Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2020/00678

 

Д.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00325 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Н

Хариуцагч НШШГГт холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ландорф финанс ББСБ” ХХК, “Хөрөнгө эстимейт” ХХК

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ландорф финанс ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

            Нэхэмжлэгч Д.Н шүүхэд  гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1376 дугаар захирамжаар Д.Н надаас 112 165 115 төгрөгийг гаргуулж “Ландорф финанс ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Д.Н миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203008398 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 4-12 тоотод байрлах 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор шинжээч томилон орон сууцыг 97 944 280 төгрөг хэмээн үнэлсэн байна. Энэ үнэлгээг Д.Нд 2019 оны 09 сарын 09-ний өдөр мэдэгдсэн бөгөөд миний бие энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба үл хөдлөх эд хөрөнгийг өнөөдрийн зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн, үл хөдлөх эд хөрөнгийг бусад адил төстэй үл хөдлөх эд хөрөнгөтэй жишиж, харьцуулан бодит үнийг тогтоож үнэлээгүй, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ашигтай байрлал, үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын хугацаа, цаашид өсөн нэмэгдэх үнэ ханш, байршлын давуу тал зэрэг онцлог талуудыг огт анхаараагүй, тусгаж үнэлээгүй, хэт хямд үнэлгээг гаргаж өмчлөгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд ийм бага үнэлгээ тогтоож байгаад маш их гомдолтой байна. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгө нь өмчлөгч миний болон хүү болох Н.Содгэрэл, охин Н.Сайнсанаа нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө учраас эдгээр хүмүүсийн эрх ашиг мөн зөрчигдөж байна. Мөн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууц нь өнөөдрийн зах зээлийн ханшаар 160-180 сая төгрөгийн үнэ ханштай эд хөрөнгө юм. Гэтэл ямар үндэслэлээр миний өмч хөрөнгийг ийм доогуур үнэлгээгээр үнэлж байгааг ойлгох боломжгүй маш их гомдолтой байна. Миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулах 449180 тоот мэдэгдлийг 2018 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авсан бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй маш их гомдолтой байгаа тул хүсэлт гаргаж байна. Би өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийг Ү-2203008398 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 4-12 тоотод байрлах 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 97 944 280 төгрөгөөр үнэлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлгээг хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунбилэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Нгийн гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/01376 дугаар захирамжаар Н.Содгэрэлээс 112 165 118 төгрөгийг гаргуулж “Ландорф финанс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Н.Содгэрэлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 12 тоот 38 м.кв талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжилж, хураан авч төлбөр төлөгчид хөрөнгийн хадгалалтыг хариуцуулсан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 4/18132 тоот албан бичгээр үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгч болон хамтран өмчлөгч нарт мэдэгдэхэд үнийн саналаа төлбөр төлөгч Н.Содгэрэл 180 000 000 төгрөгөөр ирүүлж, төлбөр авагчаас шинжээч томилох талаар хүсэлт гаргасан тул хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимейт” ХХК-ийг томилоход 139 920 400 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээг 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 4/19180 тоот албан бичгээр төлбөр төлөгчийн оршин суух хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлаж албадан дуудлага худалдаанд оруулах тухай 4/20131 дүгээр мэдэгдэл, 10/21 дүгээр тогтоолыг төлбөр төлөгч Н.Содгэрэлийг 88119231 дугаарын утсаар дуудан ирүүлж өгөхөд гарын үсэг зурахгүй гэсэн тайлбарыг мэдүүлж, тогтоол мэдэгдлийг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төлбөр төлөгчийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч удаа дараа шүүхэд хандаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж, төлбөр төлөхөөс зайлсхийж байна. Хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ландорф финанс ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхны үл хөдлөх хөрөнгийн үнэлгээн дээр Н.Содгэрэл өөрөө нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргахдаа тус байрны үнийг 140 000 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Тэгээд тус үнэлгээнд Н.Содгэрэлийн нэхэмжлэлийн дагуу шүүхээр анхны эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явагдаад эхлэхээр энэ байрны 3 өмчлөгчийн 2 дахь өмчлөгч Д.Н шүүхэд үнэлгээтэй холбогдон гомдол гаргаж байгаа юм. Анх энэ байрыг барьцаанд өгөхдөө Д.Н, Н.Содгэрэл, Н.Сайнсанаа гурав гурвуулаа үүргийн баталгаа болгож энэ хөрөнгийг өгсөн байдаг. Д.Н, Н.Сайнсанаа хоёр анхны үнэлгээн дээр гомдол гаргаагүй. Сая гаргаж байгаа юм. Дахиад энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг Н.Сайнсанаа дахиад дуудлага худалдаа явуулахад гомдол гаргаж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хуулиар олгогдсон эрхээ далимдуулаад буруугаар хэрэглээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийлгэхгүй саад учруулсан ажиллагаа явуулж байна. Тийм учраас Н.Сайнсанааг шүүх хуралдаанд дуудахад ирээгүй, оролцохыг хүсээгүй. Нэгэнт энэ байрыг гурвуулаа хүлээн зөвшөөрч барьцаанд тавиад гарын үсэг зураад явсан. Хөрөнгө үнэлгээний асуудал дээр иргэн Д.Н үнийн санал өгөөгүй. Бололцоог нь олгоод “Хөрөнгө эстимэйт” ХХК-аар үнэлүүлэхэд өөрөө ирээгүй. Энэхүү хөрөнгө үнэлгээний асуудлаар үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар оруулах асуудлаар Д.Н өөрөө эрхээ Н.Содгэрэлд шилжүүлж өгсөн. Н.Содгэрэл үнийн санал өгсөн. Өнөөдөр 140 000 000 төгрөгөөр тус байр үнэлэгдсэн байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгөөч. Энд эрх байгаад байгаа ч гэсэн нөгөө талд “Ландорф финанс ББСБ” ХХК-ийн эрх бас байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2017 оноос хойш 3 дахь жилдээ явагдаж байна. Өрөө төлөхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Нгийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 сарын 26-ны өдрийн 181/ШЗ2019/10551 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Д.Н  давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба миний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 хороо 4-12 тоотод байрлах 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор шинжээч томилон орон сууцыг 97 944 280 төгрөг гэж үнэлсэн байна. Энэ үнэлгээг Д.Н надад 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр мэдэгдсэн бөгөөд миний бие энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба миний үл хөдлөх эд хөрөнгийг өнөөдрийн зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн, Үл хөдлөх эд хөрөнгийг бусад адил төстэй үл хөдлөх эд хөрөнгөтэй жишиж, харьцуулан бодит үнийг тогтоож үнэлээгүй, Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ашигтай байрлал, үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын хугацаа, цаашид өсөн нэмэгдэх үнэ ханш, байршилийн давуу тал зэрэг онцлог талуудыг огт анхаараагүй, тусгаж үнэлээгүй, хэт хямд үнэлгээг гаргаж өмчлөгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн. Сүхбаатар дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууц нь өнөөдрийн зах зээлийн ханшаар 160-180 сая төгрөгийн үнэ ханштай эд хөрөнгө юм. Гэтэл ямар үндэслэлээр миний өмч хөрөнгийг ийм доогуур үнэлгээгээр үнэлж байгааг ойлгох боломжгүй маш их гомдолтой байна. НШШГГ миний өмчлөлийн улсын бүртгэлийг Ү- 2203008398 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 5 хорооны 4-12 тоотод байрлах 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 97 944 280 төгрөгөөр үнэлсэн. Иймд үнэлгээг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Хүлээн авч хянан шийдвэрлэж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн тайлбар гаргасан байна. /хх.1-2, 36/

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 01376 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг 5-р хороо, 5-р хороолол 4-р байрны 12 тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх.6-7/

Дээрх захирамжийн дагуу тохиролцсон хугацаанд Н.Содгэрэл төлбөрийг төлж барагдуулаагүй байх бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 09730 тоот захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр болсон байна. /хх.6/ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 17/08-15 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 5-р хороо, 5-р хороолол, 4-р байрны 12 тоот орон сууцыг битүүмжлэн хураасан байна. /хх.41-44/

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн санал авахад төлбөр төлөгч Н.Содгэрэл Сүхбаатар дүүргийн 5-р хороо, 5-р хороолол, 4-р байрны 12 тоот орон сууцыг 180 000 000 төгрөг гэж тодорхойлж /хх.52/, төлбөр авагч уг үнэлгээг эс зөвшөөрч эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор санал гаргасан байх тул НШШГГ 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 225 дугаар тогтоолоор барьцаа хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор “Хөрөнгө Эстимейт” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

“Хөрөнгө эстимейт” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн №01/110 тоот хөрөнгийн үнэлгээний тайландаа “...хөрөнгийн тухай шинж байдал, байрлал, орчинтой газар дээр нь очиж танилцсан, хөрөнгөд үзлэг, хэмжилт, судалгаа, шинжилгээ хийсэн. Хөрөнгийн орчны судалгаа, зах зээлийн үнэ ханшийг судалж өнөөгийн болон ирээдүйн төлвийг сонирхож үнэлгээнд зайлшгүй шаардагдах  мэдээллээ олж авсан гэх үйл баримтуудыг харгалзан барьцаа хөрөнгийг 139 920 400 төгрөгөөр үнэлсэн” гэсэн дүгнэлт хийсэн, дээрх ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлд нийцсэн байна. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт өгчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан бөгөөд өмчлөгч буюу нэхэмжлэгч Д.Н “...өөрийн өмчлөлийн орон сууцыг зах зээлийн ханшаар 160 000 000-180 000 000 төгрөгийн үнэтэй” гэсэн тайлбар, гомдлоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

НШШГГ нь шинжээч томилж барьцааны хөрөнгийг үнэлүүлсэн, үүнтэй холбоотойгоор албадан дуудлага худалдаа зохион байгуулах болсон талаарх 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10/21 тоот тогтоол, 2019 оны 9 дүгээр сарын 19-ний  өдрийн 4/20131 мэдэгдэл зэргийг төлбөр төлөгч Н.Содгэрэл, барьцааны эд хөрөнгийг хамтран өмчлөгч Д.Н, Н.Сайнсанаа нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагджээ. /хх.72/

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, барьцаа хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгч нарын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00325 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.МӨНХЗУЛ

                                           ШҮҮГЧИД                            А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                       Ц.ИЧИНХОРЛОО