Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2017/00605

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 22 өдөр           Дугаар 182/ШШ2017/00605         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар/-т холбогдох,

 

“73,281,937 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Цэвэл нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь хариуцагч Х ХХК-тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний 8.6-д заасны нэхэмжлэл гаргаж байна. 2015 онд машин худалдаж авах шаардлагатай байсан тул “МСМ групп” ХХК-д байгаа машиныг худалдаж авах боломжтой гэж үзсэн. 280,000,000 төгрөгийн үнэтэй байсан ба тус мөнгийг гаргах боломжгүй байсан. Х ХХК-д хандахад урьдчилгаа 84,000,000 төгрөгийг “МСМ групп” ХХК-ийн дансанд тушаачих, түүний дараа санхүүгийн түрээсийн гэрээ байгуулаад асуудлыг шийдвэрлэж болно гэсэн хариу өгсөн. Ийм учраас 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 60,000,000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 24,000,000 төгрөгийг “МСМ групп” ХХК-ийн дансанд тушаасан. Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. 280,000,000 төгрөгийн үлдэгдэл мөнгийг Х ХХК төлсөн. Х ХХК нь “МСМ групп” ХХК-иас Д.Нансалмаагийн төлсөн төгрөгийг татан авсан байдаг. Нийт 280,000,000 төгрөг болгоод “МСМ групп” ХХК-д шилжүүлсэн. “МСМ групп” ХХК-тай Х ХХК нь уг автомашиныг худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Х ХХК-ийн өмчлөлд машин шилжсэн байдаг. Түрээсэлж болох юм байна гэдэг ойлголт харагдаж байна. Хариуцагч Х ХХК нь тухайн автомашины бүтнээр нь төлөөгүй. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 3.1-д түрээслүүлэгч нь эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл түүнээс худалдан бусдад түрээслэх ёстой байсан. Гэтэл М ХХК-тай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан мөртлөө 84,000,000 төгрөгийг “МСМ групп” ХХК-д шилжүүлсэн нь буруу болж байна. Санхүүгийн түрээсийн тухай хуулийг зөрчиж хийгдсэн гэж харж байна. 280,000,000 төгрөгийг М ХХК болон Х ХХК хувааж гаргасан байна гэж харахаар байна. Нэхэмжлэгч нь санхүүгийн түрээсийн гэрээнд заасны дагуу буюу графикийн дагуу төлбөр төлсөн. М ХХК нь 134,066,477 төгрөгийг төлсөн нь харагдаж байна. Яг машины үнийг төлсөн 84,000,000 төгрөгийн аваагүй байгаа үлдэгдлийг нэхэмжилж байгаа. М ХХК нь санхүүгийн түрээсийн төлбөрөө төлж байсан. М ХХК нь санхүүгийн хүндрэлтэй байдлын улмаас төлбөрөө төлж чадахгүй болсон тул өгч байсан мөнгөө буцааж авъя, машинаа буцааж авах санал гаргасан. Түрээсийн төлбөрийг төлж чадахгүй хүндрэл гарсан тул машинаа буцааж авсан. Машинаа буцаан авсан тул 84,000,000 төгрөгөө буцааж авахаар М ХХК-ийн захирал Д.Нансалмаа гаргасан. Х ХХК автомашиныг буцааж аваад бусдад худалдан борлуулаад М ХХК-ийн захирал Д.Нансалмаагийн дансанд 10,718,062.64 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн. Х ХХК-ийн буцаан шилжүүлсэн нь машины мөнгийг буцаан төлөх ёстой гэж ухамсарласан гэж ойлгож байна. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 3.1-д заасны дагуу өөрөө худалдаж авах ёстой байсан. 84,000,000 төгрөгийг манай компаниар төлүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 73,281,937 төгрөгийг Х ХХК-иас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болдон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талуудын хооронд санхүүгийн түрээсийн харилцаа үүссэн. “МСМ групп” ХХК-ийн гаргасан тайлбараар М ХХК-тай авто машин худалдан борлуулсан “МСМ групп” ХХК нь ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй гэж тодорхойлж өгсөн байдаг. Тэгэхээр хамтарч худалдаж авсан гэж үзэх боломж байхгүй. Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий санхүүгийн түрээсийн гэрээний автомашиныг Х ХХК болон “МСМ групп” ХХК-ийн хооронд хийсэн худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан нь тогтоогдоно. Х ХХК болон “МСМ групп” ХХК ийн хооронд худалдах-худалдан авах харилцаа үүссэн. Х ХХК болон М ХХК-ийн хооронд санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн. Бид нар “МСМ групп” ХХК аас авто машин худалдан авахдаа цэвэр өөрийнхөө хөрөнгөөр худалдан авсан. 84,000,000 төгрөг бол Х ХХК болон М ХХК-ийн хооронд хийгдсэн санхүүгийн түрээсийн гэрээний нэгдүгээр хавсралт буюу эргэн төлөлтийн хуваарь дээр санхүүгийн түрээсийн төлбөрт төлөгдсөн байгаа. Автомашины өмчлөх эрх Х ХХК-д байсан гэдэг нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 6.3-т заасны дагуу санхүүгийн түрээсийн гэрээний хугацаанд түрээсийн зүйлийн өмчлөгч нь түрээслүүлэгч байна гэж заасан. Өмчлөл дээр маргахгүй. Үүнийг талууд баталгаажуулж санхүүгийн түрээсийн гэрээний 2.3-т өмчлөгч нь хэн байх вэ гэдгийг заасан байгаа. Бусдын эзэмшил, ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх гэрээний төрөлд хамаардаг. Санхүүгийн түрээсийн гэрээг өмчлөх эрхэд эд хөрөнгө шилжүүлэх гэрээний зорилготой байж болно. 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Улсын Дээд шүүхийн зөвлөмжид санхүүгийн түрээсийн харилцааг яаж тодорхойлох талаар заасан байдаг. Санхүүгийн түрээсийн гэрээнд түрээсийн зүйлийг түрээслүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх тохиролцоо гэж ойлгож болно. Энэ тохиролцоо нь эд хөрөнгө түрээслүүлж, түрээсийн төлбөрийг тогтоосон  талуудын үндсэн тохиролцоо буюу санхүүгийн түрээсийн гэрээг үгүйсгэх үндэслэл болохгүй гэсэн байна. Санхүү түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 316 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтын нэгэн адил зохицуулна гэж заасан байдаг. Энэ нь автомашиныг эзэмшиж, ашиглаж байсан хугацааны төлбөрийг буцаан шаардах эрх үүсэхгүй ба Х ХХК нь түрээсийн төлбөрийг буцаан өгөх үүрэг хүлээхгүй. Иймд шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна.

 Автомашиныг барьцаалах маягаар гэж нэхэмжлэлд дурдсан байдаг. Барьцаа бол Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар барьцаа бол заавал бүртгэгдэж, барьцааны гэрээг бичгээр хийдэг. Иймд санхүүгийн түрээсийн гэрээний 6.3-т зааснаар түрээслүүлэгч нь өмчлөгч байхаар тохирсон тул өөр өөрийнхөө зүйлийг барьцаалах ойлголт байхгүй. Иймд энэ машиныг барьцаалсан, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болгосон гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр талуудын хооронд байгуулсан хэлцэл байгаа. Хэлцэл нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан зохицуулалтаас авч үзвэл эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилго агуулж байдаг. Талууд энэ зорилгоор 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хэлцэл хийсэн. Хэлцлийн зорилго нь байгуулсан хэлцлийн 1.1-д нь зааснаар 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 41000158 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгохоор хүсэл зорилгоо илэрхийлж хэлцэл хийсэн. Санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох автомашин нь Х ХХК-д өмчлөлд үлдэх нөхцөлтэйгөөр гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох зорилготой хэлцэл хийсэн. Энэ гэрээгээр талуудыг нэг нэгнийхээ өмнө хүлээж байсан үүрэг дуусгавар болсон. Хэлцэл хүчин төгөлдөр болохыг саяны хэлцлийн 3.3-т зааснаар талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар хэлцэл хүчин төгөлдөр болно гэж зааснаар санхүүгийн түрээсийн гэрээнд гарын үсэг зурж тамга тэмдгээр баталгаажаад үүрэг дуусгавар болсон.

Өмнөх хурал дээр хэлж байсан 84,000,000 төгрөгийг нэхэмжлэгчтэй байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу түрээсийн төлбөрт тооцож авсан. Энэ нь санхүүгийн түрээс нь юунаас бүтэх талаар Санхүүгийн түрээсийн гэрээний тухай хуульд заасан байгаа. Түрээсийн зүйлийн өртөг болон хүү болж байгаа. Нотлох баримтуудаас үзэхэд энэ компанид шаардах эрхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М ХХК нь Х ХХК-д холбогдуулан “73,281,937 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

М ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Х ХХК-тай Мерседес-бенз Ж500 маркийн автомашиныг 60 сарын хугацаатай, гэрээний нийт үнийн дүн 413,747,094 төгрөг, түрээсийн хүү нь 30 хоногт 1,90 хувьтай тэнцүү байх ба төлөгдөөгүй түрээсийн үлдэгдлээс бодогдохоор, түрээсийн нийт төлбөрийг бүрэн төлснөөр түрээсийн зүйлийн өмчлөх эрх түрээслэгчид шилжихээр харилцан тохиролцсон, мөн талууд 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох хэлцэл” байгуулж тухайн хэлцлээр 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №41000158 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу М ХХК-иас Х ХХК-д төлсөн санхүүгийн түрээсийн төлбөр болон түрээсийн зүйл болох Мередес бенз Ж-500 маркийн автомашины өмчлөх эрх Х ХХК-д хэвээр үлдэх, 00-003 УБТ улсын дугаарыг М ХХК-д үлдэх  нөхцөлтэйгээр Санхүүгийн түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгохоор тохиролцсон болох нь 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №41000158 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ, санхүүгийн түрээсийн эргэн төлөлтийн хуваарь, Гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох хэлцэл болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Х ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “МСМ групп” ХХК-тай Мерседес-бенз Ж500 маркийн автомашиныг нийт 280,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд заасны дагуу Х ХХК нь 280,000,000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “МСМ групп” ХХК-д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн V046/15 дугаартай “Автомашин худалдах-худалдан авах” гэрээ, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Төлбөрийн даалгаврын №VII/15 дугаар баримт болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.     

 

Зохигчид 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Санхүүгийн түрээсийн гэрээ” байгуулсан болон 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох хэлцэл” байгуулсан талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчН.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... машин худалдаж авах шаардлагатай байсан тул ... Х ХХК-д хандахад урьдчилгаа 84,000,000 төгрөгийг “МСМ групп” ХХК-ийн дансанд тушаачих гэсний дагуу тушаасан, үлдэгдэл мөнгийг Х ХХК төлсөн. Х ХХК нь “МСМ групп” ХХК-иас Д.Нансалмаагийн төлсөн төгрөгийг татан авсан байдаг. Нийт 280,000,000 төгрөг болгоод “МСМ групп” ХХК-д шилжүүлсэн.

М ХХК-тай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан мөртлөө 84,000,000 төгрөгийг “МСМ групп” ХХК-д шилжүүлсэн нь буруу болж байна.

М ХХК нь 134,066,477 төгрөгийг төлсөн нь харагдаж байна. Яг машины үнийг төлсөн 84,000,000 төгрөгийг аваагүй байгаа үлдэгдлийг нэхэмжилж байгаа.

Түрээсийн төлбөрийг төлж чадахгүй хүндрэл гарсан тул машинаа буцааж авсан.

Х ХХК автомашиныг буцааж аваад бусдад худалдан борлуулаад М ХХК-ийн захирал Д.Нансалмаагийн дансанд 10,718,062.64 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 3.1-д заасны дагуу өөрөө худалдаж авах ёстой байсан. 84,000,000 төгрөгийг манай компаниар төлүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 73,281,937 төгрөгийг Х ХХК-иас гаргуулж өгнө үү” гэж тайлбарладаг.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “... Талуудын хооронд санхүүгийн түрээсийн харилцаа үүссэн. “МСМ групп” ХХК-ийн гаргасан тайлбараар М ХХК-тай ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй гэж тодорхойлж өгсөн байдаг.

84,000,000 төгрөг бол Х ХХК болон М ХХК-ийн хооронд хийгдсэн санхүүгийн түрээсийн гэрээний нэгдүгээр хавсралт буюу эргэн төлөлтийн хуваарь дээр санхүүгийн түрээсийн төлбөрт төлөгдсөн байгаа. Автомашины өмчлөх эрх Х ХХК-д байсан гэдэг нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Санхүү түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 316 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтын нэгэн адил зохицуулна гэж заасан байдаг. Энэ нь автомашиныг эзэмшиж, ашиглаж байсан хугацааны төлбөрийг буцаан шаардах эрх үүсэхгүй ба Х ХХК нь түрээсийн төлбөрийг буцаан өгөх үүрэг хүлээхгүй. Иймд шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна.

...санхүүгийн түрээсийн гэрээний 6.3-т зааснаар түрээслүүлэгч нь өмчлөгч байхаар тохирсон тул өөр өөрийнхөө зүйлийг барьцаалах ойлголт байхгүй. Иймд энэ машиныг барьцаалсан, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болгосон гэж үзэх боломжгүй.

Хэлцэл нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан зохицуулалтаас авч үзвэл эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилго агуулж байдаг. Талууд энэ зорилгоор 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хэлцэл хийсэн. Хэлцлийн зорилго нь байгуулсан хэлцлийн 1.1-д нь зааснаар 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 41000158 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгохоор хүсэл зорилгоо илэрхийлж хэлцэл хийсэн. Санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох автомашин нь Х ХХК-д өмчлөлд үлдэх нөхцөлтэйгөөр гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох зорилготой хэлцэл хийсэн. Энэ гэрээгээр талуудыг нэг нэгнийхээ өмнө хүлээж байсан үүрэг дуусгавар болсон. Хэлцэл хүчин төгөлдөр болохыг саяны хэлцлийн 3.3-т зааснаар талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар хэлцэл хүчин төгөлдөр болно гэж зааснаар санхүүгийн түрээсийн гэрээнд гарын үсэг зурж тамга тэмдгээр баталгаажаад үүрэг дуусгавар болсон.

Өмнөх хурал дээр хэлж байсан 84,000,000 төгрөгийг нэхэмжлэгчтэй байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу түрээсийн төлбөрт тооцож авсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу гэрээний агуулгыг зохигчид өөрсдөө тодорхойлж гэрээг байгуулсан, санхүүгийн түрээсийн гэрээний хуулиар тогтоосон хэлбэр, журмыг зөрчөөгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

 

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д “Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ”,

 

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.2-т “Түрээслүүлэгч нь түрээслэгчийн хүсэлт, зааврын дагуу гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх эсхүл худалдан авах үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Санхүүгийн түрээс” гэж түрээслүүлэгч нь түрээслэгчийн захиалгын дагуу энэ хуулийн 6.1-д заасан эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл түүнээс худалдан авч гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд, төлбөртэйгээр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд төлбөр төлөхийг ойлгох бөгөөд үүнийг “анхдагч түрээс” гэж үзнэ” гэж заасны дагуу хариуцагч Х ХХК нь гуравдагч этгээд болох “МСМ групп” ХХК-иас Мерседес бенз Ж-500 маркийн автомашиныг 280,000,000 төгрөгөөр худалдан авч нэхэмжлэгч болох түрээслэгч М ХХК-д санхүүгийн түрээсийн гэрээний дагуу түрээслүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар нотлогджээ.

Хэрэгт авагдсан баримтаар Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэгч буюу түрээслэгч М ХХК-ийн төлсөн гэх 84,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт суутгаж авсан болох нь санхүүгийн түрээсийн эргэн төлөлтийн хуваарь болон гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох хэлцлээр “Хасзилинг” ХХК-д төлсөн санхүүгийн түрээсийн төлбөрийг Х ХХК-д үлдэх нөхцөлтэйгээр байгуулсан хэлцлээр тогтоогдож байна.

 

Дээрх 84,000,000 төгрөгийг М ХХК-иас “МСМ групп”          ХХК-д 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 60,000,000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 24,000,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд уг мөнгийг “МСМ групп” ХХК-иас 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 84,000,000 төгрөгийг Х ХХК-д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогджээ.

 

Нэхэмжлэгч М ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/108 дугаар албан бичгээр Х ХХК-д хүсэлт гаргахдаа санхүүгийн түрээсийн зөрүү үнэ болох 10,718,062.64 төгрөгийг М ХХК-ийн захирал Д.Нансалмаагийн Хас банкны 5000667253 дугаар дансанд шилжүүлж өгнө үү гэх хүсэлтийн дагуу Х ХХК дээрх 10,718,062.64 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон болно.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох хэлцэл”-ийн 2.1-д “Талууд 41000158 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний дагуу М ХХК-иас Х ХХК-д төлсөн санхүүгийн түрээсийн төлбөр болон түрээсийн зүйл болох WDB4632361X240331 арлын дугаартай, 00-003 УБТ улсын дугаартай Мерседес бенз Ж-500 маркийн автомашины өмчлөх эрх Х ХХК-д хэвээр үлдэх нөхцөлтэйгээр уг гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгохоор тохиролцсон бөгөөд хэрэгт авагдсан Х ХХК-ийн дансны хуулгаар М ХХК нийт үндсэн төлбөрт 96,148,390 төгрөг, хүүд 15,066,442 төгрөг, алданги 21,126 төгрөг, нийт 111,235,958 төгрөгийг төлжээ. 

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Иргэний эрх, үүргийг үүсгэх, дуусгавар болгох зорилгоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-ийг хэлцэл гэнэ”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно”, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д “Хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон” гэж заасны дагуу дээрх хэлцэл нь Иргэний хуульд нийцсэн хэлцэл хийсэн болох нь тогтоогдож байх бөгөөд Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу талуудын эрх, үүрэг уг хэлцлээр дуусгавар болж, санхүүгийн түрээсийн төлбөрт төлсөн төлбөрөө хариуцагч Х ХХК-д үлдээхээр тохиролцсон байх тул нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Х ХХК-иас 73,281,937 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзэхээр байна.

 

Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “Түрээслүүлэгч, түрээслэгчийн аль нэг нь гэрээнээс татгалзах, эсхүл түрээсийн зүйлийг буцаан авах үед түрээслэг түрээсийн гэрээний нийт үнийн дүнгийн 50 буюу түүнээс дээш хувийг төлсөн нөхцөлд түрээсийн зүйлийн өмчлөлтэй холбогдсон маргаан гарвал гэрээнд өөрөө заагаагүй бол шүүх буюу арбитрын журмаар шийдвэрлүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч М ХХК санхүүгийн түрээсийн төлбөрт 413,747,094 төгрөг төлөхөөс 111,235,958 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгч М ХХК-ийн түрээсийн зүйлийн өмчлөлтэй холбоотой маргаан үүсгэх нөхцөлд хамаарахгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан 73,281,937 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан “73,281,937 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 524,360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС