийн дүгнэлт, мэдүүлэг зэрэгт тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо объектив нөхцөл байдлуудаас гадна хэргийн субъектив тал болох шүүгдэгчийн үйлдлээ хэрэгжүүлсэн зорилго, арга хэлбэр, цаг хугацаанд уялдаа холбоо байгаа эсэх, нэгдмэл санаа сэдэл тогтоогдож буй эсэх, хэргийн үр дагаврыг хүссэн эсэх, хандаж буй хандлага зэргийг хэргийн үйл баримтаас тогтоож дүгнэх нь хэргийг оновчтой зүйлчлэхэд шаардлагатай нөхцөлд тооцогдоно.

Нөгөөтэйгүүр мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэлд “...С.Б нь намайг заамдаад байсан тэгэхээр нь би гарыг нь тавиулах гээд түлхсэн, тэгсэн С.Б гэрийн баруун талаас доош баруун тийш уруудсан хэсэг рүү өнхөрч унасан, ...Ж.Б нь үнэн зөв заасан...” гэсэн хэдий ч шүүгдэгч Ж.Б “би талийгаачийг түлхээгүй учир гарын үсгээ зурсангүй” гэж уг тэмдэглэлд тусгуулсан байх тул түүний гарын үсэг зураагүй байдлыг тухайн үед оролцсон хөндлөнгийн гэрч нараас тодруулах шаардлагатай.

Нотлох баримт, нотлох ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн, тасралтгүй, хуулийн дагуу явуулах процессын бүрэлдэхүүн хэсэг төдийгүй тухайн ажиллагааны чанар, үр дүн ямар байхаас эрүүгийн процессын үйл явцын хувь заяа шууд хамаардаг болохыг мөрдөгч, прокурор болон шат шатны шүүхүүд цаашид анхаарвал зохино.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Ж.Б-д холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09ий өдрийн 2020/ШЦТ/967 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14ий өдрийн 2021/ДШМ/80 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Ж.Б-д холбогдох хэргийг прокурорт буцаасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т

зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ                                        С.БАТДЭЛГЭР

                            ШҮҮГЧ                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН