Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2022/0681

 

 

 

 

 

2022 09 15 128/ШШ2022/0681

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч У.Бадамсүрэн, шүүгч Ц.Одмаа, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Э*** /РД:***/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ө.Э***

Хариуцагч: Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: .Ц***

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/13***, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/16***дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /шинэчилсэн нэрээр/-ын албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин буюу 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны сарын дундаж цалин хөлс 3.274.296 төгрөгийг нийт 11 сарын хугацаагаар тэнцэх хэмжээний нийгмийн даатгалын, болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .Ц***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/13***, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/16***дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /шинэчилсэн нэрээр/-ын албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин буюу 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлс сарын дундаж цалин хөлс 3.274.296 төгрөгийг нийт 11 сарын хугацаагаар тэнцэх хэмжээний нийгмийн даатгалын, болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлагаар маргаж байна.

2. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. Т.Э*** нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/46*** дугаар тушаалаар Нийгмийн эрүүл мэндийн газрын даргаар томилогдсон.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Албан тушаалаас чөлөөлөх тухай А/13*** дугаар тушаал, уг тушаалын хавсралтын 69 дугаарт Т.Э***г Нийгмийн эрүүл мэндийн газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Албан хаагчийг өөр албан тушаалд сэлгэн ажиллуулах, зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай Б/16***дугаар тушаалаар Эрүүл мэндийн яамны албан хаагч Т.Э***г Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Т.Э*** нь 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өөр албан тушаалд томилогдон ажиллах тул өөрийн хүсэлтийн дагуу албан ажлаас чөлөөлж өгөх хүсэлт-ийг гаргаж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар *** дүүргийн Нэгдсэн эмнэлгийн даргаар 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байгаа.

2.2. Нэхэмжлэгч маргаан бүхий Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/13*** дугаар тушаал, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/16***дугаар тушаалтай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан.

Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 01/69*** дугаартай албан бичгээр хариу өгсөн.

2.3. Тус шүүх Т.Э***гийн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/13*** дугаар, 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн Б/16***дугаар тушаалыг хүчингүй болгож, Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд томилохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/13*** дугаар, 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн Б/16***дугаар тушаалуудын Т.Э***д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Нийтийн эрүүл мэндийн газрын даргаар эргүүлэн томилохыг мөн ажилгүй байсан хугацааны 29.071.330 төгрөгийн цалин гаргуулах, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах гэж тодруулсныг тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0763 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний 71 магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрийг анхан шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.

2.5. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/13*** дугаар тушаал болон 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/16***дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /шинэчилсэн нэрээр/-ын албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин буюу 20220 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлс сарын дундаж цалин хөлс 3.274.296 төгрөгийг нийт 11 сарын хугацаагаар тэнцэх хэмжээний нийгмийн даатгалын, болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах гэж ихэсгэж, тодруулсныг шүүх хүлээн авсан.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хууль тогтоомж зөрчсөн тухай, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын А/13*** дугаар тушаал нь дараах хууль тогтоомж, хэм хэмжээг зөрчсөн байна. Төрийн албаны тухай хуулийн

1. 49.1 "Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас ... чөлөөлөх, халахыг хориглоно." Энэхүү заалтад төрийн албан хаагчийг тус хуульд заасны дагуу халах эрх, тус хуульд зааснаас бусад үндэслэлээр халахгүй байх зохицуулалт тусгагдсан байна. Өөрөөр хэлбэл, Төрийн нарийн бичгийн дарга нь Яамны эрх зүйн байдлын тухай хуулийг мөн адил зөрчсөн буюу тус хуулийн 9.6.9-д заасан бүрэн эрхтэй болов ч, зөвхөн хуульд заасан үндэслэлээр л төрийн албан хаагчийг чөлөөлөх, түр чөлөөлөх, халах явдлыг зөвшөөрөх юм.

2. 49.2 Энэ хуулийн 62.1.2 ...нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно". Энэ хэм хэмжээ нь төрийн албан хаагчийн баталгааг зөрчиж болохгүй зохицуулалт агуулсан байтал
төрийн албан хаагчийн баталгааг зөрчиж тус тушаалыг гаргасан байна.

3. 62.1-д төрийн албан хаагчийн баталгааг хангах зохицуулалтыг тусгасан бөгөөд 62.1.1-д "энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх;" гэж заасан байхад энэ хуульд заасан үндэслэлийг тусгаж баримтлалгүйгээр албан тушаалаас чөлөөлсөн.

4. "62.1.3."...эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах,... гэх зохицуулалтыг тусгасан, гэтэл Төрийн нарийн бичгийн дарга 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны ...бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 155 дугаар тогтоолд үндэслэж намайг албан тушаалаас чөлөөлсөн байгаа нь энэ хуулиар заасан төрийн албан хаагч миний баталгааг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

5. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасны дагуу захиргааны байгууллага нь захиргааны үйл ажиллагаанд "хуульд үндэслэх" тусгай зарчмыг баримтална гэсэн байдаг, гэвч Төрийн нарийн бичгийн дарга нь үйл ажиллагаандаа тус тусгай зарчмыг үл баримталсан буюу А/13*** тушаалыг гаргах үйл ажиллагаанд Төрийн албаны тухай хуулийн 46.2, 47.1-д үндэслэх ёстой байсан хэдий ч үндэслээгүй байна.

Хоёр. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/16***дугаар тушаал нь дараах хууль, дүрэм журам, хэм хэмжээг зөрчсөн байна. Төрийн албаны тухай хууль,

1. 44 дүүгээр зүйлийн 44.1. "Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно".

2. 44.2 дахь хэсэгт "Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр... ажиллуулж болно... Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам"

3. 2.1-д "Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй... ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай бичгээр үйлдэж баталгаажуулсан байна." гэж

4. 3.5-д Сэлгэн ажиллуулах албан хаагчийг анх илгээсэн байгууллага болон сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хооронд гэрээ байгуулна ... төрийн жинхэнэ албан хаагч гарын үсэг зурж баталгаажуулна." гэж

5. 3.6-д Төрийн жинхэнэ... Төрийн жинхэнэ албан хаагчтай сэлгэн ажиллуулах талаар зөвшөөрсөн баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна." гэж тус тус заасан байдаг.

Гэтэл надтай шилжүүлэн ажиллуулах талаар харилцан тохиролцоогүй бөгөөд төрийн албан хаагчийг сэлгэх, шилжүүлэн ажиллуулах хууль зүйн үндэслэл бүрдээгүй байсан. Мөн бичгээр надтай тохиролцсон баримт үйлдээгүй бөгөөд шилжүүлэн ажиллуулах газрын удирдлагатай бичгээр гэрээ байгуулаагүй. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/16***дугаар тушаал нь дээрх хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, тодруулахдаа:

Миний бие 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Эрүүл мэндийн яамнаас төрийн захиргааны албан тушаалын цалин хөлс авч байсан. Харин үүнээс хойш өөрийн амьдралаа залгуулах сурсан мэдсэн туршлагаа нийгэмдээ зориулах зорилгоор *** дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга буюу төрийн үйлчилгээний албан тушаалтнаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын цалин хөлсний олговор гаргуулах шаардлагыг дараах байдлаар тодруулж байна.

2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нийт төрийн захиргааны албан тушаалтны албан тушаалын цалин, хөлс, сарын дундаж цалин хөлс 3,274,296 төгрөгийг нийт 11 сарын хугацаагаар тооцож, 36,017,256 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор, түүнтэй тэнцэх хэмжээний нийгмийн даатгал,болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлт, бичилт хийхийг даалгуулах. гэв.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Т.Э*** нь Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч. Эрүүл мэндийн яамны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн гэх нэрийдлээр нэхэмжлэгчтэй зөвшилцөж, түүний саналыг авалгүйгээр албан тушаалыг шилжүүлж Эрүүл мэндийн яамны харьяа байгууллага болох Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар луу шилжүүлсэн тушаал гарсан. Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т заасны дагуу төрийн албанаас түр чөлөөлөх харилцааг зохицуулсан. Гэтэл Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/13*** тоот тушаалаар яамны бүх ажилчдыг нэг тушаалаар бүгдийг чөлөөлсөн. Бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан бүх ажилчдыг чөлөөлөх ёстой гэсэн агуулгаар ойлгож болохгүй. Харин Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасны дагуу бүтэц зохион байгуулалт нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолт заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах гэсэн зохицуулалттай. Тэгэхээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлагдсан бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Т.Э***гийн эрхэлж байсан Нийтийн эрүүл мэндийн газрын зөвхөн оноосон нэр нь өөрчлөгдөж Нийгмийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нэртэй болж өөрчлөгдсөн. Тухайн үед албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байсан. Бүтэц орон тоогоор ажилчдыг чөлөөлөх шийдвэр гаргахдаа зөвхөн газрын нэрийг өөрчилж албан тушаалын чиг үүргийг хуулийн хүрээнд хэвээр хадгалах ёстой байсан.

Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу албан тушаалыг сэлгэн ажиллуулах гэж байгааг мэдэгдээгүй Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасны дагуу зайлшгүй ажлын шаардлагаар шилжүүлж байгаа бол тухайн албан хаагчтай зөвшилцөх, харин тохиролцохгүй байх тохиолдлын хувьд 10 буюу түүнээс дээш жил нэг албан тушаалд ажилласан бол тохиролцохгүй шилжүүлж болно гэсэн зохицуулалтыг зөрчсөн. Аль ч тохиолдолд зөвшилцөөгүй бөгөөд тус албан тушаалд Т.Э*** нь 10-с дээш жил ажиллаагүй байсан. Хууль бусаар ажил албан тушаалаас шилжүүлсэнтэй холбоотой гомдлыг хуульд заасан хугацаанд Төрийн албаны зөвлөлд гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 01694 тоот Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад гэсэн албан бичгийг ирүүлсэн бөгөөд энэ нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэр гэсэн үг. Тус шийдвэрт дээр дурдсан Төрийн албаны тухай хууль болон төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах журмыг Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 44/41 дүгээр тушаалаар батлагдсан журмын 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.5, 3.6-д заалт болон Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг зөрчсөн байх тул хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, эргэж хариу мэдэгдэнэ үү гэсэн 03 дугаар сарын 12-ны өдрийн албан бичиг байгаа. Төрийн албаны тухай хуульд зааснаар тус шийдвэрийг авсан аль нэг тал нь тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Хүлээн зөвшөөрөхгүй тал нь гэж тодотгосон байхад Төрийн албаны зөвлөлийн шийдвэртэй холбогдуулан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нэхэмжлэл гаргах ёстой байсан. Нэхэмжлэл гаргаагүйгээрээ Төрийн албаны зөвлөлөөс эцэслэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хуульд тусгайлан заасан тохиолдолд төрийн байгууллагын эсрэг нэхэмжлэл гаргах тусгайлсан зохицуулалт байдаг. Төрийн албаны зөвлөлөөс гаргасан хүчин төгөлдөр шийдвэртэй холбогдуулан хэрэгжилтийн хангах тухай тодорхой зохицуулаагүй байсан учраас зайлшгүй Т.Э*** шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлага бий болсон.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар зөвшилцөж санал авах, хүлээн зөвшөөрүүлэх процедур ажиллагаа явагдаагүй нь тогтоогдсон. Мөн Төрийн албаны зөвлөлийн шийдвэртэй холбогдуулан маргаагүй учраас ажлаас чөлөөлсөн шийдвэр нь зөв, буруу байсан эсэхтэй холбогдуулан маргах эрх нэхэмжлэгчид үлдээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа.

2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/16***тоот шилжүүлэн ажиллуулах тухай тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т заасныг зөрчиж гарсан тушаал. Гарсан шийдвэртэй холбогдуулан Төрийн албаны зөвлөл, дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан учраас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж өмнө эрхэлж байсан албан тушаал албан тушаалын ангилал зэрэглэлийн хувьд Нийгмийн эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эргэж ажиллахын тулд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын ахлах мэргэжилтний албан тушаалыг эрхлэлгүй орхиж ажилгүй байх хугацаандаа Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар Нийслэлийн Засаг даргын харьяа байгууллага болох тухайн албан тушаалаар батлагддаг *** дүүргийн Нэгдсэн эмнэлгийн төрийн үйлчилгээний албан тушаалыг одоогийн байдлаар эрхэлж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цалингийн зөрүүний талаар яригдаж байсан бөгөөд нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуульд зааснаар албан тушаалыг цалинг нэхэмжилж байгаа. Эрүүл мэндийн яаманд ажиллаж байсан хугацаанаас хойших албан тушаал буюу яаманд ажиллаж байхдаа Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас 3 сарын хугацаанд цалин хөлс авч ажиллаж байсан. Энэ цаг хугацаанаас хойш буюу төрийн жинхэнэ албан хаагч байхаа больсноос хойших цалин хөлсийг нэхэмжилж байгаа.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Т.Э*** нь 2018 онд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/46*** тушаалаар тус тушаалд томилогдсон. 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Эрүүл мэндийн яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны үндсэн стратегийг шинэчлэн баталж нэхэмжлэгчийн ажиллаж байсан Нийгмийн эрүүл мэндийн газар гэсэн нэр өөрчлөгдөж Нийгмийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газар гэж өөрчлөгдсөн. Эрүүл мэндийн яам нь 6 газартай байсан бол тус өөрчлөлтөөр бодлогын газрыг татан буулгаж 5 газартай болж бодлогын газрын чиг үүргийг 5 газрын чиг үүрэгт хуваарилсан. Тэгэхээр Нийгмийн эрүүл мэндийн газарт бодлогын газрын чиг үүрэг нэмэгдэж байна гэсэн үг. Энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд 3 сая иргэдийн эрүүл мэндийн асуудлыг тус газар бодлогын хүрээнд дангаараа хариуцна гэсэн үг. Нийгмийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газар байгуулагдсаны дараа Монгол Улсын Засгийн газар өөрчлөгдсөн учраас Нийгмийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын ажлын байрны тодорхойлолт батлагдаагүй байсан. Албан тушаалын тодорхойлолт батлагдаж амжаагүй учраас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбараар албан тушаалын тодорхойлолт заасан чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн гэдгийг нотлох ямар ч боломжгүй.

Т.Э***г албан тушаалд томилогдсоноос хойш Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 3 удаа өөрчлөгдөж, Монгол Улсын Засгийн газар 2 удаа солигдсон. 2022 онд шинээр Эрүүл мэндийн яамны бүтэц өөрчлөгдөн батлагдаж албан тушаалын тодорхойлолт шинээр батлагдахдаа Нийгмийн эрүүл мэндийн газар нь шинээр батлагдсан бүтцийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газар болж өөрчлөгдсөний дараа дахин Нийтийн эрүүл мэндийн газар болж өөрчлөгдсөн үндсэндээ 2 удаа өөрчлөгдсөн. 3 дахь удаагийн бүтцийн өөрчлөлтөөр бодлогын газрыг сэргээж Нийтийн эрүүл мэндийн газар болсон. 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Төрийн албаны зөвлөлөөс яамны албан тушаалын тодорхойлолтыг баталсан. Албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн батлахдаа нэхэмжлэгчийн томилогдоно гэж байгаа албан тушаал нь ангилал зэрэглэлийн хувьд эрхэлсэн түшмэл болж албан тушаалын тодорхойлолтын хувьд төрийн албан 12-с дээш жил ажилласан байх, үүнээс 4-с доошгүй жил нь ахлах түшмэлийн ангилалд ажилласан байх гэсэн тусгай шалгууртай болсон. Гэтэл нэхэмжлэгч Т.Э*** нь албан тушаалын тодорхойлолт заасан тусгай шаардлагыг хангахгүй байгаа. Учир нь нэхэмжлэгч нь 2008 оноос эхлэн төрийн албанд ажилласан бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр буюу нийт 10 жилийн хугацаанд мэргэжилтэн буюу дэс түшмэлийн ангиллаар ажиллаж эхэлсэн. 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох тухай А/9*** дугаар тушаалаар ахлах мэргэжилтэн болсон. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ахлах мэргэжилтэн буюу дэс түшмэл болсноос хойш 8 сарын дараа буюу шууд эрхэлсэн түшмэлийн ангилалтай болсон. Эрхэлсэн түшмэл болохоос өмнөх зэрэглэлээр ажиллаагүй учраас эрхэлсэн түшмэлийн шаардлагыг хангахгүй байна.

2018 онд Төрийн албаны зөвлөлөөс тус албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж байсан эсэхийг тодруулах зорилгоор Т.Э*** нь хүсэлт явуулж байсныг хангагдаагүй учраас Эрүүл мэндийн яамны архиваас нотлох баримтыг олсон. Төрийн албаны мерит зарчмаар 2018 онд Т.Э***, А.Ө*** нар 2018 оны 12 дугаар сард тусгай шалгалт зарлагдаж онооны нэгдүгээр байранд А.Ө*** орж Төрийн албаны зөвлөлөөс А.Ө*** ыг Нийгмийн эрүүл мэндийн газрын даргаар томилохыг санал болгож байна гэсэн тогтоол ирсэн. Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг үл хайхарч Т.Э***г Нийгмийн эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилсон. Анхнаасаа Т.Э***г томилсон тушаал асуудалтай байсан. Монгол Улсын Засгийн газар өөрчлөгдсөнтэй холбоотойгоор маргаан бүхий албан тушаалд ямар болзол шаардлагыг нэхэмжлэгч нь хангахгүй байгаа учраас төрийн жинхэнэ албан хаагч учраас Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг нэмэгдэл баталгаагаар хангах гэж заасны дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар луу шилжүүлсэн. Цалин хөлсний тухайд өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь цалин, хөлсөөр нэг ч тасалдаагүй тогтмол цалин, хөлс авч байгаа. Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас, мөн *** дүүргийн Нэгдсэн эмнэлгийн газраас цалин хөлс тасралтгүй авч байгаа. Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт ажиллаж байхдаа төрийн захиргааны албан хаагч учраас төрөөс цалин, хөлс авч байсан. *** дүүргийн Нэгдсэн эмнэлэгт томилогдон ажиллахдаа төрийн үйлчилгээний албан хаагчаар албан тушаалтнаар томилогдсон. Тэгэхээр төрийн үйлчилгээний албан хаагч учраас төрөөс цалин, хөлс авч байгаа. *** дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь эрүүл мэндийн даатгал, улсын төсөв, гүйцэтгэлээс санхүүждэг олон санхүүгийн эх үүсвэртэй. Нэхэмжлэгч нь төрийн үйлчилгээний албан тушаалтан учраас төрөөс цалин, хөлс авч байгаа гэж үзэх үндэслэлтэй. гэв.

5. Иргэдийн төлөөлөгч Ш.Тогтохбаярт шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх бөгөөд иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. Хэргийн оролцогч нараас иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлсэн гэсэн тул иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч ...Т.Э*** нь төрийн жинхэнэ албан хаагч. Эрүүл мэндийн яамны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн гэх нэрийдлээр нэхэмжлэгчтэй зөвшилцөж, түүний саналыг авалгүйгээр албан тушаалыг шилжүүлж Эрүүл мэндийн яамны харьяа байгууллага болох Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар луу шилжүүлсэн... гэж,

Хариуцагчаас ... нэхэмжлэгч нь эрхэлсэн түшмэлийн албан тушаалд заасан болзол шаардлагыг хангахгүй байгаа ... төрийн жинхэнэ албан хаагч учраас Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар луу шилжүүлсэн, ... өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь цалин, хөлсөөр нэг ч тасалдаагүй Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, мөн *** дүүргийн Нэгдсэн эмнэлгээс цалин, хөлс тогтмол тасралтгүй авч байгаа ... гэж тус тус маргажээ.

3. Нэхэмжлэгчийн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн А/13*** дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

3.1. Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 155 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг 5 газар, 15 хэлтэстэй болгож, харин орон тооны хязгаарыг хэвээр үлдээж 100 хүний бүрэлдэхүүнтэй байхаар баталжээ.

3.2. Засгийн газрын дээрх тогтоолыг үндэслэн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/13*** дугаар тушаалаар Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр,бүтэц, орон тооны хязгаар шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан хаагчдыг чөлөөлж шийдвэрлэсэн байна.

3.3. Маргаан бүхий дээрх Төрийн нарийн бичгийн даргын тушаал нь зөвхөн нэхэмжлэгч руу чиглээгүй, эрүүл мэндийн яамны бүх албан хаагчдад чиглэсэн, Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний 155 дугаар тогтоолыг хэрэгжүүлж гарсан, байгууллагын дотоод асуудалтай холбоотой дотогш чиглэсэн захиргааны акт байх бөгөөд актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдсөн гэж үзэхээргүй байна.

3.4. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/13*** дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

4. Нэхэмжлэгчийн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/16***дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

4.1. Нэхэмжлэгч Т.Э***г Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Ажилд томилох тухай Б/46*** дугаар тушаалаар Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, 9,8. Төрийн албаны тухай хуулийн 17.1 дэх хэсэг, Засгийн газрын 2018 оны Төрийн зарим албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай 264 дүгээр тогтоолын 9 дүгээр хавсралт, Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2018 оны 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Нийгмийн эрүүл мэндийн газрын даргаар 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс томилжээ.

4.2. Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 155 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг 5 газар, 15 хэлтэстэй болгож, харин орон тооны хязгаарыг хэвээр үлдээж 100 хүний бүрэлдэхүүнтэй байхаар баталсан байна.

4.3. Засгийн газрын дээрх тогтоолыг үндэслэн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/13*** дугаар тушаалаар Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр,бүтэц, орон тооны хязгаар шинэчлэн батлагдсантай холбогдуулан 97 албан хаагчийг чөлөөлж, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/135 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн дээрх 97 албан хаагчаас 71 албан хаагчийг шинэ бүтцийн дагуу буцааж томилсон байх бөгөөд 26 албан хаагчийг буцаан томилоогүй байна. Буцаан томилогдоогүй албан хаагч дунд нэхэмжлэгч Т.Э*** багтсан байна.

4.4. Маргаан бүхий Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Албан хаагчийг өөр албан тушаалд сэлгэн ажиллуулах, зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай Б/16***дугаар тушаалаар Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.3 дахь хэсэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын Журам батлах тухай 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан журмын 1.5, 5.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Т.Э***г Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.

4.5. Нэхэмжлэгч Т.Э*** нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд гомдлыг Төрийн албаны зөвлөл 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай 01/69*** дүгээр албан бичгээр шийдвэрлэж, хариуг Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн байна.

Дээрх албан бичигт ... Эрүүл мэндийн яамны нийт албан тушаалын орон тоо хасагдаагүй албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан 26 албан тушаалын сул орон тоо байхад албан тушаалын орон тоо хасагдсан гэх үндэслэлээр дээрх нэр бүхий албан хаагчдыг сэлгэж, шилжүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дах хэсэг, Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын 2.1 дэх хэсэг, 3.5, 3.6 дахь хэсгийг тус тус ноцтой зөрчсөн байна .

Иймд ... 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/16***дугаар тушаалыг хүчингүй болгож, эрх нь зөрчигдсөн нэр бүхий төрийн жинхэнэ албан хаагчийг Эрүүл мэндийн яамны эрхлэх чиг үүргийн холбогдох албан тушаалуудад томилсон шийдвэрийг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дотор гаргаж, хариуг Төрийн албаны зөвлөлд ирүүлнэ үү. гэжээ.

4.6. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно. гэж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын 3.5-т Сэлгэн ажиллуулах албан хаагчийг анх илгээсэн байгууллага болон сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хооронд гэрээ байгуулна. Гэрээнд тухайн албан хаагчийн ажиллах хугацаа, хариуцан гүйцэтгэх ажлын чиг үүрэг, ажиллах хугацааны цалин хөлс, орон байрны болон бусад зардал, хүлээх хариуцлага, ажлын эцсийн үр дүнг үнэлж дүгнэх зэрэг асуудлыг тодорхой тусгах бөгөөд гэрээнд төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч гарын үсэг зурж баталгаажуулна., 3.6-т Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 44.2-т заасны дагуу өөрийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр шийдвэрлэнэ. Төрийн жинхэнэ албан хаагчтай сэлгэн ажиллуулах талаар зөвшөөрсөн баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна. гэж тус тус заажээ.

4.7. Дээрх хууль болон журмаар зохицуулсан төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах хууль зүйн үндэслэл бүрдээгүй байхад түүнтэй харилцан тохиролцож, бичгийн гэрээ байгуулалгүйгээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/16***дугаар тушаалаар Т.Э***г Эрүүл мэнд нийгмийн даатгалын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

4.8. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч дээрх тушаалыг гарахдаа харилцан тохиролцсон гэх тайлбарыг гаргасан боловч үүнтэй холбоотой баримтыг гаргаж ирүүлээгүй тул харилцан тохиролцсон гэж үзэхээргүй байна.

4.9. Маргаан бүхий тохиолдолд байгууллагын бүтэц өөрчлөгдсөн байхад хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах. гэж заасан хуулийн заалтыг хэрэглэлгүйгээр маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь мөн үндэслэлгүй байна.

4.10. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/16***дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгчийн Нийтийн эрүүл мэндийн газрын даргаар эгүүлэн томилохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

5.1. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 80 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар Нийтийн эрүүл мэндийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг баталжээ. Уг тодорхойлолтод албан тушаалын ангилал зэрэглэл: Эрхэлсэн түшмэл, ТЗ-13, Боловсрол: Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх, Мэргэжил: Эрүүл мэнд, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, Нийтийн ариун цэвэр, Шим тэжээл судлал, Хүрээлэн буй орчин судлал, Мэргэшил: Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх, Туршлага: Төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх гэжээ.

5.2. Төрийн албан тухай хуулийн 23 дугаар зүйл.Төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага, 23.2.Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно:, 23.2.2.эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх; гэж заажээ.

5.3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл, нэхэмжлэгч Т.Э*** нь 2008 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл мэргэжилтэн, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Албан тушаалд томилох тухай А/9*** дугаар тушаалаар ахлах мэргэжилтний албан тушаалд тус тус томилогдон ажиллажээ.

Улмаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/46*** дугаар тушаалаар Нийгмийн эрүүл мэндийн газрын даргаар томилогдон ажиллаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/13*** дугаар тушаалаар 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр уг албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.

5.4. Дээрх нөхцөл байдлаас үзвэл, нэхэмжлэгч нь Т.Э*** нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 4 сарын хугацаанд ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд ажилласан байх бөгөөд мөн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгсөөгүй байна.

5.5. Иймд нэхэмжлэгч нь Нийтийн эрүүл мэндийн газрын даргын албан тушаалын Төрийн албаны тухай хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан ... ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэх шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэгчийн Нийтийн эрүүл мэндийн газрын даргаар эгүүлэн томилохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

5.6. Харин энэхүү шүүхийн шийдвэрээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/16***дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг хэрэглэн, нэхэмжлэгчийг Эрүүл мэндийн яаманд нэхэмжлэгчийн ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж буй албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, түүнтэй адилтгах нийгмийн болон даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

6.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заажээ.

6.2 Тус шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн Нийтийн эрүүл мэндийн газрын даргаар эгүүлэн томилохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, түүнтэй адилтгах нийгмийн болон даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

7. Иргэдийн төлөөлөгч Ш.Тогтохбаярт шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх бөгөөд иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. Хэргийн оролцогч нараас иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлсэн гэсэн тул иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/16***дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Э***г Эрүүл мэндийн яаманд төрийн албаны ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж буй албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 62 дугаар зүйлийн 62.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн А/13*** дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийтийн эрүүл мэндийн газрын даргаар эгүүлэн томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, түүнтэй адилтгах нийгмийн болон даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ

ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН

ШҮҮГЧ Ц.ОДМАА