Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/125

 

220/2021/0066                                                                                                                                                          

 

                                                                                                                                                                            

 

  2021             01           28                                         2021/ДШМ/125    

 

Д.С-, Д.Б-, Г.Д-,

Т.Б- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Бүжинлхам,

яллагдагч Д.С-, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Н.Ууганцэцэг,

яллагдагч Д.Б-ийн өмгөөлөгч Д.Цолмон,

яллагдагч Т.Б-ы өмгөөлөгч Д.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЗ/2176 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Бүжинлхамын бичсэн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 67 дугаартай эсэргүүцлээр Д.С-, Д.Б-, Г.Д-, Т.Б- нарт холбогдох эрүүгийн 1941000680219 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Д-,

 

2. С-,

 

3. Б-,

 

4. Б-,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 385 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгөөр 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн;

 

1. Яллагдагч Д.С- нь Д.Б-тэй бүлэглэн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Д-ын хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгаж байсан “Я.Ундрах 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр бусдад зодуулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан” гэх хэрэг бүртгэлтийн 191000792 дугаартай хэргийг өөрт ашигтай шийдвэрлүүлж, давуу байдал бий болгох зорилгоор 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 20.000.000 төгрөгийг Д.Б-өөр дамжуулан, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга Т.Б-д 10.000.000 төгрөгийн, Д.Б- болон Т.Б- нартай бүлэглэн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Д-т 5.000.000 төгрөгийн хахууль тус тус өгөх гэмт хэргийг санаачлан зохион байгуулж, хамтран оролцсон гэмт хэрэгт,

2. Яллагдагч Д.Б- нь Д.С-тэй бүлэглэн, түүний зохион байгуулснаар Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Д-ын хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгаж байсан “Н.Ундрах 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр бусдад зодуулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан” гэх хэрэг бүртгэлтийн 191000792 дугаартай хэргийг Д.С-д ашигтай шийдвэрлүүлж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахуульд өгүүлсэн 20.000.000 төгрөгөөс,

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга Т.Б-д “Н.Ундрах бусдад зодуулсан” гэх хэрэг бүртгэлтийн 191000792 дугаартай хэргээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Н.Мөрөнгөөс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогч Н.Ундрахын биеийн гадна хэсгийг харуулсан 26 кадр фото зургийг устгуулж, хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлүүлж давуу байдал олгуулсны хариуд 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөгийг,

мөн Т.Б-тай бүлэглэн, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Д-т албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан буюу “Н.Ундрах 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр бусдад зодуулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан” гэх хэрэг бүртгэлтийн 191000792 дугаартай хэргээс хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Н.Мөрөнгөөс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогч Н.Ундрахын биеийн гадна хэсэгт үүссэн гэмтлийг харуулсан 26 кадр фото зургийг устгуулж, хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлсний хариуд 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөгийг хахуульд тус тус өгсөн,

2019 оны 5 дугаар сард яллагдагч Д.С-гээс хууль бус үйл ажиллагаанд зориулж хахууль өгөх гэмт хэрэгт зарцуулахаар түүнд шилжүүлсэн 20.000.000 төгрөгөөс, зөрж гүйцэтгэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 5.000.000 төгрөгийг авч залилсан,

2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр нийтийн албан тушаалтан Г.Д-тай бүлэглэн, Д.С-гийн ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтныг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгүүлэх буюу “Н.Ундрах бусдад зодуулсан” гэх хэрэг бүртгэлтийн 191000792 дугаартай хэргийг хааж эцэслэн шийдвэрлүүлэхээр амлаж, дээрх үйлдлийг гүйцэтгэхийн тулд дахин 20.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэгт,

Яллагдагч Г.Д- нь хууль сахиулагч буюу Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга Т.Б-тай бүлэглэн 2019 оны 5 дугаар сард өөрийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан “Н.Ундрах бусдад зодуулсан” гэх хэрэг бүртгэлтийн 191000792 дугаартай хэргээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Н.Мөрөнгөөс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогч Н.Ундрахын биеийн гадна хэсгийг харуулсан 26 кадр фото зургийг устгасан,

мөн дээрх нотлох баримтуудыг устгаж, Д.С-гийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлсний хариуд Д.Б-, Т.Б- нараар дамжуулан, Д.С-гээс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөгийн хахууль авсан,

Д.Б-тэй бүлэглэн, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Д.С-гийн ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтны гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд буюу “Н.Ундрах бусдад зодуулсан” гэх хэрэг бүртгэлтийн 191000792 дугаартай хэргийг хаах шийдвэр гаргуулахаар мөрдөгчийн санал гаргасны хариуд урьд авсан 5.000.000 төгрөг дээр нэмж дахин 20.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэгт,

Яллагдагч Т.Б- нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгчөөр ажиллаж байсан Г.Д-тай урд Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт хамт ажиллаж байсан давуу байдлаа ашиглан хууль бусаар нөлөөлж, түүний мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан “Н.Ундрах бусдад зодуулсан” гэх хэрэг бүртгэлтийн 191000792 дугаартай хэргээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Н.Мөрөнгөөс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогч Н.Ундрахын биеийн гадна хэсгийг харуулсан 26 кадр фото зургийг устгуулахаар ятгаж, зааж зөвлөж, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгасан,

мөн Г.Д-т хууль бусаар нөлөөлж, Д.С-гийн ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтныг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгүүлсэн буюу "Н.Ундрах бусдад зодуулсан” гэх хэрэг бүртгэлтийн 191000792 дугаартай хэргээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгуулж, хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж давуу байдал олгуулсны хариуд Д.Б-өөр дамжуулан Д.С-гээс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөгийн хахууль авсан,

               мөн Д.С-гийн Д.Б-өөр дамжуулан хахуульд өгсөн 20.000.000 төгрөгнөөс 5.000.000 төгрөгийг Д.Б-тэй бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөгч Г.Д-т дамжуулан өгч хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцож, хамтран гүйцэтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Д.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

Г.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4  дэх хэсэгт зааснаар,

Т.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэргээс үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 275 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, гардуулахаас өмнө дараах тогтоолуудыг гаргажээ. Үүнд:

Прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 478 дугаар тогтоолоор /4хх 160-169/ Д.С-д сонсгосон ялд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар” гэж өөрчлөлт оруулж, яллагдагч Д.С-г 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өмгөөлөгч Н.Ууганцэцэгийг байлцуулан мэдүүлэг авсан. /4хх 170-172/,

прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 475 дугаар тогтоолоор /4хх 147-156/ Т.Б-д сонсгосон ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар” гэж өөрчлөлт оруулж, яллагдагч Т.Б-ыг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өмгөөлөгч Д.Батбаярыг байлцуулан мэдүүлэг авсан /4хх 157-159/,

прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 476 дугаар тогтоолоор /4хх 133-143/ Д.Б-өд сонсгосон ялд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар” гэж нэмэлт өөрчлөлт оруулж, яллагдагч Д.Б-ийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өмгөөлөгч Д.Цолмонг байлцуулан мэдүүлэг авсан /4хх 144-146/,

прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 477 дугаар тогтоолоор /4хх 173-182/ Г.Д-т сонсгосон ялд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар” гэж өөрчлөлт оруулж, яллагдагч Г.Д-ыг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр өмгөөлөгч А.Энхтүвшинг байлцуулан мэдүүлэг авсан /4хх 2-3/,

прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Хүсэлт хангахаас татгалзах тухай” 575, 576 дугаар тогтоолд /4хх 188, 197-198/ гомдол гаргах эрхийг заагаагүй байна. Прокуророос дээрх тогтоолуудад гомдол гаргах эрхийг оролцогчдод эдлүүлээгүй, гомдол гаргах бодит боломж, хугацаа олголгүйгээр шууд яллах дүгнэлт гардуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь оролцогчийн хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. ...Энэ талаар гаргасан өмгөөлөгч нарын хүсэлт үндэслэлтэй байх тул хүсэлтийг хүлээн авч хангах нь зүйтэй.

2. Прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 476 дугаар тогтоолоор /4хх 133-143/ Д.Б-ийн үйлдлийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай” гэж нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Прокурор 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 476 дугаар тогтоолын дүгнэлт хэсэгт “...Харин Д.С-гийн хувьд 20.000.000 төгрөгийг Д.Б-өд хүлээлгэн өгснийг түүний “Хахууль өгөх” гэмт үйлдлийн хүсэл зорилго биелэгдсэн, нөгөө талаас 20.000.000 төгрөгийг бүхэлд нь хууль бус, гэмт хэргийн шинжтэй зорилгоор зарцуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн хүн” гэж үзэхгүй, түүний өмчлөгчийн эрх зөрчигдөөгүй тул, хохирогчоор тогтоох шийдвэр гаргах хууль зүйн боломжгүй гэж дүгнэсэн болно” хэмээсэн нь үндэслэл муутай шийдвэр болжээ. Учир нь, Монгол Улсын иргэн хэн боловч хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг баталгаатай эдлэх учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэг бүхэлдээ хүний өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн талаар зааж зохицуулж, уг эрхийг баталгаажуулсан байна. Тухайн бүлэгт заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу материаллаг хохирол учирсан байхыг шаарддаг онцлогтой. Өмчлөгч Д.С-д 5.000.000 төгрөгийн материаллаг хохирол учирсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Мөн түүнийг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэр гараагүй байхад “хууль бус, гэмт хэргийн шинжтэй зорилгоор зарцуулсан тул хохирогчоор тогтоох хууль зүйн боломжгүй” гэж дүгнэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь ...гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэх заалтыг зөрчсөн байна. Хэрэв прокуророос яллагдагч Д.Б-ийг “иргэн Д.С-г залилж 5.000.000 төгрөгийг нь өөртөө хууль бусаар авсан” гэж яллаж байгаа бол Д.С-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогч” гэж үзнэ. Иймд Д.С-г хохирогчоор тогтоох, хуульд заасан эрх үүргийг тайлбарлаж танилцуулах, уг эрх, үүргээ хэрэгжүүлэх бодит боломжоор хангаж, холбогдох мөрдөн байцаалтын ажиллагааг зайлшгүй явуулах шаардлагатай гэх үндэслэлээр Д.С-, Д.Б-, Г.Д-, Т.Б- нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Бүжинлхам бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...“прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан” шийдвэрт оролцогч нараас гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй, яллах дүгнэлт гардуулж шүүхэд шилжүүлсэн, оролцогчдын эрхийг зөрчсөн гэх асуудлын тухайд:

Оролцогчдын гомдол, хүсэлт гаргах эрх, түүнийг шийдвэрлэх журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 15 дугаар бүлэгт хуульчлан тогтоосон нь хууль зүйн хувьд “нийтлэг зохицуулалт” юм. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд заасан “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах” гэсэн зохицуулалт нь хууль зүйн хувьд “журам тогтоосон шинжтэй”, “тусгайлсан зохицуулалт” юм. Энэ тусгайлсан зохицуулалт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын шийдвэрийг журамласан шинжтэй учраас энэ шийдвэрт гомдол гаргах эрхийг хуульд тусгайлан зохицуулаагүй байна. Хуульд тусгайлан зохицуулаагүй асуудлыг, хуулийн “Нийтлэг зохицуулалт”- тай адилтган үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд заасан “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах”, уг шийдвэрийг танилцуулах ажиллагаанд гомдол гаргах эрхтэй мэтээр шүүх авч үзсэнийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ. Яллагдагч нарын зүгээс яллах дүгнэлтийг гардан авахаас татгалзаж, яллагдагчаар татах тогтоолд орсон нэмэлт өөрчлөлтийг эс зөвшөөрсөн гомдол огт гаргаагүй, харин яллагдагч Д.С-гийн өмгөөлөгчийн зүгээс нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасныг прокуророос хянаад, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзээд хангахаас татгалзаж шийдвэрлэж, тухай бүрд хариуг бичгээр өгч, шийдвэрийг хавтас хэрэгт хавсарган, яллагдагч нарт яллах дүгнэлтийг гардуулах ажиллагааг явуулсан. Харин яллах дүгнэлтийг гардуулсны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар” Яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ” гэсэн хууль зүйн “тусгайлсан зохицуулалт"-ын дагуу шийдвэрлэвэл зохих асуудал бий болоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Яллагдагч Д.Б-ийг иргэн Д.С-г залилж 5.000.000 төгрөг өөртөө хууль бусаар авсан гэж яллаж байгаа бол Д.С-г хохирогчоор тогтоох, хуульд заасан эрх үүргийг тайлбарлаж, уг эрх үүргээ хэрэгжүүлэх бодит боломжоор хангах, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй явуулах шаардлагатай” гэх асуудлын тухайд:

Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудалд хамаарахгүй, гэм буруугийн шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг шинжлэн судалж, талуудын тэгш мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэх асуудалд буюу мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримт, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар урьдчилан дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “урьдчилсан хэлэлцүүлгийн хүрээнд хэлэлцэх асуудлын талаарх хуулиар тогтоосон хэмжээ хязгаар"-ыг хэтрүүлсэн, дээрх буюу яллагдагч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн шинж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасныг шууд, ноцтой зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “хууль ёсны” байх зарчмыг болон мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг тус тус ноцтой зөрчсөн гэж үзнэ. Тодруулбал, яллагдагч Д.Б-ийг иргэн Д.С-гээс 5.000.000 төгрөг залилсан буюу “зөрж гүйцэтгэсэн” гэж прокурорын яллаж буй хууль зүйн үндэслэлийг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүх хүлээн зөвшөөрөх, эсхүл няцаан үгүйсгэсэн хууль зүйн дүгнэлтийг зөвхөн “Гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаан”-ы явцад хийх замаар шийдвэрлэх учиртай.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2176 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Яллагдагч Д.С- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Прокурорын шатанд гомдол гаргах эрхээр хангаагүй, гэм буруугүйгээ нотлохоор байхад хүлээж аваагүй зэрэг нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. ...” гэв.

 

Яллагдагч Д.С-гийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг хүлээж авах үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 3, 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан эрхүүдийг эдлүүлээгүй. 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 478 дугаартай “яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр танилцуулсан. ...” гэв.

 

Яллагдагч Д.С-гийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад шийдвэрлэвэл зохих оролцогчдын эрхийг хэрхэн хангасан, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй. Ямар нэгэн гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт гаргаагүй байхад прокурор эсэргүүцэлдээ анхан шатны шүүх гэм буруу, зүйлчлэлийн талаар дүгнэлт хийсэн гэж байгаа нь үндэслэлгүй. Прокуророос гарч байгаа аливаа шийдвэр нь эрхийн акт бөгөөд тухайн актанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ажлын 3 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Би 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт оруулсан тогтоолыг яллах дүгнэлтийн хамт гардаж авсан тул дээд шатны прокурорт гомдол гаргах эрх олгоогүй. ...” гэв.

 

Яллагдагч Д.Б-ийн өмгөөлөгч Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Прокуророос миний үйлчлүүлэгч Д.Б-ийг 5.000.000 төгрөг залилсан буюу зөрж гүйцэтгэсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл 5.000.000 төгрөгийг хэрхэн яаж зарцуулсан талаар огт шалгаж тодруулаагүй. Д.Б- мэдүүлэхдээ Д.С-д давуу байдал олгохын тулд Т.Б-, Г.Д- нарт 5.000.000 төгрөгийг зарцуулсан гэдэг боловч энэ талаар шалгалгүй, залилах гэмт хэрэг гэж үзсэн нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Яллагдагч Т.Б-ы өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.С-, Д.Б-, Г.Д-, Т.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

 

Прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 475, 476, 477, 478 дугаартай "Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай" тогтоол болон хүсэлт хангахаас татгалзсан тогтоолуудад гомдол гаргах эрхийг оролцогчдод эдлүүлээгүй, гомдол гаргах бодит боломж, хугацаа олголгүйгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн гэх асуудлын тухайд, нотлох баримт гаргуулах, шалгуулах талаар гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан болон "Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай" тогтоолыг яллагдагч нарт танилцуулж, тэднээс өмгөөлөгч нарыг нь байлцуулан тайлбар, мэдүүлэг авсан байна /4хх 133-146/, /4хх 147-159/, /4хх 160-172/, /4хх 173-184/.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан, яллагдагч нарын гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Түүнчлэн шүүгчийн захирамжид заасан залилах гэмт хэргийн хохирогчоор Д.С-г тогтоох ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзлээ. Учир нь, гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэх бөгөөд хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хуулиар хамгаалах ёстой. Гэтэл өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад авилга өгөхөөр нэгдсэн этгээдүүдийн хууль ёсны эрх ашигт хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, прокуророос Д.Б-ийг “2019 оны 5 дугаар сард яллагдагч Д.С-гээс хууль бус үйл ажиллагаанд зориулж хахууль өгөх гэмт хэрэгт зарцуулахаар түүнд шилжүүлсэн 20.000.000 төгрөгнөөс зөрж гүйцэтгэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 5.000.000 төгрөгийг авч залилсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзвэл яллагдагч Д.С- нь хэрэг бүртгэлтийн 191000792 дугаартай хэргийг өөрт ашигтай шийдвэрлүүлж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Д.Б-т 20.000.000 төгрөгийг өгсөн гэх ба Д.Б- нь уг мөнгөнөөс /5.000.000 төгрөгийг хоол унд авч өгөх, бензин хийх зэргээр зарцуулсан гэх/ Т.Б-д 10.000.000 төгрөгийг, /хэргийг шалгаж байсан мөрдөгч/ Г.Д-т 5.000.000 төгрөгийг өгөх зэргээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж буй түүний үйлдэл нь Д.С-г залилуулсан, Д.Б-ийг залилсан гэж үзэх эсэх, эсхүл өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д заасан нөхцөл байдлыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.С-, Д.Б-, Г.Д-, Т.Б- нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЗ/2176 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.С-, Д.Б-, Г.Д-, Т.Б- нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх хүртэл Д.С-, Д.Б-, Г.Д-, Т.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                        Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН