Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 182/2017/01044/И |
Дугаар | 182/ШШ2019/00931 |
Огноо | 2019-05-16 |
Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 182/ШШ2019/00931
2019 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 182/ШШ2019/00931 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Х.Дашдэчмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******, Оюутны гудамж 16/4 байрны 4 тоотод оршин суух,*******,*******,*******-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д холбогдохЧингэлтэй дүүрэг, 6 хороо,*******,,
Б.Чулуудайн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, няцаалт хийхийг хариуцагчид даалгуулах, эдийн бус гэм хорын хохиролд 13 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч , , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Чулуудай нь 2011 оны 06 дугаар сард Сингапур улсын Моссак Фонсека нэртэй хуулийн этгээд байгуулах үйл ажиллагаа эрхэлдэг компаниар дамжуулан Олон улсын хууль дүрмийн дагуу Strategic Mines Ing ХХК болон Eyrie Investment Holding компанийг байгуулсан. Strategic Mines Ing ХХК нь байгуулагдсан цагаасаа хойш өөрийн харилцах дансыг нээлгээгүй, үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр татан буугдсан. Энэ тухай албан ёсны баримт хавсаргагдсан байгаа. Мөн Eyrie Investment Holding компани нь байгуулагдсан цагаасаа хойш өөрийн харилцах дансыг нээлгээгүй, үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр татан буугдсан. Энэхүү үйл ажиллагаа нь ямар нэгэн Олон улсын болон Монгол Улсын хууль, дүрэм, гэрээ хэлэлцээрийг зөрчөөгүй. Ямар нэг татвараас зайлсхийх, хээл хахуулийн болон хууль бус мөнгөн хөрөнгийг эргийн цаана нуух гэсэн санаа зорилго байхгүй ба ердөө л Монгол улсад уул уурхайн болон махан бүтээгдэхүүн боловсруулах бизнест гадаадаас хөрөнгө оруулалт татах зорилгоор гадаадын бизнесийн хамтрагч нараас тавьсан саналын дагуу Их Британийн Виржинийн арлуудад байгуулагдсан компаниуд юм. Тус компаниуд нь Виржинийн арлуудын хуулийн дагуу байгуулагдсан ба компанийн нэр дээр ямар нэг банкны данс огт нээлгээгүй, тухайн үед Монгол улсад Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль батлагдсаны улмаас хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө зогсоосон тул цаашид үйл ажиллагаа явуулалгүй татан буугдсан компаниуд болно.
Гэтэл 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Монгол HD телевизийн 21:00 цагийн Оргил цаг нэвтрүүлгээр Монгол телевиз олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой хамтран Панамын баримтууд дээр ажиллаж байгаа билээ. Олон сар үргэлжилж байгаа энэхүү хамтын ажиллагаанд олон орны хэдэн зуун сэтгүүлч улс төрчид, олон нийтийн албан тушаалтан болон тэдгээрийн гэр бүл, найз нөхдөөрөө дамжуулан татвараас зайлсхийх гэсэн оролдлого, авлига хээл хахуулийн мөнгөө эргийн гадна байлгах гэсэн оролдлогуудыг эдгээр сая сая баримт бичиг дундаас хайн ирүүлэн, тодруулж олон нийтэд мэдээлэх үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Тухайн үед хийсэн тайлбарыг бид үзлээ. Гэвч бидэнд байгаа баримтууд түүний хэлж байгаагаас өөр дүр зургийг харуулж байна. Бидэнд байгаа дараагийн баримт нь Б.Чулуудайг оффшор компани ашиглаж гүйлгээ хийсэн болохыг нотолж байна. Чулуудай болон түүний аав гүйлгээ хийгээгүй гэдгээ олон нийтэд удаа дараа хэлж байсан гэх мэт бодит байдалд огт нийцээгүй, худал, онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн мэтээр гуйвуулсан мэдээлэл тарааж Б.Чулуудайн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж, тухайн мэдээлэл нь 2016 оны 06 дугаар сард болсон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд нэр дэвшин сонгуульд өрсөлдсөн эцэг Эрдэнийн Бат-Үүлийнх нь нэр хүндийг гутаасан үйлдэл болсон гэж үзэж байгаа юм. Монгол телевиз нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу нийтэлж буй мэдээ, мэдээллийг бүрэн гүйцэд мэдээлээгүй, мэдээллийг мушгин гуйвуулж мэдээлсэн байна.
Иймд нэхэмжлэгч Б.Чулуудайтай холбоотой мэдээллийг олон нийтэд мэдээлэхдээ Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3-т заасныг зөрчиж бүрэн гүйцэд мэдээлээгүй, мэдээллийг мушгин гуйвуулж мэдээлсний улмаас нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээж, Монгол телевизээр дамжууняцаалт хийхийг хариуцагчид даалгах, эдийн бус гэм хорын хохиролд 13 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэлээ.
Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Телевиз нь 2016 оны 5 сарын 9-ний өдрөөс эхлэн Бүгд Найрамдах Панам Улсын Моссак Фонсека & Ко хэмээх хуулийн фирмийн алдагдсан мэдээлэл буюу Панамын Бичиг Баримт-тай холбоотой мэдээллийг цувралаар хүргэж эхэлсэн. Тус мэдээллийг бид ХБНГУ-ын Зюддойче Цайтунг (Sueddeutsche Zeitung) болон Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум (International Consortium of Investigative Journalists)-с хүлээн авсан юм. 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 21 цагийн Оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр Панамын Бичиг Баримт-тай холбоотой ээлжит мэдээллийг хүргэсэн ба хөтөлбөрийн эхний хэсэгт дараах мэдээллийг хүргэсэн. Монгол телевиз олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой хамтран панамын баримтууд дээр ажиллаж байгаа билээ. Олон сар үргэлжилж байгаа энэхүү хамтын ажиллагаанд олон орны хэдэн зуун сэтгүүлч улс төрчид, олон нийтийн албан тушаалтан болон тэдгээрийн гэр бүл, найз нөхдөөрөө дамжуулан татвараас зайлсхийх гэсэн оролдлого, авлига хээл хахуулийн мөнгөө эргийн гадна байлгах гэсэн оролдлогуудыг эдгээр сая сая баримт бичиг дундаас хайн илрүүлэн, тодруулж олон нийтэд мэдээллэх үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Ийнхүү цуврал мэдээллийн ерөнхий агуулгын талаар товч танилцуулсан ба энэ хэсэгт Б.Чулуудайг нэр цохож, түүнийг татвараас зайлсхийсэн, онц ноцтой гэмт хэрэг хийсэн, хээл хахуулийн болон хууль бус мөнгөн хөрөнгө эргийн гадна буюу оффшор дансанд нуусан гэх мэт нэг ч зүйл хэлээгүй болно. Мэдээллийн хөтөлбөрийн хоёрдугаар хэсэгт нэхэмжлэгчийн оффшор буюу эргийн гадна бүсэд бүртгүүлсэн компани нь өмнө нь илэрсэн тухай, тус мэдээ олон нийтэд ил болсны дараа нэхэмжлэгч болон түүний эцэг Э.Бат-үүл нар мэдэгдэл хийсэн талаар мэдээлсэн. Тус Strategic Mines Inc компаниа Б.Чулуудай нь Сингапур улсын иргэн Элтон Пинг Мэнг Кионг гэгчтэй хамтран байгуулсан талаар тодруулга мэдээлэл хийсэн ба эдгээр мэдээллийн үнэн худлын талаар нэхэмжлэгч нь маргаагүй байна. Мэдээллийн хөтөлбөрийн гуравдугаар хэсэгт дээрх оффшор компаниас гадна Eyrye Investment Holdings Ltd, Thunder Tree Ltd, Golden Masters Mining Inc компаниудтай түүний нэр холбогдож байгаа талаар мэдээлсэн. Энэ талаар нэхэмжлэгч нь мөн маргахгүй байгаа ба нэхэмжлэлд дурдсанаар Eyrye Investment Holdings Ltd компанийг үүсгэн байгуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн байна.Мэдээллийн хөтөлбөрийн дөрөвдүгээр хэсэгт буюу 05 минут 36 секундээс эхлэн дараах мэдээллийг хүргэсэн:
Бидэнд байгаа дараагийн баримт нь Б.Чулуудайг оффшор компани ашиглан гүйлгээ хийсэн болохыг нотлож байна. харин Чулуудай болон түүний аав гүйлгээ хийгээгүй гэдгээ олон нийтэд удаа дараа хэлж байсан. Бат-үүлийн Чулуудай нь strategic mines inc компанийг эзэмшиж байсан бөгөөд тэр үед өөр нэгэн оффшор компанийн хувьцаа худалдаж авсан баримтыг яг одоо үзэгч та бүхэн харж байна. энэ бүхэн хоорондоо яаж холбогдож уялдаж байна вэ? олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны сүлжээнд ажиллаж байгаа сэтгүүлчдийн эрэн сурвалжлах үйл явцдаа ашиглаж байгаа мэдээллийн санг ашиглаж одоо та бүхэнд холбоос дүрслэлийг тайлбартай хүргэе:
Бат-үүлийн чулуудай нь хятад гаралтай сингапур улсын иргэн элтон пинг мэнг кионг-тай хамтран strategic mines inc нэртэй оффшор компани байгуулсан.
Уул уурхайн 12 лиценз эзэмшдэг монголын сод газар компанийн захирал саруулбаяр тус golden masters mining inc гэх нэртэй оффшор компанийг чулуудайн компанитай ижил хаяг дээр байгуулжээ.
Английн иргэн найжел франсис оукс болон хятад ба английн иргэн жэкон лю-тай хамтран thunder tree ltd оффшор компанийг байгуулав.
Энэ компани нь чулуудайгийн strategic mines inc компанитай хамтран 40/60 харьцаатайгаар eyrie investment holdings ltd нэртэй дахин нэг оффшор компанийг байгуулжээ.
Нэхэмжлэлээс харахад энэхүү сүүлийн дөрөвдүгээр хэсгийн мэдээллийг буруу тайлбарлаж, Оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр түүнийг оффшор дансаар дамжуулж гүйлгээ хийсэн гэж мэдээлсэн мэтээр мэдээний агуулгыг гуйвуулжээ. Дээрхи мэдээллийг хийх үед хөтөлбөрийн 05 минут 48 секундээс эхлэн Strategic Mines Inc компанийг ашиглан Б.Чулуудай нь ямар гүйлгээ хийсэн талаар тайлбарладаг ба үүнд Eyrye Investment Holdings Ltd компанийн 40 ширхэг энгийн хувьцааг нэг бүрийн 1 ам.доллараар худалдан авсан тухай баримт гардаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Чулуудай нь өөрийн Strategic Mines Inc компанийг 2011 оны 6 сарын 30-ны өдөр байгуулснаас хойш түүгээрээ дамжуулан 2011 оны 8 сарын 4-ний өдөр Eyrye Investment Holdings Ltd компанийн 40 хувьцааг худалдан авсан талаар мэдээлсэн. Энэ нь болж өнгөрсөн бодит үнэн явдал бөгөөд нэхэмжлэлд дурдсанаар Eyrye Investment Holdings Ltd компанийг байгуулж хувьцааг нь 40 ам.доллараар авснаа нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Бидний зүгээс өөрөөр нэхэмжлэгчийг оффшор бүсд банкны данс нээсэн тэрхүү оффшор данснаар гүйлгээ хийсэн гэх мэт зүйл огт дурдаагүй болно. Нэхэмжлэлийн шаардлагын 1 дүгээрт Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг Оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр гутаасан мэдээлэл тараагаагүй бөгөөд Монгол Телевиз ХХК-ийн зүгээс Б.Чулуудайг өөрийн Strategic Mines Inc компаниар дамжуулан Eyrye Investment Holdings Ltd компанийн 40 хувьцааг худалдан авсан талаар мэдээлсэн ба энэ нь үнэн зөв болсон явдал. Иймд хариуцагч талыг буруутгах эрх зүйн үндэслэл байхгүй.
Нэхэмжлэлийн шаардлагын 2 дугаарт эдийн бус гэм хорын хохиролд 13 000 000 төгрөг нэхэмжилсэн. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээдэг. Нэхэмжлэгчийн зүгээс яг 13,000,000 төгрөгийн эдийн бус гэм хор учирсан гэдгээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Мөн дээр хэлсэнчлэн хариуцагчийн зүгээс хийсэн мэдээлэл нь бодит байдалд нийцэж байгаа тул гэм хорын хохирол арилгах ямар нэгэн үүрэг хүлээхгүй. Тухайн үед иргэн Б.Чулуудайгаас сэтгүүл зүйн тэнцвэртэй байдлыг хангах ёс зүйн хэм хэмжээний хүрээнд утсаар холбогдож түүний нэр дээрээ бүртгүүлсэн болон нэр холбогдсон тус компаниудын талаар мэдээлэл авах гэж оролдлого хийсэн боловч Strategic mines inc - компаний талаар тайлбар өмнө нь өгсөн бөгөөд бусад мэдээллийн талаар мэдэхгүй гэсэн хариултыг өгсөн, түүний тайлбарыг бид мэдээндээ оруулан олон нийтэд хүргэсэн. Панамын Бичиг Баримт-ын оффшор бүстэй холбоотой мэдээлэл нь 2016 оны 5 сард илэрч Дэлхий нийтийг хамарсан үйл явдал болсон нь 2016 оны 6 сарын УИХ-ын сонгуультай ямар ч холбоогүй байсан. Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө нь ардчилсан нийгмийн суурь зарчмуудын нэг бөгөөд тухайн үед үнэн бодит мэдээ олон нийтэд хүргэснээс болж хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боомилсон, үнэн бодит явдлын талаар мэдээлэхийг хязгаарласан, дарамталсан аливаа үйлдэл хэн ч гаргаж болохгүй. Ийнхүү Монгол Телевиз ХХК нь Үндсэн хуулиар баталгаажсан хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хүрээнд мэдээлэл хийсэн, мөн ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй. Нэхэмжлэгч нь эдийн бус гэм хорын хохиролд 13 000 000 төгрөг нэхэмжилсэн дүнг ямар нэгэн нотлох баримтаар нотлоогүй болно. Иймээс Үндсэн хуулиар баталгаажсан хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн үнэн бодит зүйлийг мэдээлсэн учраас Б.Чулуудайн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Чулуудай нь хариуцагч Монгол телевиз ХХК-д холбогдуулан Монгол HD телевизийн Оргил цаг мэдээллийн нэвтрүүлгээр дамжуулан 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 21 цагаас нэхэмжлэгч Б.Чулуудайн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасныг сэргээлгэх, эдийн бус гэм хорын хохиролд 13 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Чулуудай Нэхэмжлэгчтэй холбоотой мэдээллийг олон нийтэд мэдээлэхдээ Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3-т заасныг зөрчиж бүрэн гүйцэд мэдээлээгүй, мэдээллийг мушгин гуйвуулж мэдээлсний улмаас нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан Монгол телевиз ХХК нь Монгол HD телевизээрээ дамжуулан 2016 оны орон нутгийн болон Улсын их хурлын сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнөх өдөр буюу 2016.06.10-ны өдрийн 21 цагийн Оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөрөө Б.Чулуудай оффшор данстай тус дансаараа дамжуулан гүйлгээ хийсэн гэх ойлголт олон нийтэд төрүүлэхүйц үндэслэлгүй мэдээллийг цацаж Б.Чулуудайн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан үйлдэлдээ гүнээ хүлцэл өчье гэсэн үг бүхий мэдэгдлийг Монгол HD телевизийнхээ Оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр 3 долоо хоногийн хугацаанд цацаж няцаалт хийхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн 1 дэх шаардлагаа тодруулж ирүүлсэн ба,
-шүүх хуралдааны явцад уг нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчтэй холбоотой мэдээллийг олон нийтэд мэдээлэхдээ Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3-т заасныг зөрчиж бүрэн гүйцэд мэдээлээгүй, мэдээллийг мушгин гуйвуулж мэдээлсний улмаас нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаасан Монгол телевиз ХХК нь Монгол НD телевизээрээ дамжуулан няцаалт хийхийг хариуцагчид даалгуулах тухай шаардлага гаргаж байна гэж дахин тодруулсан болно.
Нэхэмжлэгч Б.Чулуудай нь 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 21 цагийн Оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр Б.Чулуудай оффшор данстай, тус дансаар дамжуулан гүйлгээ хийсэн гэх ойлголт олон нийтэд төрүүлэхүйц мэдээллийг цацаж, Б.Чулуудайн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан ... гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон бол,
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ... Үндсэн хуулиар баталгаажсан хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хүрээнд мэдээлэл хийсэн, ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас хүлээн авсан Панамын бичиг баримттай холбоотой мэдээлэлд тулгуурласан ба, оффшор данстай, тус дансаар дамжуулан гүйлгээ хийсэн гэсэн мэдээллийг хийгээгүй бөгөөд, нэхэмжлэгч Б.Чулуудай оффшор бүс дэх өөрийн Strategic Mines Inc компаниар дамжуулан Eyrye Investment Holdings Ltd-ийн 40 хувьцааг 40 доллараар худалдан авсан гэсэн өөрийнх нь хүлээн зөвшөөрсөн баримт бүхий мэдээллийг л дамжуулсан тул түүний нэр төрийг гутаагаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т "иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ", мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т Бодит баримтыг гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ гэж, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т "хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ" гэж тус тус заажээ.
Хариуцагч Монгол телевиз ХХК-ийн Монгол HD телевиз 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 21:00 цагийн Оргил цаг мэдээллийн хөтөлбөр нэвтрүүлгээр Панамын бичиг баримт-тай холбоотой буюу оффшор бүст компани байгуулсан нэхэмжлэгч Б.Чулуудайн талаарх мэдээллийг дамжуулсан болох нь зохигчийн тайлбар, уг мэдээллийн талаарх СД бичлэг, текст хэлбэрээр авагдсан баримт, СД-д хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргүүдээр тогтоогдлоо.
Хариуцагч нь Панамын бичиг баримттай холбоотой дээрх нэвтрүүлгийг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Бүгд найрамдах Панам Улсын Моссак Фонсека &Ко хэмээх хуулийн фирмийн алдагдсан мэдээлэл буюу Панамын бичиг баримттай холбоотой мэдээллийг цувралаар хүргэж эхэлсэн гэх ба, тус мэдээллийг олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас хүлээн авсан гэж тайлбарлаж байх бөгөөд уг нэвтрүүлгийн агуулга нь Б.Чулуудайтай холбоотой оффшор компаниудын талаар мэдээлжээ.
Нэхэмжлэгч Б.Чулуудай нь оффшор бүсд Стратежик Майнс компанийг 2011.06.30-ны өдөр үүсгэн байгуулж, 2013.10.31-ний өдөр дампуурсан,
-мөн Strategic Mines Inc компаниар дамжуулан Eyrie Investment Holding компанийн 40 хувийн хувьцааг худалдан авч улмаар 2011.08.04-ний өдөр байгуулагдаж, 2014.04.30-ны өдөр дампуурсан тухайд маргадаггүй.
Б.Чулуудай Eyrie Investment Holdings Ltd компанийн 40 ширхэг хувьцааг нэг бүрийн 1 ам.доллараар 2011 оны 8 сарын 4-ний өдөр 40 ам.доллараар худалдаж авснаа нэхэмжлэгч Б.Чулуудай өөрөө хүлээн зөвшөөрч маргадаггүй болох нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул мэдээлэл нь бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүй, гуйвуулсан гэж үзэх боломжгүй байна.
Дээр дурдсан хариуцагч Монгол телевиз ХХК-ийн Оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр нэвтрүүлсэн мэдээлэлд ... нэхэмжлэгч Б.Чулуудайг оффшор данстай, тус дансаар дамжуулж гүйлгээ хийсэн гэх үг үсэг тусгагдаагүй байна.
Гүйлгээ гэдэг нь худалдаа арилжааны зүйлийг дамжуулах явцыг хэлнэ гэж Монгол хэлний их тайлбар тольд тайлбарласнаас үзэхэд ... оффшор компани ашиглаж, гүйлгээ хийсэн болохыг нотолж байна гэсэн нь зөвхөн дансаар гүйлгээ хийх тухай ойлголт гэж үзэх боломжгүй юм.
Иймд хариуцагч Монгол телевиз ХХК нь эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны оффшор мэдээллийн сангаас олж авсан мэдээллийг үндэслэсэн гэх ба уг нэвтрүүлгийн утга, агуулга бүхэлдээ нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагч Монгол HD телевизийн дээрх мэдээллээс гадна уг мэдээллийн талаар С-1 телевизийн Цензургүй яриа сурвалжлагад нэвтрүүлэгт нэхэмжлэгч Б.Чулуудайн өөрийнх нь ярилцлага, зохигчийн тайлбар, хэрэгт эд мөрийн баримтаар талуудын гаргаж өгсөн дуу авиа, дүрс бичлэг, түүнд хийсэн үзлэгийн тэмдэглэлүүд, үзлэгээр илэрсэн баримтуудыг баталгаажуулан хэвлэж авсан бичгийн баримтууд түүний орчуулга, 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгч Б.Чулуудайн нэрийг хариуцагч талаас хууль бусаар ашигласан байдал тогтоогдоогүй, тэрээр өөрийн нэр төр, алдар хүндийн хувьд нийгэмд ямархуу үнэлэмжтэй иргэн байсан тухай, мөн бизнес эрхэлдэг гэх боловч бизнесийн ямар салбарт ямар үйл ажиллагааг хэрхэн явуулдаг байсан зэрэг ажил хэргийн нэр хүндэд нь хэрхэн нөлөөлсөн, үнэлэмж нь яаж доройтсон зэргээр гутаагдсаныг сэргээлгэх шаардлагатай болсон талаарх холбогдох нотлох баримтаа ирүүлээгүй болно.
Иймд хариуцагч Монгол телевиз ХХК-ийг нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан байдлаар мэдээлэл тараасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээж, няцаалт хийлгүүлэх, эдийн бус гэм хорын хохиролд 13.000.000 төгрөгийг гаргуулах тухай Б.Чулуудайн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн 2019.05.13-ны өдрийн огноотой нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх тухай гэсэн хүсэлтийг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн гэж үзэх боломжгүй байх ба, харин нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан гэж үзэхээр байх тул хариуцагчид гардуулах ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 21.3, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар хариуцагч Монгол телевиз ХХК-д холбогдох 2016.06.10-ны өдрийн Оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр Б.Чулуудайн талаарх мэдээллийг бүрэн гүйцэд мэдээлээгүй, мэдээллийг мушгин гуйвуулж мэдээлсний улмаас түүний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж няцаалт хийлгүүлэх, эдийн бус гэм хорын хохиролд 13.000.000 төгрөг гаргуулах тухай Б.Чулуудайн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Чулуудайгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293.150 төгрөгийг улсын төсвийн төвлөрсөн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.4-д зааснаар хэрэгт зохигчдоос гаргаж өгсөн 4 /дөрөв/ ширхэг CD-ийг хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ж.БАЙГАЛМАА
Х.ДАШДЭЧМАА