Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00734

 

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00734

 

 

Б.Б-ын  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2021/00267 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч М.Б-, Л.Б- нарт холбогдох

6 900 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 15 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагч М.Б-ын өмгөөлөгч Б.Б, хариуцагч Л.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 02 дугаар сард М.Б- утсаар залган ахад нь 7 000 000 төгрөгийн мөнгөний хэрэг байна. Чи орж ирсэн Монголд яваагүй Киа Бонго-3 маркийн ачааны автомашиныг 15 000 000 бодож ав. Эхний ээлжинд 7 000 000 төгрөгийг өгчих, үлдэх 8 000 000 төгрөгийг 2018 оны 5 сардаа багтаан өгчих гэж тохиролцон автомашиныг худалдан авч 6 700 000 төгрөгийг М.Б-ын эхнэрийн 5378057495 дугаартай дансанд, 200 000 төгрөгийг М.Б-ын хэлсэн 5630536888 дугаартай дансанд тус тус 6 900 000 төгрөгийг шилжүүлэн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Уг автомашиныг аваад явж байхад яармагт машин нь гэнэт унтарч асахаа больж энэ талаар М.Б-т утсаар хэлсэн боловч аргалаад аваад явчих энэ талаар дараа болий гэсэн. Би танил, мэддэг учраас дараа болох байх гээд авто ачигчаар ачуулан Төв аймаг руу хүргүүлэн дараа нь засаж авсан. М.Б- нь 2018 оны 4 дүгээр сард анх тохиролцсоноосоо өмнө мөнгөө нэхэж эхэлсэн. Би тухай үед нь мөнгө байхгүй өгч чадахгүй байсан. Дараа нь 2018 оны 5 дугаар сард М.Б- дахин утсаар ярьж машин чинь хэрэг байна, машинаа аваад ирээ гэсэн. Би Өмнөговьд ажил хийж байсан тэр ажлаа орхиод машинаа аваад ирсэн. Л.Б- машиныг үзэж хараад 5 000 000 хасаж тооцоод авлаа гэх юм хэлэхэд би 5 000 000 төгрөг хасах юм бол би өгөхгүй, үлдэх 8 000 000 төгрөгөө өгнө гэсэн. Гэтэл М.Б- надад зүгээр өгөөд явуулчих би чиний 6 900 000 төгрөгийг гаргаад өгнө асуудалгүй гэж хэлэхэд нь итгээд машиныг Л.Б-д өгч явуулсан. Харин машины нэрийг шилжүүлэхгүй. Үүний дараа М.Б-аас 6 900 000 төгрөгөө авахаар хандахад Л.Б- та хоёр хоорондоо 5 000 000 төгрөгөө хасаж тохироо биз дээ гэж өөрөөсөө бултуулан өнөөдрийг хүрч байна. Мөн Л.Б-д машинаа авна гэхэд задлаад зарсан, машин чинь байхгүй гэдэг хариу өгдөг. Миний хувьд Л.Б- гэдэг хүнийг танихгүй гэнэт гарч ирээд аваад явсан.

М.Б-, Л.Б- нар нь өмнө нь байр худалдах, худалдан авахаар тохиролцож надад зарсан машиныг үнийг дүн оролцуулан М.Б-т өгснийг М.Б- надад 15 000 000 төгрөг зарсан байсан. Дараа тэр хоёр наймааны үнийн дүн дээр тохирч чадаагүй улмаас өгсөн, авсан зүйлээ буцаах болж надад зарсан машинаа Л.Б- буцааж өгснийг би дараа нь мэдсэн. Одоо миний машины мөнгө 6 900 000 төгрөгийг М.Б-, Л.Б- нараас нэхэхээр аль аль өөрөөсөө бултуулдаг. М.Б- 1 900 000 төгрөгийг чинь өгнө гэдгээр өөр юмгүй өнөөдрийг хүрлээ. Иймд М.Б-, Л.Б- нараас миний машины мөнгө болох 6 900 000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б- би иргэн Л.Б-д өөрийн өмчлөлийн орон сууцыг худалдажхудалдан авахаар тохиролцсон ба орон сууцны үнийн дүнд Л.Б- надад БНСУ-д үйлдвэрлэгдсэн Киа бонго-3 ачааны машин байна. Та 15 000 000 төгрөгт ав гэж санал тавьсан байсан. Би 2018 оны 01 дүгээр сард найз болох н.Хуягаатай уулзаад ярилцаж байтал н.Хуягаа манай нэг дүү урд том тэрэгтэй бас давхар махны наймаа хийдэг тэр ажилд нь портер хэрэгтэй байгаа намайг үнэ ханшийг нь судлаад өгөөч гэсэн гэж ярьсан. Тэгэхээр нь би Л.Б-ы надад санал болгосон машины талаар яриад чи асуугаарай сонирхвол үзүүлье гэж хэлсэн. Ингээд би Л.Б-ыг машиныг нь авчруулж, н.Хуягаагийн дүү гэх Б.Б-а өөрөө ирж үзээд таалагдаж Б.Б-ын хүссэнээр Л.Б- түүнд итгэж машины үнийг доорх байдлаар төлөхөөр тохирч тэдний хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдэж Б.Б-ын нэр дээр машиныг шилжүүлж өгсөн. Машины төлбөрийн хувьд Б.Б-а хөдөө яваад тээвэрлэлтийн мөнгө аваад 7 000 000 төгрөг өгнө үлдсэнийг нь 4 сардаа багтааж өгнө гэж тохиролцоод 2020 оны 01 дүгээр сарын дундуур машиныг Б.Б-а өөрийн өмч болгон аваад явсан. Л.Б- машиныг шилжүүлж өгөхдөө М.Б-т мөнгийг нь өгөөрэй бид тооцоотой юмаа гэж Б.Б-атай тохирсон байдаг. Ингээд би Б.Б-аас Л.Б-ы зарсан машины мөнгийг авахаар болсон. Эхний мөнгөө өгөх хугацаа өнгөрсөн байсан тул Б.Б-аатай холбогдоход мөнгө байдаггүй тээвэрлэлт байхгүй ажил хийж чадсангүй би машинаа ломбардад тавиад мөнгө авч өгнө гэсэн Дараа нь 5 сард утсаар залгаад мөнгө өгч чадахгүй би машинаа буцааж өгмөөр байна гэж өөрөө хэлсэн би эзнээс нь асууя би мэдэхгүй надад хамаагүй чи өөрөө мэдэж байгаа гэсэн чинь яриад өгөөч гэж гуйсан би хэлье гэхээс өөр юм тухайн үед яриагүй. Ингэж байтал Батсайхан надаас худалдаж авна гээд амьдарч байгаа орон сууцаа авч чадахааргүй боллоо гээд над руу утсаар ярьсан. Тийм учраас би Л.Б-д Б.Б-ыг үлдэгдэл мөнгөө өгч чадахгүй нь машинаа буцааж өгмөөр байна гэсэн тухай хэлээд уулзья гээд бид уулзсан. Тэгэхэд Л.Б- орж ирсэн машин номер аваад явчхаараа 1 000 000 төгрөг алдаж зарах болно гэсэн тэгэхээр нь би Б.Б-а руу яриад энэ тухай хэлэхэд би ойлголоо гээд уулзахаар болж бидэн дээр машинтайгаа авгайгаа даагуулаад 13 хороололд ирсэн. Л.Б- гарч машинаа үзээд юуны чинь 1 000 000 төгрөг вэ машиныг урдаасаа нь юу ч үгүй мөргүүлээд бас мотор нь дуу орчихсон байна гээд нэлээд ууртай орж ирсэн тэгээд тэд хоорондоо ярилцахаар гараад явчихсан.

Би хүлээгээд сууж байтал тэр хоёр машины засвар үйлчилгээ үнэ нь буурсан ханшны талаар ярилцаад тохиролцож орж ирсэн Б Бямбын надад өгсөн мөнгөнөөс 5 000 000 төгрөг суутгахаар боллоо тэгэхээр та надад 5 саяыг Б.Б-ад 1 900 000 буцааж өгөх юм байна гэж Л.Б- хэлэхэд Б.Б-а өөрөө зөвшөөрсөн надад энэ хоёр тохиролцоход дундуур нь орж ярьж хэлсэн нэг ч үг үсэг байхгүй өөрсдөө хоорондоо л тохирцгоосон. Ингээд би Л.Б-д 5 000 000 төгрөгийг нь буцааж өгөөд Б.Б-ын өөрийнх Хаан банкны 5722067979 дансанд 1 300 000 төгрөгийг шилжүүлсэн одоо 600 000 өртэй байгаагаа зөвшөөрч байна.

Мөн машиныг Б.Б-ын нэр дээр шилжүүлж өгсөн 100 хувь түүний өмч болсон байсан тул хэн нэг нь түүний зөвшөөрөлгүй дураараа авах боломжгүй тул Бямба болон түүний эхнэр өөрсдөө хүлээн зөвшөөрч машинаа буцааж өгсөн болох нь нотлогдож байна гэж миний зүгээс үзэж байна. Иймд иргэн М.Б- би энэ 2 хүний машин худалдах, худалдаж авах гэрээнд оролцоогүй хуулийн хүрээнд ямар нэг үүрэг хүлээх үндэслэл байхгүй тул иргэн М.Б- намайг энэхүү маргааны хариуцагч биш болохыг тогтоож надад холбогдуулсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Б.Б-аа Б хоёрын тохиролцсоны дагуу 5 000 000 төгрөгийг би төлсөн. Б.Б-аа үүнийг хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр үлдэгдэл төлбөрийн асуудлыг шүүхээр орж байгаад төлье гэдэг байр суурьтай байгаа гэжээ.

Хариуцагч Л.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б- миний бие 2018 оны 01 дүгээр сард М.Б-аас орон сууцыг нь худалдан авахаар тохиролцож үнийн дүнд БНСУ-д үйлдвэрлэгдсэн гаалийн бичигтэй, Киа Бонго-3 ачааны автомашиныг 15 000 000 төгрөгөнд тооцож М.Болбаатарт өгсөн. 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн үед М.Б-аас орон сууц худалдаж авах боломжгүй болж М.Б-т орон сууцны үнэд өгсөн байсан ачааны машиныг буцааж авахаар болсон ба автомашинаа буцаан авахад М.Б- нь Б.Б-а гэх хүний өмчлөлд бичиг баримтыг шилжүүлсэн байсан. Б.Б-а гэх хүн автомашиныг надад авчирч өгөхдөө 6 900 000 төгрөгийг М.Б-т төлсөн гэж байсан ба тухайн машиныг үзэхэд урдаас нь мөргүүлсэн, гуперийг нь хагалсан, урд салхины шил хагарсан, буруу талын хаалга цөмөрсөн, тент бүрхүүл нь урагдсан, мотор нь цохиж машин явахаа больсон байсан. Ингээд Б.Б-аад гаалийн бичигтэй орж ирсэн машин аваад эвдрэл гэмтэлтэй болгосон байна. Энэ машиныг буцааж авахгүй, үлдэгдэл мөнгийг нь авъя гэхэд Б.Б-а нь автомашинд үүсгэсэн эвдрэл гэмтлийг хүлээн зөвшөөрч, М.Б-т өгсөн 6 900 000 төгрөгөөс 5 000 000 төгрөгийг нь суутгаж аваарай гээд машинд байсан өөрийн эд зүйлээ аваад явсан. Тус тохиролцоог тухайн үед хамт явж байсан М.Б-, С.Оюунболд нар мэднэ. М.Б-аас 5 000 000 төгрөгийг авч тухайн машинд нийт 5 020 000 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн. Б.Б-а нь миний машиныг буцааж өгсөн боловч бичиг баримтыг шилжүүлж өгөөгүй ба тухай машин нь засвар хийлгэснээс хойш огт унаж хэрэглээгүй гражид байгаа. Иймд нэхэмжлэгч Б.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 6 900 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Л.Б- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: М.Б-аас 5 000 000 төгрөгийг авч тухайн машинд нийт 5 020 000 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн. Б.Б-а нь автомашины бичиг баримтыг надад шилжүүлж өгөөгүй ба миний бие тухайн машиныг зарж борлуулах боломжгүй, захиран зарцуулах эрхгүй байх тул гражид хадгалж байна. Иймд Б.Б-аад Киа Бонго-3 маркийн ачааны автомашиныг буцаан өгөх тул машины үнэ 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Б-аас нийт 5 600 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-ад олгож, үлдсэн 1 300 000 төгрөгийг, хариуцагч Л.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-аас машины үнэ 15 000 000 төгрөгийг гаргуулах хариуцагч Л.Б-ы сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125 350 төгрөгийг, хариуцагч Л.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б-аас 104 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-ад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Л.Б- тодорхой нөхцөлтэйгөөр Б.Б-ад зээлээр худалдахаар болсон энэ үед Л.Б- надад өглөгтэй байсан учраас төлбөрийг над руу шууд шилжүүлүүлсэн үйлдэл нь намайг Б.Б-атай худалдах худалдан авах гэрээ хийсэн гэж шүүхийн шийдвэр гарах үндэслэлийг бий болгожээ. Гэвч шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан М.Б-, Б.Б-а нарын хооронд худалдах худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзсэн нь тухайн авто машин иргэн М.Б- миний хөрөнгө байгаагүй, хууль эрх зүйн хувьд надад тухайн хөрөнгийг хэн нэгэнд худалдах эрх хуулиар үүсээгүй байсан. Үүнийг нэхэмжлэгч болон Л.Б- нарын хариу тайлбарууд нотолно. Мөн хавтас хэрэгт байгаа авто машины гэрчилгээний хуулбар нотолно. Одоо ч миний эзэмшил ашиглалтанд байхгүй байгааг Л.Б-ы би гражд хадгалж байгаа гэсэн тайлбар нотолж байна. Худалдан авсан Б.Б-а нь урьдчилгаа төлбөр болон үндсэн төлбөр аль алиныг төлөхгүй машиныг барьцаанд тавьж 6 900 000 төгрөгийг машины эзэн болох Л.Б-тай харилцан тохиролцсоны дагуу над руу шилжүүлсэн байдаг. Авто тээврийн үндэсний төв дээр очиж Л.Б- өөрөө машинаа Б.Б-ад шилжүүлж өгснийг хэн хэн нь мэдэж байгаа нь тодорхой байтал анхан шатны шүүх хурал дээр мэтгэлцэх зарчим явагдсангүй хэрвээ харилцан мэтгэлцсэн бол үнэн бодит байдал тодорхой, шүүхээс гарсан шийдвэр хууль болон бодит үнэн байдалд нийцэж гарах байлаа. Гэтэл иргэн Б.Б-а гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлж өөрөө эхэлж гэрээг цуцлах санал гаргасан төдийгүй 2018 оны 1 сараас 5 сар хүртэл тухайн автомашиныг өөрийн эзэмшил ашиглалтанд байлгаж худалдан авах нэрээр 5 сар ашиглаж энэ хугацаандаа машинд маш их хэмжээний эвдрэл гэмтэл учруулсан үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрч надад урьдчилж өгсөн 6 900 000 төгрөгөөс 5 000 000 суутгуулахаар болсон тул Л.Б- эвдэрхий машиныг авч яваад үлдэгдэл төлбөрөө өгөхгүй сар болсон тул надаас 5 000 000 төгрөгийг авч засуулсан. Энэ мөнгийг авсан болохоо Л.Б- шүүхийн хариу тайлбар болгож хэлсэн зөвшөөрсөн гэтэл нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болж гэрээний зүйлд учирсан хохиролд өөрийнх нь зөвшөөрснөөр төлсөн мөнгийг дахин Б.Б-ад төлнө гэдгийг огт ойлгохгүй ер нь би хариуцах ёсгүй тийм хууль ч байхгүй гэж үзэж байна. Анхнаасаа мөнгөө гүйцээж өгөөд аваарай гэж машиныг буцааж аваад засч янзлахгүй 1 сар хүлээсэн. Хэрэв үнэхээр Б.Б-а машины мөнгийг гүйцээж машинаа авах сонирхолтой байсан бол хангалттай хугацаа өнгөрсөн би ч энэ хугацаанд үлдэгдлээ өгч эвдсэн машинаа буцааж авахыг шаардаж байсан. Б.Б-а хуулийн дагуу гэрээний зүйлийг ашиглаж олсон ашгийг гэрээ цуцлахад мөн буцааж өгөх үүрэгтэй. Шүүхийн шийдвэр гарах болсон үндэслэл нь иргэн Л.Б-ы хууль ёсны өмч болох автомашиныг М.Б- нь Б.Б-ад худалдсан болгож Иргэний хуулийн ийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг зөрчиж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэхүү хэргийн хариуцагчаар иргэн Л.Б- болохыг тогтоож сөрөг нэхэмжлэлийг хянан шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах шатны хуралд нэхэмжлэгч Б.Б-а болон хариуцагч Л.Б- нарыг биечлэн оролцуулж харилцан мэтгэлцэх хүсэлтэй байна. Шүүх хурлын тэмдэглэлд М.Б- миний үлдэгдэл 600 000 төгрөгийг шүүхээр орж байгаад төлнө гэж хэлснийг үлдэгдэл 5 600 000 төгрөг гэж ташаа бичсэн шүүх хурлын тэмдэглэлд өөрчлөлт хийж залруулж өгнө үү. Хэрэв анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2, 205.2.3 3 тус тус заалтаар иргэн Б.Б-а нь машины засварт зориулсан 5 020 000 төгрөгийг төлөх үүрэгтэй тул хариуцагч М.Б-т олгохыг хүсч байна. Мөн өнөөдрийг хүртэл тухайн автомашин нь иргэн Б.Б-ын өмчлөл дээр байгаа тул албан ёсоор машины бичиг баримтыг миний нэр дээр буцаан шилжүүлэхийг иргэн Б.Б-ад даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийн хувьд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Б-а нь хариуцагч М.Б-, хариуцагч Л.Б- нарт холбогдуулан автомашины үнэд төлсөн 6 900 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Л.Б- 15 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Нэхэмжлэгч Б.Б-а нь Киа Бонго-3 маркийн бага оврын ачааны автомашин худалдан авах зорилгоор 2018 оны 2 дугаар сард 6 900 000 төгрөгийг хариуцагч М.Б-т төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Хариуцагч М.Б- нь Б.Б-а болон Л.Б- нарын хооронд автомашин худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн,өөрт нь хамааралгүй гэж тайлбарлаж байгаа боловч уг автомашин хариуцагч Л.Б-ы хариуцагч М.Б-аас худалдан авахаар тохиролцсон гэх орон сууцны төлбөрт тооцогдож байсан зэргээс үзэхэд нэхэмжлэгч Б.Б-а, хариуцагч М.Б- нарын хооронд 15 000 000 төгрөгөөр автомашин худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч Б.Б-а, хариуцагч М.Б-т үнийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон, нэхэмжлэгч үнийн зарим хэсэг 6 900 000 төгрөгийг хариуцагч М.Б-т төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байсан ба хариуцагч Л.Б-ы ...М.Б-т орон сууцны үнэд өгсөн байсан ачааны машиныг буцааж авахаар болсон.... гэсэн тайлбар, нэхэмжлэгч Б.Б-ын ...2018 оны 5 дугаар сард М.Б- дахин утсаар ярьж машин чинь хэрэг байна, машинаа аваад ир гэсэн... машиныг Л.Б-д өгч явуулсан... гэсэн тайлбар, хариуцагч М.Б-ын ...би Л.Б-д Б.Б-ыг үлдэгдэл мөнгөө өгч чадахгүй нь машинаа буцааж өгмөөр байна гэсэн тухай хэлээд уулзъя гээд бид уулзсан... гэсэн тайлбар зэргээс үзэхэд автомашин худалдах, худалдан авах гэрээнээс талууд татгалзсан үйл баримт тогтоогджээ.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Б- нь автомашины үнэд хүлээн авсан 5 600 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б-ад төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч Л.Б- нэхэмжлэгч Б.Б-а нарын худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болно. Нэхэмжлэгч Б.Б-а Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу автомашиныг буцаан өгсөн, харин гэрчилгээг шилжүүлж өгөөгүй байгаа боловч энэ талаар болон автомашины доголдлын асуудал энэ хэргийн маргааны зүйл биш тул тусад нь нэхэмжлэл гаргах боломжтой.

Хариуцагч М.Б- нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотой сөрөг шаардлага гаргаагүй, үнийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулдаггүй тул давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх талууд шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогдож байхад тухайн маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн нь, сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд заасан хэлцлийг тодорхойлсон зохицуулалтаар шийдвэрлэсэн нь тус тус буруу байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2021/00267 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтын 225 дугаар зүйлийн 225.1 гэснийг хасч, 2 дахь заалтын 39 дүгээр зүйлийн 39.1 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч М.Б-аас төлсөн 104 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Н.БАТЗОРИГ