Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 135

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 207/МА2019/00135

 

 

Голомт банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй

хариуцагч Р.Гантулгад холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2019/00811 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Голомт банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Р.Гантулгад холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 11.525.094,47 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Р.Гантулгын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Санчир, хариуцагч Р.Гантулга, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Рэнжав овогтой Гантулга / ФА6Ю12И8/ нь 2016 оны 04 сарын 29-ний өдөр ЗГ/кр16/19 тоот зээлийн гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлийн эрхтэй кредит карт авсан. Р.Гантулга нь банкнаас удаа дараа зээлээ төлөхийг шаардсан боловч зээлээ төлөхгүй банкийг хохироож байна. 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар тус кредит карт нь үндсэн зээл 4.992.275 төгрөг, хүүгийн төлбөр 3.582.146,28 төгрөг, торгуулийн хүү 1.644.973,58 төгрөг, эрх хэтрүүлсний хүүгийн төлбөр 1.305.699,61 төгрөг нийт 11.525.094,47 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Иймд Р.Гантулгаас 11.525.094,47 төгрөгийг гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Р.Гантулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Голомт банк ХХК-ийн Орхон салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй санал нийлэхгүй байна. Өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал өмгөөлөгч авна гэхээр нь би өмгөөлөгч авна гэсэн. Яг албан ёсоор хойшлуулъя гэж хүсэлт тавиагүй. Иргэний хуулийн 452-р зүйлд зээлдэгч зээлийн төлбөрөө заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд зээлийн хүү нь үндсэн зээлийн 20%-иас хэтрэхгүй гэсэн заалт байна лээ. Анз 50%-иас хэтрэхгүй гэж заасан байна. Тийм учраас гэрээ хууль зөрчсөн замаар хийгдсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа. Зээлж авсан мөнгөнөөс 3 дахин өссөн дүнгээр эргүүлж төлнө гэдэг бол бусад иргэдэд хохирол учирч байгаа зүйл юм. Тийм учраас хуульд заасан ном дүрмийн дагуу заргалдаж үзье гэж бодож байгаа. Гар дээрээ 4.000.000 төгрөг авсан. Тэр нь 12.000.000 төгрөг болчихсон явж байгаа. Би ямар ч байсан сөрөг нэхэмжлэл гаргана. Голомт банк надад шилжүүлсэн 5.000.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгйиг шууд татаж авч, өөрөөр хэлбэл миний карманаас 1.000.000 төгрөг авсан. Надад эргэж мэдэгдсэн зүйл байхгүй. 5.900.000 гэж ямар мөнгө авсан байх вэ. Банкнаас би илүү авна гэж байх уу? өөрсдөө 1.000.000 төгрөгийг татаад авсан байсан. Өөр ийш тийшээ шилжсэн зүйл байхгүй. Эргэн төлөх хуваарь хугацаа аль ч гэрээнд байхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2019/00811 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Боржигон овогт Рэнжавын Гантулгаас 6.775.479 /зургаан сая долоон зуун далан таван мянга дөрвөн зуун далан ес/ төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-ийн Орхон салбарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.749.615 /дөрвөн сая долоон зуун дөчин есөн мянга зургаан зуун арван тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199.352 /нэг зуун ерэн есөн мянга гурван зуун тавин хоёр/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Р.Гантулгаас улсын тэмдэгтийн хураамж 123.357 /нэг зуун хорин гурван мянга гурван зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Орхон салбарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Р.Гантулга давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дугаар 142УШШ2019\00811 шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 34 дүгээр зүйлд зааснаар хариуцагч талыг амаар болон бичгээр өмгөөлөгч авч эрх зүйн туслалцаа авах, сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлтийг үл ханган анхан шатны шүүх хурал эхлэхэд тэмдэгтийн хураамж төлөөгүй үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гарган хүсэлтийг хүлээн авалгүй шүүх хурлыг үргэлжлүүлэн явуулж шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх нөхцөлийг хангалгүй нэхэмжлэгч талын илт худал нотлох баримт, хууль зөрчиж хийсэн хэлцлийг хүчингүй болголгүй үндэслэл муутай шүүхийн шийдвэр гарсан. Иймд хариуцагч талд хэрэгт чухал холбогдолтой нотлох баримт гаргах, эрх зүйн туслалцаа авах нөхцөлийг хангах үүднээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэргийг дахин хянуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаадлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбар хариуцагч Р.Гантулгад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 11.525.094,47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч ...зээлийн хүү нь үндсэн зээлийн 20%-иас хэтрэхгүй, анз 50%-иас хэтрэхгүй гэж заасан байна. Тийм учраас гэрээ хууль зөрчсөн замаар хийгдсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл, зээлж авсан мөнгөнөөс 3 дахин өссөн дүнгээр эргүүлж төлнө гэдэг бол бусад иргэдэд хохирол учирч байгаа зүйл гэх тайлбар гаргаж шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх хариуцагч Р.Гантулгаас 6.775.479 төгрөг гаргуулж Голомт банк ХХК-ийн Орхон салбарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.749.615 /дөрвөн сая долоон зуун дөчин есөн мянга зургаан зуун арван тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж хариуцагч Р.Гантулгын эзэмшлийн кредит картны хуулга баримтуудыг шүүхэд ирүүлсэн ба уг баримтууд нь эх баримт эсэх хуульд заасан арга хэрэгслэлээр олж авсан нь тодорхой бус өөрөөр хэлбэл байгууллагын болон албан тушаалны тамга тэмдэг дарагдаагүй, огноо бичигдээгүй байна.

Дээрх бичмэл нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаарлагын талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2019/00811 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Р.Гантулгын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 123.360 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ