Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 06

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                Л.Огийн нэхэмжлэлтэй иргэний

                                                       хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 129/ШШ2019/00029 дүгээр шийдвэртэй

Л.Огийн нэхэмжлэлтэй

Х.Өт холбогдох

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч Х.Өын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, хариуцагч Х.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт:

“Миний бие 2008 онд Өтай танилцаж улмаар дотносон нөхөрлөж байгаад 2008.12.28-нд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2009.10.16-нд О, 2012.12.14-нд О нар төрсөн. Анхнаасаа л Ө нь ааш авир муутай хүн байсан ба хүүхдээ төрөхөөр ааш зан нь засрах байх гэж найдсан боловч засрах нь байтугай улам дордож байнга зодож дарамталж маш хэрцгий зан авир гаргаж байна. Согтуу ирээд хамт ирсэн залуучуудаараа намайг хүчиндүүлэх гэж оролдсон. Үүнээс нь болж би гутарч амиа хорлох шийдэлд хүртэл хүрч байсан удаатай. Намайг зодохдоо үсийг туг тугаар нь зулгаадаг. Модоор цохих, морины хазаараар ороолгох, хамт модонд яваад мод хийж байгаад даахгүй байх тохиолдолд модны булан даахгүй гэж зодох, мөн гишүүгээр цохих зэрэг үйлдлийг байнга гаргадаг. Манайх ганц гэрээрээ байхад хэд хоногоор тэнэж алга болчихоод гэнэтхэн ирээд мал харсангүй гэж зоддог. Хамгийн сүүлд 2018.06 дугаар сард үхрийн хөөвөр тушаах гэж яваад тэр чигтээ алга болсон бөгөөд олон хоног малтай хөөцөлдөж маш их ядарч бие муудсан учир би хоёр хүүхдээ аваад аав, ээжээ бараадсан. Гэтэл араас ирээд зодох гэж дайраад манайхныг хэл амаар доромжилж “гичий минь яах гэж ирсэн юм, харихгүй бол ална шүү” гэж дайраад байсан. Би хоёр хүүхдээ эцэгтэй нь элэг бүтэн байлгах гэж хичээж өөрийгөө гаргуунд нь хаяж байсан боловч Өын зодуур доромжлолын аяыг тэсч чадахгүй учир дахиж хэзээ ч Өтай эвлэрэхгүй гэж хатуу шийдсэн тул Өаас гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжиндаа авч эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Байнга зоддог учир цаашдаа амь насаа ч алдаж болзошгүй тул ийм шийдэлд хүрч байна. Бид тусдаа амьдарснаас хойш нэг удаа том охинтойгоо уулзаж 500 төгрөг өгсөн байсан. Бага охин аавтайгаа уулзахгүй гээд зугтаагаад уулздаггүй. Сая эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад “надтай эвлэрэхгүй бол чамайг ална, чи гишгэсэн мөрөө харж яваарай” гэж намайг айлган сүрдүүлсэн. Ийм учраас Өтай цаашид хамт амьдрах боломжгүй.” гэжээ

 

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт:

“Чулуут сумын харъяат Л.Огийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Л.Отой танилцан улмаар дотносон гэр бүл болж хоёр хүүхэдтэй сайхан амьдарч байна. Гэтэл 2018.05 дугаар сард сумын төв орж ажил хөөцөлдөж яваад ирэхэд хоёр хүүхдээ аваад аавынх руугаа явчихсан байсан. Тэгээд араас нь очиж уулзахад юм ярихгүй, хоёр хүүхэдтэйгээ уулзах гэхэд уулзуулахгүй байсан. Миний бие Л.Огийн нэхэмжлэлдээ дурьдсан шиг үсийг нь зулгааж, модоор цохьж, хазаараар ороолгож, гишүү модоор цохьж байгаагүй. Харин ажил төрлийн маргаанаас болж хэрэлдэх асуудал гардаг. Би эхнэр, хоёр хүүхэдтэйгээ элэг бүтэн сайхан амьдрах хүсэлтэй байгаа тул эхнэр Отой эвлэрүүлж тусална уу. Л.Ог надаас салгах гэж ар гэрийнхэн нь ятгаад байгаа юм. Аав, ээж, эгч, дүү нар нь манайхыг хажуудаа авах сонирхолтой бөгөөд би түүнийг нь зөвшөөрөхгүй болохоор гэр бүл салгах гээд хөөцөлдөөд байгаа юм. Аав ээжийнх нь байгаа газар би өмнө нь нэг удаа очиж өвөлжихдөө малынхаа ихэнхийг хорогдуулсан тул тэнд очих боломжгүй байгаа юм. Намайг Ог зодож гэмтээж байгаагүй талаар нутгийн иргэд мэднэ. 2018.08.27-ны өдөр хоёр эгчтэйгээ ирээд авдар болон бусад эд зүйлээ аваад явахдаа О хоёр эгчээсээ тусдаа уулзаад “би салах сонирхолгүй байна. Эд нар дарамтлаад байгаа” гэж ярьсан. Би хоёр хүүхэд төрүүлсэн эхнэрээ юу гэж хүчиндүүлэх гээд хажууд нь хараад байж байх вэ дээ. Гэрлэлт цуцлуулахын тулд хүнийг хэтрүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Би хүүхэддээ 500 төгрөг өгөөгүй. Би хүүхэдтэйгээ уулзаагүй. Хүүхдээ айлгаж сүрдүүлсэн зүйл байхгүй. Миний хувьд эхнэр хүүхдээ дарамталж, ална гэж айлган сүрдүүлсэн зүйл байхгүй. Би тийм элдэв ааш араншин гаргадаггүй. Л.Огийн эгч нар нь бид хоёрын амьдралд хөндлөнгөөс оролцож элдвээр хэлчихээд дараа нь өөрсдөө ингээд санаанаасаа зохиож элдэв худал зүйл ярьж байна. Надад эхнэрээ зодож айлган сүрдүүлэх шалтгаан байхгүй. Би нэг хүүхдээ өөр дээрээ авч үлдэнэ. Гэрлэлтээ цуцлуулж хоёр хүүхдээ өнчрүүлэх сэтгэл надад байхгүй. Хоёр хүүхдээ бодоод хамт амьдрах хүсэлтэй байна.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 129/ШШ2019/00029 дүгээр шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр 14.1, 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан Шиваа ширээт овгийн Хаянхярваагийн Ө, Багууд овгийн Лхасүрэнгийн О нарын гэрлэлтийг цуцалж; Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2009 оны 10 дугаар сарын 16-нд төрсөн охин Өын О, 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Өын О нарыг эх Л.Огийн асрамжид үлдээж; Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин Ө.О, Ө.О нарыг тус бүрийг нь сард 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, /11-16 нас/-тай болон суралцаж байгаа бол 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Өаар тэжээн тэтгүүлж; Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 38.6-д заасныг баримтлан тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдах бөгөөд тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдэж; Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.О, хариуцагч Х.Ө нар хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь ногдсон хүлээх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглох болохыг мэдэгдэж; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Огийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Өаас улсын тэмдэгтийн хураамж 140 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Од, мөн 1 хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 30 844 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулж; Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос ажлын гурав хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Цогзолмаад даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Х.Өын давж заалдах журмаар гаргасан гомдолд:

“Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийнанхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 129/ШШ2019/00029 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч Х.Ө би шүүхийн шийдвэрээр гэрлэлт цуцалсныг хүлээн зөвшөөрч байна. Харин охин Ө.О, охин Ө.О нарыг эх Л.Огийн асрамжид үлдээснийг хүлээн зөвшөөрөхгүй. Би хоёр охиндоо маш их хайртай. Хоёр охиноо эцгийн ёсоор хайрлан хамгаалж өсгөн хүмүүжүүлдэг. Цаашид ч эцгийн энэ үүргээ сайн биелүүлж чадна. Миний хоёр охин ч надад маш их хайртай. Уг нь миний хувьд хоёр охиноо хойд эцгийн царай харуулмааргүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 болон 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, охин Ө.О, охин Ө.О нарын хэн аль нэгийг эцэг Х.Ө миний асрамжид үлдээж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтэй байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Л.О нь Х.Өт холбогдуулж гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “байнга зодож дарамталж маш хэрцгий зан авир гаргаж байна” гэжээ.

 

Хариуцагч Х.Ө “Би эхнэр, хоёр хүүхэдтэйгээ элэг бүтэн сайхан амьдрах хүсэлтэй байгаа тул эхнэр Л.Отой эвлэрүүлж тусална уу” гэж хариу тайлбар гаргасан байна.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэрэгт авагдсан баримтад үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

            2008.12.28-ны өдөр Л.О болон Х.Ө нар гэр бүл болж, 2009.10.16-нд охин Ө.О, 2012.12.14-нд охин Ө.О нар төржээ.

2018.06 сараас гэрлэгчид тусдаа амьдарч, улмаар нэхэмжлэгч Л.О гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Шүүх хариуцагчийн хүсэлтээр гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй нь хэргийн баримтаар тогтоогджээ.

 

Гэрлэлт цуцалсныг хариуцагч давж заалдах гомдолдоо хүлээн зөвшөөрсөн байна.

 

Гагцхүү шийдвэрийн 2, 3 дахь заалт буюу хүүхдийн асрамж тогтоосныг эс зөвшөөрч гомдол гаргажээ.

 

Хариуцагч Х.Ө нь хоёр охиныхоо нэгийг өөрийн асрамжид авна гэж маргахдаа “Би хоёр охиндоо маш их хайртай. Хоёр охиноо эцгийн ёсоор хайрлан хамгаалж өсгөн хүмүүжүүлдэг. Цаашид ч эцгийн энэ үүргээ сайн биелүүлж чадна. Миний хоёр охин ч надад маш их хайртай. Уг нь миний хувьд хоёр охиноо хойд эцгийн царай харуулмааргүй байна” гэжээ.   

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хэрэгт авагдсан баримтыг харьцуулан үнэлж, гэрлэгчдийн амьдрах орчин, ахуйн нөхцөл бололцоо, хүүхдийн саналыг харгалзан охин Ө.О, Ө.О нарыг эх Л.Огийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д заасныг зөрчөөгүй байна.

 

Шүүх Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу эцэг, эхийнхээ хэнтэй нь амьдрах талаар охин Ө.Оын саналыг авсан ба тэрээр эхтэйгээ амьдрах талаар саналаа илэрхийлсэн, амьдралын нөхцөл байдал, асрамжилж буй эхийн асрамжийн талаар дутагдалтай асуудал тогтоогдсон баримт байхгүй байна. Түүнчлэн, хариуцагчийн гомдолд заасан үндэслэл нь хүүхдийн асрамжийг өөрчлөх үндэслэл болохгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.      

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 129/ШШ2019/00029 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

 

                             ШҮҮГЧИД                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                    Д.БЯМБАСҮРЭН