Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2019/01183

 

 

 

 

 

                            2019 оны 04 сарын 24 өдөр

 Дугаар 101/ШШ2019/01183

Улаанбаатар хот

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

         Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.У

 

Хариуцагч: А.У

 

2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “*******” ХХК-ний хувьцааны 40 хувийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, хариуцагчид бэлэглэлийн зүйл болох 40 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн өмгөөлөгч Э.С шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баттулгын У миний бие ““*******” ХХК-ийн хувьцааны 40 хувийг бэлэглэсэн 2013 оны 12-р сарын 20-ны өдрийн ‘‘Бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгож, Баттулгын Уыг тус компанийн хувьцааны 40 хувийн өмчлөгчөөр тогтоолгох тухай.” нэхэмжлэлийг компанийн албан ёсны хаяг болох “Баянзүрх дүүрэг, 25-р хороо, ******* төв ******* тоот” хаягаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2018 оны 08-р сарын 24-ний өдрийн 101/ШЗ32018/14771 дугаар захирамжаар “...харъяалал зөрчиж гаргасан...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул ийнхүү хариуцагч А.Уянгын хорих ял эдлэж байгаа үндсэн ангийн хаягаар танай шүүхэд дахин хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Хариуцагч А.У болон нэхэмжлэгч Б.У бид тоот регистртэй, "*******” ХХК-ийн хувьцааг “А.У 60 хувь, Б.У 40 хувь” гэсэн харьцаагаар өмчилж, хамтран үйл ажиллагаа явуулж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт М-Square төслийг хэрэгжүүлж, орчин үеийн иж бүрэн тоноглол бүхий худалдааны төвийн барилга барьж байгаа юм. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд санхүүжилт ихээхэн хэрэгтэй байсан тул Голомт банкнаас зээл хөөцөлдөж эхэлсэн. Гэтэл манай хүсэлтийн дагуу банкнаас зээлийн судалгаа хийх явцдаа Голомт банкнаас “Хэрэв зээл эрсдэлд орох юм бол хувьцаа эзэмшигчид давхар хариуцлага хүлээх чадвартай байх ёстой. Та нар тийм чадвар сул байгаа тул өөр чадвартай зээлдэгч олох арга бод” гэсэн тул Сингапур Улсын иргэн ******* /Billy Lim Sin Раu/-гийн Баянгол зочид буудлын эзэмшил хувьцааг давхар барьцаалахаар тохирч түүний нэрээр Голомт банкнаас өндөр дүнтэй буюу 20.000.000 /Хорин сая/ ам.долларын зээл авах зорилгоор, мөн өмнө нь түүнээс хувь хүнийх нь хувьд зээлж авсан байсан мөнгөнийхөө эргэн төлөх баталгаа болгож түүнд компанийн хувьцааны 70 хувийг шилжүүлэх хэрэг гарсан юм.

Харин *******:Зөвхөн нэг л хүнтэй харьцмаар байна, олон хүнтэй олон төрлийн гэрээ хиймээргүй байна, тийм болохоор эртний танилынхаа хувьд Утай л харьцах сонирхолтой байна.Компанид олон хувыдаа эзэмшигч бүртгэлтэй байгаа бол түүнийгээ нэг л хүний нэр дээр шилжүүлэх хэрэгтэй байна, гэсэн болзол тавьж байгаа болохоор шаардлагыг нь биелүүлэх хэрэгтэй байна гэж У хэлсний дагуу бид хоёр харилцан ярилцаж байгаад би А.Уд өөрийн өмчлөлийн 40 хувийн хувьцааг бүхэлд нь шилжлүүлэх гэрээ хийж, А.У нь “эзэмших эрх”-тэй болсон 100 хувийн хувьцааныхаа 70 хувийг *******гийн нэр дээр шилжүүлэх зэрэг ажиллагаа хийгдсэн юм. Энэ бүх ажиллагааг хийхдээ компанийн зүгээс буюу хэрэгжүүлж байгаа төслийн санхүүжилтээс зээлээ эргэн төлөөд хувьцаагаа буцаан өөр өөрийн нэр дээр шилжүүлж авахаар харилцан тохиролцсон юм. Гэтэл Голомт банкны зээл бүтэхээ больсон тул *******гаас авсан зээлийн барьцааг өөрчилж баригдаж буй барилгын 2-р давхрын 1000 гаруй кв.м талбайг барьцаалсан. Нэгэнт ийм зохион байгуулалт хийгдсэн болохоор би “хувьцаагаа одоо буцааж шилжүүлж авцгаая” гэхэд А.У нь “*******д бага хэмжээний үлдэгдэлтэй байгаа, мөн ахиад том хэмжээний санхүүжилт олоход *******гийн нэр, нөлөө хэрэгтэй байна. Тэгээд ч бид хамтарч ярьж шийдсэн юм чинь энэ төслөө л урагшлуулахаа эхний ээлжинд анхааръя, хувьцаагаа буцааж шилжүүлж авах асуудал бол шийдэхэд ядаад байх юмгүй асуудал ш дээ.” гээд яваад байсан. А.У нь сүүлийн үед миний нэрээр бусдаас зээлж төслийн санхүүжилтанд оруулсан мөнгийг компанийн орлогоос төлөхөөс аль болох зайлсхийх болсон төдийгүй, харилцан ярилцаж шийдвэрлэх асуудал гарах болгонд ямар нэгэн шалтаг заан уулзахаас ч цааргалж эхэлсэн боловч би тэр бүхэнд онцгой анхаарахгүй асуудлыг аль болох зохицуулахыг хичээж ирсэн билээ. Гэтэл иргэн Батнасан гэдэг хүний худалдах гэж байсан Тоёото ланд круйзер маркийн машиныг зээлийн барьцаанд тавьж төсөлд хэрэглэсэн мөнгийг эргүүлэн төлөөгүйгээс үүдэлтэй Батнасангийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр миний бие компанитай хамт давхар хариуцагчаар татагдаж хэргийн материалтай танилцаад “*******” ХХК нь “цорын ганц гишүүн”-тэй болсон баримт олж хараад ихэд гайхсан юм. 2013 оны 12-р сард дээр дурдсан хувьцаа шилжүүлэх үйл ажиллагаатай холбоотой асуудлыг миний бие гардан хариуцаж, Улсын бүртгэлийн албанд хандаж явах үедээ ”2 гишүүн”-тэй “гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани”-ийн гэрчилгээг гаргуулан өгч байсан чинь өнөөдөр гэнэт 1 гишүүнтэй “гадаадын хөрөнгө оруулалт”-гүй компани болгоод 2014 оны 02-р сарын 11-ний өдөр дахин шинээр гэрчилгээ авчихсан байгаа нь надад хардлага төрүүлсэн тул би хуульд заасан эрхийнхээ дагуу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн албанд хандахад “*******” ХХК-ийн надтай холбоотой бичиг баримтын хуулбарыг гарган өгч бусдыг өгөх боломжгүй болохоо мэдэгдсэн болно. Харин “*******” ХХК нь 1 гишүүнтэй , тэр нь Алтансүхийн У гэдэг хүн хувьцааг нь 100 хувь эзэмшдэг тул бусдын мэдээллийг 3-дагч этгээдэд өгөхгүй гэдгээ амаар тайлбарласан болно. Энэ бүхэн нь А.Уянгын 2013 онд ажлын шаардлагаар бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан миний хувьцааг хууль бусаар өөр дээрээ бүхлээр нь бүртгүүлснийг харуулж байгаа бөгөөд А.У нь энэ үйлдлээрээ Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсгийн 280.1.1-д заасан “бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн;”-ийг нотолж байгаа тул 5580749 тоот регистрт бүхий “*******” ХХК-ийн хувьцааны 40 хувийг бэлэглэсэн 2013 оны 12-р сарын 20-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгож, бэлэглэлийн зүйл болох 40 хувийн хувьцааг бэлэглэгч Б.Ут буцаан шилжүүлэхийг А.Уд даалгаж өгнө үү.

 

Хариуцагчтай ******* бид найзууд юм. Хариуцагч нь *******тэй гэр бүл болсон. 2013 онд бид төслийн зээл авахаар хайж байсан. Санхүүжилт зогссон байсан. Хөрөнгө оруулалт хэрэгтэй болсон. Хариуцагч нь анх мөн Би Ли Лим гэдэг хүнээс зээл асуух болсон. Улмаар Голомтоос 20 сая долларын зээл авах боломж гарсан. Банк нь компани дээр 2 эзэмшигч байгаа ба энэ 2 төлбөрийн чадваргүй байна. Иймд намайг түр гаргаад Би Ли Лим-г хувьцаа эзэмшигч болго гэдэг шаардлага тавиад Би Ли Лим-н Баянголын хувьцааг барьцаална гэсэн. Ингээд ярилцаад би хувьцаа эзэмшигч биш болж байгаад гол нь төслөө дуусгахаар тохиролцсон. Тэрнээс хойш банкнаас зээл олгогдохоо больсон. Энэ үед хариуцагчид эргээд хувьцаагаа авья гэхэд Би Ли Лим-с нэгэнт мөнгө зээлсэн дахиж мөнгө зээлэх хэрэгтэй болж магад гээд байлгаад байсан. Гэтэл сая 2018 оны 3-4 сарын үед Батнасангийн нэхэмжлэлтэй хэрэг үүссэн. Бид зээл авсан байсан. Хариуцагч нь хоригдсон, нөхөр болох ******* нь гадаад улс уруу оргон зайлсан байгаа. Би хамаатан саднаасаа мөнгө зээлсэн байгаа. Төсөл маань 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Эргээд харахад би ямар ч хөрөнгөгүй болж үлдсэн. Би бэлэглэлийн гэрээ хийсэн. Иргэний хуулийн 280.1-д зааснаар бэлэг хүлээн авагчийг ноцтой гомдоосон гэж үзэж байгаа. Компаний хувьцаагаа буцааж авах хүсэлтэй. Хариуцагч нь компанийн хувьцааг өөр дээрээ бүхэлд нь авснаа хэлээгүй. Би Ли Лим-г байгаа л гэдэг байсан. Гэтэл намайг олон хүнээс мөнгө зээлүүлж хуураад яваад байсан. Гол гомдол нь анх дүү нарын маань байрыг барьцаалж 1 тэрбум орчим төгрөг зээлүүлчхээд одоо хувьцаа нь биш гээд байгаад гомдолтой байна. Намайг компаниасаа гаргах байсан бол хамт ажиллаад хүнээс мөнгө зээлүүлээд байх шаардлагагүй байсан. Би Ли Лим орж ирэхгүй байсан бол би анхнаасаа хувьцаагаа өгөхгүй байсан. Одоо намайг юу ч үгүй өрөнд оруулаад хаясанд гомдолтой байна. Анх 2010 онд хариуцагчтай танилцсан бөгөөд 6 хүн нийлж компани байгуулаад 2 хүний нэрийг бичүүлсэн юм. Компанийн хувьцаа эзэмшигчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл дээр Би Ли нь хувьцааг буцааж өгнө гэж хэлж байснаар хувьцаа буцааж өгнө гэсэн нь нотлогдоно. Намайг гомдоосон гэж үзэж байгаа шалтгаан нь буцааж өгнө гээд өгөөгүй, компанид зориулж надаар зээл авахуулсан, Батнасангийн нэхэмжлэлтэй хэрэг дээр намайг машиныг авсан мэтээр ярьсан, намайг дандаа гүтгэж байгаа, одоо ч гэсэн хувьцаа эзэмшигч биш гэж ярьж байна, Скайтелаас намайг өөрөө дураараа утас авсан гэж байна, гэтэл би хариуцагч Уянгын хэлсэнээр утасны дугаарууд авчраад компанид өгсөн байдаг юм гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгчийн хэлж байгаа тайлбар бол нэхэмжлэгчид хамааралгүй байна. Өмнөх хэрэг дээр ч бас ингэдэг. 2017 онд маш их өрөнд орсон байсан. Олон хүнээс зээл авсан байсан. Хөөн хэлэлцэх хугацаа ярьж байна. Гэтэл хэзээнээс эхэлж тоолох талаар ярих хэрэгтэй. Буцааж авсныг мэдсэн нь 2017 оны 10 сард гаргасан нэхэмжлэл гээд байна. Бид 2018 оны 3 сард хэрэгтэй танилцсан. Гэтэл 1 жил нь хамаарч байдаг. Гэтэл бид шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсноор уг баримтыг ойлгосон. Ноцтой гомдсон болон хөөн хэлэлцэх хугацааны талаар яригдлаа. Хэрэгт авагдсан УБЕГ-с ирсэн баримтаар мэдсэн. Үүсгэн байгуулагчийн талаар ямар нэг маргаан байхгүй. Бид тухайн үед болон сүүлд нь юу болсон талаар маргаж байгаа юм. 2013.12.23-ны өдрийн хурлын тэмдэглэлээр Би Ли нь та нарт буцааж өгнө гэсэн талаар дурдсан байгаа. Ингээд хариуцагч өөрөө авчихсанд гомдож байгаа. 2017.12.5-нд эрх үүрэг танилцсан боловч хэрэг танилцуулаагүй. ******* У нар нь гэр бүл байсан болохоор Алтангэрэлийн данс уруу мөнгө шилжүүлж байсан. Иймд бэлэглэлийн гэрээний 1.5-д зааснаар хувьцаагаа буцааж нэхэж байгаа юм. 23-ны тэмдэглэлээр 3 хүн цугтаа ярьж тохирсон байгаа. 2014 онд нэхэмжлэгч нь компаниас гараад явчихсан юм бол яагаад сүүлд нэхэмжлэгч гарын үсэг зурж тэмдэг дараад байсан юм. Энэ үед нэхэмжлэгч өөрийгөө хувьцаа эзэмшигч гэж ойлгож явсан. Өнөөдөр хүртэл гудамжны хүн байсан гэж хэлээд байгаа нь гомдоож байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Уын хувь хувьцаа авна гээд нэхэмжлээд байгаа манай ургын хөрөнгө болох ”M-Square” худалдааны төвийн барилгаа барьсан түүх болон Уын тухай эхлээд тайлбарлах нь зүйтэй гэж бодлоо. Миний бие Жамсран овогтой *******, А.Уянгын төрсөн ээж, “*******” компанийг үүсгэн байгуулахаас нь эхлээд Төслийн ерөнхий менежер, Гүйцэтгэх захирлаар одоо болтол ажиллаж байна. Манай гэр бүлийнхэн үл хөдлөхийн бизнес хийхээр ярилцаад барилга барих газар судалж явсаар одоо барилгаа барьсан энэ газраа авахаар үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, ах дүү хамаатан садангуудынхаа үл хөдлөх хөрөнгүүд болон бизнесүүдээ зарж, танил тал найз нөхдүүдээсээ зээл авч хөрөнгө мөнгөө цуглуулан байж оны 11-р сарын 25-ны өдөр Белон ХХК-аас “Худалдах, худалдан авах” гэрээг хийж 2012 оны 01-р сарын 20-ны өдрийн А/37 тоот нийслэлийн захирамжийг үндэслэн Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г охин А.Уянгын нэр дээр гаргуулсан юм. Ингээд 2012 оны 03-р сарын 30-нд ******* ХХК-ийг байгуулсан. Миний охин А.У нь 2013 онд Б.*******тэй гэр бүл болсон. Манай хүргэн Б.******* анх Б.Уыг Зүүн Ард аюушийн нэг гудамжных багийн найз гэж дагуулж компани дээр ирснээр зүс харсан. Манай найз У хуримаа хийх гэсэн чинь мөнгөгүй байна гээд бичгийн цаасны талыг усан будгаар будсан хуримын урилга үзүүлэхэд миний охин нэг сая төгрөг буцалтгүй тусламж гэж өгч байсан. Уын нүд нь сайн юм хардаггүй гээд нүдний лазер хагалгааны зардал 1,500,000 төгрөг өгч хагалгаанд оруулж өгөхөд хорвоо ийм гоё өнгөтөй байдаг юм уу, Баярлалаа Уа гээд хэлж байсныг тодхон санаж байна. Хуримаа хийсэний дараа амьдрах орон байр байхгүй хэцүү байна гэхээр нь манай охин Белла Вестад 500-р байрны 22 давхарт өөрийн гэртээ түр хугацаанд гэр бүлийн хамт амьдруулж байгаад дараа нь Туул ревер, Хурд группийн КН хотхон. Дайманд хотхонуудад 2 өрөө байруудыг сарын 850,000-1,500,000 төгрөгөөр түрээслэн өгч түрээсийн төлбөрийг миний охин энэ бүх хугацаанд төлж байсан. Уыг Солонгос улсад бүх зардлын хувиасаа даан авч явж газар үзүүлж тэр битгий хэл монголоос өөрийг нь гадна төрхийн өөрчилье гэж өндөр үнэтэй брендийн хувцас авч өгч байсан. Уын эхнэр М.Болортуяаг мэргэжилгүй ч гэсэн компандаа 3 жил сарын 1,000,000 төгрөгний цалинтай ажиллуулж өөрийн хэдэн мянган ам долларийн үнэтэй берландан ээмэг бөгжөө М.Болортуяад бэлэглэж байсан. Мөн өөрийнхөө эмээг ч баярлуулж байгаагүйгээр Уыг эмээг баярлуулах гэж компаниасаа тодорхойлж хөөцөлдөн байж “Алтангадас" одонгоор шагнуулж байсан. Миний охины сайхан сэтгэл, бусдын сайн сайханы төлөө гэж явдаг хүнлэг зан чанарыг далимдуулж өөрийн төрсөн ах дүүгээсээ илүү хайрлаж өөдөн татаж ямар их тусалж байсныг мартаж, ядарсан үед нь чоно борооноор гэдэг шиг хөрөнгөнд нь шунаж янз бүрийн арга хэрэглэж байгаад нь охиныхоо нинжин сэтгэлийг өрөвдөж хүн ямар арчаагүй муухай байдгийг нүдээрээ харж сэтгэл зүрхээрээ мэдэрч нөхөд гэдэг нь ноход болдгийн амьд жишээг харж харин би гайхаж байна. Миний охин А.У нь хүнээс юм авчихъя, идчихье гэдэг санаа огтхонч байдаггүй харин хүмүүст өгье туслъя гэж боддог, хүмүүсийг ч өөр шигээ санадаг, өвдсөн зовсон хүнд яаж туслах бэ гэж сэтгэл гаргаж тунгалагын булчирхайн хүнд өвчтөй Удвал охины хагалгааны зардлыг олох хандивын аян өрнүүлэн бүх оддын хандивын тоглолтыг зохион байгуулж мөнгө босгон Удвал охины алтан амийг аварч эрүүл саруул болгосон. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй 29-р сургуульд нэн шаардлагатай автобусыг хувийн зүгээс бэлэглэсэн. Миний охин өвдсөн зовсон хүмүүст туслахаар олон нийтийн тус дэмийг авах нийгмийн хандивын аяныг далайцтай хийж урлаг соёлынхон, нийгмийн зүтгэлтнүүдийг татан оролцуулсан чухал эхлэл болж “Өгөх өдөр” ТББ үүсгэн байгуулж “Өгөх нь авахаасаа илүү ерөөлтөй” гэсэн уриан дор жил бүрийн 11-р сарын 1 энэ өдрийг “Үндэсний өгөх өдөр” болгон тэмдэглэж тусламж шаардлагтай нэгэнд тусалдаг өдөр болгосон нь бахархууштай юм. Миний охин А.У нь Олон улсын сэтгүүлч, безнисын удирдлагын магистр цолтой. JCI Улаанбаатар централ ломын дэд ерөнхийлөгч, МАН-ын дэргэдэх Нийслэлийн Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, Хэвлэлийн хүрээлэнгийн оны шилдэг шагналууд болон 2011 онд “Оны шилдэг хүмүүнлэгийн ажилтан”-аар шалгарч мөн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдож байсан нийгмийн сайн сайханы төлөө “Аптаун” сэтгүүлийг эрхлэн гаргаж, “Помагите нам” уран сайханы киноны ерөнхий продюсерээр ажиллаж Asian fashion awards-aac Азийн шилдэг загварлаг кино шагнал “Бодлын хулгайч” уран сайханы киноны ерөнхий продеюсраар ажиллаж “Academy Awards 2012” наадмаас 5 номинацад шалгарч, оны шилдэг кино “Гранпри” шагнал авсан олон арван уран бүтээл ном бүтээсэн урлаг соёлын зүтгэлтэн юм. Миний охин Б.******* гэх залуутай гэр бүл болсноос У мэтийн хүмүүстэй танилцаж маш өндөр итгэл найдварыг өгснөөс өнөөдрийн байдал үүсэж өөрөө асуудалд орж бага насны хоёр хүүхэд нь ээж ч үгүй аав ч үгүй миний асрамжинд байна. Энэ л үед л найз нөхөд хүмүүсийн мөн чанар тод томруунаар ил гарч эзэн нь өөрөө байхгүй нөхөр ч байхгүй энэ л үед нь гэсэн шиг бидний босгосон хөрөнгөнд шунаж элээ мэт эргэлдэж байна. Б.У нь манай ураг төрөл биш компанийн анхны үүсгэн байгуулагч ч биш сүүлд танилцсан, охин минь хань татаж хамтдаа энэ төслийг хийж дуусгъя, хамтдаа босъё. бие биенээ түшье, сайхан найз нөхөдтөй байя гэж бодсон байх. Урьд нь урлаг соёлын ажил хийж байхдаа уран бүтээлч нартай дандаа хамтын хүчээр багаар ажиллаж байсан болохоор бизнест ороод яг тэр л зарчмаараа бодож итгэсэн гэж би бодож байна. Миний охин хүнийг хүн ёсоор боддогтоо л дөнгөж бүрэн дунд боловсролтой, тусгайлсан мэргэжилгүй, улсад нэг cap ч ажиллаж нэг удаа ч цалин авч байгаагүй ажлын ямар ч туршлаггүй ямар ч компани гүйцэтгэх захирлаар авч ажиллуулахгүй хүнийг тоож бүхэл бүтэн барилгын захиалагч компанийг удирдуулахаар сонгосон нь миний охины хүнд итгэмтгий сайхан сэтгэлийн илрэл юм. Тэрнээс Б.У нь манай компанид нэг ч төгрөгний хөрөнгө оруулаагүй, хэн ч түүнийг гомдоогоогүй харин манай охин итгэж Монголын хамгийн өндөрлөг цэгт амьдруулж, хамгийн тансаг машин унуулж, 3 cap ч гэсэн компанийн захирал хийлгэж, аав ээж ах дүү нараасаа ч аваагүй хангамж, амьдрах орчин, хүн хүнээ яаж хайрладгийг, хүний найз нэгийгээ яаж өөдөн татдагийг, хүн хүндээ яаж итгэдгийг хэрвээ ухаантай хүн байсан бол У мэдэрч зовж явах үед нь хөрөнгөнд нь шунаж явахын оронд ээж ааваа санаж бэтгэрч яваа хоёр хүүхдийн эргэж явах байлаа. Б.У нь 2013 оны 08-р сарын 02-ноос 12-р сарын 20 хүртэл 3 сарын хугацаанд гүйцэтгэх захирлаар ажиллахдаа барилгын болон санхүүгийн боловсролгүй чадамжгүй байснаас гадна биднийг байхгүй хооронд барилгын туслах ажилчнаас авахуулаад өөрийн эхнэр болон оффис менежер зэрэг 9 хүнийг 900,000 төгрөгний төлбөртэй захирлын сургалтанд сургаж 8,100,000 (Найман сая нэг зуун мянган) төгрөг мөн өөртөө зөвлөх 15,000,000 (Арван таван сая) төгрөгөөр авч компанийэ санхүүгээс 23,100,000 (Хорин гурван сая нэг зуун мянган) төгрөгийг үргүй зарсан байсан учраас манайхан хоорондоо ярилцаад бэлэглэсэн хувиа бэлэглэлээр буцаан авч гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн юм. У гомдолдоо бид өөрийнх нь гарын үсгийг нь хуурамчаар хийгээгүй өөрт нь мэдэгдэлгүй бэлэглэлээр буцаан аваагүй бид өөрсдийн хөрөнгөө дүрэм журмын дагуу өөрсдөө буцаан авсанд гомдсон биш гайхсан гэжээ. Манай компанид Б.У 3 cap ажиллахдаа нэг ч ажил амжилттай хийгээгүй, маш олон зүйлийг будлиантуулж өр төлбөрийн асуудал үүсгэсэн. Б.У нь манай компанид нэг ч төгрөгний хөрөнгө оруулаагүй, хэн ч түүнийг гомдоогоогүй харин манай охин итгэж Монголын хамгийн өндөрлөг цэгт амьдруулж, хамгийн тансаг машин унуулж, 3 cap ч гэсэн компанийн захирал хийлгэж, аав ээж ах дүү нараасаа ч аваагүй хангамж, амьдрах орчин, хүн хүнээ яаж хайрладгийг, хүний найз нэгийгээ яаж өөдөн татдагийг, хүн хүндээ яаж итгэдгийг мэдэрч харин миний охины сайхан сэтгэлийг харин гайхсан байх гэж бодож байна.

  1. Иргэн Б.У нь нэхэмжлэлдээ А.У сүүлийн үед миний нэрээр бусдаас зээлж төслийн санхүүжилтэд оруулсан мөнгийг компанийн орлогоос төлөхөөс зайлс хийсэн гэжээ.

Иргэн Б.Уын нэрээр хүнээс авсан зээл байвал баримтаар нь гаргаж өгнө үү.

2. Иргэн Б.У нь нэхэмжлэлдээ (Иргэн Батнасан гэдэг хүний худалдах гэж байсан “Тоёота” ланд крузор маркийн машиныг зээлийн барьцаанд тавьж төсөлд хэрэглэсэн мөнгийг эргүүлэн төлөөгүйгээс үүдэлтэй Батнасангийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт БЗД-ын ИХАШШ дээр миний бие компанитай давхар хариуцагчаар татагдаж хэргийн материалтай танилцаад ******* ХХК нь цорын ганц гишүүнтэй болсон баримт олж хараад их гайхсан гэжээ)

БЗД-ын шүүхээс ******* ХХК хариуцагчаар ороод хэргийн материалтай танилцаад ийм зээлийн гэрээ хийсэнийг мэдсэн бөгөөд манай компани ийм машин огт авч байгаагүй хараач үгүй тул бид шүүхэд хариу тайлбар гаргасан.

Жич: ******* ХХК хариу тайлбарыг хавсаргав.

- Иргэн С.Батнасан нэхэмжлэлдээ: (С.Батнасан миний бие европ улсаас евро стандартын авто машин Монголд оруулж худалдаалдаг бизнес эрхэлдэг байсан. 2014-01-27-ны өдөр иргэн Б.У миний Ланд 200 маркийн авто машиныг 55,000 ам доллароор тохирч гэрээ хийж 5000 ам долларыг бэлнээр өгч, үлдэгдэл 50,000 ам долларыг дараа төлөхөөр ******* ХХК-ний захирал Б.*******тэй хамтран тус компанийхаа үйл ажиллагаанд зарж борлуулж хэрэглэсэн байдаг) гэжээ.

Жич: С.Батнасангийн нэхэмжлэлийг хавсаргав.

- Б.У хувиараа 2014-04-12 өдөр зээлийн гэрээ хийж 55000 ам долларын машин авлаа гэж нотариатаар батлуулсан байдаг.

Жич: Б.Уын зээлийн гэрээг хавсаргав.

- Мөн С.Батнасанд Б.У нь 2014-10-29 өдөр манай компанийн компанийг төлөөлөх эрхгүй байхдаа манай компанийн кассаар ажиллаж байсан өөрийн эхнэр М.Болортуяад хариуцуулсан компанийн албан бланк, санхүүгийн тамгыг нууцаар авч ашиглан өөрөө гараараа бичиж Батнасанд 14/91 тоот албан бичиг өгснийг хавтаст хэргээс мэдсэн.

Жич: Уын гараар бичсэн албан бичгийг хавсаргав.

- Яг энэ 2014-10-29-ний өдрөө манай хүргэн байсан, өөрийн найз Б.*******ийг манай компаний. захирал болгож хуурамч албан бичигтээ дээрхи авто машиныг компаний. үйл ажиллагаанд хэрэглэсэн юм удахгүй өгнө гэсэн 14/92 тоот албан бичиг хийж өгсөн байдаг.

Жич: *******ийн гарын үсэгтэй 14/92 тоот хуурамч албан бичгийг хавсаргав.

- БЗД-ын ИХАШШүүхээс энэ бүгдийг хянаж үзээд 2018-03-22 өдрийн 101/ШШ2018/01012 тоот шийдвэрээр С.Батнасангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн.

Жич: БЗД-ын ИХАШШ шийдвэрийг хавсаргав.

- Харин манай компани Б.Уын бодлогогүй гэрээ контрактаас болж компанидаа аваагүй машины төлбөрт иргэн С.Батнасанд төлсөн 58,970.56 ам долларыг төлсөн нь Б.У Б.******* хоёрын санаатай хийсэн үйлдэл гэж бодож байна.

3. Иргэн Б.У нь 2014 оны 1-р сарын 23 өдөр Скайтел ХХК-тай компанитай гэрээ хийж 37,248,000 төгрөгний 25 ш ухаалаг утасны гэрээ хийжээ.

- Скайтел компанитай утасны гэрээг хэнд ч мэдэгдэлгүй өөрөө ганцаараа хийж 25 ш ухаалаг утсыг хувьдаа завшсан байна.

- Б.У нь энэ үед компаний төлөөлөх эрхгүй байж энэ гэрээг бидэнд мэдэгдэлгүй хийж залилсан гэж үзэж байна.

Жич: Скайтел ХХК-тай хийсэн гэрээг хавсаргав.

4. Б.Уыг хуримаа хийсний дараагаас эхлэн орон байргүй байна гэхээр нь Тууль ревер, Хурд группийн КН, Дайманд хотхонуудад 2 өрөө байруудыг 2011 оноос 2016 оныг дуустал нийт 5 жил байр хөлсөлж амьдруулж байсны төлбөр 52,500,000 төгрөгийг нэхэмжилж байна.

5. Б.Уын эхнэр М.Болортуяад манай компанийн борлуулалтын менежерээр 3 жил ажилласан бөгөөд бид итгэж 2015-11 сард компанийн борлуулалт маркетингэд 12 жил ашигласан 9907-4403, 9907-4404, 9907-4407, 9407-4404 тусгай дугааруудыг нэр дээр нь шилжүүлж хадгалуулсан билээ. Болортуяа нь итгэл эвдэж дээрхи дугааруудыг буцааж компани руу шилжүүлэхээс зайлсхийж фейсбүүкээр зарна гээд зар тавьсан байсан. Манай компаниас БГД-ын цагдаад өргөдлөө өгсөн боловч хаяг нь тодорхойгүй ямар утастай гэдэг нь ч мэдэгдэхгүй, олдохгүй байгаа учраас эрэн сурвалжилж байгаа гэсэн. Одоо бид иргэний үнэмлэхний хаягаар Хөвсгөлийн цагдаад гомдлоо гаргах гэж байна. Манай маркетинг борлуулалтыг санаатайгаар тасалдуулсан М.Болортуяагаас 4 утасны хохирол 40,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн 9907-4403 дугаарыг У барьж худалдааны талбай худалдан авсан хүмүүс ярихад наад барилга чинь банкинд хураагдсан, захирал нь гадаадад зугтаасан охин нь шоронд орсон та нар яаралтай цагдаад өргөдлөө өг гэсэн худалдан авагч нарыг турхирсан худлаа мэдээлэл өгч байгаа утасны бичлэг нь бидэнд байна. Одоо утсаар ярьсан хүмүүс нь гэрчээр мэдүүлэг өгнө гэсэн Б.Уын компанийн утас ашиглаж хуурамч мэдээлэл тараасан.

Жич: М.Болортуяаг Баянгол дүүргийн цагдаад гаргасан өргөдлийг хавсаргав.

6. Мөн Б.У нь манай компани худалдааны талбай худалдах, худалдан авах гэрээгээр бартерт авсан 47,520 ам долларын үнэтэй Chevrolet corvette 77-77 УНА, аралын дугаар: 121604 суудлын час улаан өнгийн авто машиныг аваад одоо хаана байгаа нь тодорхойгүй байна.

Жич: “Худалдааны талбай худалдах, худалдан авах гэрээ”-г хавсаргав.

7. Миний бие 2013 оны 9-р сард гадаад явах болоод компанийн кассанд байсан 14,915,000 төгрөгийг Б.Ут хүлээлгэн өгөөд барилгад яаралтай материал авах хэрэг гарвал хэрэглээрэй гээд үлдээж яваад 7 хоноод ирээд мөнгөө асуутал мөнгө байхгүй юу авсан талаар тайлангаа гаргаж өг гэхээр тэгс ингэс хийгээд дууссан гээд тайлан гаргаж өгөөгүй хувьдаа ашигласан.

8. Б.У мөнгө төгрөггүй хэцүү байна гэхээр нь манай охин одоо өөрт нь эрүүгийн хэрэг үүсгэгдээд байгаа Хова 5991 УНТ ачааны авто машин болон 6207 ГЧ ачааны чиргүүлийг 3-р хороололын эцсийн буудлын Сайн авто ломбардад манай ажилчин Д.Дашням барьцаанд тавьж 8,500,000 төгрөгийг Б.Ут өгсөн байдаг.

9. Б.У нь 2 нялх хүүхэдтэй өрх толгойлон амьдарч буй миний охиныг эрс дээрэлхэх маягтай эд хөрөнгөнд нь шунаж гэрт нь хүн байхгүй цагийг тааруулан хулгай хийх гэж хаалгыг нь эвдэх гэж оролдоход байрны хамгаалалт камераар харж цагдаа дуудахад цагдаагийн машины дуут дохиогоор зугтаасан нь камерийн бичлэгт ил байдаг. ХУД-ын цагдаад өргөдөл камерийн бичлэгийг хуулж өгөөд одоо Б.Уыг эрэн сурвалжилж байгаа.

Жич: Хулгай хийж байсан камерийн бичлэгийн зургийг хавсаргав.

Би хариуцагчийн ээж юм. Компани байгуулагдсанаас хойш ажиллаж байгаа. 2011 онд газар аваад 2012 оны 3 сард компани байгуулсан. 2013 онд манай охин *******тэй суусан. Үүний дараа ******* найзыгаа дагуулж ирсэн. Хүргэн найз гэж дагуулж ирсэн ба өмнө нь харж байгаагүй. Манай охины иргэний хэргийг эрүүгийн хэрэг болгочихсон. Нэхэмжлэгч нь компанид нэг ч төгрөгний орлого оруулаагүй. Нэхэмжлэгчийг хэн ч гомдоогоогүй. Нэхэмжлэгч нь 3 сар гүйцэтгэх захирал хийсэн. Ажлын чадваргүй байсан тул болиулаад бэлэглэсэн хувьцаагаа буцааж авсан. Гомдсон гайхсан гэдэг нотлогдоогүй, үндэслэлгүй. Миний нэрээр зээлсэн мөнгийг компанийн орлогоор  төлөөгүй гэдэг. Гэтэл нэг ч зээл авахуулж хөрөнгө оруулалт хийлгээгүй. Батнасангийн нэхэмжлэлтэй хэрэг дээр 1 хувьцаа эзэмшигчтэй болсон гэдгийг мэдсэн гэдэг. Нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирал биш болсны дараа 55 000 ам долларын зээл авсан байдаг. 2014.10.29-нд нэхэмжлэгчийн эхнэр нь хуурамч бичиг хийлгэсэн байдаг. Нэхэмжлэгч болон ******* нар нь мөнгө авч өгсөн байдаг ба бид энэ талыг мэдээгүй байсан. Батнасангийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Нэхэмжлэгчийн бодлогогүй ажиллагаанаас болоод манай компани 58 000 ам доллар төлсөн. Нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирлын ажлыг өгсний дараа Скайтелтай 25 ш утасны гэрээ байгуулсан байсан. Бид нэхэмжлэгчид 2 өрөө байр 5 жил хөлсөлж өгч 52 сая төгрөгөөр амьдруулж байсан. Бэлэглэлийн гэрээг Голомтоос зээл авах гэж байсан. Банк олон бичиг баримт шаардаж байсан. Улмаар батлан даагч хэрэгтэй гэсэн. Би Ли нь батлан даах болсон. Тэр хүн Уыг асуусан. Тэгээд хөрөнгө оруулагч биш гээд гаргахыг шаардсан. Ингээд бэлэглэлээр хувьцаа шилжсэн. Бэлэглэлээр хийхэд банк зөвшөөрөөгүй бөгөөд миний охин У өөрийнхөө компанийн 70 хувийг алдах юм гэдгээ ойлгоод больсон. Нэхэмжлэгчийг гомдоосон зүйл байхгүй. Миний охин одоо шоронд орсон. ******* салаад зугтаад алга болсон. Уг компани нь гэр бүлийн хөрөнгө. Нэхэмжлэгч нь ямар нэг хувь нэмэр оруулаагүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь ноцтой гомдоосон гэж байна. Нэхэмжлэгч нь анх яаж хувьцааг авсанаа ярихгүй байна. Анх нэхэмжлэгч нь уг компанийг үүсгэн байгуулсан биш. Хариуцагчийн найз Цэнгүүнээс бэлэглэлээр хувьцааг аваад 3 сар гүйцэтгэх удирдлагаар ажилласан. Нэхэмжлэгчийн ярьж байгаагаар хөрөнгө оруулалтын зориулалтаар хувьцаагаа шилжүүлээд сүүлд нь хариуцагчийг авсан байсан гэдэг нь нотлогдоогүй. Иргэний хуулийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Хуулийн 75-д байгаа. Энд заасан 3 жил нь энэ хэрэгт хамааралтай. Гомдоосны хувьд 2018 оны 3 сард шийдсэн хэрэг нь 2017 оны 10 сарын 20-нд Батнасан нэхэмжлэл гаргасан байдаг. Улмаар бид баримт сайн бүрдүүлсэн учир Ут ашигтай буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болсон. Гомдоосон гэвэл 1 жилээр ярина. У нь 2017 оны 10 сард үүнийг мэдсэн байсан. Энэ цаг хугацааны хувьд шүүх анхаарах хэрэгтэй. Иргэний хуулийн 280-д заагаад байгааг нь шийдвэр хүчин төгөлдөр болсноор гээд байна. Гэтэл шаардах эрх нь уг баримтыг мэдсэнээр үүсдэг. Шийдвэр гарсанаар мэдсэн гэдэг нь үндэслэлгүй. Асуултын шатанд гомдож байгаа гэсэн үндэслэл нь тодорлоо. Гомдоод байгаа үндэслэл нь баримтаар нотлогдох ёстой. Бэлэглэлийн гэрээгээр буцааж өгөх талаар заагүй. Хэрэгт байгаа баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн ярьж байгаа 23-ны тэмдэглэл дээр нэхэмжлэгч нь өөрөө хувьцаа эзэмшигч биш болж байгааг зөвшөөрсөн талаар ярьсан байдаг. Хөөн хэлэлцэх хугацаан дээр 76-г харах ёстой. 2017 оны 12 сарын 5-ны баримтаар хэзээ мэдсэн нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.У нь 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “*******” ХХК-ний хувьцааны 40 хувийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, хариуцагчид бэлэглэлийн зүйл болох 40 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч А.У, түүний төлөөлөгч Ж.А нь компанийг байгуулахад нэхэмжлэгч оролцоогүй, компанид хөрөнгө оруулалт хийгээгүй, гомдоосон зүйл байхгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Зохигчийн хувьцааны талаар маргаж буй “Мэргэн девелопмэнт” ХХК-ийг 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр А.У, Б.Цэнгүүн нар байгуулж, улмаар үүсгэн байгуулагчаар 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Б.У, А.У нар, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сингапур улсын иргэн Билли Лим Син, МУ-н иргэн А.У нар, 2014 оны 02 дугаар сарын 11-ны өдөр А.У тус тус бүртгэгджээ. /хэргийн 156-158 дугаар тал/ Дээрх байдлаар хувьцаа эзэмшигч буюу үүсгэн байгуулагч солигдох үндэслэл нь 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Б.Цэнгүүн, Б.У нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээ /хэргийн 75-76 дугаар тал/, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б.У, А.У нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээ /хэргийн 17, 20 дугаар тал/, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр А.У, ******* нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээ /хэргийн 16, 21 дүгээр тал/, 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр *******, А.У нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээ /хэргийн 110-111 дүгээр тал/ болсон байна. Энэхүү үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгоно гэж тайлбарласан. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан гомдооно гэдэг нь агуулгын хувьд тухайн этгээдийн нэр төр, алдар хүнд, нийгэмд болон гэр бүлийн хүрээнд эзлэх байр суурьт сөргөөр нөлөөлөхөөр үйлдэл гаргасан байхыг ойлгоно. Улмаар ноцтой гэдэгт дээрх гомдоосон гэх үйлдэл нь бэлэглэгчид болон түүний ойр дотны хүнд сэтгэл зүйн хувьд хүчтэй нөлөөлөхөөр байх юм.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэдгийг маргаж буй хувьцааг буцаан шилжүүлнэ гээд шилжүүлээгүй, компанийн үйл ажиллагаанд зориулж зээл авахуулсан боловч буцаан төлөөгүй, өрөнд оруулсан, С.Батнасангийн нэхэмжлэлтэй хэрэгт автомашин авсан гэж гүтгэсэн, олон удаа гүтгэсэн, хариуцагч А.Уянгын даалгавраар авсан утсыг намайг дур мэдэн авсан гэж гүтгэсэн үйлдэл хийсэн гэж тайлбарласан. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь миний охин нэхэмжлэгчид тус болж байсан, нэхэмжлэгч нь компанид ямар нэг хөрөнгө оруулалт хийгээгүй, бид гомдоосон зүйлгүй гэж маргаж байна.

 

            “*******” ХХК-ний хувьцаа эзэмшигч солигдсон дээрх бэлэглэлийн гэрээнүүд, тухайлбал нэхэмжлэгч Б.Уаас хариуцагч А.Уд компанийн хувьцааны 40 хувийг бэлэглэсэн 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн гэрээнээс үзэхэд гэрээний зүйл болох 40 хувийн хувьцааг хариу төлбөргүйгээр шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл ямар нэг нөхцөл буюу буцаан шилжүүлэх талаар тохиролцоогүй байна. Нэхэмжлэгч 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл /хэргийн 83 дугаар тал/-д эцэст нь ******* нь хувьцааг буцааж өгнө гэж хэлж байснаар бэлэглэсэн 40 хувийн хувьцааг буцаан өгөхөөр тохиролцсон болох нь нотлогдоно гэж тайлбарласан. Гэвч энэхүү тэмдэглэлийг судалж үзвэл Сингапур улсын иргэнээс хариуцагч А.Уянгын авсан өмнөх зээлийг төлсөнөөр компанийн хувьцааны 70 хувийг буцаан шилжүүлэхэээр тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл хариуцагч А.У нь нэхэмжлэгч Б.Ут 40 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхээр тохиролцсон зүйлгүй. Үүнээс гадна нэхэмжлэгчийн компанийн хувьцааг буцаан шилжүүлэхээр тохиролцсон гэх тайлбарын дагуу уг амлалт биелэгдээгүй байх нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэлд хамаарахгүй юм. Учир нь буцаан шилжүүлэхээр тохиролцсон бол энэ нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагад хамаарна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

 

            Нэхэмжлэгч нь бусдаас их хэмжээний зээл авч, компанийн үйл ажиллагаанд зориулсан. Улмаар эдгээр зээлийг хариуцагч нь компанийн орлогоос төлөхөөс татгалзсан гэж тайлбарласан. Гэвч нэхэмжлэгч өөрийн нэр дээр зээл авсан бөгөөд уг зээлийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх тайлбараа нотолж чадаагүй. Энэ талаар ямар нэг баримтыг шүүхэд ирүүлээгүй.

            Үүнээс гадна нэхэмжлэгчийн гомдоосон гэх бусад үндэслэл нь бүхэлдээ гүтгэсэн гэх агуулгатай байна. Аливаа этгээдийг гүтгэх үйлдлийн объект нь хүний нэр төр, алдар хүнд байх бөгөөд объектив тал нь хохирогчийн нэр төр, алдар хүндийг гутаасан, муучилсан, худал мэдээлэл тараасан үйлдэл байдаг.

 

            Нэхэмжлэгч нь өөрийг нь аливаа зүйлд гүтгэсэн гэж тайлбарласан боловч өөрийн тайлбарыг нотлоогүй. Мөн автомашин авсан гэж гүтгэсэн гэх боловч уг маргааныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01012 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, өөрөөр хэлбэл энэ хэргийн нэхэмжлэгч Б.Уыг төлөх төлбөргүй гэж шийдвэрлэжээ. Энэхүү байдал нь нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг үгүйсгэж байна.

 

            Түүнчлэн хэрэв хариуцагч нь нэхэмжлэгчийг гүтгэх аливаа үйлдэл хийсэн бол Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн 21 дэх зүйлд зааснаар холбогдох байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан. Гэвч ийнхүү гомдол гаргаж, улмаар хариуцагчийн гэм бурууг нотолсон үйл баримт тогтоогдоогүй.

 

            Нэхэмжлэгч нь компаний хувьцааны 40 хувийг бэлэглэсэн 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн гэрээг Голомт банкнаас төслийн зээл авах зориулалтаар байгуулсан гэж тайлбарласан. Энэхүү тайлбарын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч Иргэний хуулийн 279 дүгээр зүйлд заасан тусгай зориулалтын бэлэглэлийн гэрээний талаар тайлбарласан гэж үзэхээр байна. Гэвч маргаж буй бэлэглэлийн гэрээнд энэ талаар заасан зүйл байхгүй. Хариуцагч нь бид өмнө нь бэлэглэлээр өгсөн зүйл буюу 40 хувийн хувьцааг буцаан бэлэглэлийн гэрээгээр авсан гэж маргаж байна. Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.3-т зааснаар бэлэглэлийн гэрээнээс татгалзах эрх үүсээгүй.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар дуусгавар болсон гэж тайлбарласан. Гэвч хуулийн энэхүү заалт нь гэрээний үүрэг шаардах эрхтэй холбоотой бөгөөд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох маргаанд хамаарахгүй. Улмаар хэргийн 125-126 дугаар талд байгаа С.Батнасангийн нэхэмжлэлтэй хэрэгт энэ хэргийн нэхэмжлэгч Б.Ут хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.У нь маргаж буй “*******” ХХК-ийн хувьцаа 100 хувь хариуцагч А.Уянгын өмчлөлд шилжсэнийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдсэн гэж үзэх үндэслэлтэй. Улмаар нэхэмжлэгч нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн мөн оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 14771 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзсан байна. Иймд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар үндэслэлгүйг дурдаж байна.

 

            Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1, 280.2-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч А.Уд холбогдох 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “*******” ХХК-ний хувьцааны 40 хувийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, хариуцагчид бэлэглэлийн зүйл болох 40 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.Уын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 дугаар сарын 14-ны өдөр журнал 6984066873, 6984066839 гэсэн баримтаар урьдчилан төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД