Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1530

 

 

"Металл-Индустриал" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/00605 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч "Металл-Индустриал" ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Хаслизинг” ХХК-д холбогдох

 

            73.281.937 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Н.Дэмбэрэлдагва

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч     Д.Тамир

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Металл-Индустриал" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"Металл-Индустриал" ХХК нь хариуцагч "Хаслизинг" ХХК-тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний 8.6-д заасны нэхэмжлэл гаргаж байна. 2015 онд машин худалдаж авах шаардлагатай байсан тул "МСМ групп" ХХК-д байгаа машиныг худалдаж авах боломжтой гэж үзсэн. 280.000.000 төгрөгийн үнэтэй байсан ба тус мөнгийг гаргах боломжгүй байсан. "Хаслизинг" ХХК-д хандахад урьдчилгаа 84.000.000 төгрөгийг "МСМ групп" ХХК-ийн дансанд тушаачих, түүний дараа санхүүгийн түрээсийн гэрээ байгуулаад асуудлыг шийдвэрлэж болно гэсэн хариу өгсөн. Ийм учраас 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 60.000.000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 24.000.000 төгрөгийг "МСМ групп" ХХК-ийн дансанд тушаасан. Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. 280.000.000 төгрөгийн үлдэгдэл мөнгийг "Хаслизинг" ХХК төлсөн. "Хаслизинг" ХХК нь "МСМ групп" ХХК-иас Д.Нансалмаагийн төлсөн төгрөгийг татан авсан байдаг. Нийт 280.000.000 төгрөг болгоод "МСМ групп" ХХК-д шилжүүлсэн. "МСМ групп" ХХК-тай "Хаслизинг" ХХК нь уг автомашиныг худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. "Хаслизинг" ХХК-ийн өмчлөлд машин шилжсэн байдаг. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 3.1-д түрээслүүлэгч нь эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл түүнээс худалдан бусдад түрээслэх ёстой байсан. Гэтэл "Металл-Индустриал" ХХК-тай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан мөртлөө 84.000.000 төгрөгийг "МСМ групп" ХХК-д шилжүүлсэн нь буруу болж байна. Санхүүгийн түрээсийн тухай хуулийг зөрчиж хийгдсэн гэж харж байна. 280.000.000 төгрөгийг "Металл-Индустриал" ХХК болон "Хаслизинг" ХХК хувааж гаргасан байна гэж харахаар байна. Нэхэмжлэгч нь санхүүгийн түрээсийн гэрээнд заасны дагуу буюу графикийн дагуу төлбөр төлсөн. "Металл-Индустриал" ХХК нь 134.066.477 төгрөгийг төлсөн нь харагдаж байна. Яг машины үнийг төлсөн 84.000.000 төгрөгийн аваагүй байгаа үлдэгдлийг нэхэмжилж байгаа. "Металл-Индустриал" ХХК нь санхүүгийн түрээсийн төлбөрөө төлж байсан. "Металл-Индустриал" ХХК нь санхүүгийн хүндрэлтэй байдлын улмаас төлбөрөө төлж чадахгүй болсон тул өгч байсан мөнгөө буцааж авъя, машинаа буцааж авах санал гаргасан. Машинаа буцаан авсан тул 84.000.000 төгрөгөө буцааж авахаар "Металл-Индустриал" ХХК-ийн захирал Д.Нансалмаа гаргасан. "Хаслизинг" ХХК автомашиныг буцааж аваад бусдад худалдан борлуулаад "Металл-Индустриал" ХХК-ийн захирал Д.Нансалмаагийн дансанд 10.718.062.64 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн. "Хаслизинг" ХХК-ийн буцаан шилжүүлсэн нь машины мөнгийг буцаан төлөх ёстой гэж ухамсарласан гэж ойлгож байна. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 3.1-д заасны дагуу өөрөө худалдаж авах ёстой байсан. 84.000.000 төгрөгийг манай компаниар төлүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 73.281.937 төгрөгийг "Хаслизинг" ХХК-иас гаргуулж өгнө үү" гэв.

 

Хариуцагч "Хаслизинг" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамирын шүүхэд гаргасан хариу тайлбар болдон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"Талуудын хооронд санхүүгийн түрээсийн харилцаа үүссэн. "Хаслизинг" ХХК болон "МСМ групп" ХХК-ийн хооронд худалдах-худалдан авах харилцаа үүссэн. "Хаслизинг" ХХК болон "Металл-Индустриал" ХХК-ийн хооронд санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн. Бид нар "МСМ групп" ХХК-аас автомашин худалдан авахдаа цэвэр өөрийнхөө хөрөнгөөр худалдан авсан. 84.000.000 төгрөг бол "Хаслизинг" ХХК болон "Металл-Индустриал" ХХК-ийн хооронд хийгдсэн санхүүгийн түрээсийн гэрээний нэгдүгээр хавсралт буюу эргэн төлөлтийн хуваарь дээр санхүүгийн түрээсийн төлбөрт төлөгдсөн байгаа. Автомашины өмчлөх эрх "Хаслизинг" ХХК-д байсан гэдэг нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байна. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 6.3-т заасны дагуу санхүүгийн түрээсийн гэрээний хугацаанд түрээсийн зүйлийн өмчлөгч нь түрээслүүлэгч байна гэж заасан. Өмчлөл дээр маргахгүй. Санхүүгийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 316 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтын нэгэн адил зохицуулна гэж заасан байдаг. Энэ нь автомашиныг эзэмшиж, ашиглаж байсан хугацааны төлбөрийг буцаан шаардах эрх үүсэхгүй ба "Хаслизинг" ХХК нь түрээсийн төлбөрийг буцаан өгөх үүрэг хүлээхгүй. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр талуудын хооронд байгуулсан хэлцэл байгаа. Хэлцэл нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаас авч үзвэл эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилго агуулж байдаг. Талууд энэ зорилгоор 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хэлцэл хийсэн. Хэлцлийн зорилго нь байгуулсан хэлцлийн 1.1-д нь зааснаар 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 41000158 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгохоор хүсэл зорилгоо илэрхийлж хэлцэл хийсэн. Санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох автомашин нь "Хаслизинг" ХХК-д өмчлөлд үлдэх нөхцөлтэйгөөр гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох зорилготой хэлцэл хийсэн. Энэ гэрээгээр талуудыг нэг нэгнийхээ өмнө хүлээж байсан үүрэг дуусгавар болсон. Хэлцэл хүчин төгөлдөр болохыг саяны хэлцлийн 3.3-т зааснаар талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар хэлцэл хүчин төгөлдөр болно гэж зааснаар санхүүгийн түрээсийн гэрээнд гарын үсэг зурж тамга тэмдгээр баталгаажаад үүрэг дуусгавар болсон. Өмнөх хурал дээр хэлж байсан 84.000.000 төгрөгийг нэхэмжлэгчтэй байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу түрээсийн төлбөрт тооцож авсан. Энэ нь санхүүгийн түрээс нь юунаас бүтэх талаар Санхүүгийн түрээсийн гэрээний тухай хуульд заасан байгаа. Түрээсийн зүйлийн өртөг болон хүү болж байгаа. Нотлох баримтуудаас үзэхэд энэ компанид шаардах эрхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Металл-Индустриал" ХХК-ийн хариуцагч "Хаслизинг" ХХК-д холбогдуулан гаргасан" 73.281.937 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч "Металл-Индустриал" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 524.360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва давж заалдах гомдолдоо: ..Анхан шатны шүүх "Металл-Индустриал" ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан. Мөн нэхэмжлэгч, хариуцагчдын хооронд санхүүгийн түрээсийн харилцаа үүссэн талаар хуульд нийцсэн зөв дүгнэлт хийсэн. Харин түрээслүүлэгч буюу хариуцагч "Хаслизинг" ХХК нь санхүүгийн түрээсийн зүйл болох автомашины худалдан авсан үнийн зарим хэсэг болох 84.000.000 төгрөгийг түрээслэгч буюу 'Металл-Индустриал" ХХК-иар төлүүлж Монгол Улсын Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байгаад зөв дүгнэлт хийсэнгүй. Хариуцагч нь уг 84.000.000 төгрөгийг түрээсийн төлбөр гэж тайлбарлахыг оролдож байгаа ч энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтуудзар ияцаагдаж байгаа билээ. Учир нь хариуцагч "Хаслизинг" ХХК нь түрээсийн зүйлээ буюу автомашиныг түрээслэгчид ганц өдөр ч ашиглуулаагүй төдийгүй түрээслэгчид шилжүүлээгүй байхдаа 84.000.000 төгрөгийг өөрөө шаардан худалдагч компаниар дамжуулан авч ашигласан байгаа нь илэрхий хууль зөрчсөн байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

 

            Нэхэмжлэгч "Металл-Индустриал" ХХК нь хариуцагч “Хаслизинг” ХХК-д холбогдуулан 73.281.937 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргасан байна.

 

 Зохигчид 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан, хариуцагч “Хаслизинг” ХХК нь нэхэмжлэгч "Металл-Индустриал" ХХК-д “Мерседес бенз” G-500 маркийн автомашиныг шилжүүлэх, автомашины үнэ, түрээсийн төлбөр, хүүг тооцож, 413.747.094 төгрөг, 60 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон байна. /хх 9-13/

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байгаа бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь зөв болжээ.

 

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 312.3, 312.4 дэх хэсэгт зааснаар санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд түрээслэгч гэрээний хугацаа дууссаны дараа гэрээний зүйл болох эд хөрөнгийг худалдан авах буюу үргэлжлүүлэн түрээслэх эрхтэйгээс гадна гэрээний хугацаа дуусахад, элэгдэл хорогдол болон нийт өртгийг барагдуулсан бол санхүүгийн түрээсийн гэрээний зүйлийг худалдан авах, эсхүл хөлслөх эрх, үүрэгтэй байж болдог. 

 

Хэрэгт авагдсан баримтаар Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэгч буюу түрээслэгч "Металл-Индустриал" ХХК-ийн төлсөн гэх 84.000.000 төгрөгийг түрээсийн төлбөрт суутгаж авсан болох нь санхүүгийн түрээсийн эргэн төлөлтийн хуваарь болон гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох хэлцлээр "Хаслизинг" ХХК-д төлсөн санхүүгийн түрээсийн төлбөрийг "Хаслизинг" ХХК-д үлдэх нөхцөлтэйгээр байгуулсан хэлцлээр тогтоогдсон байна. 

 

Нэхэмжлэгч "Металл-Индустриал" ХХК-аас хариуцагч “Хаслизинг” ХХК-д үндсэн төлбөрт 96.148.390 төгрөг, хүүд 15.066.442 төгрөг, алдангид 21.126 төгрөг нийт 11.235.958 төгрөг төлсөн гэснийг хариуцагч байгууллага үгүйсгээгүй болно.  

 

Зохигчид 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох хэлцэл байгуулж, уг хэлцлээр санхүүгийн түрээсийн гэрээний дагуу "Металл-Индустриал" ХХК-аас “Хаслизинг” ХХК-д төлсөн түрээсийн төлбөр болон Мерседес бенз G-500 маркын автомашины өмчлөх эрх “Хаслизинг” ХХК-д хэвээр үлдэж, 00-03 УБТ улсын дугаарыг "Металл-Индустриал" ХХК-д үлдээж, хугацаанаас өмнө гэрээг дуусгавар болгох, автомашиныг эзэмшиж, ашигласны хугацаанд тооцогдсон түрээсийн төлбөр болох 10.151.228 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 1-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. /хх 12 /

 

Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1 дахь хэсэгт зааснаар “Түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түрээсэлсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр болон хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үзнэ” гэж заасан бөгөөд гэрээг цуцлахдаа түрээслүүлэгчийн шаардлагын хэмжээг тодорхойлсон нь хууль зөрчөөгүй байна.

 

Санхүүгийн түрээсийн зүйлийн өртөгт төлсөн буюу түрээсийн гэрээ хүчинтэй талуудын хувьд үйлчилж байх хугацаанд төлөгдсөн мөнгөн төлбөр буюу гэрээгээр тохиролцсоны дагуу үүргээ гүйцэтгэн төлсөн төлбөрийг түрээслэгч буюу нэхэмжлэгч "Металл-Индустриал" ХХК нь буцаан шаардах эрхгүй.

 

“Хаслизинг” ХХК автомашиныг буцааж аваад бусдад худалдан борлуулаад "Металл-Индустриал" ХХК-ийн захирал Д.Нансалмаагийн дансанд 10.718.062.64 төгрөгийг  2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болж, санхүүгийн түрээсийн төлбөрт төлсөн мөнгөө нэхэмжлэгч "Металл-Индустриал" ХХК нь  хариуцагч “Хаслизинг” ХХК-д үлдэхээр тохиролцсон байх тул нэхэмжлэгч байгууллагаас 73.281.937 төгрөг гаргуулах боломжгүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Н.Дэмбэрэлдагвын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                            

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/00605 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэжмлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагвын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Чингэлтэй дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 182/Ш32017/05411 дүгээр захирамжаар нэхэмжлэгч "Металл-Индустриал" ХХК давж заалдах журмаар гаргах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ                   

              ШҮҮГЧИД                                  Т.ТУЯА                                                                                                                                                                    Ц.ИЧИНХОРЛОО