Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2019/00621

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2019/00621

 

 

Ц.Н-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/00362 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Н-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ШШГ- т холбогдох

Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/2 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч П.Ганбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдэр гүйцэтгэх газрын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4/31262 дугаартай анхны албадан дуудлага худалдааны үнийн саналын мэдэгдлийг хүлээн аваад эс зөвшөөрсөн тул 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 4/752 дугаар мэдэгдлээр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол ХД39 дүгээр байрны 63 тоот орон сууцыг 178 417 000 төгрөгөөр үнэлсэн мөн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 48 дугаар байрны 3 тоот орон сууцыг 95 220 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах талаар мэдэгдсэн. Үнэлгээг эс зөвшөөрөн гомдол гаргасан тул албадан дуудлага худалдаа явуулах нь үндэслэлгүй талаар бичгээр мэдэгдсэн боловч дуудлага худалдаа явагдсан болохыг сүүлд мэдсэн. Анхны албадан дуудлага худалдаа нь шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн захирамж гарахаас өмнө явагдсан тул уг хариу үндэслэлгүй юм. Иймд тус шүүхэд хандаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/2 дугаартай анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэнсодном шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1200 дугаар захирамжаар Ц.Н-аас 188 732 222 төгрөгийг гаргуулж Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ц.Н-ад шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус тус өгсөн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч нь өөрөө үнэлэх боломжгүй хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлж, үнэлгээ тогтоолгох талаар хүсэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн. Талуудын хүсэлтийг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хөндлөнгийн шинжээч томилсон ба шинжээч Сүхбаатар дүүргийн дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, ХД-39 дүгээр байрны 63 тоотын 77 мкв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 178 417 000 төгрөг, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 48 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай 16 мкв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 95 220 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.Н-ын өмчлөлийн барьцаа хөрөнгийн үнэлгээг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4/31262 тоот албан бичгээр мэдэгдэж, шинжээчийн үнэлгээний тайланг танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах явцад Ц.Н- нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1560 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгчийн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийг тус шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 585 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1283 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1532 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгүүдийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдах хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлэхэд анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгч Ц.Н- нь үндэслэлгүйгээр гомдол гаргаж төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, хугацаа хожих замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, удаашруулж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан ШШГ- т холбогдох 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/2 дугаартай Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай Ц.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ахлах шийдвэр гүйцэтгэгчид анхны албадан дуудлага худалдаа хууль бусад тооцуулахаар 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хандсан ба үүний хариу 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өгсөн. Уг тогтоолыг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандан гомдол гаргасан ба гомдолыг хариуг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бичгээр өгсөн ба хуульд заасан хугацаанд гомдолоо гаргасан. Гэтэл шүүхээс хуульд заасан хугацааг хэтрүүлсэн хэмээн дүгнэсэн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.Н- нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/2 дугаартай Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1200 дугаар захирамжаар Ц.Н- нь Есөн шижир инвест ББСБ ХХК-д 183 723 222 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 543 225 төгрөгийн хамт төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн ба уг захирамжид шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. /хх-ийн 22-24/

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь дуудлага худалдааг эрхлэн явуулахтай холбоотойгоор нэхэмжлэгч Ц.Н-ын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 48 дугаар байрны 3 тоотод байрлах, 16 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны болон Сүхбаатар дүүргийн дугаар хороо, 5-р хороолол, ХД39 дүгээр байрны 63 тоотод байрлах 77 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгосон ба нэхэмжлэгч нь уг үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/00585 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1283 дугаар магадлал, мөн Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2018/01532 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх-ийн 51-57/

 

Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр дээрх шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар маргах эрхгүй ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4, 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан маргаан биш байх тул анхан шатны шүүх мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгт зааснаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тухай гомдлоо гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дах хэсэгт заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/00362 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ц.Н-ын төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Т.ТУЯА

Н.БАТЗОРИГ