Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
Хэргийн индекс | 181/2018/01627/И |
Дугаар | 181/ШШ2018/02466 |
Огноо | 2018-11-28 |
Маргааны төрөл | Даалгавар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 181/ШШ2018/02466
2018 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 181/ШШ2018/02466 | Улаанбаатар хот |
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.А нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ТХБ ХХК холбогдох,
Гэрээний үүрэгт 64 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.А, түүний өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТХБтай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу маргаан бүхий хэргүүдэд нь өмгөөлөгчөөр оролцон эрх ашгийг нь хамгаалж, ажлын хөлс 70,0 сая төгрөгийг авах нөхцөл байдал бүрдсэн буюу хэрэг маргааныг нь эцэслэн шийдвэрлээд дууссан юм. Үүний дараа шинэ нөхцөл байдал үүсээд 70,0 сая төгрөгийн гэрээний 1 дэх заалтыг хэрэгжүүлэх шаардлагагүй болсон. Учир нь намайг байхгүй үед гурвалсан гэрээний хэрэгжилтийг хангуулахаар ТУЗ-ын тогтоол гаргаж, Таван толгой транс ХХК-д хувьцааг худалдахыг барьцаалагчийн хувьд зөвшөөрсөн шийдвэр гаргаж, Таван толгой транс ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Эвлэрлийн гэрээ байгуулаад хувьцаагаа шилжүүлсэн байдаг юм. Ингээд нэгтгэж хийсэн байсан 70,0 сая төгрөгийн гэрээг салгаад тус тусад нь гэрээ болгъё гэсэн. ТУЗ-ын дарга Д.Энхтайван нь надад хувьцаа эзэмшигчдийн тогтоол гарч байгааг үзүүлж, үүний дагуу ТХБтай Инфрастракчер ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол банкны ерөнхийлөгчид холбогдох 2 захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд ТХБны өмгөөлөгчөөр оролцох, ажлын хөлс 12 000 000 төгрөг байхаар 2014 оны 03 дугаар сарын 31-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан. Үлдэгдэл 58,0 сая төгрөгт гэрээ байгуулахдаа хүн амын орлогын албан татварт төлөх мөнгийг нэмээд гэрээний нийт төлбөр 60 000 000 төгрөг байхаар гэрээгээ байгуулъя гэсэн саналыг өөрсдөө гаргахаар нь би зөвшөөрөөд явсан.
2015 оны 6 сарын 10-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлсэн шинэчилсэн гэрээний загварыг өөрсдөө гаргасан. Хуулбар хувийн 2.2-д гараар бичсэн үгсийг өмнө нь гүйцэтгэх зархирал байсан К.Зейнеш бичсэн. Гэрээнд гарын үсэг зурах болохоор С.Баянхангай нь би зурахгүй гээд зурдаггүй. ТУЗ-ын дарга С.Энхтайван нь гарын үсгээ зурсан. Мөн Хувьцаа эзэмшигчдийнхээ хурлын тогтоолыг гаргаад өмгөөлөгч Ч.Ад ажилласны хөлсийг олгохыг гүйцэтгэх захиралдаа даалгасан. Уг тогтоолд 3 хувьцаа эзэмшигчээс 2 хувьцаа эзэмшигч нь зөвшөөрч гарын үсэг зурснаар дийлэнх олонх нь зөвшөөрч хурлын тогтоол нь хүчин төгөлдөр болсон байгаа. Гэрээний заалт эцэслэн шийдвэрлэгдсэн 60 000 000 төгрөгөө авъя гэхэд өгнө өгөхгүй асуудлыг үүссээр байгаад... аргагүй эрхэнд шүүхэд хандсан. К.Д.Романовский Таваи толгой транс ХХК-ийн хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон хөлс болох 60 сая /жаран сая/ төгрөгийн төлбөрийг Транс банк нь өдийг хүртэлх олгоогүй. Уг хэрэг Хан-Уул дүүргийн шүүхийн 2013.02.08-ны өдрийн 252 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2013.07.05-ны өдрийн 405 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдээд, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2044 дугаар Эвлэрлийг баталсан захирамжаар үр дагавар нь хэрэгжээд бүрэн дууссан. Иймд өмгөөлөгчийн хөлс болох 60 сая төгрөгийг "Транс банк-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Мөн нөгөө салгасан 2014 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний ажлын хөлсөөс 4 500 000 төгрөгийг төлөөгүй байгаа.
Иймд хариуцагч ТХБнаас 64 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч ТХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТХБ нь өмгөөлөгч Ч.Атай нийт 4 удаагийн гэрээ байгуулсан. 4 гэрээг яагаад дурдах шаардлагатай байна гэхээр нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд бүрдүүлж өгсөн нотлох баримт нь тухайн 4 гэрээтэй холбоотой баримтууд гаргаад өгсөн учраас тайлбарлах хэрэгтэй байна.
Хамгийн эхлээд 2012.07.05-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. хх-ийн 114-116 дугаар талд авагдсан байгаа юм. 2012.07.05-ны өдөр байгуулагдсан гэрээний 1.1-т зааснаар Таван толгой транс ХХК, ОХУ-ын иргэн Романовский, Говь Урал ХХК-тай холбоотой зээлийн төлүүлэлт, Инфрастракчер ХХК-тай холбоотой эрүү, иргэн, захиргааны хэргүүд болон Монголбанкнаас тавьсан үйл ажиллагааны хязгаарлалтыг хүчингүй болгуулах, сэргээхтэй холбоотой асуудалд зөвлөгөө өгөхөөр гэрээ байгуулсан. Хариуцагчийн зүгээс 4 тогтоол магадлалыг гаргаж өгсөн. Эдгээр материал хх-ийн 93-108 талд авагдсан бөгөөд энэ гэрээний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоныг нотлох баримтууд нь юм. Энэхүү хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр өмгөөлөгчийн хөлс урьдчилгаа 3,0 сая төгрөг болон гэрээг дүгнэсэн актаар тохиролсон 7 000 000 төгрөгийг олгосон юм. Олгосонтой холбоотой баримт 29-42 дугаар талд авагдсан байгаа юм.
Дараагийн гэрээ нь 2013.06.05-ны өдөр байгуулагдсан. хх-117 тал. Тухайн гэрээгээр Монгол банкны Ерөнхийлөгчийн А-1/188 тоотоор ТХБны эрхлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 8 төрлийн йүл ажиллагаа эрхлэх эрхийг сэргээлгэх, гүйцэтгэх захирлаар К.Зейнешийг томилохыг даалгах нэхэмжлэлтэй хэрэгт өмгөөлөгчөөр оролцуулахаар тохиролцож гэрээ байгуулсан. Үүнтэй холбоотой материал хавтаст хэргийн 109-111 талд байгаа. Тухайн гэрээний хөлс 3,0 сая төгрөг байхаар заасан. 3,3 сая төгрөг төлсөн хэргийн 135-138 талд байгаа юм.
Гурав дахь гэрээ нь нэхэмжлэгчийн зүгээс 70,0 сая төгрөгийн гэрээ хийсэн гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлсон. Талууд хоёр төрлийн маргаанд оролцох нөхцөлтэйгөөр гэрээний төлбөрийг 70,0 сая төгрөг байхаар тохиролцсон юм. хх-ийн 118-119 талд авагдсан. Эрх зүйн туслалцаа үзүүлэх 2013.09.16-ны өдрийн гэрээний дагуу Таван толгой транс ХХК, ОХУ-ын иргэн Романовский нарын хооронд ТХБны зөвшөөрөлгүй байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г хүчингүй болгуулах, Говь урал ХХК-ийн зээлтэй холбоотой байгуулсан гурвалсан гэрээний хэрэгжилтийг хангуулах, 2 дугаарт нь Инфрастракчер ХХК, Оюуны Ундраа ХХК-тай холбоотой маргааныг эцэслэн дуусгах нөхцөлтэйгээр харилцан тохиролцоод гэрээ байгуулсан боловч гэрээ нь хэрэгжээгүй. Учир нь гэрээний 1.1-д заасан ажиллагаа хийгдэх шаардлагагүй болсон тул 2014.03.31-ний өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Хавтаст хэргийн 71-75 дугаар талд авагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 10.9-т талуудын хооронд 2013.09.16-ны өдөр байгуулагдсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хоёр тал хүчингүй болгосон. 2013.09.16-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 1.1-д заасан ажиллагаа хүчингүй болоод, 1.2 дахь асуудлыг хоёр задлаад 2014.03.31-ний өдрийн гэрээнд ямар маргаанд оролцох талаар тодорхой зааж өгсөн байгаа юм.
2014.03.31-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу ТХБны зүгээс хавтаст хэргийн 76-79 талд авагдсан 2014.05.01-ны өдрийн мөнгө олгохыг хүссэн хүсэлтийн дагуу 2014.05.01-ний өдөр 6,0 сая төгрөгийг Ч.Ад блэнээр өгсөн. 2015.05.27-ны өдөр 3,0 сая төгрөг олгох хүсэлтийн дагуу 05.29-ний өдөр бэлнээр өгсөн юм. Нийт 9,0 сая төгрөг олгосон. 2014.03.31-ний өдөр байгуулагдсан гэрээний үнийн дүн 3.1-т заасан байгаа. 13 525 333 төгрөг гээд заасан боловч өмгөөллийн хөлс нь 12,0 сая төгрөг. Яагаад ингэж заасан гэхээр хувь хүний орлогын албан тавар, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамж зэрэг нь орсон. ТХБнаас 9,0 сая төгрөгийг олгосон боловч 9,0 сая төгрөгнөөс хувь хүний орлогын албан татварыг суутгаагүй гээд 900 000 төгрөгийг суутгаад татварын байгууллагад шилжүүлсэн. Одоо 3 333 333 төгрөгөөс хувь хүний орлогын албан татварт 333 333 төгрөгийг хасаад өөрт нь гарт нь 3,0 сая төгрөг өгөхөөр үлдсэн юм.
Нэхэмжлэгчийн зүгээс нийт 60,0 сая төгрөг нэхэмжилсэн үндэслэлээ 2015.06.10-ны өдөр банктай хууль зүйн туслалцаа үзүүлэх шинэчилсэн гэрээ байгуулсан гээд хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. ТХБийг төлөөлж С.Баянхангай гэх хүний нэр бичигдээд байгаа боловч энэ хүний гарын үсэг зурагдаагүй, компанийн тамга огт дарагдаагүй. Зөвшөөрсөн ТУЗ-ын дарга Д.Энхтайван гэдэг гарын үсэг зурсан байгаа боловч энэ хүний гарын үсэг мөн эсэхийг мэдэхгүй байна. Банкны тухай хуулийн 31.1-т зааснаар банк нь ТУЗ-тай байдаг. ТУЗ нь Хувьцаа эзэмшигчийн хурлын чөлөө цагт банкны дээд эрхийг барих байгууллага юм. 2015.06.10-ны өдрийн үед ТУЗ нь 5 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байсан. 5 гишүүүний нэг нь Д.Энхтайван байсан гэдгийг үгүйсгэхгүй. 2014.04.30-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн тогтоолоор ТУЗ-ын 5 гишүүнийг томилсон шийдвэр байгаа юм. ТУЗ-ын шийдвэр тогтоолоор баталгааждаг. 5 гишүүн тогтоолд гарын үсэг зурснаар ТУЗ-ын шийдвэр баталгааждаг. Д.Энхтайван тухайн үед хувьцаа эзэмшигч байсан гэдгийг үгүйсгэхгүй, банкийг төлөөлж гэрээ хэлцэл байгуулах хүн нь гүйцэтгэх захирал байдаг. Нэхэмжлэгчийн 2015.06.10-ны өдрийн гэрээг ТХБ байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд нэхэмжлэгч Ч.Аы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч ТХБ ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 64 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ч.А нь 2015.06.10-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлсэн шинэчилсэн гэрээгээр тохиролцсон хөлс 60 000 000 төгрөг, 2014.03.31-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үлдэгдэл хөлс 4 500 000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ТХБ ХХК нь эс зөвшөөрч, 2015.06.10-ны өдрийн гэрээг байгуулаагүй, 2014.03.31-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлснөөс НДШ, ХАОАТ-ыг суутган 3 000 000 төгрөгийн хөлсийг олгоход татгалзах зүйлгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан.
Нэхэмжлэгч Ч.А нь гэрээний үүрэг шаардаж байгаа тул талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний дагуу хөлс төлөх үүрэг үүссэн эсэх, үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн эсэхэд дүгнэлт өгөх замаар талуудын маргааныг шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэг. 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлсэн шинэчилсэн гэрээ /хх-4-5х/-ний нөгөө талыг ТХБ, түүнийг төлөөлж Гүйцэтгэх захирал С.Б гэж тодорхойлсон байх бөгөөд С.Баянхангай гарын үсэг зураагүй, ТХБны тамга дарагдаагүй байна. Харин гэрээнд Зөвшөөрсөн ТУЗ-ын дарга Д.Э гэж гарын үсэг зурсан байна.
Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5-д хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцох, хуулийн этгээдийн удирдах байгууллагын эрх зүйн байдлыг хууль буюу үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлохоор заасны дагуу Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулахаар зохицуулсан байна.
ТХБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд С.Б-г Гүйцэтгэх захирлаар томилснийг 2013.11.14-ны өдөр бүртгэсэн байх тул гэрээ, хэлцлийг ТХБ ХХК-ийг төлөөлж С.Б байгуулах эрхтэй байна.
2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлсэн шинэчилсэн гэрээ-нд хариуцагч ТХБ ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал С.Баянхангай гарын үсэг зураагүй, компанийн тамга дарагдаагүй тул уг гэрээг ТХБ ХХК-тай байгуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Гэрээ байгуулагдаагүй тул хөлс төлөх үүрэг үүсэхгүй.
Харин Зөвшөөрсөн ТУЗ-ын дарга Д.Э гэж гарын үсэг зурсаны хүсэл зоригийг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар тайлбарлавал бичигдсэн зүйлийн агуулгыг зөвшөөрнө гэсэн хүсэл зориг илэрхийлэгдсэн байх боловч ТУЗ-ын дарга Д.Энхтайваныг гэрээний 1 тал, ТХБ ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч Тэвээр хөгжлийн банк ХХК-иас 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлсэн шинэчилсэн гэрээ-ний дагуу ажлын хөлс 60 000 000 төгрөгийг шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. 2014 оны 03 дугаар сарын 31-ны өдөр өмгөөлөгч Ч.А нь ТХБтай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, Инфрастракчер ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол банкинд холбогдох 2 захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд ТХБны өмгөөлөгчөөр оролцох, ажлын хөлс 13 525 333.33 төгрөг байх, ажлын хөлсийг олгохдоо ХХОАТатвар, Нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг хуульд заасан хувь хэмжээгээр суутгахаар тохиролцжээ. /хх-71-75х/
Өмгөөлөгч Ч.А нь ТХБны ашиг сонирхолыг хамгаалах зорилгоор, түүний нэрийн өмнөөс захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, уг ажиллагаатай холбоотой гарах зардал, ажиллагааг биечлэн гүйцэтгэсний хөлсийг ТХБ төлөх, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарах үр дагаварыг ТХБ хариуцахаар байх тул талууд хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан Даалгаварын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.
Хариуцагч ТХБ ХХК нь өмгөөлөгч Ч.Аы гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн талаар маргаагүй тул өмгөөлөгч Ч.Аыг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэрээний 3.3-д Үйлчлүүлэгч нь энэ Гэрээний 3.1-д заасан ажлын хөлсийг олгохдоо ХХОАТатвар, Нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг хуульд заасан хувь хэмжээгээр суутгана гэж заасны дагуу ажлын хөлс 13 525 333.33 төгрөгнөөс хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг суутган нэхэмжлэгч Ч.Ад 12 000 000 төгрөгийг бэлнээр олгох үүрэгтэй байна.
Хариуцагч ТХБ ХХК нь өмгөөлөгч Ч.Ад 2014.05.01-ны өдөр 6 000 000 төгрөг, 2015.05.29-ны өдөр 3 000 000 төгрөг, нийт 9 000 000 төгрөгийг олгосон болох нь Ч.Аы мөнгө олгохыг хүссэн өргөдөл, хүсэлт, кассын зарлагын ордероор тогтоогдож байна. /хх-76-79х/
Иймд уг гэрээний ажлын хөлсийн үлдэгдэл 3 000 000 төгрөгийг хариуцагч ТХБнаас гаргуулж нэхэмжлэгч Ч.Ад олгож, нэхэмжлэлээс 1 500 000 төгрөгийн ажлын хөлс гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гурав. Нэхэмжлэгч Ч.А, хариуцагч ТХБ ХХК нар нь 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөлөгч Ч.Аыг 1-рт: Таван толгой транс ХХК, Романовский нарын хооронд ТХБ-ны зөвшөөрөлгүйгээр байгуулагдсан Хувьцаа худалдах гэрээ-г хүчингүй болгох, Говь-урал ХХК-ийн зээлтэй холбоотой байгуулсан гурвалсан гэрээний хэрэгжилтийг хангуулахад ажиллах, 2-рт: В.Армины үүсгэн байгуулсан Инфрастракчер ХХК, Оюуны Ундраа ХХК-тай холбоотой маргааныг эцэслэн дуусгах ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцуулах, ажлын хөлс 70 000 000 төгрөг байхаар тохиролцжээ. /хх-118-119х/
Гэрээний 2.2-д зааснаар өмгөөлөгч Ч.А нь урьдчилгаа 14 000 000 төгрөгийн хөлсийг авах хүсэлтийг 2014.02.17-ны өдөр гаргасан /хх-121х/ байх бөгөөд ТУЗ-ын дарга Д.Э урьдчилгаа 14 000 000 төгрөгийг олгоход татгалзах зүйлгүй гэсэн хүсэлт /хх-122х/-ийг ТХБинд уламжилсан байна. Энэ дагуу ТХБ урьдчилгаа хөлс олгоогүй талаар зохигч маргаагүй.
2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний 10.9-д Хувьцаа эзэмшигчдийн Гэрээнд өөрчлөлт оруулах тухай шийдвэрийг үндэслэн 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 13/04 тоот Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г хүчингүй болсныг хоёр тал үүгээр баталгаажуулав гэж тохиролцжээ. /хх-125х/
Хувьцаа эзэмшигчдийн Гэрээнд өөрчлөлт оруулах тухай шийдвэрийг үндэслэн гэдэг нь Гэрээний заалтыг хүчингүй болгох, заалтыг тодруулах тухай ТХБны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Энхтайваны албан бичиг /хх-127х/-ийн агуулгад үндэслэсэн болох нь 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний 1.1.-ын А/, В/ заалтаар тодорхойлогдож байна.
Талууд 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г байгуулснаар 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 13/04 тоот Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-гээ хүчингүй болгосон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцсэн байна.
Мөн 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 13/04 тоот Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний үүргээ 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний үүргээр сольж, 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 13/04 тоот Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний үүргийг дуусгавар болгосон нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д заасантай нийцсэн байна.
Харин 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 13/04 тоот Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний зарим үүргийг буюу 60 000 000 төгрөгийг төлөх үүргийг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлсэн шинэчилсэн гэрээ-ний үүргээр сольсон, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлсэн шинэчилсэн гэрээ-г байгуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Дөрөв. Хэрэгт дараахи гэрээнүүд, түүнтэй холбоотой баримтууд байгаа. Үүнд:
Өмгөөлөгч Ч.А, ТХБ нар нь 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр №12/01 тоот Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж /хх-27-28, 114х/, урьдчилгаа хөлс 3 000 000 төгрөг байх, үндсэн дүнг жич гэрээгээр тохирно гэж заасны дагуу ТХБнаас 3 000 000 төгрөгийг олгосон /хх-29-32х/, мөн Ч.Аы 2013.01.25-ны өдрийн хүсэлт /хх-115х/, талуудын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх №12/01 тоот гэрээ дүгнэсэн акт /хх-116/-аар 7 000 000 төгрөгийн ажлын хөлс олгохоор тохиролцсоны дагуу 7 000 000 төгрөгийг олгосон /хх-33-42х/ байна.
Мөн 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-гээр /хх-117х/ ажлын хөлс 3 000 000 төгрөг байхаар тохиролцсон, 2 700 000 төгрөг /хх-136-138х/-ийг ТХБнаас төлсөн байна.
Эдгээр гэрээний талаар зохигч маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Өмгөөлөгч Ч.А, ТХБ-ыг төлөөлж ТУЗ-ийн дарга Д.Энхтайван нарын хооронд 2012.04.15-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-112-113х/-г бичгээр байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч Ч.А нь энэхүү гэрээний талаар шаардлага гаргаагүй тул шүүх энэхүү гэрээний талаар дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй юм.
Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч Ч.А нэхэмжлэлээс 3 000 000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 61 500 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт зааснаар ТХБ ХХК-иас 3 000 000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Ад олгож, Ч.Аы нэхэмжлэлээс 61 500 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Аы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТХБ ХХК-иас 62 950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА.