Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 118/2016/0024/з |
Дугаар | 221/MA2017/0300 |
Огноо | 2017-04-20 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 221/MA2017/0300
2017 оны 04 сарын 20 өдөр | Дугаар 221/МА2017/0300 | Улаанбаатар хот |
М.Урантуяагийн нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, М.Урантуяагийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргахыг хариуцагч Завхан аймгийн Орон нутгийн өмчийн албаны дарга /үүргийг түр орлон гүйцэтгэгч/-д даалгаж, тус газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг 45 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж,
2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Урантуяагийн ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх 86 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.178.996 төгрөгөөс холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон даатгалын дэвтрүүдэд бичилт хийж олгохыг Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргад даалгаж,
3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Урантуяад олгож,
4 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 45 хоногийн хугацаанд хариуцагч Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтний аль нэгэнд М.Урантуяаг томилсон шийдвэр гаргаагүй бол тус Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаар тушаал хүчингүй болохыг дурджээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 13-ны өдрийн 10 дугаартай нэхэмжлэгч М.Урантуяагаас хариуцагч Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмэнд надад холбогдох захиргааны хэргийн шүүхээс хянан шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдалд бодит үнэлэлт өгч чадаагүй, хууль зүйн үндэслэл байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1. Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн хүрээнд өөрчлөгдөж, ажлын байрны тодорхойлолт дурдсан ажил үүрэг, албан тушаалтны орон тоо өөрчлөгдсөн зайлшгүй шалтгаанаар нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй ажлын байранд инженерийн мэргэжилтэй хүн ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байгаа бодит нөхцөлийг шүүх харгалзалгүй орхисон.
2. Орон нутгийн өмчийн газрын “бараа зөвлөх үйлчилгээний худалдан авалт хариуцсан мэргэжилтэн”, “ажил худалдан авалт хариуцсан мэргэжилтэн” гэж албан тушаалын ангилал салж шинээр үүссэн бодит нөхцөлийг хэт нэг талаас харж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй нөхцөлийг шүүхийн шийдвэрт заан тусгаж хариуцагч надад захиргааны шинэ актыг гаргахыг даалгасан шийдвэр гаргасан нь хэт нэг талыг барьсан шийдвэр үйл ажиллагаа гэж үзэж байна.
3. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах агентлагуудыг тогтоосон. Энэ шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/231 захирамжаар “Орон нутгийн өмчийн газар” нь Худалдан авах ажиллагааны албатай байхаар дүрмийг баталж, шинээр төсөв хөрөнгөтэй болгож, бүтэц орон тоог шинэчлэсэн. Үүнтэй холбоотойгоор Засаг даргын дэргэдэх орон нутгийн агентлаг болох манай байгууллагын ажиллах цар хүрээг өргөтгөсөн. Энэ байдал нь тус байгууллагад ажиллах мэргэжилтнүүдэд тавигдах шаардлага өндөрсгөх, тодорхой албан тушаалтны хувьд давхар мэргэжилтэй байх ажлын шаардлагыг бий болгосон. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн ажиллах ажлын байранд тавигдах шалгуурт “Холбооны инженер” байх буюу IT болон Оптик инженерийн нарийн мэргэжил шаардагдах болсон. Үүнийг байгууллагын зохион байгуулалт, дүрэм болон бүтцэдээ зааж, тогтоож өгөх шаардлага ажил албан тушаалын хувьд тавигдаж байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Мөн үүнтэй холбоотойгоор өмнөх “Худалдан авах ажиллагааны алба”-нд албаны чиг үүргийг тодорхойлсон хэм хэмжээг шүүх харгалзаагүй, зөвхөн нэхэмжлэгчийн үгээр шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгосон. Учир нь өмнөх “Худалдан авах ажиллагааны алба” нь 3 ажилтантай байна гэж заан дурдсан байхад үүнийг шүүхээс илэрхий үл тоож шийдвэрлэсэн зэргээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй юм. Бусад зүйлийг өөрийн биеэр шүүх хуралдаанд гаргаж ярих болно” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч М.Урантуяа нь “Завхан аймгийн орон нутгийн өмчийн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, орон нутгийн өмчийн газрын ажил худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, дээрх даатгалын дэвтрүүдэд бичилт хийхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийсэн байна.
Гэвч хэргийн нөхцөл байдлыг тодруулан дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай, “нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэж дүгнэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоосон байх бөгөөд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Орон нутгийн өмчийн газрыг /Худалдан авах ажиллагааны албатай/ хэрэгжүүлэгч агентлаг байхаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын Тамгын газрын Худалдан авах ажиллагааны газар нь Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба болсон байна. Хэдийгээр “газар” нь “алба” болж аймгийн Засаг даргын Тамгын газрын газрын бус Орон нутгийн өмчийн газрын эрхлэх асуудлын хүрээн дэх “алба” болсныг хариуцагчийн тайлбарлаж байгаачлан “Худалдан авах ажиллагааны алба татан буугдсан” гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийг “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэж ажлаас чөлөөлсөн” гэсэн тайлбар үндэслэлгүй.
Түүнчлэн маргаан бүхий Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Худалдан авах ажиллагааны албаны дотоод ажил, архив, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн М.Урантуяаг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, гурван сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн байна. Дээрх Б/07 дугаар тушаалд М.Урантуяагийн эрхэлж байсан ажил үүргийг “дотоод ажил, архив, бичиг хэрэг” гэж тодорхойлсон байх боловч М.Урантуяаг анх томилохдоо түүнийг “Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэн”-ээр томилж байсан болохыг түүнийг томилсон тушаал /хавтаст хэргийн 4, 5 дугаар хуудас/, М.Урантуяагийн ажлын байрны тодорхойлолт /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/, уг тодорхойлолтод ажлын байрны нэр нь мэргэжилтэн, ажлын байрны чиг үүрэгт бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэх, дотоод ажил архив, бичиг хэрэг хариуцах гэж заасан зэргээр тогтоогджээ. Түүнчлэн дээрх байдлыг анхан шатны шүүх Худалдан авах ажиллагааны албаны 2015 онд зохион байгуулсан тендер шалгаруулалтын материалыг судалж үзэж /хавтаст хэргийн 97-131 дугаар хуудас/ нэхэмжлэгч М.Урантуяа нь үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж, тендерийг хянан үзэх, тендерийн баримт бичгийг боловсруулах, үнэлгээний дүгнэлт гаргах зэрэг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаж байсан зэргээр хангалттай тогтоожээ.
Анхан шатны шүүх хангалттай нотлох баримт цуглуулж “өмнөх Худалдан авах ажиллагааны албаны үйл ажиллагааны дүрмийн 3.1 дэх заалтаас харахад тус алба нь дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтний орон тоотой байсан байх ба шинээр байгуулагдсан Худалдан авах ажиллагааны бүтэц орон тоотой харьцуулж үзэхэд зөвхөн ахлах мэргэжилтний орон тоо хасагдаж, бусад орон тоонууд, тодруулбал 2 мэргэжилтний орон тоо хэвээр хадгалагдан үлдсэн байна. Мөн Орон нутгийн өмчийн газарт дотоод ажил, архив, бичиг хэргийн ажилтны орон тоо бий болгож нэхэмжлэгчийг давхар хариуцуулан ажиллуулсан болохыг, тухайн үед мөн М.Урантуяа, Г.Нямдаваа нар нь Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтний албан тушаалд хамт томилогдсон, тэдний ажлын байрны тодорхойлолтоос харахад /хэргийн 7, 41 дүгээр хуудас/ нэгэн адил үүрэг гүйцэтгэдэг байсан, гэрч Т.Пүрэвжаргалын мэдүүлгээр ажлын ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг 2 мэргэжилтэн хамт хийдэг байсан нь тогтоожээ. Түүнчлэн худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний орон тоо цөөрөөгүй, хасагдаагүй болохыг анхан шатны шүүх “Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтыг /хавтаст хэргийн 134-140 дүгээр хуудас/ харахад М.Урантуяа, Г.Нямдаваа нарын өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлыг салгаж, бараа “зөвлөх үйлчилгээний худалдан авах ажиллагааг 1 мэргэжилтэн”, “ажил худалдан авах ажиллагааг 1 мэргэжилтэн” тус тус хариуцан гүйцэтгэж байхаар болсон. Үүнээс дүгнэж үзвэл худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний орон тоо цөөрөөгүй, хасагдаагүй” гэж зөв дүгнэжээ. Өөрөөр хэлбэл урьд нь ерөнхий нэрээр “худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн” гэж нэрлэж байсныг чиг үүргээр нь “зөвлөх үйлчилгээний худалдан авах ажиллагааны мэргэжилтэн”, “ажил худалдан авах ажиллагааны мэргэжилтэн” гэж нэрлэх болсон нь тухайн мэргэжилтний орон тоо цөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч нь гаднаас М.Өлзиймаа, Т.Алтанзул гэсэн өөр хүн томилсон байгаа нь буруу бөгөөд дээрх албан тушаалд нэхэмжлэгчийг томилон ажиллуулах бүрэн боломжтой, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байхад дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Харин анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 болон 27.2.4 дэх заалтууд нь харилцан адилгүй зохицуулалт байхад нэг дор баримталсан, анхан шатны шүүх “орон тоо хасагдаагүй” болохыг нотлох баримтаар тогтоосон атал 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг Тогтоох хэсгийн 1 дэх заалтад баримталсан нь буруу болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Урантуяаг Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын Ажил худалдан авах ажиллагааны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай” гэж өөрчилж, 2 болон 3 дахь заалтыг хэвээр үлдээж, 4 дэх заалтыг хүчингүй болгож, 5 дахь заалтын дугаарыг 4 болгон өөрчилсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР