Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2019/00362

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2019/00362

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ холбогдох,

............... тоот орон сууцыг болон .......... тоот орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Г, нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Нийслэлийн шүүхийн шийдэр гүйцэтгэх газрын 2017.12.28-ны өдрийн 4/31262 дугаартай анхны албадан дуудлага худалдааны үнийн саналын мэдэгдлийг хүлээн аваад эс зөвшөөрсөн тул 2018.01.02-ны өдөр тус үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.

Гэтэл 2018.01.11-ний өдрийн 4/752 дугаар мэдэгдлээр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол ХД39 дүгээр байрны 63 тоот орон сууцыг 178 417 000 төгрөгөөр үнэлсэн мөн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 48 дугаар байрны 3 тоот орон сууцыг 95 220 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах талаар мэдэгдсэн. Үнэлгээг эс зөвшөөрөн гомдол гаргасан тул албадан дуудлага худалдаа явуулах нь үндэслэлгүй талаар бичгээр мэдэгдсэн боловч дуудлага худалдаа явагдсан болохыг сүүлд мэдсэн. Урьдчилан шийдвэрлүүлэхээр ахлах шийдвэр гүйцэтгэгчид нь хандан гомдол гаргахад шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн байгаа тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэжээ.

Гэтэл анхны албадан дуудлага худалдаа нь шүүгчийн 2018.02.01-ний өдрийн захирамж гарахаас өмнө явагдсан тул уг хариу үндэслэлгүй юм.

Иймд тус шүүхэд хандаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/2 дугаартай анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан хариу тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1200 дугаар захирамжаар Ц.Наас 188 732 222 төгрөгийг гаргуулж Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Ц.Над шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2017 оны 8 дугаар сарын 27-нд, 2017 оны 9 дүгээр сарын 05-нд, 2017 оны 9 дүгээр сарын 14-нд, 2017 оны 10 дугаар сарын 10-нд, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус тус өгсөн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч Ц.Нын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ...........дугаартай Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, ХД-39 дүгээр байрны 63 тоотын 77 мкв талбай бүхий хоёр өрөө орон сууц, мөн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 48 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай 16 мкв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус битүүмжлэн, хурааж үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч нь өөрөө үнэлэх боломжгүй хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлж, үнэлгээ тогтоолгох талаар хүсэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн.

Талуудын хүсэлтийг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хөндлөнгийн шинжээч томилсон ба шинжээч Сүхбаатар дүүргийн дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, ХД-39 дүгээр байрны 63 тоотын 77 мкв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 178 417 000 төгрөг, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 48 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай 16 мкв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 95 220 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.Нын өмчлөлийн барьцаа хөрөнгийн үнэлгээг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4/31262 тоот албан бичгээр мэдэгдэж, шинжээчийн үнэлгээний тайланг танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах явцад Ц.Н нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 1560 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Төлбөр төлөгчийн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийг тус шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 585 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1283 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1532 дугаар тогтоолоор хэрэхсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгүүдийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдах хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлэхэд анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин түдгэлзүүлсэн.

Төлбөр төлөгч Ц.Н нь үндэслэлгүйгээр гомдол гаргаж төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, хугацаа хожих замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, удаашруулж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/2 дугаартай Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэгч нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж эс зөвшөөрч маргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ мөн хуулийн 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1200 дугаартай шүүгчийн захирамжаар Ц.Наас 185 700 000 төгрөгийг гаргуулж Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба Ц.Нын өмчлөлийн 000316085 гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003345 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, 48-р байрны 3 тоот хаягт байршилтай 16 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, 000194664 гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ...........дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, ХД39-р байрны 63 тоот хаягт байршилтай 77 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож эвлэрсэн боловч төлбөр төлөгч Ц.Н нь төлбөрийг төлөөгүйн улмаас 2017 оны 06 сарын 23-ны өдрийн 751 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэнийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлүүлсэн байна./хх-ийн 22-24 дүгээр хуудас/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагааг явуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан Ц.Нын өмчлөлийн 000316085 гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003345 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, 48-р байрны 3 тоот хаягт байршилтай 16 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, 000194664 гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ...........дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, ХД39-р байрны 63 тоот хаягт байршилтай 77 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцнуудын эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон ба тухайн Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд Ц.Н нь нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/00585 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 сарын 30-ны өдрийн 1283 дугаар магадлалаар, мөн Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх 2018 оны 10 сарын 30-ны өдрийн 001/ХТ2018/01532 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна./хх-ийн 51-57 дугаар хуудас/

Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 сарын 30-ны өдрийн 001/ХТ2018/01532 дугаартай тогтоолын хянавал хэсэгт ...Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолоор 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр анхны албадан дуудлага худалдаа явагдсан боловч үнийн санал ирээгүй тул эд хөрөнгө худалдан борлогдоогүй байна. гэж дүгнэжээ./хх-ийн 58 дугаар хуудасны ар талд/

Дээрх шүүхийн тогтоолд бичигдэн дүгнэгдсэн энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож хүчингүй болгуулахаар шаардсан Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай тогтоолын огноог хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр үйлдсэн үйл баримт тогтоогдож байх боловч уг тогтоолын оныг нь 2017 гэж буруу бичсэн болох нь шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, талууд мэтгэлцэн, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад нотлогдсон болохыг дурдах нь зүйтэй байна./хх-ийн 46 дугаар хуудас/

Нэхэмжлэгч Ц.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагаар хүчингүй болгуулахыг хүссэн Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай тогтоолын хувийг 2018 оны 01 сарын 12-ны өдөр хариуцагчаас хүлээн авсан болох нь уг тогтоолын баруун доод хэсэгт тэмдэглэн гарын үсэг зурсан баримтаар нотлогдож байна./хх-ийн 46 дугаар хуудас/

Төлбөр төлөгч Ц.Н нь шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэр болох Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасны дагуу тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш ...7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах байтал хуульд заасан уг хугацааг хэтрүүлсэн болох нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4/71 дүгээртэй тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018.11.21-ний өдрийн 2/19091 дүгээртэй иргэн Ц.Над Гомдолд хариу өгөх тухай албан бичиг зэргээр тогтоогдож байна /хх-ийн 6, 8-9 дугаар хуудас/

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1200 дугаартай шүүгчийн захирамжаар Ц.Наас 183 723 222 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 543225 төгрөгийн хамт гаргуулж Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 49 дүгээр зүйлийн 49.4, 55 дугаар зүйлийн 55.2.2, 62 дугаар зүйл, 69 дүгээр зүйлүүдэд заасантай нийцжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1200 дугаартай шүүгчийн захирамжаар Ц.Наас 183 723 222 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 543225 төгрөгийн хамт гаргуулж Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, зохигчийн тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Нын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/2 дугаартай Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай Ц.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ