Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1248

 

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2017/01248

 

 

 

Г.Ганчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00564 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Ганчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны 1 523 146 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Мягмардорж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Батмагнай, Х.Мөнгөнжигүүр,Н.Мөнхбилэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам  нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ганчимэг нь 1992 оны 01 дүгээр сараас эхлэн хуучнаар Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн хэлтсийн Геологийн хүрээлэн байх цагаас нь эхлэн эрдэм шинжилгээний ажилтан, инженер геологичоор ажиллаж ирсэн.

Бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн гэх үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Уг тушаал нь илт үндэслэлгүй бөгөөд тушаалд дурдсан хууль зүйн болон захиргааны актын хэм хэмжээ нь нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөх үндэслэл болж чадахгүй байна.

Б/84 дугаар тушаалд дурдсан Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хууль, байгууллагын дотоод журмын ямар зүйл заалтыг зөрчсөнийг тодорхой заагаагүй. Ямар алдаа дутагдал, зөрчил гаргасныг тодорхой тусгаагүй байна.

Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоол, Засгийн газрын агентлагийн талаар авах арга хэмжээний талаар Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг үндэслэл болгосон боловч Г.Ганчимэгийн ажил, албан тушаалыг хассан, цөөрүүлсэн заалт байхгүй байгаа тул ажлаас чөлөөлөх үндэслэл байхгүй байна.

Г.Ганчимэг нь ажиллаж байх хугацаандаа 957 399 төгрөгийн дундаж цалин авч байсан. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 07-ны хүртэл хууль бус тушаалын улмаас 1 523 146 төгрөгийг авч чадахгүй байгаа тул энэ мөнгийг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Г.Ганчимэгийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас үндэслэлгүй халсныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1 523 146 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын Их Хурлын 2016 оны Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны Засгийн газрын агентлагийн талаар авах арга хэмжээний талаар 4 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрыг татан буулгаж, нэгтгэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны эрхлэх ажлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газар болгон шинэчлэн баталж, тус байгууллагын орон тооны дээд хязгаарыг 185 албан хаагчтайгаар байхаар тусгасан.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн бүтэц орон тоо батлах тухай А/01 тоот тушаалаар батлагдсан зохион байгуулалт, бүтэц орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн орон тоо, цалингийн сан тоог тогтоох хуулиар олгогдсон эрхийн хүрээнд агентлагийн бүтэц орон тоо, ангилал зэрэглэлийг баталсан бөгөөд нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан Геологийн албаны чиг үүрэг нь Геологи хайгуулын хэлтэс болон Эрдэс баялаг, мэдээллийн технологийн төв гэсэн 2 бүтэц болон хуваагдаж, 20 албан хаагчийн орон тоотой болгосон. Нэгтгээд чиг үүргээр нь хэлтэс төв гэсэн бүтцэд хуваагдсан. Орон тоонд томилогдох нийт албан хаагчдыг сонгон шалгаруулах үндэслэл шаардлагыг боловсруулах, дүгнэлт гаргах ажлын хэсгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А04 тоот тушаалаар байгуулж ажиллуулсан. Тус ажлын хэсгээс Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд сонгон шалгаруулж, сонгон шалгаруулахдаа Төрийн албанд болон мэргэжлээрээ ажилласан хугацаа, ажиллах хугацаанд үр дүнгийн болоод хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийн биелэлтийн үнэлгээ, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмээ хэр биелүүлж байсан зэрэг үзүүлэлтийг харгалзан үзсэн.

Нэхэмжлэгч өмнөх бүтцийн үед ажиллаж байсан геохимийн судалгаа хариуцсан геохимич инженер гэсэн ажлын байр нь мөн тус байгууллагын ашигт малтмалын нөөцийн хөдөлгөөний асуудал хариуцсан геологич инженер гэсэн төрийн үйлчилгээний ажлын байр байсан. Тус ажлын байранд А.Амаржаргал гэгч хүн ажиллаж байсан. Дээрх ажлын байрууд нь нэгтгэгдэн өөрчлөгдөж одоогийн бүтцэд, эрдэс баялаг мэдээллийн төвийн бүтцэд шинээр нэгтгэгдээд, ашигт малтмал, геологийн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн гэсэн ажлын байр бий болсон. 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр энэ ажлын байранд А:Амаржаргал, Г.Ганчимэг нарыг өрсөлдүүлэх замаар шийдвэрлэсэн байдаг. Ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, гарсан шийдвэрүүд байдаг.

Ажлын байрны тодорхойлолтод тавигдах шалгуур үзүүлэлтийг заасан байдаг. Геологич бакалаврын зэрэгтэй байх ёстой. Уг үзүүлэлтийн нийлбэр оноогоор Г.Ганчимэг 50 оноо, А.Амаржаргал 55 оноо авсан байдаг. Энэ шалгуур үзүүлэлтээр 55 оноо авсан А.Амаржаргалтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаа. Г.Ганчимэг нь сонгон шалгаруулалтад орж тэнцээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэдэг үндэслэлийн дагуу ажлаас чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн байдаг. Мэдэгдэхдээ хүний нөөцийн хэлтсээс утсаар мэдэгдсэн байдаг.

Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.5, 8.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолууд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар тушаал, газрын даргын 2016 оны 01 тоот тушаалыг үндэслэн Г.Ганчимэгийг ажлаас нь чөлөөлсөн. 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 2 080 173 төгрөгийг нэг удаагийн тэтгэмж болгон олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул "Ажил олгогчийн санаачилгаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажлын байрандаа дахин томилогдож, ажилгүй байсан хугацааны цалин 1 523 146 төгрөг гаргуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Ганчимэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6/84 дугаартай тогтоол нь холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй илтэд хууль зүйн үндэслэлгүй тушаал болсон. Тодруулбал ажилтныг ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөх үндэслэлийн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсгүүдэд тодорхой заасан байх бөгөөд хариуцагчийн зүгээс маргаан бүхий 6/84 дүгээр тушаалд дээрхи хуулийн зохицуулалтыг огт хэрэглээгүй.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан үндэслэл журмын дагуу мэдэгдсэн зүйл байхгүй бөгөөд энэ талаархи бичгийн баримт хэрэгт авагдаагүй байдаг. Гэтэл анхан шатны шүүх “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан үүргийг ажил олгогч биелүүлсэн гэж үзэхээр байна" гэж дүгнэсэн нь хууль бус дүгнэлт болсон.

Хуучин Ашигт Малтмалын газрын Геологийн алба нь нийт 18 ажилтны орон тоотой үйл ажиллагаа явуулж байсныг шинэчилсэн бүтцэд эрдэс баялаг мэдээллийн төв болгон өөрчилж орон тоог нэмэгдүүлж 20 ажилтны орон тоотой батлагдсан байхад хариуцагчийн зүгээс орон тооц цөөрсөн, хасагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж байгаа нь илтэд хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарласан талаар хариуцагчаас тайлбарладаг. Гэтэл сонгон шалгаруулалт явуулж байгаа талаар нэхэмжлэгчид мэдэгдэж тайлбарласан зүйл байхгүй, ажилласан жил дадлага туршлага зэрэг тухайн ажлын байранд тавигдах гол үзүүлэлтийг харгалзалгүй зөвхөн магистер зэрэгтэй гэх үндэслэлээр 5 оноо илүү өгч сонгон шалгаруулалтанд тэнцээгүй гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

            Нэхэмжлэгч Г.Ганчимэг нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 1 523 146 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч Г.Ганчимэг нь хариуцагч байгууллагатай 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 32 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулан тус компанийн геохимийн судалгаа хариуцсан геохимич инженерийн албан тушаалд ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдож байна.

           

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 дугаар тушаалд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Улсын Их хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 4 дүгээр тогтоол, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар тушаал, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Бүтэц зохион байгуулалт батлах тухай” А/01 дүгээр тушаалыг тус тус үндэслэсэн ба хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.

 

Ажил олгогчийн гаргасан дээрх тушаалын үндэслэл болох Ашигт малтмал газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/114 дүгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримталсан үндэслэлээ тус агентлагын зохион байгуулалт бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 245 хүний орон тоотой баталсныг 185 хүний орон тоотой болгож цөөрүүлсэн гэж тайлбарлажээ.

 

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн а/01 дугаар тушаалын хавсралтаар 185 хүний орон тоотой байхаар баталсан ч  орон тоо цөөрүүлсэн гэх нотлох баримт буюу 245 хүний орон тоотой байсан талаар хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх орон тоо цөөрсөн гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон. Ажил олгогчийн гаргасан тушаалын үндэслэлд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00564 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧИД                                                          С.ЭНХТӨР

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА