Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2020/00325

 

 

 

 

 

2020 оны 01 сар 30өдөр

181/ШШ2020/00325

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Н /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:НШШт холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л ББСБ ХХК-ийн төлөөлөгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

Хариуцагчийн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хөрөнгө эстимэйт ХХК-ийн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1376 дугаар захирамжаар Д.Н надаас 112,165,115 төгрөгийг гаргуулж Л ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Д.Н миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203008398 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 4-12 тоотод байрлах 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор шинжээч томилон орон сууцыг 97,944,280 төгрөг хэмээн үнэлсэн байна. Энэ үнэлгээг Д.Н надад 2019 оны 09 сарын 09-ний өдөр мэдэгдсэн бөгөөд миний бие энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба миний үл хөдлөх эд хөрөнгийг өнөөдрийн зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн, үл хөдлөх эд хөрөнгийг бусад адил төстэй үл хөдлөх эд хөрөнгөтэй жишиж, харьцуулан бодит үнийг тогтоож үнэлээгүй, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ашигтай байрлал , үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын хугацаа , цаашид өсөн нэмэгдэх үнэ ханш, байршлын давуу тал зэрэг онцлог талуудыг огт анхаараагүй, тусгаж үнэлээгүй, хэт хямд үнэлгээг гаргаж өмчлөгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн. Миний бие Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд ийм бага үнэлгээ тогтоож байгаад маш их гомдолтой байна. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгө нь өмчлөгч миний болон хүү болох Н.Содгэрэл, охин Н.Сайнсанаа нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө учраас эдгээр хүмүүсийн эрх ашиг мөн зөрчигдөж байна. Мөн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууц нь өнөөдрийн зах зээлийн ханшаар 160-180 сая төгрөгийн үнэ ханштай эд хөрөнгө юм. Гэтэл ямар үндэслэлээр миний өмч хөрөнгийг ийм доогуур үнэлгээгээр үнэлж байгааг ойлгох боломжгүй маш их гомдолтой байна. Миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулах 449180 тоот мэдэгдлийг 2018 оны 09 сарын 09-ний өдөр хүлээн авсан бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй маш их гомдолтой байгаа тул хүсэлт гаргаж байна. Д.Н миний бие өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийг Ү-2203008398 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 4-12 тоотод байрлах 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 97,944,280 төгрөгөөр үнэлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлгээг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Хүлээн авч хянан шийдвэрлэж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийг маань 97,944,280 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Нгийн гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/01376 дугаар захирамжаар Н.Содгэрэлээс 112,165,118 төгрөгийг гаргуулж Л ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Н.Содгэрэлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 12 тоот 38 м.кв талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжилж, хураан авч төлбөр төлөгчид хөрөнгийн хадгалалтыг хариуцуулсан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 2019 оны 4/18132 тоот албан бичгээр үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгч болон хамтран өмчлөгч нарт мэдэгдэхэд үнийн саналаа төлбөр төлөгч Н.Содгэрэл 180,000,000 төгрөгөөр ирүүлж, төлбөр авагчаас шинжээч томилох талаар хүсэлт гаргасан тул хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимейт ХХК-ийг томилоход 139,920,400 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 4/19180 тоот албан бичгээр төлбөр төлөгчийн оршин суух хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлаж албадан дуудлага худалдаанд оруулах тухай 4/20131 дүгээр мэдэгдэл, 10/21 дүгээр тогтоолыг төлбөр төлөгч Н.Содгэрэлийг 88119231 дугаарын утсаар дуудан ирүүлж өгөхөд гарын үсэг зурахгүй гэсэн тайлбарыг мэдүүлж, тогтоол мэдэгдлийг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төлбөр төлөгчийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч удаа дараа шүүхэд хандаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж, төлбөр төлөхөөс зайлсхийж байна. Хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л ББСБ ХХК, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхны үл хөдлөх хөрөнгийн үнэлгээн дээр Н.Содгэрэл өөрөө нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргахдаа тус байрны үнийг 140,000,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Тэгээд тус үнэлгээнд Н.Содгэрэлийн нэхэмжлэлийн дагуу шүүхээр анхны эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явагдаад эхлэхээр энэ байрны 3 өмчлөгчийн 2 дахь өмчлөгч Д.Н шүүхэд үнэлгээтэй холбогдон гомдол гаргаж байгаа юм. Анх энэ байрыг барьцаанд өгөхдөө Д.Н, Н.Содгэрэл, Н.Сайнсанаа гурав гурвуулаа үүргийн баталгаа болгож энэ хөрөнгийг өгсөн байдаг. Д.Н, Н.Сайнсанаа хоёр анхны үнэлгээн дээр гомдол гаргаагүй. Сая гаргаж байгаа юм. Дахиад энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг Н.Сайнсанаа дахиад дуудлага худалдаа явуулахад энэхүү зүйл дээр дахиад гомдол гаргаж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хуулиар олгогдсон эрхээ далимдуулаад буруугаар хэрэглээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийлгэхгүй саад учруулсан ажиллагаа явуулж байна. Тийм учраас Н.Сайнсанааг шүүх хуралдаанд дуудахад ирээгүй, оролцохыг хүсээгүй. Нэгэнт энэ байрыг гурвуулаа хүлээн зөвшөөрч барьцаанд тавиад гарын үсэг зураад явсан. Хөрөнгө үнэлгээний асуудал дээр иргэн Д.Н үнийн санал өгөөгүй. Бололцоог нь олгоод Хөрөнгө эстимэйт ХХК-аар үнэлүүлэхэд өөрөө ирээгүй. Энэхүү хөрөнгө үнэлгээний асуудлаар үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар оруулах асуудлаар Д.Н өөрөө эрхээ Н.Содгэрэлд шилжүүлж өгсөн. Тийм учраас нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрх үүсэхгүй. Өөрөөр хэлбэл тухайн асуудлаар Н.Содгэрэл нэхэмжлэл гаргаад үнэлгээний асуудлаар гомдол гаргасан. Н.Содгэрэл үнийн санал өгсөн. Өнөөдөр 140,000,000 төгрөгөөр тус байр үнэлэгдсэн байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгөөч. Энд эрх байгаад байгаа ч гэсэн нөгөө талд Л ББСБ ХХК-ийн эрх бас байгаа шүү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2017 оноос хойш 3 дахь жилдээ явагдаж байна. Өрөө төлөхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгөөч ээ гэж хүсэж байна гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч НШШт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Хариуцагчийн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хөрөнгө эстимэйт ХХК-ийн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх ба хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна.

Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 сарын 05-ны өдрийн 181/ШЗ2019/12293 дугаартай Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд оролцуулах тухай захирамжаар Д.Нгийн нэхэмжлэлтэй, НШШт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Хөрөнгө эстимэйт ХХК болон Н.Сайнсанаа нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн ч Н.Сайнсанаагийн хувьд шүүхийн дуудсан хугацаанд шүүхэд хүрэлцэн ирээгүй, улмаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 сарын 18-ны өдрийн 181/ШЗ2019812911 дугаартай Гуравдагч этгээдийг албадан ирүүлэх тухай захирамжаар Н.Сайнсанааг шүүхэд албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн боловч мөн л шүүхэд хүрэлцэн ирээгүй, 7 сартай жирэмсэн гэсэн шалтгаанаар шүүхэд хүрэлцэн ирэхгүй байгаа болох нь Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын албан хаагч Б.Бат-Оршихын шүүхэд ирүүлсэн илтгэх хуудас, илтгэх хуудсанд хавсаргасан баримтуудаар тогтоогдсон тул Н.Сайнсанааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос өөрөө татгалзсан гэж үзэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Н.Сайнсанаагийн оролцоогүйгээр явуулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд хариуцагчийн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хөрөнгө эстимэйт ХХК-ийн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзэж, тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/01376 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-39,40 тал/-аар нэхэмжлэгч Л ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 123,941,390 төгрөгийн 12,162,100 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н.Содгэрэл нь 111,776,290 төгрөгийг 2017 оны 06 сарын 17-ны өдрийн дотор нэхэмжлэгч Л ББСБ ХХК-д бүрэн төлж барагдуулах, тохиролцсон хугацаанд 111,776,290 төгрөгийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйл болох Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 12 тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.Содгэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид 388,828.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 04-ний өдрийн 181/ШЗ2017/09730 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж /хх-41 тал/, мөн өдрийн огноо бүхий 770 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-38 тал/ бичигдсэнээр 2017 оны 07 сарын 06-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх-42 тал/ гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрхийн улсын бүртгэлийн Ү-2203008398 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 12 тоот хаягт байрлах 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 08 сарын 15-ны өдрийн 17/08-15 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-44 тал/-оор битүүмжилж, 2019 оны 08 сарын 19-ний өдрийн 17280778/02 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-48 тал/-оор хураасан байна.

Төлбөр төлөгч нь 2019 оны 08 сарын 19-ний өдөр НШШт үл хөдлөх эд хөрөнгийг 180,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал /хх-52 тал/-ыг гаргасан байх ба уг үнийн саналыг эс зөвшөөрч эд хөрөнгийн үнийг шинжээч томилуулан тогтоолгох тухай Л ББСБ ХХК-ийн гаргасан хүсэлт /хх-53 тал/-ийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 08 сарын 29-ний өдрийн 225 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол /хх-54 тал/-оор үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, мөн өдөр шинжээчид эрх үүрэг тайлбарлаж өгсөн /хх-57 тал/ байна.

Төлбөр төлөгчийн гаргасан үнийн саналыг төлбөр авагч нь зөвшөөрөөгүйтэй холбогдуулан шийдвэр гүйцэтгэх байгууллага үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч нар үнийн саналын талаар харилцан тохиролцоогүй гэж үзэн шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад нийцсэн байна.

Хөрөнгө эстимэйт ХХК нь 2019 оны 09 сарын 02-ны өдрийн огноо бүхий Хөрөнгө үнэлгээний тайлан /хх-58-65 тал/-гаар үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 139,920,400 төгрөгөөр тогтоосон үнэлгээг гаргасан байна.

Үнэлгээний тайлангийн талаар төлбөр төлөгчид 2019 оны 09 сарын 04-ний өдөр танилцуулсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-70 тал/-ээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч Д.Нд үнэлгээний талаар 2019 оны 09 сарын 09-ний өдөр мэдэгдсэн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлд дурдсаныг хариуцагч үгүйсгээгүй байна.

Нэхэмжлэгч Д.Н нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203008398 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 12 тоот хаягт байрлах 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгч болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/01376 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн үндэслэх хэсэгт уг орон сууц нь Н.Содгэрэл, Д.Н, Н.Сайнсанаа нарын 3 хүний өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн байдлаар тогтоогдож байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь заалтад бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд шүүхийн шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо шүүхэд гарган шийдвэрлүүлж болохоор заасан тул үнэлгээ хийгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хувиар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч үнэлгээг зөвшөөрөхгүй байх үндэслэлээ зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн, үл хөдлөх эд хөрөнгийг бусад адил төстэй үл хөдлөх эд хөрөнгөтэй жишиж, харьцуулан бодит үнийг тогтоож үнэлээгүй, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ашигтай байрлал, үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын хугацаа , цаашид өсөн нэмэгдэх үнэ ханш, байршлын давуу тал зэрэг онцлог талуудыг огт анхаараагүй, тусгаж үнэлээгүй, хэт хямд үнэлгээг гаргаж өмчлөгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн гэж тайлбарлаж байх боловч хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимэйт ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг адил төстэй 3 үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулан, хөрөнгийн үнэлгээний зах зээлийн хандлагын арга, өртгийн хандлагын арга, орлогын хандлагын аргыг ашиглан, зах зээлийн хандлагын аргачлалд 100 хувийн ач холбогдол өгч үнэлгээг тогтоосон, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ зах зээлийн хандлагын аргад 100 хувийн ач холбогдол өгсөн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дахь заалтад заасан хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэсэн шаардлагад, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1 дахь заалтад заасан хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх шаардлагад тус тус нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилогдсон шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн бодит үнэ ханшаас доогуур үнэлсэн, тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь 160-180 сая төгрөгийн үнэ ханштай гэх боловч уг тайлбараа шүүхэд баримтаар нотлоогүй тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бодитой хийгдээгүй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч Д.Нгийн хариуцагч НШШт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Нгийн хариуцагч НШШт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 сарын 26-ны өдрийн 181/ШЗ2019/10551 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР