Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2021/00267

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сары 19 өдөр

181/ШШ2021/00267

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Бямба/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Болдбаатар/РД: /,

 

Хариуцагч: Батсайхан/РД:/ нарт холбогдох,

 

6 900 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 15 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Бямба, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Базардорж, хариуцагч М.Болдбаатар, хариуцагч Л.Батсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сэлэнгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Бямба шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Батсүхийн Бямба миний бие нь М.Болдбаатар гэх хүнтэй олон жилийн өмнөх танил, хүмүүс. 2018 оны 02 сард М.Болдбаатар утсаар залган ахад нь 7,000,000 төгрөгийн мөнгөний хэрэг байна. Чи орж ирсэн Монголд яваагүй Киа Бонго-3 маркийн ачааны автомашиныг 15,000,000 бодож ав. Эхний ээлжинд 7,000,000 төгрөгийг өгчих, үлдэх 8,000,000 төгрөгийг 2018 оны 05 сардаа багтаан өгчих гэж тохиролцон автомашиныг худалдан авч 6,700,000 төгрөгийг М.Болдбаатарын эхнэрийн 5378057495 дугаартай дансанд, 200,000 төгрөгийг М.Болдбаатарын хэлсэн 5630536888 дугаартай дансанд тус тус 6,900,000 төгрөгийг шилжүүлэн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан.

Уг автомашиныг аваад явж байхад Яармагт машин нь гэнэт унтарч асахаа больж энэ талаар М.Болдбаатарт утсаар хэлсэн боловч аргалаад аваад явчих энэ талаар дараа болий гэсэн. Би танил, мэддэг учраас дараа болох байх гээд авто ачигчаар ачуулан Төв аймаг руу хүргүүлэн дараа нь засаж авсан.

М.Болдбаатар нь 2018 оны 04 сард анх тохиролцсоноосоо өмнө мөнгөө нэхэж эхэлсэн. Би тухай үед нь мөнгө байхгүй өгч чадахгүй байсан.

Дараа нь 2018 оны 05 сард М.Болдбаатар дахин утсаар ярьж машин чинь хэрэг байна, машинаа аваад ирээ гэсэн. Би Өмнөговьд ажил хийж байсан тэр ажлаа орхиод машинаа аваад ирсэн. Гэтэл Л.Батсайхан гэдэг хүн авна гэсэн ирсэн байсан. Л.Батсайхан машиныг үзэж хараад 5,000,000 хасаж тооцоод авлаа гэх юм хэлэхэд би 5,000,000 төгрөг хасах юм бол би өгөхгүй, үлдэх 8,000,000 төгрөгөө өгнө гэсэн.

Гэтэл М.Болдбаатар надад зүгээр өгөөд явуулчих би чиний 6,900,000 төгрөгийг гаргаад өгнө асуудалгүй гэж хэлэхэд нь итгээд машиныг Л.Батсайханд өгч явуулсан. Харин машины нэрийг шилжүүлэхгүй.

Үүний дараа М.Болдбаатараас 6,900,000 төгрөгөө авахаар хандахад Л.Батсайхан та хоёр хоорондоо 5,000,000 төгрөгөө хасаж тохироо биз дээ гэж өөрөөсөө бултуулан өнөөдрийг хүрч байна. Мөн Л.Батсайханд машинаа авий гэхэд задлаад зарсан, машин чинь байхгүй гэдэг хариу өгдөг. Миний хувьд Л.Батсайхан гэдэг хүнийг танихгүй гэнэт гарч ирээд аваад явсан.

М.Болдбаатар, Л.Батсайхан нар нь өмнө нь байр худалдах, худалдан авахаар тохиролцож надад зарсан машиныг үнийг дүн оролцуулан М.Болдбаатарт өгснийг М.Болдбаатар надад 15,000,000 төгрөг зарсан байсан. Дараа тэр хоёр наймааны үнийг дүн дээр тохирч чадаагүй улмаас өгсөн, авсан зүйлээ буцаах болж надад зарсан машинаа Л.Батсайхан буцааж өгснийг би дараа нь мэдсэн.

Одоо миний машины мөнгө 6,900,000 төгрөгийг М.Болдбаатар, Л.Батсайхан нараас нэхэхээр аль аль өөрөөсөө бултуулдаг. М.Болдбаатар 1,900,000 төгрөгийг чинь өгнө гэдгээр өөр юмгүй өнөөдрийг хүрлээ.

Иймд М.Болдбаатар, Л.Батсайхан нараас миний машины мөнгө болох 6,900,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч Б.Бямбын өмгөөлөгч С.Базардорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон хэргийн оролцогч нарын гаргаж байгаа тайлбаруудыг сонслоо. М.Болдбаатар Б.Бямба нарын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдсан байна. Хариуцагч М.Болдбаатарын яриагаар бол талууд гэрээнээс татгалзан машинаа авсан гэдэг тайлбар хийсэн. Энэ нь Иргэний хуулийн 264.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээнээс харилцан татгалзсан бол өгсөн авсан зүйлээ буцааж өгөх үүрэгтэй. Иймд 5.000.000 төгрөгийн тухайд Батсайхан М.Болдбаатарт машиныг өгсөн учраас гэмтэл хохирол учирсан бол нэхэмжлэлээ М.Болдбаатараас нэхэмжлэх нь зүйтэй юм. М.Болдбаатар Батсайханаас авсан машиныг Б.Бямбад өгч Бямбын эзэмшлийн хугацаанд тухайн машин эвдэрсэн бол Иргэний хуулийн 264.2 дахь хэсэгт зааснаар эвдэрсэн зүйлийн хохирлыг Б.Бямбаас нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа учраас үндэслэлгүй байна гэж харж байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний хэлцэл байгуулагдсан учраас аль аль тал нь буцааж өгөх үүргийн дагуу Б.Бямба нь машиныг буцаагаад өгсөн, М.Болдбаатарт өгсөн 6.900.000 төгрөгөөс 1.300.000 төгрөгийг нь буцаан авсан байгаа. Үлдэгдэл 5.600.000 төгрөгийг гаргуулах саналтай байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч Б.Бямбын өмгөөлөгч С.Базардорж шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Л.Батсайханаас Б.Бямбад холбогдуулан 15.000.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэхээр Б.Бямба М.Болдбаатар 2-ын хооронд 15.000.000 төгрөгөөр Бонго машин худалдан авах гэрээ байгуулагдсан. Үүний урьдчилгаа төлбөрт 6.900.000 төгрөгийг М.Болдбаатарын дансанд хийсэн. Энэ 2-ын хооронд машин худалдах, худалдан авах гэрээгээр тохиролцсон асуудал байдаг. Дараа нь М.Болдбаатар Л.Батсайхан 2-ын хооронд байр худалдах, худалдан авах гэрээгээр тохиролцсон асуудал нь бүтэхгүй болоход бартераар өгсөн машинаа Л.Батсайхан М.Болдбаатараас нэхсэн. М.Болдбаатарт тухайн машин байхгүй учраас Б.Бямбаас машиныг авах шаардлага үүсэж байгаа юм. Б.Бямбыг машинаа авчраад Л.Батсайханд өгчих, би чиний өмнөөс мөнгийг чинь өгье гэдэг тохиролцоо хийгдсэн байдаг. Л.Батсайхан нь Б.Бямбаас 15.000.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Яагаад гэхээр энэ 2 хүний хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, эрх зүйн харилцаа үүсээгүй. Нэгэнт худалдагдсан Бонго маркийн автомашин бол Б.Бямбын нэр дээр шилжсэн байгаа. Тэгэхээр Б.Бямбын өмчлөл учраас Л.Батсайхан гэдэг хүн өөр хүний өмчлөлд байгаа эд хөрөнгийг авч явсан нь үндэслэлгүй. Тийм учраас 15.000.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй учраас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

 

Хариуцагч М.Болдбаатар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мончоо овогтой Болдбаатар би иргэн Батсайханд өөрийн өмчлөлийн орон сууцыг худалдаж, худалдан авахаар тохиролцсон ба орон сууцны үнийн дүнд Батсайхан надад БНСУ-д үйлдвэрлэгдсэн КИА БОНГО-3 ачааны машин байна та 15,000,000 төгрөгөнд бодоод аваач гэсэн санал тавьсан байсан.

2018 оны 1 сард би миний найз болох Хуягаатай Өмнөговь руу ажлаар явах гэж байхад нь бид уулзаад ярилцаж байтал Хуягаа манай нэг дүү урд том тэрэгтэй бас давхар махны наймаа хийдэг тэр ажилд нь портер хэрэгтэй байгаа намайг үнэ ханшийг нь судлаад өгөөч гэсэн гэж ярьсан.

Тэгэхээр нь би Батсайханы надад санал болгосон машины талаар яриад чи асуугаарай сонирхвол үзүүлье гэж хэлсэн. Тэгээд Хуягаа миний дэргэд утсаараа дүү гэх хүн рүүгээ залгаж яриад одоохондоо мөнгө нь бэлэн биш гэнээ тохирч чадвал авмаар байна гэж байна гэсэн тэгэхээр нь би хир хугацаа орох юм болоо гэсэн чинь 4 cap дотроо багтааж төлнө гэж байна гэсэн.

Ингээд би зөвшөөрч машинаа үзүүлье гээд бид 13 хороололд уулзахаар болж би Батсайханыг машиныг нь авчруулж, Хуягаагийн дүү гэх Бямба өөрөө ирж үзээд таалагдаж байна сайхан машин байна би авья гээд иргэн Бямбын хүссэнээр Батсайхан түүнд итгэж машины үнийг доорхи байдлаар төлөхөөр тохирч тэдний хооронд худалдах худалдан авах гэрээ хийгдэж Бямбын нэр дээр машиныг шилжүүлж өгсөн.

Машины төлбөрийн хувьд Бямба хөдөө яваад тээвэрлэлтийн мөнгө аваад 7,000,000/долоон сая/ төгрөг өгье үлдсэнийг нь 4 сардаа багтааж өгье гэж тохиролцоод 2020.01 сарын дундуур машиныг Бямба өөрийн өмч болгон аваад явсан.

Батсайхан машиныг шилжүүлж өгөхдөө Болдбаатарт мөнгийг нь өгөөрэй бид тооцоотой юмаа гэж Бямбатай тохирсон байдаг. Ингээд би Бямбаас Батсайханы зарсан машины мөнгийг авахаар болсон. Нэлээд хугацаа өнгөрөөд сураггүй байхаар нь утасдсан чинь утсаа авахгүй эсвэл холбогдохгүй байсаар cap гаран болсон байдаг.

Тэгээд би аргаа бараад Хуягаа руу ярьж байж Бямбатай холбогдсон. Эхний мөнгөө өгөх хугацаа өнгөрсөн байсан тул Бямбаатай холбогдоход мөнгө байдаггүй тээвэрлэлт байхгүй ажил хийж чадсангүй би машинаа явдагаар ломбарданд тавиад мөнгө авч өгнө гэсэн тэгээд машиныг барьцаанд тавьж 6,900,000 төгрөг авлаа гээд өгсөн байдаг.

Дараа нь 5 сард утасдаад мөнгө өгч чадахгүй би машинаа буцааж өгмөөр байна гэж өөрөө хэлсэн би эзнээс нь асууя би мэдэхгүй надад хамаагүй чи өөрөө мэдэж байгаа гэсэн чинь яриад өгөөч гэж гуйсан би хэлье гэхээс өөр юм тухайн үед яриагүй.

Ингэж байтал Батсайхан надаас худалдаж авна гээд амьдарч байгаа орон сууцаа авч чадахааргүй боллоо гээд над руу утасдсан. Тийм учраас би Батсайханд Бямбыг үлдэгдэл мөнгөө өгч чадахгүй нь машинаа буцааж өгмөөр байна гэсэн тухай хэлээд уулзья гээд бид уулзсан. Тэгэхэд Батсайхан орж ирсэн машин номер аваад явчихаараа 1,000,000 төгрөг алдаж зарах болно гэсэн тэгэхээр нь би Бямба руу яриад энэ тухай хэлэхэд би ойлголоо гээд уулзахаар болж бидэн дээр машинтайгаа авгайгаа даагуулаад 13 хороололд ирсэн.

Батсайхан гарч машинаа үзээд юуны чинь 1,000,000 төгрөг вэ машиныг урдаасаа нь юу ч үгүй мөргүүлээд бас мотор нь дуу орчихсон байна гээд нэлээд ууртай орж ирсэн тэгээд тэд хоорондоо ярилцахаар гараад явчихсан.

Би хүлээгээд сууж байтал тэр хоёр машины засвар үйлчилгээ үнэ нь буурсан ханшны талаар ярилцаад тохиролцож орж ирсэн Бямбын надад өгсөн мөнгөнөөс 5,000,000 төгрөг суутгахаар боллоо тэгэхээр та надад 5 саяыг Бямбад 1,900,000 буцааж өгөх юм байна гэж Батсайхан хэлэхэд Бямба өөрөө зөвшөөрсөн надад энэ хоёр тохиролцоход дундуур нь орж ярьж хэлсэн нэг ч үг үсэг байхгүй өөрсдөө хоорондоо л тохирцгоосон.

Тэгээд би Батсайханд 5,000,000 Бямбад 1,900,000 өгөхөөр болоход Бямба өөрөө зөвшөөрөөд салцгаасан. Ингээд би Батсайханд 5,000,000 төгрөгийг нь буцааж өгөөд Бямбын өөрийнх хаан банкны 5722067979 дансанд 1,300,000 төгрөгийг шилжүүлсэн одоо 600,000 өртэй байгаагаа зөвшөөрч байна.

Энэхүү тохиролцоог хийхэд Бямба болон түүний эхнэр, Батсайхан мөн түүний найз залуу байлцсан ба ямар тохироо болсныг бүгд мэдэж байгаа тул гэрчилнэ гэж бодож байна.

Мөн машиныг Бямбын нэр дээр шилжүүлж өгсөн 100 хувь түүний өмч болсон байсан тул хэн нэг нь түүний зөвшөөрөлгүй дураараа авах боломжгүй тул Бямба болон түүний эхнэр өөрсдөө хүлээн зөвшөөрч машинаа буцааж өгсөн болох нь нотлогдож байна гэж миний зүгээс үзэж байна.

Иймд иргэн М.Болдбаатар би энэ 2 хүний машин худалдах, худалдаж авах гэрээнд оролцоогүй хуулийн хүрээнд ямар нэг үүрэг хүлээх үндэслэл байхгүй тул иргэн Болдбаатар намайг энэхүү маргааны хариуцагч биш болохыг тогтоож надад холбогдуулсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Б.Бямба бол өөрөө үлдэгдэл төлбөрөө төлж чадахгүй байсан учраас машинаа буцаагаад өгье гэсний дагуу машинаа буцааж авсан. Өмгөөлөгч нь буруу тайлбарлаад байна. Авсан бол буцаагаад өгөх боломж надад байсан. Б.Бямбаа Батсайхан хоёрын тохиролцсоны дагуу 5.000.000 төгрөгийг би төлсөн. Б.Бямбаа үүнийг хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр үлдэгдэл 5.600.000 төгрөгийн төлбөрийн асуудлыг шүүхээр орж байгаад төлье гэдэг байр суурьтай байгаа. гэв.

 

Хариуцагч Л.Батсайхан шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сэлэнгэ хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Бямбын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авч дараах тайлбарыг гаргаж байна.

Л.Батсайхан миний бие 2018.01 сард М.Болдбаатараас орон сууцыг нь худалдан авахаар тохиролцож үнийн дүнд БНСУ-д үйлдвэрлэгдсэн гаалийн бичигтэй, КИА Бонго-3 ачааны автомашиныг 15,000,000 төгрөгөнд тооцож М.Болбаатарт өгсөн.

2018.05.20-ны өдрийн үед М.Болдбаатараас орон сууц худалдаж авах боломжгүй болж М.Болдбаатарт орон сууцны үнэд өгсөн байсан ачааны машиныг буцааж авахаар болсон ба автомашинаа буцаан авахад М.Болдбаатар нь Б.Бямба гэх хүний өмчлөлд бичиг баримтыг шилжүүлсэн байсан.

Б.Бямба гэх хүн автомашиныг надад авчирч өгөхдөө 6,900,000 төгрөгийг М.Болдбаатар төлсөн гэж байсан ба тухайн машиныг үзэхэд урдаас нь мөргүүлсэн, гүперийг нь хагалсан, урд салхины шил хагарсан, буруу талын хаалга цөмөрсөн, тент бүрхүүл нь урагдсан, мотор нь цохиж машин явахаа больсон байсан.

Ингээд Б.Бямбаад гаалийн бичигтэй орж ирсэн машин авч явчихаад эвдэрэл гэмтэлтэй болгосон байна энэ машиныг буцааж авахгүй, үлдэгдэл мөнгийг нь авъя гэхэд Б.Бямба нь машинд үүсгэсэн эвдэрэл гэмтлийг хүлээн зөвшөөрч М.Болдбаатарт өгсөн 6,900,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг нь суутгаж аваарай гээд машинд байсан өөрийн эд зүйлээ аваад явсан. Тус тохиролцоог тухайн үед хамт явж байсан М.Болдбаатар, С.Оюунболд нар мэднэ.

М.Болдбаатараас 5,000,000 төгрөгийг авч тухайн машинд 2018.06.04-13-ны өдрүүдэд нийт 5,020,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн.

Б.Бямба нь миний машиныг буцааж өгсөн боловч бичиг баримтыг шилжүүлж өгөөгүй ба тухай машин нь засвар хийлгэсэнээс хойш огт унаж хэрэглээгүй гражинд байгаа.

Иймд нэхэмжлэгч Б.Бямбын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 6,900,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж байна.

6.900.000 төгрөг нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. 5.000.000 төгрөг бол Б.Бямбын өөрийнх нь өмчлөлд байгаа машинд хийсэн засварын төлбөр юм. Үлдэгдэл төлбөрийг нь М.Болдбаатар өөрөө төлж байгаа юм байна. Тийм учраас Б.Бямбаас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч Л.Батсайхан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Л.Батсайхан миний бие 2018.01 сард М.Болдбаатараас орон сууцыг нь худалдан авахаар тохиролцож үнийн дүнд БНСУ-д үйлдвэрлэгдсэн гаалийн бичигтэй, КИА Бонго-3 ачааны автомашиныг 15,000,000 төгрөгөнд тооцож М.Болбаатарт өгсөн.

2018.05.20-ны өдрийн үед М.Болдбаатараас орон сууц худалдаж авах боломжгүй болж М.Болдбаатарт орон сууцны үнэд өгсөн байсан ачааны машиныг буцааж авахаар болсон ба автомашинаа буцаан авахад М.Болдбаатар нь Б.Бямба гэх хүний өмчлөлд бичиг баримтыг шилжүүлсэн байсан.

Б.Бямба гэх хүн автомашиныг надад авчирч өгөхдөө 6,900,000 төгрөгийг М.Болдбаатар төлсөн гэж байсан ба тухайн машиныг үзэхэд урдаас нь мөргүүлсэн, гүперийг нь хагалсан, урд салхины шил хагарсан, буруу талын хаалга цөмөрсөн. тент бүрхүүл нь урагдсан, мотор нь цохиж машин явахаа больсон байсан.

Ингээд Б.Бямбаад гаалийн бичигтэй орж ирсэн машин авч явчихаад эвдэрэл гэмтэлтэй болгосон байна энэ машиныг будааж авахгүй, үлдэгдэл мөнгийг нь авъя гэхэд Б.Бямба нь машинд үүсгэсэн эвдэрэл гэмтлийг хүлээн зөвшөөрч М.Болдбаатарт өгсөн 6,900,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг нь суутгаж аваарай гээд машинд байсан өөрийн эд зүйлээ аваад явсан. Тус тохиролцоог тухайн үед хамт явж байсан М.Болдбаатар. С.Оюунболд нар мэднэ.

М.Болдбаатараас 5,000,000 төгрөгийг авч тухайн машинд 2018.06.04-13-ны өдрүүдэд нийт 5,020,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн.

Б.Бямба нь автомашины бичиг баримтыг надад шилжүүлж өгөөгүй ба миний бие тухайн машиныг зарж борлуулах боломжгүй. захиран зарцуулах эрхгүй байх тул гражид хадгалж байна.

Иймд Б.Бямбаад Киа бонго-3 маркийн ачааны автоамашиныг буцаан өгөх тул машины үнэ 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Бямба хариуцагч М.Болдбаатар, хариуцагч Л.Батсайхан нарт холбогдуулан 6 900 000/зургаан сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Л.Батсайхан нэхэмжлэгч Б.Бямбад холбогдуулан 15 000 000/арван таван сая/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч М.Болдбаатар нь би энэ 2 хүний машин худалдах, худалдаж авах гэрээнд оролцоогүй хуулийн хүрээнд ямар нэг үүрэг хүлээх үндэслэл байхгүй гэж маргасан.

 

Хариуцагч Л.Батсайхан нь Б.Бямба машинд үүсгэсэн эвдэрэл гэмтлийг хүлээн зөвшөөрч М.Болдбаатарт өгсөн 6 900 000/зургаан сая есөн зуун мянга/ төгрөгөөс 5 000 000/таван сая/ төгрөгийг нь суутгаж аваарай гээд машинд байсан өөрийн эд зүйлээ аваад явсан гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Б.Бямба нь Л.Батсайхан гэж хүнтэй аман гэрээ хийж 5 000 000/таван сая/ төгрөг өгнө гэж ярьсан зүйл байхгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч нар нь орон сууц худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар Арилжааны гэрээ байгуулж, хариуцагч Л.Батсайхан нь Киа Бонго-3 маркийн бага оврын ачааны автомашиныг хариуцагч М.Болдбаатарын өмчлөлд, хариуцагч М.Болдбаатар нь орон сууцыг хариуцагч Л.Батсайханы өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Л.Батсайхан нь Киа Бонго-3 маркийн бага оврын ачааны автомашиныг хариуцагч М.Болдбаатарын өмчлөлд шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн 15 000 000/арван таван сая/ төгрөгөөр бодож ав гэсэн гэх тайлбар, хариуцагч Л.Батсайханы 15 000 000/арван таван сая/ төгрөгөнд тооцож М.Болдбаатарт өгсөн гэх хариу тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Бямба, хариуцагч М.Болдбаатар нар 2018 оны 02 дугаар сард Киа Бонго-3 маркийн бага оврын ачааны автомашиныг 15 000 000/арван таван сая/ төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн 15 000 000/арван таван сая/ төгрөгөөр бодож ав гэсэн гэх тайлбар, хариуцагч М.Болдбаатарын 6 900 000/зургаан сая есөн зуун мянга/ төгрөг өгсөн гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь ... хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн ... шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Хариуцагч М.Болдбаатар нь Киа Бонго-3 маркийн бага оврын ачааны автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлэх, нэхэмжлэгч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн тус хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Бямба, хариуцагч М.Болдбаатар нар нь Киа Бонго-3 маркийн бага оврын ачааны автомашиныг үнийг хэсэгчлэн төлж, 2018 оны 5 дугаар сард дуусгахаар харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн болон хариуцагч Л.Батсайханы хариу тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч М.Болдбаатарт Киа Бонго-3 маркийн автомашины үнэд 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 6 700 000/зургаан сая долоон зуун мянга/ төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 200 000/хоёр зуун мянга/ төгрөгийг, нийт 6 900 000/зургаан сая есөн зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, Хаан банкан дахь 5722067979 дугаар Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь автомашины үлдэгдэл төлбөр 8 100 000/15000000-6900000=8100000/ /найман сая нэг зуун мянга/ төгрөгийг 2018 оны 5 дугаар сард багтаан төлөөгүй талаар зохигчид маргаагүй болно.

 

Хариуцагч М.Болдбаатар нь 2018 оны 5 дугаар сард нэхэмжлэгчид автомашиныг буцаан авах тухай мэдэгдэж, нэхэмжлэгчээс хариуцагч Л.Батсайханд автомашиныг шилжүүлүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хариуцагч Л.Батсайханы унаж хэрэглээгүй гаражинд байгаа гэх хариу тайлбар, Хаан банкан дахь 5920332514 дугаар Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч М.Болдбаатар нь автомашиныг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад буцаан шилжүүлэн өгөөгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж заасан.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч М.Болдбаатар нар Гэрээг байгуулсан байх ба хариуцагч Л.Батсайхан нь Гэрээний талд хамаарахгүй байна.

 

Хариуцагч М.Болдбаатар нь нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад автомашиныг буцаан шилжүүлэн өгөөгүй байх ба автомашины үнэд 1 300 000/нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн болох нь зохигчийн тайлбар, Хаан банкан дахь 5920332514 дугаар Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч М.Болдбаатар нь нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад автомашиныг буцаан шилжүүлэн өгөх хангалттай хугацаа өнгөрсөн байх боловч Гэрээний үүргээ гүйцэтгээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч М.Болдбаатараас автомашины төлбөрт төлсөн 6 900 000/зургаан сая есөн зуун мянга/ төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Гэрээнээс татгалзсан гэж үзэх ба тус шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг Гэрээнээс татгалзсан өдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т ... аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ... харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж заасан.

 

Хариуцагч М.Болдбаатар нь Киа Бонго-3 маркийн автомашины үнэд нэхэмжлэгчид 1 300 000/нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг буцаан төлсөн болох нь зохигчийн тайлбар, Хаан банкан дахь 5920332514 дугаар Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар Киа Бонго-3 маркийн автомашины үнэд хариуцагч М.Болдбаатараас 5 600 000/69000000-1300000=5600000/ /таван сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 1 300 000/6900000-5600000=1300000/ /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Хариуцагч Л.Батсайхан нэхэмжлэгчээс машины үнэ 15 000 000/арван таван сая/ төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Л.Батсайхан нь нэхэмжлэгчтэй Гэрээ байгуулаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Киа Бонго-3 маркийн автомашин нь хариуцагчид Л.Батсайханы эзэмшил, ашиглалтад байгаа болох нь хариуцагч Л.Батсайханы гаражид хадгалж байгаа гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ. гэж заасан.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Л.Батсайхантай хэлцэл хийж, Гэрээ байгуулаагүй байх тул нэхэмжлэгчээс Киа Бонго-3 маркийн автомашины үнэд 15 000 000/арван таван сая/ төгрөгийг гаргуулан хариуцагч Л.Батсайханд олгох үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Болдбаатараас нийт 5 600 000/таван сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бямбад олгож, үлдсэн 1 300 000/нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг, хариуцагч Л.Батсайханд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бямбаас машины үнэ 15 000 000/арван таван сая/ төгрөгийг гаргуулах хариуцагч Л.Батсайханы сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

тогтоох нь:

 

1.  Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Болдбаатараас нийт 5 600 000/таван сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бямбад олгож, үлдсэн 1 300 000/нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг, хариуцагч Л.Батсайханд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бямбаас машины үнэ 15 000 000/арван таван сая/ төгрөгийг гаргуулах хариуцагч Л.Батсайханы сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Бямбын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125 350 төгрөгийг, хариуцагч Л.Батсайханаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Болдбаатараас 104 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бямбад олгосугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ