Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2017/00564

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 17 өдөр          Дугаар 182/ШШ2017/00564          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Г -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: АМГТГ-т холбогдох,

 

“Ажил олгогчийн санаачилгаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажлын байрандаа дахин томилогдож, ажилгүй байсан хугацааны цалин 1,523,146 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Х.М, Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэвэл нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Г нь дээд боловсролтой, геологич мэргэжилтэй. 1992 оны 01 дүгээр сараас эхлэн хуучнаар Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн хэлтсийн Геологийн хүрээлэн байх цагаас нь эхлэн эрдэм шинжилгээний ажилтан, инженер геологичоор ажиллаж ирсэн. Бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн гэх үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Б/84 дугаартай тушаалыг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар 1 сарын хугацаанд зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Г.Г нь Ашигт малтмалын газарт инженер геологичоор нийт 17 жил ажиллахдаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажилтны сахилга бат, хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 тоот тушаалаар илт үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн бөгөөд тушаалд дурдсан хууль зүйн болон захиргааны актын хэм хэмжээ нь нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөх үндэслэл болж чадахгүй байна.

Б/84 дугаар тушаалд дурдсан Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хууль, байгууллагын дотоод журмын ямар зүйл заалтыг зөрчсөнийг тодорхой заагаагүй. Ямар алдаа дутагдал, зөрчил гаргасныг тодорхой тусгаагүй байна. Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоол, Засгийн газрын агентлагийн талаар авах арга хэмжээний талаар Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг үндэслэл болгосон боловч Г.Гийн ажил, албан тушаалыг хассан, цөөрүүлсэн заалт байхгүй байгаа тул ажлаас чөлөөлөх үндэслэл байхгүй байна. Г.Г нь ажиллаж байх хугацаандаа 957,399 төгрөгийн дундаж цалин авч байсан. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 07-ны хүртэл хууль бус тушаалын улмаас 1,523,146 төгрөгийг авч чадахгүй байгаа тул энэ мөнгийг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Г.Гийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас үндэслэлгүй халсныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1,523,146 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын төлөөлөгч Б.Баатарцогт шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмагнай, Х.Мөнгөнжигүүр, Н.Мөнхбилэг нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын Их Хурлын 2016 оны Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны Засгийн газрын агентлагийн талаар авах арга хэмжээний талаар 4 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрыг татан буулгаж, нэгтгэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны эрхлэх ажлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газар болгон шинэчлэн баталж, тус байгууллагын орон тооны дээд хязгаарыг 185 албан хаагчтайгаар байхаар тусгасан. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Төсвийн тухай хуулийн 16.4.5, 16.5.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 42.1 дэх заалтуудыг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, мэдэлд шилжүүлэх тухай Б114 дүгээр тушаалаар Ашигт малтмалын газрын даргын үүрэгт ажлаас нийт ажилчдыг чөлөөлж, Ашигт малтмал, газрын тосны газрын мэдэлд шилжүүлж шийдвэрлэсэн байдаг.

Улсын Их хурлын тогтоол, Засгийн газрын тогтоолын дагуу 2 агентлаг нэгдэж, өөрчлөн зохион байгуулагдсантай холбогдуулж, Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24.1.4, 24.2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1.1-д заасныг үндэслэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 25-ны 10 дугаар тушаалаар газрын бүтцийн ерөнхий бүдүүвчийг 185 орон тоонд багтааж баталсан байгаа. Тушаал, тогтоолыг үндэслэн Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.4, 8.4, Төсвийн тухай хуулийн 13.5.3 дахь заалтыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн бүтэц орон тоо батлах тухай А01 тоот тушаалаар батлагдсан зохион байгуулалт, бүтэц орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн орон тоо, цалингийн сан тоог тогтоох хуулиар олгогдсон эрхийн хүрээнд агентлагийн бүтэц орон тоо, ангилал зэрэглэлийг баталсан бөгөөд нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан Геологийн албаны чиг үүрэг нь Геологи хайгуулын хэлтэс болон Эрдэс баялаг, мэдээллийн технологийн төв гэсэн 2 бүтэц болон хуваагдаж, 20 албан хаагчийн орон тоотой болгосон. Нэгтгээд чиг үүргээр нь хэлтэс төв гэсэн бүтцэд хуваагдсан.

Орон тоонд томилогдох нийт албан хаагчдыг сонгон шалгаруулах үндэслэл шаардлагыг боловсруулах, дүгнэлт гаргах ажлын хэсгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А04 тоот тушаалаар байгуулж ажиллуулсан. Тус ажлын хэсгээс Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд сонгон шалгаруулж, сонгон шалгаруулахдаа Төрийн албанд болон мэргэжлээрээ ажилласан хугацаа, ажиллах хугацаанд үр дүнгийн болоод хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийн биелэлтийн үнэлгээ, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмээ хэр биелүүлж байсан зэрэг үзүүлэлтийг харгалзан үзсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Б/84 тоот тушаалын хууль зүйн үндэслэлийг тодорхой заагаагүй, тогтоолуудыг миний эрхэлж байсан ажлыг хассан цөөрүүлсэн зүйл байхгүй тул ажлаас чөлөөлөх эрх зүйн үндэслэл болж чадахгүй гэж дурдсан байдаг. Агентлагийн даргад төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд батлагдсан төсөв, сайдын баталсан орон тооны бүтцийн хязгаарт багтаан, газрын орон тоог тогтоох эрхийг олгосон байдаг. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хуульд тодорхой заасан байгаа. Энэ эрхийнхээ хүрээнд а/01 тоот тушаалыг гаргасан. Нэхэмжлэгч өмнөх бүтцийн үед ажиллаж байсан геохимийн судалгаа хариуцсан геохимич инженер гэсэн ажлын байр нь мөн тус байгууллагын ашигт малтмалын нөөцийн хөдөлгөөний асуудал хариуцсан геологич инженер гэсэн төрийн үйлчилгээний ажлын байр байсан. Тус ажлын байранд А.Амаржаргал гэгч хүн ажиллаж байсан. Дээрх ажлын байрууд нь нэгтгэгдэн өөрчлөгдөж одоогийн бүтцэд, эрдэс баялаг мэдээллийн төвийн бүтцэд шинээр нэгтгэгдээд, ашигт малтмал, геологийн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн гэсэн ажлын байр бий болсон. 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр энэ ажлын байранд А.Амаржаргал, Г.Г нарыг өрсөлдүүлэх замаар шийдвэрлэсэн байдаг. Ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, гарсан шийдвэрүүд байдаг.

Ажлын байрны тодорхойлолтод тавигдах шалгуур үзүүлэлтийг заасан байдаг. Геологич бакалаврын зэрэгтэй байх ёстой. Энэ үзүүлэлтээр Г.Г нь 15 оноогоор дүгнэсэн байдаг. А.Амаржаргал нь геологич магистрын зэрэгтэй тул 20 оноогоор дүгнэсэн байдаг. Геологи сангийн чиглэлээр мэргэшсэн, регионал геологи, металлогенийн чиглэлээр ажиллаж байсан гэдэг шалгуур үзүүлэлтэд Г.Г нь 10 оноо, А.Амаржаргал нь 15 оноо авсан байдаг. Төрийн албанд 3 жил ажилласан гэдэг шалгуур үзүүлэлтэд 2 ажилтан нь 5, 5 оноо авсан байдаг. Үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний үнэлгээний асуудал байдаг. Энэ үзүүлэлтэд 10, 10 оноо авсан. Ёс зүйн болон сахилгын шийтгэл авч байсан эсэх гэдэг шалгуурт мөн 10, 10 оноо авсан. Нийлбэр оноогоор Г.Г 50 оноо, А.Амаржаргал 55 оноо авсан байдаг. Энэ шалгуур үзүүлэлтээр 55 оноо авсан А.Амаржаргалтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаа. Г.Г нь сонгон шалгаруулалтад орж тэнцээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэдэг үндэслэлийн дагуу ажлаас чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасны дагуу мэдэгдсэн байдаг. Мэдэгдэхдээ хүний нөөцийн хэлтсээс утсаар мэдэгдсэн байдаг.

Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.5, 8.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолууд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар тушаал, газрын даргын 2016 оны 01 тоот тушаалыг үндэслэн Г.Гийг ажлаас нь чөлөөлсөн. 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 2,080,173 төгрөгийг нэг удаагийн тэтгэмж болгон олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                                                    ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч З.Ганчимэг нь Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “Ажил олгогчийн санаачилгаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажлын байрандаа дахин томилогдож, ажилгүй байсан хугацааны цалин 1,523,146 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Нэхэмжлэгч Г.Г нь Ашигт малтмалын газрын Геологийн албаны геохимийн судалгаа хариуцсан геохимич инженерээр ажиллаж байсан бөгөөд Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/114 дүгээр тушаалаар агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа албан хаагчдын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, Ашигт малтмал, газрын тосны газрын мэдэлд шилжүүлж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын Б/84 дүгээр тушаалаар орон тоо цөөрсөн үндэслэлээр Г.Гийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 32 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/114 дүгээр тушаал, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 дүгээр тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн  6-7, 54, 55-57, 81-84 дүгээр тал/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Б/84 дугаар тушаалд дурдсан Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хууль, байгууллагын дотоод журмын ямар зүйл заалтыг зөрчсөнийг тодорхой заагаагүй. Ямар алдаа дутагдал, зөрчил гаргасныг тодорхой тусгаагүй байна. Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай 2016 оны 12 дугаар тогтоол, Засгийн газрын агентлагийн талаар авах арга хэмжээний талаар Засгийн газрын 2016 оны 04 дүгээр тогтоолыг үндэслэл болгосон боловч Г.Гийн ажил, албан тушаалыг хассан, цөөрүүлсэн заалт байхгүй байгаа тул ажлаас чөлөөлөх үндэслэл байхгүй байна...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын тогтоолын дагуу 2 агентлаг нэгдэж, өөрчлөн зохион байгуулагдаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар тушаалаар газрын бүтцийн ерөнхий бүдүүвчийг 185 орон тоонд багтааж баталж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны бүтэц орон тоо батлах тухай А/01 тоот тушаалаар батлагдсан зохион байгуулалт, бүтэц орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн орон тоо, цалингийн сан тоог тогтоох хуулиар олгогдсон эрхийн хүрээнд агентлагийн бүтэц орон тоо, ангилал зэрэглэлийг баталсан бөгөөд нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан Геологийн албаны чиг үүрэг нь Геологи хайгуулын хэлтэс болон Эрдэс баялаг, мэдээллийн технологийн төв гэсэн 2 бүтэц болон хуваагдаж, 20 албан хаагчийн орон тоотой болгосон. Нэгтгээд чиг үүргээр нь хэлтэс төв гэсэн бүтцэд хуваагдсан.

Орон тоонд томилогдох нийт албан хаагчдыг сонгон шалгаруулах үндэслэл шаардлагыг боловсруулах, дүгнэлт гаргах ажлын хэсгийг 2016 оны А04 тоот тушаалаар байгуулж ажиллуулсан.

Г.Г нь сонгон шалгаруулалтад орж тэнцээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлийн дагуу ажлаас чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасны дагуу мэдэгдсэн байдаг. Мэдэгдэхдээ хүний нөөцийн хэлтсээс утсаар мэдэгдсэн байдаг.

Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.5, 8.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолууд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар тушаал, газрын даргын 2016 оны а/01 тоот тушаалыг үндэслэн Г.Гийг ажлаас нь чөлөөлсөн. 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 2.080.173 төгрөгийг нэг удаагийн тэтгэмж болгон олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй...” гэж маргажээ.

 

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нь нэхэмжлэгч Г.Гийг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн б/84 дугаар тушаалыг гаргахдаа Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоол, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар тушаал, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны “Бүтэц зохион байгуулалт батлах тухай” А/01 дүгээр тушаал зэргийг үндэслэл болгожээ.

 

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажилтан Г.Гийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ 2 агентлаг нэгтгэгдэж өөрчлөн зохион байгуулагдсантай холбоотойгоор орон тоо цөөрсөн гэж тайлбарладаг бөгөөд уг үндэслэлээ албан хаагчдыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн шалгаруулалтанд Г.Г тэнцээгүй гэж тайлбарладаг.

 

Маргаан бүхий хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 дүгээр тушаалаар Г.Гийг ажлаас нь чөлөөлөхдөө тушаалын үндэслэлд хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй хэдий ч уг тушаалын агуулгаас харвал орон тоо цөөрсөн буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”,

 

40.1.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох үндэслэлийг зохицуулсан байна.

 

Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” тогтоолоор тухайн тушаалын хавсралтаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газрыг хамруулж, Засгийн газрын 2016 оны 4 дүгээр “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газар, 2 дугаар хавсралтаар Ашиг малтмал, газрын тосны газрыг орон тооны хязгаарыг 185 орон тоогоор баталжээ. /хх-ийн 21-22, 23-30 дугаар тал/

 

Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Хуулийн этгээдийн хөрөнгийг өмчлөгч буюу эрх олгосон байгууллага, түүнчлэн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийг хуульд заасан журмын дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно”,

31.2-т “Хоёр буюу хэд хэдэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нийлүүлэх гэнэ” гэж тус тус заажээ.

 

Ажил олгогч өөрчлөн зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Ашигт матмалын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/114 дүгээр “Ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, мэдэлд шилжүүлэх тухай” тушаалын 2-т зааснаар тушаал батлагдсантай холбогдуулан тус агентлагт хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа албан хаагчдын гэрээг дуусгавар болгож, Агентлагийн албан хаагчдыг үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан 2 дугаар хавсралтад дурдагдсан иргэдийг Ашигт малтмал, газрын тосны газрын мэдэлд шилжүүлж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан Ашигт, малтмалын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 03-ын Б/114 дүгээр тушаалаар тогтоогдож байна. /хх-ийн 55-58 дугаар тал/

 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заажээ.

 

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/04 дугаар тушаалаар Ашигт малтмал, газрын тосны газар шинэчлэн байгуулагдсантай холбогдуулан батлагдсан орон тоонд томилогдох албан хаагчдыг сонгон шалгаруулах үндэслэл, шалгуур үзүүлэлтийг боловсруулах дүгнэлт гаргах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталжээ. /хх-ийн 31-32 дугаар тал/

 

Дээрх ажлын хэсгийн Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн Ашигт малтмал, геохимийн мэдээллийн сан хариуцсан ажилтны сонгон шалгаруулалтын 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлтээр Г.Г болон А.Амаржаргал нарыг сонгон шалгаруулж Г.Г нь авбал зохих 60 онооноос 50 оноог авч сонгон шалгаруулалтад тэнцээгүй тул тухайн ажлын байранд томилох боломжгүй талаар дүгнэлтийг гаргасан байна. /хх-ийн 46-47 дугаар тал/

 

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн Ашигт малтмал, геохимийн мэдээллийн сан хариуцсан ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан чухал шаардлагатай гэх шаардлагыг Г.Г хангаагүй гэх үндэслэлээр дүгнэлт гаргасан ажлын хэсгийн дүгнэлт болон өөрийн байгууллагад ажиллуулах ажилтныг сонгох ажил олгогчийн эрхийг хязгаарлах эрх зүйн үндэслэл байхгүй байна. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн  40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж  татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж заажээ.

 

Ажил олгогч Ашиг малтмал, газрын тосны газар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40  дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсэгт заасныг үндэслэн ажлаас чөлөөлөх мэдэгдлийг Г.Гт 2016 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр утсаар мэдэгдсэн болохыг нэхэмжлэгчийн төлөөлөгч үгүйсгээгүй бөгөөд шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан болох нь хэрэгт авагдсан 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн мэдэгдэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т заасан үүргийг ажил олгогч биелүүлсэн гэж үзэхээр байна. /хх-ийн 48 дугаар тал/

 

Нэхэмжлэгчийн ажлын байр буюу тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн үндэслэлээр уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба ажил олгогчийн зүгээс орон тоо цөөрүүлэх тухай шийдвэр гаргахдаа ажилтнуудад мэдэгдэх, ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах, орон тооны цомхтголд орж буй ажилтнуудад цалин болон ажлаас халагдсаны тэтгэмж олгох зэрэг ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэхээр байх тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Гийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

            Иймд дээр дурдсанаар ажил олгогчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 дугаартай тушаалыг хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул “Ажил олгогчийн санаачилгаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажлын байрандаа дахин томилогдож, ажилгүй байсан хугацааны цалин 1,523,146 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Г нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС