Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2019/00811

 

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 19 өдөр Дугаар 142/ШШ2019/00811 Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* банк ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 11.525.094, 47 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Р.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч*******-ийн захирал О.Хаянхярваа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Рэнжав овогтой ******* / / нь 2016 оны 04 сарын 29-ний өдөр ЗГ/кр16/19 тоот зээлийн гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлийн эрхтэй кредит карт авсан. Р.******* нь банкнаас удаа дараа зээлээ төлөхийг шаардсан боловч зээлээ төлөхгүй банкийг хохироож байна. 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар тус кредит карт нь үндсэн зээл 4.992.275 төгрөг, хүүгийн төлбөр 3.582.146,28 төгрөг, торгуулийн хүү 1.644.973,58 төгрөг, эрх хэтрүүлсний хүүгийн төлбөр 1.305.699,61 төгрөг нийт 11.525.094,47 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Иймд Р.*******ас 11.525.094,47 төгрөгийг гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ******* банкнаас Р.*******д холбогдуулж, 11.525.094,47 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 5.000.000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт авсан. 5.000.000 төгрөгөөс 992.000 төгрөгийн эрх хэтрүүлсэн буюу 5.992.275 төгрөг зарцуулаад үүнээс 1.000.000 төгрөг төлсөн. Үндсэн зээл нь 4.992.275 төгрөг, хүү нь 3.582.146.28 төгрөг, торгуулийн хүү нь 1.644.973.58 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 1.305.699,61 төгрөг, нийт 11.525.094,47 нэхэмжилсэн байгаа Хариуцагч 1.000.000 төгрөгийг хүчээр татаж авсан гэж байна. Тийм асуудал байхгүй. Кредит картны мөнгөө 3-4 удаа аваад түүнээс хойш 3 жилийн хугацаанд нэг ч удаа төлбөр төлөөгүй нь хуулгаараа баталгаажиж байгаа юм гэв.

 

Хариуцагч Р.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:*******-ийн Орхон салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй санал нийлэхгүй байна. Өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал өмгөөлөгч авна гэхээр нь би өмгөөлөгч авна гэсэн. Яг албан ёсоор хойшлуулъя гэж хүсэлт тавиагүй. Иргэний хуулийн 452-р зүйлд зээлдэгч зээлийн төлбөрөө заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд зээлийн хүү нь үндсэн зээлийн 20%-иас хэтрэхгүй гэсэн заалт байна лээ. Анз 50%-иас хэтрэхгүй гэж заасан байна. Тийм учраас гэрээ хууль зөрчсөн замаар хийгдсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа. Зээлж авсан мөнгөнөөс 3 дахин өссөн дүнгээр эргүүлж төлнө гэдэг бол бусад иргэдэд хохирол учирч байгаа зүйл юм. Тийм учраас хуульд заасан ном дүрмийн дагуу заргалдаж үзье гэж бодож байгаа. Гар дээрээ 4.000.000 төгрөг авсан. Тэр нь 12.000.000 төгрөг болчихсон явж байгаа. Би ямар ч байсан сөрөг нэхэмжлэл гаргана. ******* банк надад шилжүүлсэн 5.000.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгйиг шууд татаж авч, өөрөөр хэлбэл миний карманаас 1.000.000 төгрөг авсан. Надад эргэж мэдэгдсэн зүйл байхгүй. 5.900.000 гэж ямар мөнгө авсан байх вэ. Банкнаас би илүү авна гэж байх уу? өөрсдөө 1.000.000 төгрөгийг татаад авсан байсан. Өөр ийш тийшээ шилжсэн зүйл байхгүй. Эргэн төлөх хуваарь хугацаа аль ч гэрээнд байхгүй гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч*******-ийн Орхон салбар нь хариуцагч Р.*******д холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, торгуулийн хүүний төлбөр болох 11.525.094, 47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч*******-ийн Орхон салбар нь хариуцагч Р.*******тай 2016 оны 04 сарын 29-ний өдрийн ЗГ/КР/16/19 дугаартай ******* банкны кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг байгуулан, уг гэрээгээр зээлийн эрхийн хэмжээ 5.000.000 төгрөг, картын эрхийн хугацаа 2 жил, бэлэн бус гүйлгээний хүү 24 хувь, бэлэн гүйлгээний хүү 42 хувь, байхаар тохиролцож гэрээ байгуулсан байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг ******* банк хариуцагч Р.*******ас шаардах эрхтэй байна.

 

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд хариуцагч Р.******* нь зээлийн эрхтэй картнаас 2016.05.03-нд 2500000 төгрөг, 2016.05.04-нд 40198 төгрөг, 2016.05.11-нд 69348 төгрөгийн гүйлгээр бэлэн бусаар зарлагадсан, 2016 оны 05 сарын 16-нд 1000000 төгрөгийг картанд орлого хийсэн, 2016.05.19-нд 800500, 800500 төгрөгийг бэлнээр картнаас авч ашигласан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа үндсэн зээл 4992275 төгрөг, хүү 3582146 төгрөг, торгуулийн хүү 1644973,58 төгрөг, лимит хэтрүүлсний хүү 1305699 төгрөг, нийт 11525094 төгрөг нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч Р.******* нь кредит картын эрхийн хэмжээний дотор буюу 4991975 төгрөгийг картнаас авч ашигласан байх ба картын лимитийг хэтрүүлсэн байдал тогтоогдохгүй байна.

 

Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй. гэж заасан байх тул нэхэмжлэгч торгуулийн хүү 1644973 төгрөг, лимит хэтрүүлсний хүү 1305699 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

 

Харин Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу хариуцагч нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлтэй юм.

 

Нэхэмжлэгч нь нийт 4991975 төгрөгийн үндсэн зээл, үүнээс 1601000 төгрөгийг бэлнээр авч ашигласан тул гэрээнд зааснаар 42 хувийн хүү 672400 төгрөг, бэлэн бусаар 3390975 төгрөгийг авч ашигласан тул гэрээнд зааснаар 24 хувийн хүү 813834 төгрөг, нийт хүү 1486254 төгрөг, үндсэн хүүгийн 20 хувь 297250 төгрөг, нийт 6775479 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Р.*******ас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6775479 төгрөг гаргуулж нэхэмжлэгч*******-ийн Орхон салбарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 4749615 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199.352 /нэг зуун ерэн есөн мянга гурван зуун тавин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.*******ас улсын тэмдэгтийн хураамж 123.357 төгрөгийг гаргуулж*******-ийн Орхон салбарт олгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч ******* овогт ******* *******ас 6.775.479 /зургаан сая долоон зуун далан таван мянга дөрвөн зуун далан ес/ төгрөгийг гаргуулж*******-ийн Орхон салбарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.749.615 /дөрвөн сая долоон зуун дөчин есөн мянга зургаан зуун арван тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199.352 /нэг зуун ерэн есөн мянга гурван зуун тавин хоёр/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Р.*******ас улсын тэмдэгтийн хураамж 123.357 /нэг зуун хорин гурван мянга гурван зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*******-ийн Орхон салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ